Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2018/00544

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Буурал овогтой, Н.Л нэхэмжлэлтэй,

/Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө,53А дугаар байр, 39 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цэргийн хотхон 1-2 тоотод оршин суух /

 

Хариуцагч: Тооромт овогтой, Ц.Т холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Гаалийн 17 дугаар байр, 10 тоотод оршин суух /

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 11.578.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа, гэрч Н.Баттулга, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие иргэн Ц.Ттай харилцан тохиролцож, тодорхой хугацаатайгаар бараа бүтээгдэхүүн зээлээр өгч, 2015 оны 6 дугаар сард хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн баримтаар надаас 9.224.500 төгрөгийн барааг Ц.Т өөрийн гарын үсгээ зураад хүлээн авсан баримт байдаг. Бид хоёр 2015 оны 9 дүгээр сард тооцоо нийлээд надад өгсөн бэлэн мөнгийг хасаад үлдсэн тооцоо буюу 7.719.000 төгрөгийг Ц.Т нь 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр баталгаа гарган өгч, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах бөгөөд хугацаа хэтэрвэл 0.3 хувийн алданги төлнө гэсэн болно. Ц.Т 2015 оны 10 дугаар 30-ны өдрийн дотор болон 3 жилийн дотор тооцоо нийлснээсээ хойш нэг ч төгрөг өгөөгүй өдийг хүрсэн ба удаа дараа утсаар ярьж, хэлсэн. Иймд 7.719.000 төгрөг, алданги 3.859.500 төгрөг, нийт 11.578.500 төгрөгийг Ц.Таас гаргуулж өгнө үү. Ц.Таас дансаар 3.000.000 төгрөг ирсэн нь үнэн, бэлнээр 2.000.000 төгрөг өгөөгүй гэв.

 

Хариуцагч Ц.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч Н.Л нь 2015 оны 4, 5 дугаар сараас эхлэн “Форевер ливин монголиа” компанийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүний ахуйн 9.244.500 төгрөгийн барааг зараад мөнгийг нь гаргаад өгөөч, чи том багтай учраас амархан зарна, тэгнэ гэвэл тус компанийн зардлаар АНУ, Мексикийн аялалаар чамайг аваад явна гэсэн саналыг тавьсан. Ингээд би бизнесийн түнш БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны иргэн н.Гэрэлтуяад санал тавьж, Н.Лгээс 2015 оын 6 дугаар сард авсан барааг түүнд хүлээлгэн өгч, барааг зарж чадвал 15 хувийн шагнал өгөхөөр тохирсон. Энэ барааг явуулахдаа Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор гаргахад 5 удаа явсан бөгөөд 1 удаагийн зардалд 800.000-1.000.000 төгрөгийн зардал гаргаж, н.Гэрэлтуяад бараануудыг хүлээлгэж өгсөн. Гэтэл н.Гэрэлтуяагаас мөнгө орж ирээгүйн улмаас Н.Лгийн төлбөрийг төлж чадахгүй удаасан зүйл байгаа. Н.Л нь 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр АНУ явахаас өмнө барааныхаа тал мөнгийг өг, өгөхгүй бол авч явахгүй гэсэн тул Н.Лд дансаар 3.000.000 төгрөг, бэлнээр 2.000.000 төгрөг өгсөн ба нотариат дээр намайг дуудаад, бэлдсэн гэрээн дээр гарын үсэг зур гэсэн. Би мөнгө биш бараа авсан, яагаад алданги гэж заасан юм гэхэд, гарын үсэг зурахгүй бол АНУ авч явахгүй, нөхөрөө авч явлаа гэсэн. Ингээд аргагүй эрхэнд уг гэрээнд гарын үсэг зурсан. Энэ гэрээн дээр гарын үсэг зурж байгаа нь өөрийнхөө хүсэл зоригийг илэрхийлж, хүлээн зөвшөөрөөд зурсан зүйл байхгүй. н.Гэрэлтуяагаас мөнгөө авч байж өгөхгүй бол шууд өгчих мөнгө байхгүй.

Барааны үлдэгдэл төлбөр 7.719.500 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 2.719.500 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Н.Лгийн нэхэмжлэлтэй, Ц.Тд холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 11.578.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид “Н.Л нь “Форевер Ливинг Продактс Монголиа” ХХК-ийн 9.224.500 төгрөгийн үнэ бүхий бараа, бүтээгдэхүүнийг 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Ц.Тын өмчлөлд шилжүүлсэн, Ц.Т нь уг бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, 9.224.500 төгрөгийг Н.Лд төлж барагдуулахаас 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөгийг дансаар Н.Лд төлсөн” гэсэн үйл баримтын талаар маргадаггүй бөгөөд гэрч Н.Баттулгын мэдүүлэг, 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Зарлагын баримтаар нотлогдож байх тул талуудын хооронд 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

Мөн талууд уг харилцаанаас үүссэн шаардлагыг харилцан тооцоо нийлж, 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “Төлбөр төлөх баталгаа”-г байгуулсан байх тул Н.Л, Ц.Т нарын хооронд Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д зааснаар “Тооцоо нийлэх гэрээ” байгуулагдсан гэж дүгнэхээр байна.

 

Уг тооцоо нийлэх гэрээгээр “Ц.Т нь “Форевер Ливинг Продактс Монголиа” ХХК-ийн бараа, бүтээгдэхүүн зарсны төлбөрийг Н.Лд 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 2.000.000 төгрөгийг дансанд нь хийж, үлдэгдэл 5.719.000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бэлнээр өгч тооцоо дуусгана. Хугацаа хэтэрвэл алданги хоногийн 0.3 хувиар тооцно” гэж заасан хэдий боловч талууд 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр тооцоо нийлэхэд худалдан авагч Ц.Т нь 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дансаар 3.000.000 төгрөгийг Н.Лд төлсөн байх тул худалдах-худалдан авах гэрээний харилцаанаас үүссэн шаардлага нь 7.719.000 төгрөг бус 6.224.500 төгрөг байхаар юм.

 

Хариуцагч Ц.Т “...бэлнээр 2.000.000 төгрөг төлсөн” гэсэн тайлбар гаргасан хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар энэ талаар холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд гэрч Н.Баттулгын “...би Жаргалсайхан гэдэг хүнээс мөнгө зээлээд 2.000.000 төгрөгийг бэлнээр Ц.Тд өгч, Ц.Т нь Н.Лд өгсөн. Ц.Т нь Н.Лд бэлнээр 2.000.000 төгрөг өгөхийг нь хараагүй” гэсэн мэдүүлэг нь хариуцагч Ц.Т “...бэлнээр 2.000.000 төгрөг Н.Лд төлсөн” гэсэн тайлбарыг үнэн зөв болохыг нотлоогүй болно.

 

Иймд Ц.Т нь 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш тооцоо нийлэх гэрээний дагуу тооцооны үлдэгдлийг Н.Лд төлөх үүргээ биелүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 466.2-д зааснаар нэхэмжлэгч Н.Л нь тооцооны үлдэгдэлд 6.224.500 төгрөг, мөн хуулийн 466 дугаар зүйлийн 466.6, 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 6.224.500 төгрөгийн 0.3 хувиар алдангийг тооцоход, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул алдангид 3.112.250 төгрөг, нийт 9.336.750 төгрөгийг хариуцагч Ц.Таас шаардах эрхтэй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ц.Таас тооцооны үлдэгдэл төлбөрт 6.224.500 төгрөг, алдангид 3.112.250 төгрөг, нийт 9.336.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Лд олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 466 дугаар зүйлийн 466.1, 466.6, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ц.Таас гэрээний үүргийн гүйцэтгэлд 9.336.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.241.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Лгээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 200.210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Таас улсын тэмдэгтийн хураамжид 164.338 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД