Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 223/МА2017/00013

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Намжилмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 151/ШШ2017/00215 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Намжилмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад холбогдох

“Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг  2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Намжилмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа, Ж.Энх-Амгалан, хариуцагчийн төлөөлөгч Б.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Намжилмаа шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: -Батсүмбэр сумын эрүүл мэндийн төвд 2015 оны 3 дугаар сарын 4-нд ерөнхий эмчээр ажиллаж байгаад, 8 дугаар сарын 4-нд эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажлыг түр гүйцэтгэж эхэлсэн. Мөн 8 дугаар сарын 25-ны өдөр хүүхдийн эмчийг хавсран гүйцэтгэх тушаал гарч хавсран гүйцэтгэсэн. Эрүүл мэндийн эрхлэгч, хүүхдийн эмчийн цалинг хамтад нь авч байсан. 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр надад халагдах тушаалыг авч ирж өгсөн. Уг тушаал нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гарсан байсан боловч 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр надад танилцуулан 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. 2016 оны 9 сараас чөлөө авч 2016 оны 10 дугаар сарын 25-наас ажилдаа ороход халагдах тушаал буюу үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэсэн тушаал гарсан байсан. Тиймээс би өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан  гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: -Төрийн албаны тухай хуулийн 11-р зүйлийн 11.1-т зааснаар ажил олгогч болон ажилтны хооронд гэрээ байгуулагдсан байдаг. Н.Намжилмаагийн ажиллаж буй ажлын байр нь гүйцэтгэх албан тушаалд хамаарагдаж байгаа. Тогтоосон норм, горимоор ажилтан Н.Намжилмаагийн ажилласан ажлын байрыг байнгын ажлын байр гэж үзэхээр байна. Иргэн Н.Намжилмаатай хуулийн тодорхойлолтоор хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. 2015 оны 3 дугаар сарын 3-наас 8-р сар хүртэл их эмчийн албан тушаалд ажилласан байдаг. Мөн 8-р сараас Н.Намжилмаа захиргааны акт гаргах хүртэл 2 цалин авч байсан. Ажил олгогч Эрүүл мэндийн төв нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1.4-т зааснаар эрх эдэлж байгаа. Ажилтан Н.Намжилмаа нь тус хуулийн 6.2-т зааснаар үүрэг хүлээж байгаа. А/364 дугаартай захирамж гаргасан нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн удирдлагын тухай хуулийн 31.1.8, Эрүүл мэндийн тухай хуулийн 11.1.8-т зааснаар удирдах албан тушаалд хамрагдаж байгаа. Авлигын эсрэг хуулийн 4-р зүйлд зааснаар албан тушаалын ангилалд хамаарагдаж байгаа. Урт нэртэй хуулийн 15-р зүйл заалтыг зөрчсөн учраас үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байгаа. Н.Тунгалаг гэдэг эмчээс мөнгө өөрийн дансанд авч, тус мөнгөө өөрийн эрх ашгийн хувьд ашигласан байгаа. Төсвийн тухай хуулиар төсвийн санд байршуулна гэсэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн учраас удирдах албан тушаалаас нь чөлөөлсөн байдаг гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Н.Намжилмааг Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эргүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 3 360 998 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Н.Намжилмаад олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Намжилмаад  олгох нөхөн олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварыг хуульд заасан хэмжээгээр суутган авч холбогдох байгууллагад шилжүүлэх, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр тус бүрд зохих бичилтүүдийг хийхийг Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчид үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 68 726 төгрөг гаргуулж төрийн санд оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдэж,

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Гомдлын шаардлага: Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 151/ШШ2017/00215 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож.

