Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2022/0531

 

2022 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2022/0531

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Бгийн нэхэмжлэлтэй 

     захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч М.Б

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч М.Б

Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга

Гуравдагч этгээд С.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/104 дүгээр захирамжийн иргэн С.Бд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 204 м.кв хэмжээтэй газраас 62.05 м.кв газрыг эзэмших хэсгийг хүчингүй болгуулах 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 20 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д өмгөөлөгч В.У,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн

Хэргийн индекс: 109/2022/0004/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч М.Бгаас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/104 дүгээр захирамжийн иргэн С.Бд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 204 м.кв хэмжээтэй газраас 62.05 м.кв газрыг эзэмших хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр: 

“...Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч М.Бгаас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/104 дүгээр захирамжийн иргэн С.Бд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 204 м.кв хэмжээтэй газраас 62.05 м.кв газрыг эзэмших хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч М.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.М.Б миний бие Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Хуучин ахуйн үйлчилгээний барилгын 1 дүгээр давхрын зүүн өнцөгт байрлалтай үйлчилгээний зориулалттай 35.75 м.кв талбайтай нэг өрөө үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг 2012 оноос хойш бодитойгоор эзэмшиж, ашиглаж байна. Намайг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Ш.Ааас 2012 онд худалдаж авахаас өмнө 2000-2004 онд Т.Х, 2004-2009 онд Ц.Т, 2009-2012 онд Ш.А нарын өмчилж байсан, харин миний хувьд тухайн үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг бодит байдал дээр эзэмшиж, ашиглаж байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдоно.

Засаг даргын захирамжаар 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр С.Бд 204 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ бусдын үл хөдлөх хөрөнгө буюу бидний маргаж буй 35.75 м.кв хэмжээтэй газрыг эзэмшүүлсэн нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох” тухай 83 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 2 дугаар зүйлийн 2.1-д “Эрхийн гэрчилгээг олгоход дараах үйл ажиллагаа хийгдэнэ”, 2.1.2-т “Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийх”, 2.1.3-т “Хээрийн судалгаа хийх”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийгээд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд өргөдөл гаргагчтай хамт газар дээр нь очиж хээрийн судалгаа хийнэ”, 6.2-т “Хээрийн судалгаагаар дараах үйл ажиллагаа хийгдэнэ”, 6.2.1-д “Өргөдөлд дурдсан газрын хил заагийг газарт шилжүүлж, урьдчилсан байдлаар солбицлыг тогтоох, тэмдэгжүүлэх”, 6.2.2-т “Бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг тодруулах”, 6.2.4-т “Шаардлагатай тохиолдолд нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тодруулахдаа хөршүүдтэй нь болон шилжүүлэн авч буй этгээдтэй тохиролцуулж энэ журмын 4 дүгээр хавсралт /Хөршүүдтэй хийсэн тэмдэглэл/-ыг ашиглан тэмдэглэл үйлдэж албажуулах /тухайн нэгж талбартай хил залгаа хөршүүдийг байлцуулах бөгөөд хөршийн төлөөлөл нь эрх зүйн бүрэн чадамж бүхий этгээд байна/, 6.3-т “Энэ журмын 6.2.4-т заасан “шаардлагатай” гэсэнд дараах тохиолдол хамаарна. 6.3.1-д “Хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тогтоох”, 6.5-д “Хээрийн судалгаа хийх явцад ямарваа зөрчил илэрсэн бол түүнийг шийдвэрлэх боломжтой эсэхийг тодорхойлон, хэрэв боломжтой бол зөрчлийг арилгах арга хэмжээг авсны дараа ажлын файлд үр дүнг оруулна” гэж тус тус журамласан байна.

2015 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан дээрх хууль, журмын зохицуулалтуудаас үзвэл төрийн захиргааны эрх бүхий албан тушаалтан болох аймгийн Засаг дарга нь 2015 онд гуравдагч этгээд С.Бгийн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэж, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахын өмнө хүсэлт гаргасан газарт суурин судалгаа хийсэн, улмаар өргөдөл гаргагчийн хамт тухайн газар дээр нь очиж хөрш зэргэлдээ газрын орц, гарц, нэгж талбар тус бүрийн хувьд эргэлтийн цэгүүдийг тодруулсан, хил залгаа хөршүүдийг байлцуулан тэмдэглэл үйлдсэн, орц гарцыг тогтоосон, газрын давхцал үүсэх эсэхийг тодруулж нягтлан хээрийн судалгааг хийсний үр дүнд, хэрэв зөрчил илэрсэн тохиолдолд зөрчлийг арилгах арга хэмжээг авсны дараа нэг мөр бусдад газар эзэмшүүлэх шийдвэр гаргах шаардлагатай байсан, гэвч одоогийн нөхцөл байдалд миний үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүхий л эрх зөрчигдөхөд хүрч байна.

