Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 151/ШШ2017/00842

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 151/ШШ2017/00842

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг, Эмнэлэгийн эмчийн байранд оршин суух Шарынхан овогт Намсрайн Намжилмаагийн нэхэмжлэлтэй,

Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад холбогдох, Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эрлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Намжилмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа, Ж.Энх-Амгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Намжилмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“-Батсүмбэр сумын эрүүл мэндийн төвд 2015 оны 3 дугаар сарын 4-нд ерөнхий эмчээр ажиллаж байгаад, 8 дугаар сарын 4-нд эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажлыг түр гүйцэтгэж эхэлсэн. Мөн 8 дугаар сарын 25-ны өдөр  хүүхдийн эмчийг хавсран гүйцэтгэх тушаал гарч хавсран гүйцэтгэсэн. Эрүүл мэндийн эрхлэгч, хүүхдийн эмчийн цалинг хамтад нь авч байсан. 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр надад халагдах тушаалыг авч ирж өгсөн. Уг тушаал нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гарсан байсан боловч 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр надад танилцуулан 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. 2016 оны 9 сараас чөлөө авч 2016 оны 10 дугаар сарын 25-наас ажилдаа ороход халагдах тушаал буюу үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэсэн тушаал гарсан байсан. Тиймээс би өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэсэн ба 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ...Төв аймгийн Батсүмбэр сумын эрүүл мэндийн төвийн даргын алба нь Төрийн үйлчилгээний албан тушаал би төрийн жинхэнэ албан хаагч биш. Миний хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн хуулийн ямар ч заалтыг удирдлага болгож баримтлаагүй байна. Батсүмбэр сумын Засаг дарга Д.Ганбаяр нь анх намайг 2015 оны 8 сарын 4-ний өдөр Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр түр томилон А/364 тоот тушаал гаргасан.

Засаг дарга Д.Ганбаяр нь 2016 оны 11 сарын 22-ны өдөр надад хэлээд 2016 оны 11 сарын 23-ны өдөр Захиргааны нийгмийн ажилтан Аминбекээр намайг ажлаас халах тухай 2016 оны 11 сарын 22-ны өдрийн А/1049 тоот тушаалыг өгч явуулсан. Гэтэл Д.Ганбаярын дээрх тушаалаар Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүргийг орлон гүйцэтгэгч Н.Намжилмаа нь Төрийн албаны тухай хуулийн 25.1.1, Төсвийн хуулийн 40.2, 35.2, 44.1.3, мөн төсөвт байгууллагын мөнгөн кассын ажиллагааны 2.6, НАНБХАСЗ ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйл зэрэг үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Би 2016 оны 1 сард Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн даргын  албан тушаал, ажлын байр зарлагдахад Төв аймагт Төрийн албан хаагчийн шалгалт өгч тэнцсэн.  Гэтэл намайг энэ ажлын байранд жинхэлээгүй байсаар байгаад гэнэт нэг өдөр янз бүрийн шалтаг шалтгаан гаргаж гэнэт ажлаас халсанд гомдолтой байна. Би үндсэн цалин болох Эрүүл мэндийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ТҮЭМ-ийн  6.1-ээр 649 960 төгрөг, 90-р тогтоолоор 129 992 төгрөг, илүү цаг 198 986, нийт 978 938 төгрөг авдаг юм. Энэд үр дүн оруулсангүй. Би Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж гэрээн дээрээ Төсвийн тухай хуулийн 40.2-т заасан тухайн төсвийн жилд хэрэгжүүлэх хөтөлбөр арга хэмжээ хүрэх үр дүнг дүгнэх талаар тусгасан. Энэ гэрээг 1-р улиралд дүгнүүлж 92 хувьтай дүгнэгдсэн. Гэтэл түүнийг дүгнэх талаар заагаагүй хангалтгүй ажилласан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Намайг хууль зүйн үндэслэлгүй халсан гэж үзэж байгаа тул Батсүмбэр сумын эрүүл мэндийн даргын албан тушаалд эргүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин болох 2016 оны 11 сарын 17-ны өдрөөс 2017 оны 5 сарын 17-ны өдөр хүртэлх нөхөн олговорт нийт 5 873 628 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү”  гэжээ.

Нэхэмжлэгч Н.Намжилмааг төлөөлж түүний өмгөөлөгч С.Сувдмаа шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

“-2016 оны 11 сарын 22-ны өдөр А/1049 тоот Батсүмбэр сумын засаг даргын захирамжаар ажлаас халсан. Тушаалын дараа үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн тушаал гарсан. Төрийн жинхэнэ албан хаагчийг хөдөлмөрийн хуулиар, үйлчилгээний ажилтаныг Төрийн жинхэнэ албан хаагчид мөрдөгдөх төрийн албаны тухай хуулийн 25, төсвийн тухай хуулиудыг барьж халсан байгаа. Ажил олгогч өөрийн санаачлагаар, ажилтан өөрийн санаачлагаар хөдөлмөрийн хуулийн 40.2-р ажлаас халаагүй учраас хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас гомдол гаргаж байгаа. Төсвийн тухай хуулийг баримтлах нь хууль зүйн үндэслэлгүй учир ажилд эгүүлэн тогтоолгох хүсэлтэй байгаа. Мөн ажилгүй байсан үеийн цалин хөлсийг өнөөдрийн байдлаар бодож үзэхэд 7.831.504 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байна. Энэ хүн дутагдалтай, зөрчилтэй зүйл гаргасан байхыг үгүйсгэхгүй. Тушаалд ажил олгогчийн санаачлага байгаагүй учраас тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан үеийн цалин гаргуулах хүсэлтэй байна. Сахилгын арга хэмжээ авсан нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр халагдсан байхад 2016 оны 12 дугаар сарын 05-нд сахилгын шийтгэл дахин оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль дүрэмд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо хөдөлмөрийн хуулийг баримтлах байсан гэж үзэж байна.

Гэвч төсвийн тухай хууль гэх мэтчилэн өөр хууль ярьж байна. Хөдөлмөрийн хуулийн заалтыг баримтлаагүйгээ мэтгэлцэж хэлж чадахгүй байна. Нөгөө талаар эрүүл мэндийн төвийн их эмчийн албан тушаалд томилогдсон. 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажлыг түр орлон гүйцэтгэсэн. Хөдөлмөрийн хуулинд түр ажилд авна гэсэн зүйл байхгүй. Гэтэл Н.Намжилмаа жил гаран эрхлэгчийн ажлыг хийж байсан. Эрхлэгчийн албан тушаалаас хууль зүйн үндэслэлээр халсан тушаал биш гэж үзэж байгаа. Сүүлд гаргаж өгсөн тушаал нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна. Даргын ажлыг хавсран гүйцэтгэж байсан учраас их эмчийн албан тушаалтай хамааралгүй гэдэгтэй маргаагүй. А/1049 тоот тушаалтай холбогдуулан гомдол гаргасан. Хөдөлмөрийн хуулиа баримтлаагүй учраас энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинцэцэгийг төлөөлж түүний өмгөөлөгч Б.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“-Төрийн албаны тухай хуулийн 11-р зүйлийн 11.1-т зааснаар ажил олгогч болон ажилчины хооронд гэрээ байгуулагдсан байдаг. Намжилмаагийн ажиллаж буй ажлын байр нь гүйцэтгэх албан тушаалд хамаарагдаж байгаа. Тогтоосон норм, горимоор ажилтан Намжилмаагийн ажилласан ажлын байрыг байнгын ажлын байр гэж үзэхээр байна. Иргэн Намжилмаатай хуулийн тодорхойлолтоор хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.  2015 оны 3 дугаар сарын 3-наас 8-р сар хүртэл их эмчийн албан тушаалд ажилласан байдаг. Мөн 8-р сараас Намжилмаа захиргааны акт гаргах хүртэл 2 цалин авч байсан. Ажил олгогчоор бол Эрүүл мэндийн төв нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1.4-т зааснаар эрх эдэлж байгаа. Ажилтан Намжилмаа нь тус хуулийн 6.2-т зааснаар үүрэг хүлээж байгаа. А364 дугаартай захирамж гаргасан нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн удирдлагын тухай хуулийн 31.1.8, Эрүүл мэндийн тухай хуулийн 11.1.8-д зааснаар удирдах албан тушаалд хамрагдаж байгаа. Авлигын эсрэг хуулийн 4-р зүйлд зааснаар албан тушаалын ангилалд хамаарагдаж байгаа. Урт нэртэй хуулийн 15-р зүйл заалтыг зөрчсөн учраас үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байгаа. Тунгалаг гэдэг эмчээс мөнгө өөрийн дансанд авч, тус мөнгөө өөрийн эрх ашгийн хувьд ашигласан байгаа. Төсвийн тухай хуулиар төсвийн санд байршуулна гэсэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн учраас удирдах албан тушаалаас нь чөлөөлсөн байдаг. Их эмчийн албан тушаалын эрх зүйн харилцааг хөндөөгүй. Тиймээс манай тушаал үндэслэлтэй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Намжилмаа нь Төв аймгийн Батсүмбэр сумын засаг даргад холбогдуулан Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар Иргэн Н.Намжилмаагийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Батсүмбэр сумын засаг даргад холбогдуулан гаргасан “Ажилд эргүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах тухай” зэрэг шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй учир нь 1-рт Н.Намжилмаа нь Эрүүл мэндийн төвийн удирдах албан тушаалыг хашиж байсан тул түүний эрхэлж байсан ажил, албан тушаалтай холбоотой харилцааг Монгол улсын Төсвийн турхай хууль, Монгол улсын Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонихрлыг зохицуулах, ашиг сонихрлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Монгол улсын Төрийн албаны тухай хуулиар зохицуулна. 2-рт Н.Намжилмаа нь эрхэлж байсан ажил, албан тушаалтай холбогдох харилцааг зохицуулсан хуулийг зөрчсөн тул тэдгээр хуульд заасан үндэслэлээр Н.Намжилмааг Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.

Талуудын хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж шүүхэд нотлох баримт болгон ирүүлсэн бичгийн нотлох баримтуудыг оролцогчдын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлахад  дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн маргааны гол үйл баримт болох нэхэмжлэгч Н.Намжилмааг Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Батсүмбэр сумын Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 4-ны өдрийн А/364 дугаартай захирамж, мөн түүнийг Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажлаас халсан Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1049 дугаартай захирамжуудаас үзвэл нэхэмжлэгч Н.Намжилмаа нь төрийн үйлчилгээний албан тушаалтан байжээ. /хх-н 5/

Тодруулбал: Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 3.3.4, 9.1.2-т заасны дагуу төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий албан тушаалд хамаарч байна. 

Иймд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж зааснаар ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан тухай төрийн үйлчилгээний ажилтан, албан хаагчийн гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар шүүхэд харьяалагдах бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар энэхүү хэргийг Иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ.  

Иймд нэхэмжлэгч Н.Намжилмаа нь ажлаас үндэслэлгүй халсан тухай гомдлоо Иргэний хэргийн шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор гомдлоо шүүхэд гаргана гэсэнтэй нийцэж байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.                                                                                                      

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан шүүх хуралдаанаар талуудын хүсэлтээр хэлэлцсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлахад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх дараах үндэслэл тогтоогдлоо.  Үүнд:  

Нэхэмжлэгч Н.Намжилмааг Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн сул ажлын байранд зарлагдсан төрийн албаны шалгалтанд орж өрсөлдөн 60.38 оноо авч тэнцсэн тул Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 тоот тогтоолоор /хх-н 49/ түүнийг Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд томилуулахаар уламжилснаар Батсүмбэр сумын Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн А/364 дугаартай захирамжаар тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, мөн Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/389 дугаартай захирамжаар хүүхдийн их эмчээр түр хавсран ажиллуулахаар томилж /хх-н 8, 7/, мөн сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1049 дугаартай захирамжаар эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүрэгт  ажлаас нь халагджээ. /хх-н 5/

Н.Намжилмаа нь Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажлыг гүйцэтгэхдээ ТҮ-6,1 гэсэн шатлалаар цалинждаг байжээ.

Нэхэмжлэгч Н.Намжилмааг ажлаас халах тухай Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1049 дугаартай захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.1 дэх заалтууд болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.3.4 гэх заалтуудыг удирдлага болгожээ.

Хариуцагч тал нь  нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан тушаалтан биш, харин үйлчилгээний албан тушаалтан байхад түүнийг ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална,” 25.1.1 “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэн заалтуудыг үндэслэл  болгосон нь  буруу байна. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах асуудлыг зохицуулжээ.

Батсүмбэр сумын засаг дарга нь тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Н.Намжилмаатай Төрийн жинхэнэ албан хаагчтай байгуулах Үр дүнгийн гэрээ байгуулж ажилласан байгаа хэдий ч Н.Намжилмаагийн гүйцэтгэж буй албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаал учраас уг гэрээг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжтой юм.

 Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1049 дугаартай захирамжид Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд  29.3.4 гэсэн заалтыг удирдлага болгосон боловч энэ заалт уг хуульд байхгүй байна.

Иймээс Н.Намжилмааг Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүрэгт ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг хэрэглээгүй мөн хамааралгүй хуулийн заалт болон хуульд байхгүй заалтуудыг удирдлага болгосон тул сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1049 дугаартай захирамж нь хуульд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй захирамж болжээ.

Хариуцагч тал нэхэмжлэгч Н.Намжилмаа нь удаа дараа сахилгын зөрчил гаргасан нь ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэж тайлбарлаж байгаа ба Төв аймгийн Батсүмбэр сумын засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/112 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжид “сумын засаг даргаас болон шуурхай мэдээллийн цагаар өгөгдсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргээ биелүүлж ажиллаагүй, ЭМТ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Намжилмаад албан тушаалын цалинг 2 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ ногдуулсугай. ...” гэсэн хэдий ч хариуцагч талын тайлбар, ажлаас халсан захирамжаас үзэхэд ямар үүрэг даалгаврыг хэдэн удаа ямар байдлаар биелүүлээгүй, мөн ажлын байрны тодорхойлолтод заагдсан ямар ямар үүргийг хэзээ хэрхэн биелүүлээгүй болох нь түүнийг ажлаас халсан захирамжаас тодорхойгүй байх бөгөөд хариуцагчийн шүүхэд ирүүлсэн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр үр дүнгийн гэрээ дүгнэсэн байдлаас үзэхэд Н.Намжилмаагийн гэрээний үзүүлэлтүүдийг нь 90-94 хувьтай, гэрээний биелэлтийн үнэлгээ нь нийт 100 оноо авахаас 92-г авч “Маш сайн” гэсэн дүгнэлт авч байжээ. /хх-н 12-15/