Гомдлын утга: Иргэн Н.Намжилмаагаас нэхэмжлэлтэй Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг Төв аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан шүүх хуралдаанаар талуудын хүсэлтээр хэлэлцсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлахад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх дараах үндэслэл тогтоогдлоо. Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1049 дугаартай захирамжид удирдлага болгосон Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн заалтууд нь төрийн жинхэнэ албан тушаалтанд хамааралтай заалт бөгөөд төрийн үйлчилгээний албан тушаалтан буюу Н.Намжилмаагийн эрхэлж байсан Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаалд дээрх хуулийн заалт хамааралгүй байх ба харин Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд 29.3.4 гэсэн заалт байхгүй байна. Иймээс Н.Намжилмааг Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тус сумын Засаг даргын 2016 оны 22 дүгээр сарын 22-ны өдрийн А/1049 дугаартай захирамж нь хуульд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй захирамж болжээ. Шүүх Н.Намжилмааг чөлөөлсөн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1049 дугаартай захирамж нь өөрөө хуульд нийцээгүй, үндэслэлгүй болсон тул оролцогчдын зүгээс гаргаж ирүүлсэн хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас Н.Намжилмааг сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Батсүмбэр сумын Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 4-ний өдрийн А/264 дугаартай захирамж, Н.Намжилмааг ажлаас чөлөөлсөн тухай мөн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1049 дугаартай захирамжуудаас бусад бичгийн нотлох баримтуудыг үнэлээгүй болно” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2, 69.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Н.Намжилмааг Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эргүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 3,360,998 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн тус шүүхийн 151/ШШ2017/00215 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр үл зөвшөөрч байна. Үүнд: 1. Нэхэмжлэгч Намсрайн Намжилмаа “Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн Төв” Улсын төсөвт үйлдвэрийн газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 15 дугаартай тушаалаар тус эрүүл мэндийн төвийн ерөнхий мэргэжлийн их эмчээр ажилд орсон. Ийнхүү хөдөлмөрийн харилцаа тогтоосон бөгөөд тус хөдөлмөрийн харилцаанд ажил олгогчоор “Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төв” Улсын Төсөвт Үйлдвэрийн Газар байна.

2. Улмаар ажилтан Н.Намжилмаа “Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн Төв” Улсын Төсөвт Үйлдвэрийн газрын ерөнхий мэргэжлийн их эмчээр ажиллаж байх хугацаанд түүнийг тус төвийн эрхлэгч буюу даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хууль (цаашид “ЭМтХ” гэх)-ийн 11.31-т заасны дагуу Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн А/364 дугаартай захирамжаар томилон ажиллуулсан.

3. Ингэснээр ажилтан Н.Намжилмаа нь ерөнхий мэргэжлийн их эмчийн үндсэн ажлаа гүйцэтгэхийн зэрэгцээ эрхлэгчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан бөгөөд хавсран гүйцэтгэж буй эрхлэгчийн албан тушаал нь ТАтХ-ийн 7.10, 9.2-т заасны дагуу батлагдсан Албан Тушаалын Ангилал, Зэрэглэлийн 4-т заасны дагуу Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд ангилагдах бөгөөд Монгол Улсын Нийтийн Албанд Нийтийн болон Хувийн ашиг сонирхлыг зохицуулах, Ашиг сонирхлын Зөрчлөөс Урьдчилан Сэргийлэх тухай хууль (цаашид “НАНбХАСЗАСЗУСтХ” гэх)-ийн 4.1-т Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна гэж заасны дагуу эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч Н.Намжилмаа нь тус хуулийн 3.1.4-т “нийтийн албан тушаалтан”-д хамаарна.

4. Гэтэл ажилтан Н.Намжилмаа нь эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэх явцдаа төрийн санд төвлөрүүлэх ёстой төсвийн буюу эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаагаар олсон мөнгөн хөрөнгийг өөрийн хувийн дансанд төвлөрүүлсэн нь Монгол Улсын Төсвийн тухай болон НАНбХАСЗАСЗУСтХ-ийн 15 дугаар зүйлд заасныг зөрчсөн тул түүнийг эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон этгээд нь тухайн ажил, албан тушаалаас нь чөлөөлөх тухай Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1049 дугаартай захирамж гаргасан байна. Түр орлон гүйцэтгэгчээр томилох болон буцаан чөлөөлөх тухай ХтХ-д зохицуулаагүй тул Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгүүлэх А/364 дугаартай захирамжийг ХтХ-ийг үндэслэж бус Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, түүний удирдлагын тухай хууль (цаашид “ЗЗНДНтУтХ” гэх)-ийг үндэслэн гаргасан тул орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай ХтХ-ийг бус нийтийн эрх зүйн хэм хэмжээний эх сурвалжийг үндэслэл болгосон байна.