Хариуцагч тал ийнхүү 2012 оноос хойш үл хөдлөх хөрөнгө өмчлөх, тус газрыг бодитоор эзэмшиж, ашиглаж ирсэн нэхэмжлэгч М.Бгийн үл хөдлөх хөрөнгө байршиж буй газартай давхцуулан 2015 онд гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн нь дээр дурдсан Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.5, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох тухай” 83 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 2, 6 дугаар зүйлүүдэд заасантай нийцээгүй байхад гуравдагч этгээд С.Б нь цаг хугацааны хувьд 2015 онд газар эзэмших хүсэлт гаргасан, шийдвэрлэх үед бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай “ямар нэгэн байдлаар давхцаагүй байсан байна” гэж буруу дүгнэн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүчингүй болгосонтой санал нийлэх боломжгүй байна. 2015 онд С.Бд маргаан бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах үед тухайн газар нь бодит байдал дээр бусдын эзэмшил, ашиглалтад байсан, мөн тухайн газрыг гуравдагч этгээд С.Б бодит байдал дээр эзэмшиж, ашиглах бололцоогүй, түүнчлэн гуравдагч этгээд С.Б нь нэхэмжлэлийн хариу тайлбарт анхнаасаа тухайн 35.75 м.кв газар нь түүний эзэмшлийн газартай давхцалгүй, хамааралгүй гэсэн ойлголттой байсан зэргээс дүгнэхэд хангалттай байна.

Мөн 2015 онд С.Бд газар эзэмших эрхийг нь баталгаажуулсан захирамж гаргах үндэслэл болсон нотлох баримтууд болох 000091430 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, хуучин цэнхэр газар эзэмших гэрчилгээ зэргийг хариуцагч анхнаасаа шалгаж нягтлаагүй байна. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000091430 дугаартай гэрчилгээ нь хуучин ахуйн үйлчилгээний барилгад 105 м.кв талбай бүхий дэлгүүрийн барилгын гэрчилгээ, хуучин цэнхэр газар эзэмших гэрчилгээ гэдэг нь 021800424 дугаартай 2001 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 594 м.кв газрыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр олгов гэсэн гэрчилгээг хэлж байгаа бололтой /Хуучин цэнхэр газар эзэмших гэрчилгээ нь “021800424 дугаартай 2001 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 594 м.кв газрыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр олгов” гэсэн гэрчилгээг огт шалгаагүй, энэ талаар шүүхээс тодруулах ажиллагаа хийгээгүй/. Гэтэл тухайн гэрчилгээгээр олгогдсон гэх газрын хаяг байршил тодорхойгүй байдаг бөгөөд 105 м.кв үл хөдлөх хөрөнгө буюу “Гэгээн наран” дэлгүүрийн барилгын доорх газрыг л С.Бд эзэмшүүлэх ёстой байсан. Гэтэл юуг үндэслэж 204 м.кв газрыг эзэмшүүлж байгаа нь ойлгомжгүй.

Нэхэмжлэгч М.Бд Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 19 дугаар албан бичгээр “тухайн үеийн гар зургийг үндэслэн иргэн С.Бд 204 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн” гэсэн байдаг. Шүүхэд хүсэлт тавьж тухайн үеийн гар зургийг тодруулахад 6513010224 нэгж талбар бүхий газрын хувийн хэрэгт иргэн С.Долзодмаагийн “Гэгээн наран” ХХК-ийн 1 давхрын байрлалтай үл хөдлөх хөрөнгө гэсэн зураг байсан. Энэ гар зургийг үндэслэн А/105 дугаар захирамж гарсан байна.

Гэтэл “Гэгээн наран” ХХК нь иргэн С.Б биш, түүнчлэн С.Бгийн компани ч биш, бусдын үл хөдлөх хөрөнгийн байршиж байгаа үл хөдлөх хөрөнгийн зураг байсныг магадлан тодруулаагүй өмчлөгдсөн үл хөдлөх хөрөнгийн доорх 35.75 м.кв хэмжээтэй газрыг С.Бд эзэмшүүлж шийдвэрлэсэн нь ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн эзэмшүүлэх ёсгүй байсан ахуйн үйлчилгээний барилгын нэгдүгээр давхрын коридорын хэсгийн доорх газрыг эзэмшүүлснээр нийтээрээ эзэмшиж, ашиглах зориулалттай коридорыг хааж, М.Б миний үл хөдлөх хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглах боломжгүй болгосон байхад “...тухайн коридорыг нийтийн эзэмшлийн талбай гэж үзэх боломжгүй. Үүний улмаас нэхэмжлэгчийн орж гарах хөдөлгөөнд саад болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тус шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй...” гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэлийн бүх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

 Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 сарын 30-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Шүүхийн шийдвэрт “…Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсний дагуу нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ…” гэх боловч нэхэмжлэлийн шаардлага болон хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй байна.