Мөн нэхэмжлэгчийн гаргасан дараагийн зөрчил гэх ажлын цагаар архидан согтуурсан талаар хариуцагч нь шүүхэд ямар нэгэн баримт ирүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 38.6-д зааснаар шүүхэд хүсэлт гаргаагүй болно.

Иймд нэхэмжлэгч Н.Намжилмааг Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны нөхөн олговорыг хариуцагч Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүүгээс гаргуулж нэхэмжлэгч Н.Намжилмаад олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч тал шүүхэд ирүүлсэн /хх-н 81-133/ бичгийн баримтуудаасаа А/1049 тоот захирамж /хх-5/, Батсүмбэр сумын Засаг даргын 2015.08.04-ны өдрийн А/364 дугаартай “Ажилд түр томилох тухай” захирамж /хх-8/, мөн Засаг даргын 2015.08.25-ны өдрийн  “Ажил хавсруулан гүйцэтгүүлэх тухай А/389 дугаартай захирамж /хх-7/, Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд нэр дэвшүүлэх тухай” 02 дугаартай албан бичиг /хх-49/, Төв аймгийн Батсүмбэр сумын засаг даргын 2016.04.27-ны өдрийн  А/112 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж /хх-99/, Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2017.02.14-ны өдрийн 28 дугаартай албан тоот /хх-100/, 2016.12.05- Б/63 тоот сахилгын шийтгэл оногдуулан ажлаас халах тухай /хх-103/, Батсүмбэр сумын эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журам /хх-123/ зэрэг баримтуудыг судалсан болно.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн бичгийн баримт болох Батсүмбэр сумын хүн эмнэлгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2016 оны 01-12 дугаар сарын тайлан, Батсүмбэр сумын хүн эмнэлэгт ажиллаж буй даатгуулагчдын 2016 оны 01-12 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлт /хх-н 81-91, 114-122/, Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн даргын нэр бүхий хүмүүсийг ажилд томилсон болон, ажлаас чөлөөлсөн, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалууд /хх-н 92, 105-113/, Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн б/01 дугаартай “Эрүүл мэндийн төвийн бүтэц, орон тоо батлах тухай” тушаал, хавсралтын хамт /хх-н 101-102/, мөн Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт /хх-н 128-131/  зэргийг судлаагүй ба шүүх дээрхи баримтуудыг үзээд эдгээр баримтууд нь маргааны үйл баримтад ач  холбогдолгүй гэж үзсэн болно.

Хариуцагчийн тайлбартаа дурдаж нотлох баримтаар гаргаж ирүүлж шүүх хуралдаан дээр судалсан Батсүмбэр сумын Эрүүл Мэндийн Төвийн даргын  2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Б/63 дугартай тушаал нь цаг хугацааны хувьд  Засаг даргын  2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1049 дугаартай захирамжаас хойш гарсан мөн энэхүү тушаалтай холбоотой шаардлагыг шүүхэд гаргаагүй тул Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох тухай маргаантай холбоогүй учраас энэ хэрэгт хамааралгүй гэж үзлээ. 

Ийнхүү шийдвэрлэхдээ ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг /түүний өөрийн нь тооцож гаргасан/ нэхэмжлэлд дурдсан шаардлагын хэмжээгээр буюу 5 873 628 төгрөгөөр тооцож олгох нь зүйтэй гэж үзлээ. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж 7 831 504 төгрөг нэхэмжилж байна гэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа хуульд нийцүүлж  гаргаагүй учраас нэмэгдүүлсэн гэж үзэхгүй болно.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нэхэмжлэгч Н.Намжилмааг ажлаас чөлөөлсөн тухай Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1049 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгөхийг дурдаж байгаа нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш, харин ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл тул уг захирамжийг хүчингүй болгох шаардлагагүй болно.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлвөл зохих 108 928 төгрөгийг гаргуулж төрийн санд оруулах нь зүйтэй байна.

 Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Н.Намжилмааг Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 5 873 628 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Н.Намжилмаад олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Намжилмаад  олгох нөхөн олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварыг хуульд заасан хэмжээгээр суутган авч холбогдох байгууллагад шилжүүлэх, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр тус бүрд зохих бичилтүүдийг хийхийг Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчид үүрэг болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 108 928 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.МӨНХЦЭЦЭГ