5. Тус захирамжаар ажилтан Н.Намжилмаагийн үндсэн ажлынхаа хажуугаар хавсран гүйцэтгэж байсан эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажил, албан тушаалаас чөлөөлсөн нь тухайн тушаалын тушаах хэсгийн 1-т “ЭМТ-ийн эрхлэгчийн үүргийн түр орлон гүйцэтгэгч Н.Намжилмаа нь ... зэрэг үндэслэлээр 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэснээр илэрхийлэгдэж байна. Учир нь тухайн тушаалд ажилтан Н.Намжилмаагийн үндсэн ажил болох ерөнхий мэргэжлийн их эмчийн албан тушаалд холбогдох нэг ч үг, үсэг байхгүй тул тус үндэсн ажилд холбогдох хөдөлмөрийн харилцааг огт хөндөөгүй. Учир нь ажилтан Н.Намжилмаагийн үндсэн ажил болох ерөнхий мэргэжлийн их эмчинй албан тушаалын хувьд ажил олгогч нь “Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл Мэндийн Төв” Улсын Төсөвт Үйлдвэрийн Газар бөгөөд Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга нь ажил олгогч биш тул ажилтан Н.Намжилмааг ерөнхий мэргэжлийн их эмчийн үндсэн ажлаас ажил олгогч биш Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга халах боломжгүй.

6. Гэтэл ажилтан Н.Намжилмаа нь Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1049 дугаартай захирамжийн дагуу “Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн Төв” Улсын Төсөвт Үйлдвэрийн Газрын эрхлэгчийн ажлыг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээлгэж өгөөд тухайн өдрөөс хойш ажилдаа ирэлгүй, үндсэн ажил болох ерөнхи мэргэжлийн их эмчийн ажлыг орхиж явсан. Ийнхүү ажлаа тасласан нь “Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл Мэндийн Төв” Улсын Төсөвт Үйлдвэрийн Газрын Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар сахилгын зөрчилд тооцогддог тул түүнийг ХтХ-ийн 131.1.3-т зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Учир нь ажилтан Н.Намжилмаа нь 2016 оны 04 дүгээр сард сахилгын зөрчил гаргаж шийтгэл хүлээсэн бөгөөд сахилгын шийтгэлтэй байх 1 жилийн хугацаа дуусаагүй байхад дахин зөрчил гаргасан тул удаа дараад тооцогдож байна.

7. Нэгэнт үндсэн ажлаас сахилгын зөрчлөөр халагдсан тул үндсэн ажлын хажуугаар хавсран гүйцэтгэж байсан эрхлэгчийн ажлыг гүйцэтгэх боломжгүй болсноор ажилтан Н.Намжилмаа шаардах эрхээ алдсан. Хэрэв иргэн Н.Намжилмааг хавсран гүйцэтгэж байсан түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний үндсэн ажлаас сахилгын зөрчлөөр халсан “Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл Мэндийн Төв” Улсын Төсөвт Үйлдвэрийн газрын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө. Тиймээс Иргэн Н.Намжилмаагаас нэхэмжлэлтэй Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай шаардлагатай иргэний хэрэгт Гуравдагч этгээдээр ажил олгогч “Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн Төв” Улсын Төсөвт Үйлдвэрийн Газрыг оролцуулах хүсэлтийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан боловч хэрэгт хамааралгүй, тус эрүүл мэндийн төвийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэсэн үндэслэлээр хангахгүй орхисон нь Монгол Улсыны Иргэний Хэрэг Шүүхэд Хянан шийдвэрлэх тухай хууль (цаашид “ИХШХШтХ” гэх)-ийг зөрчиж байна. Учир нь шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон иргэн Н.Намжилмааг тус эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллуулахын тулд эхлээд түүнд ногдуулсан сахилгын шийтгэлээр ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, иргэн Н.Намжилмааг ерөнхий мэргэжлийн их эмчээр ажилд буцаан авч, дараа нь тус ажлын хамт эрхлэгчийн ажлыг хавсран гүйцэтгүүлэх шаардлагатай болж буй нь “Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл Мэндийн Төв” Улсын Төсөвт Үйлдвэрийн Газрын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна.

8. Ажилтан Н.Намжилмаагаас зөвхөн хавсран гүйцэтгэж байсан “Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл Мэндийн Төв” Улсын Төсөвт Үйлдвэрийн Газрын эрхлэгчийн ажлыг хүлээж авсан, ерөнхий мэргэжлийн их эмчийн үндсэн ажлыг хүлээж аваагүй тухай болон түүнийг үндсэн ажлаа орхин явж, ажил тасласан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсан ажил олгогчийн тушаал, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон хөдөлмөрийн дотоод журам, бусад шаардлагатай бичгийн нотлох баримтуудыг бүрэн, хангалттай гаргаж өгсөн боловч шүүх үнэлээгүй нь хэтэрхий нэг талыг баримталж ИХШХШтХ-ийг зөрчсөн.

9. Мөн ажилтан Н.Намжилмаа ямар зөрчлийг хэрхэн гаргасан буюу (эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны орлогыг хэрхэн өөрийн дансанд төвлөрүүлсэн болон бусад зөрчил), мөн түүнийг анх ажилд авахад хүлээлгэж өгсөн болон зөвхөн эрхлэгчийн ажлыг хүлээн аван, үндсэн ажилд холбогдох эд хөрөнгийг одоо болтол хүлээж аваагүй тухай, эдгээртэй холбоотой Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1049 дугаартай захирамжийг хэрхэн гаргасан тухай үйл баримтыг нотлох гэрчийг асуулгах хүсэлт гаргасан боловч хэрэгт хамааралгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг шүүхээс хангахгүй орхисон нь ИХШХШтХ-ийг ноцтой зөрчсөн. Учир нь ямар мэдүүлэг өгөхийг сонсоогүй, мэдэхгүй хэрнээ гэрчийн мэдүүлгийг хэрэгт хамааралгүй гэж урьдчилан таамагласан нь хууль зөрчиж байна.

  10. Мөн ажилтан Н.Намжилмаа нь ерөнхий мэргэжлийн их эмчийн үндсэн ажлаа орхин явж, ажил тасласан ноцтой зөрчил гаргасныг нотлохоор “Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл Мэндийн Төв” Улсын Төсөвт Үйлдвэрийн газрын ажилчдын цагийн бүртгэлд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч хэрэгт хамааралгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг шүүхээс хангахгүй орхисон нь ИХШХШтХ-ийг зөрчиж байна.

11. Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах хариуцагчийн үндэслэлийг нотлох баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн боловч хэрэгт хамааралгүй гэсэн үндэслэлээр нотлох баримтыг хүлээж аваагүй нь ИХШХШтХ-ийг зөрчиж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Анхан шатны шүүхээс хэргийг хянаад гаргасан шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэсэлэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл бусад нотлох баримтыг шинжлэн үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үнэ тодорхойгүй байжээ гэж үзэх үндэстэй байна.

Нэхэмжлэгч Н.Намжилмаа нь Батсүмбэр сумын эрүүл мэндийн төвд эрхлэгчийн ажил үүргийг гүйцэтгэж байгаад тус сумын засаг даргын захирамжаар 2016 оны 11 сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлөгджээ.

Н.Намжилмаа нь эрхлэгчийн ажил үүргийн хамт хүүхдийн их эмчийн ажлыг сумын засаг даргын 2015 оны 08 сарын 25-ны өдрийн А/389 тоот тушаалаар хавсран гүйцэтгэж байжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ажилд эргүүлэн тогтоолгох гэсэн тодорхойгүй шаардлага тавин мэтгэлцсэн байх бөгөөд шүүх чухам ямар ажилд эргүүлэн тогтоолгох хүсэлтэйг тодруулалгүйгээр Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эргүүлэн тогтоох шийдвэр гаргасан нь бүрэн дүүрэн үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй бөгөөд хариуцагчийн зүгээс ч хүүхдийн их эмчийг ажлаас чөлөөлөөгүй гэж маргасан байна.

Мөн нэхэмжлэгч нь чухам ямар ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хичнээн төгрөг хариуцагчаас гаргуулах шаардлага буюу нэхэмжлэлийн үнийг бүрэн тодорхойлоогүй атлаа үндсэн болон хавсран ажилласны нийт цалин 1 300 000 төгрөг гэж нэхэмжилсэн байхад шүүх үндэстэй зөв дүгнэлт хийлгүй цалин хөлсийг бүтнээр нь гаргуулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Хэрэгт байгаа бичгийн баримтуудаас үзвэл Н.Намжилмаа нь 2016 онд 1 020 302-1 363 133 төгрөгийн хооронд цалин авсныг нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар /хх-ийн 9 дэх тал/ тодорхойлж байгаа бол цалингийн тодорхойлолтод Н.Намжилмаагийн үндсэн цалин 558 559 төгрөг, 90 дугаар тогтоолоор 111 712 төгрөг, үр дүнгийн урамшуулал 217 838 төгрөг, илүү цаг 198 986 төгрөг, хавсран ажилласны нэмэгдэл 259 984 төгрөг, нийт 1 347 079 төгрөгийн цалин бодогдож байсан /хх-ийн 11 дэх тал/ ба хавсран ажилласны үр дүнд 259 984 төгрөгийн цалин авч байжээ.

Анхан шатны шүүх энэ баримтанд зөв дүгнэлт хийлгүйгээр Н.Намжилмааг Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эргүүлэн тогтоосон, цалин хөлсийг гаргуулахдаа ажил хавсарсан үеийн цалинг оролцуулан хариуцагч талаас цалин хөлсийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй зөв шийдвэр болж чадаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ “Батсүмбэр сумын засаг даргын 2016 оны 11 сарын 22-ны өдрийн А/1049 дугаартай захирамжийг удирдлага болгосон Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн заалтууд нь төрийн жинхэнэ албанд хамааралтай заалт бөгөөд төрийн үйлчилгээний албан тушаалтан буюу Н.Намжилмаагийн эрхэлж байсан Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаалд дээрх хуулийн заалт хамааралгүй” гэж үзсэн нь хэт нэг талыг барьсан шинжтэй бөгөөд тус сумын засаг даргын захирамжинд ажлаас халах үндэслэл болгон нилээд олон зөрчлийг заан захирамжилсан байхад тэдгээрт хууль зүйн талаас үндэслэл бүхий ямар нэг дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэстэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: цагийн бүртгэлд үзлэг хийлгэх, гэрчийг асуулгах, хүсэлт гаргасан болон нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах хариуцагчийн үндэслэл бүхий нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч хэрэгт хамааралгүй гэж хүлээж аваагүй гэж дурдсаны дагуу шүүх хуралдааны тэмдэглэлийг шинжлэхэд хариуцагч талаас шүүх хуралдаан дээр гэрч асуулгах, цагийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийлгэх, хүсэлт тавьж 3 хуудас нотлох баримт өгснийг шүүх хэлэлцэхээр зөвлөлдөх тасалгаанд орж шийдвэрлэн, захирамжийн захирамжлах хэсгийг танилцуулж, хүсэлтийг хэрэгсэхгүй болгоснийг мэдэгдсэн атлаа захирамж нь хэрэгт байхгүй байгаа нь хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн заалт шаардлагын дагуу явагдсан гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр  анхан шатны шүүхэд буцаав.

 Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3 дахь заалтыг  удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 151/ШШ2017/00215 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.БОЛОРМАА                                 

               ШҮҮГЧИД                                      Ц.ӨРНӨНДЭЛГЭР  

   Ш.ТӨМӨРБААТАР