1.Нэхэмжлэгч М.Б нь өөрийн өмчлөлийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, хуучин ахуйн үйлчилгээний барилгын 1 дүгээр давхрын зүүн талд байрлах үйлчилгээний зориулалттай 35.75 м.кв талбай бүхий 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг аймгийн Засаг даргын 2018 оны А/95 дугаар захирамжаар эзэмшсэн, гэтэл үүнээс өмнө гуравдагч этгээд С.Бд аймгийн Засаг даргын 2015 оны А/104 дүгээр захирамжаар уг газрыг эзэмшүүлсэн байсан гэх нэхэмжлэлийн үндэслэлтэй холбогдуулан 1 газрыг нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд давхар эзэмшүүлэх эрх олгосон 2 хүчин төгөлдөр захирамж байж болох эсэхэд дүгнэлт өгөөгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн 35.75 м.кв газрыг эзэмших эрх хүчинтэй байхад чухам ямар шалтгаанаар маргаан бүхий захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж байгааг буюу нэхэмжлэлийн үндэслэлийг бүрэн тодруулалгүйгээр, мөн холбогдох нотлох баримтыг цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.

Цаг хугацааны хувьд гуравдагч этгээдэд 2015 онд дээрх газрыг эзэмшүүлэх үед нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүсээгүй байсан гэх нөхцөл байдлаас илүүтэй гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газрын хэмжээг багасгаж, өөрчлөлт оруулалгүйгээр нэхэмжлэгчид 2018 онд уг газрыг давхар эзэмшүүлэх болсон үндэслэлийг хариуцагчаас тодруулах, мөн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Б.Отгонцэрэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хийсэн барилгын талбайн хэмжилт хийсэн зургаар оёдлын цех байрлаж буй 34 м.кв газар нь гуравдагч этгээд С.Бгийн эзэмшил газар дээр байрлаж байгааг, мөн тус өрөөний арын коридорын 3.14 м.кв, 00-ын өрөө бүхэлдээ, урт коридорын төгсгөл хэсэг нэхэмжлэгч С.Байгалмаагийн эзэмшил газарт байрлаж байгааг тус тус тогтоосон байх тул энэ талаар дүгнэлт өгөх, түүнчлэн гуравдагч этгээд Ё.Бямбасүрэнгийн өөрийн эзэмшил 204 м.кв газарт нэхэмжлэгчийн өмчлөлийн 34.75 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн доорх газар ороогүй гэх тайлбартай холбогдуулж талуудын байр суурийг нэг бүрчлэн тодруулах, дахин үзлэг хийж коридорын хэсэгт орц, гарцыг хаасан эсэх, өмнө нь ямар байдлаар ашиглагдаж байсан зэргийг тус тус нягталсны үндсэн дээр хэргийг дахин шийдвэрлэх шаардлагатай байна.

2.Давж заалдах шатны шүүхээс газар эзэмшүүлэх захирамж гаргасан цаг хугацааны хамаарлыг үл харгалзан талуудад өмчлөх эрх бүхий үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг нь тус тус эзэмшүүлсэн эсэх, тухайлбал бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг өөр этгээдэд эзэмшүүлж болох эсэхэд дүгнэлт өгч болох ч хэрэгт хамааралтай дээрх нөхцөл байдлуудыг тодруулах эрхгүй болно.

3.Түүнчлэн мэргэжилтэн Б.Отгонцэрэнгийн үйлдсэн 1 дүгээр хх-ийн 112 дахь талд авагдсан зургаас үзэхэд 00-ын өрөөний доорх газрыг С.Бд биш харин ч нэхэмжлэгчид эзэмшүүлсэн гэж харагдахаар байх тул нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах ашиглах боломжгүй болгосон гэх 00 нь энэхүү зурагт тусгагдсан хэсэг мөн эсэхийг, нийтээр ашиглах зориулалттай гэх коридорын доорх газрын холбогдох хэсгийг зурагт тусгагдсаны дагуу гуравдагч этгээдийн нэгэн адил нэхэмжлэгч мөн эзэмшиж байгаа эсэх, чухам хэнийх нь эзэмшилд байгаа газрын дээрх коридорын хаалгыг хааж битүүлсэн болохыг тус тус тодруулан шалгах нь зүйтэй.

4.Аймгийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/423 дугаар захирамжаар нэхэмжлэгч М.Бд эзэмшүүлсэн газрын 3 нэгж талбарыг нэгтгэн нийт 3122 м.кв болон шинэчилж, шинээр гэрчилгээ олгохыг, газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд өөрчлөлтийг тусгахыг тус тус Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт үүрэг болгосон байх бөгөөд энэ хүрээнд одоогийн маргаан бүхий газрын байршил хэрхэн тусгагдсан болохыг ч дахин тодруулах шаардлагатай.

Мөн нэхэмжлэлийн шаардлагад нийтийн эзэмшлийн талбайд хамаарах газрын хэмжээг чухам ямар баримтыг үндэслэн 26.3 м.кв гэж тодруулсан нь тодорхойгүй байгааг дахин хэргийг шийдвэрлэхдээ анхаарвал зохино.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                         Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН