Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 103/2017/00098

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүгч Г.Ариунаа, П.Туяа  нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, 22 байрны 19 тоотод оршин суух, Их мэргэд овогт  Чүлтэмсүрэнгийн Одчимэгийн  нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: 1971 оны 04 сарын 20-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Мөнгөнморьт сумын  Байдлаг багт оршин суух, Хамниган  овогт Дамбын Энхчимэгт  холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол  2.346.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуяа, хариуцагч Д.Энхчимэг, хариуцагчийн өмгөөлөгч С.Өлзий-Отгон, иргэдийн төлөөлөгч С.Уранцоож, нарийн бичгийн дарга Э.Шинэхүү  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

      Нэхэмжлэгч Ч.Одчимэг  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чүлтэм овогтой Одчимэг миний бие 2016.07.23-ны өдөр 18 цаг болж байхад найз Энхцэцэг манайд хүрээд ир ярих юм байна гэхээр нь  Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын  задгайн 5 дугаар гудамжны 35 тоотод очсон. Тэднийд Төв аймгийн Баянжаргал сумаас ирсэн найз  залуу, 3 хүүхэд нь байсан. Тэгээд Энхцэцэгийн гэрт  сууж байтал Энхцэцэгийн  ээж нь орж ирээд баяр наадам болж байна, энэ охиныг гэрт оруулж хоол идүүл гэж хэлсэн. Тэгээд би Энхцэцэгийн ээжийн гэрт орсон чинь   олон хүмүүс цугласан байсан. Намайг хоол идээд сууж байтал  Энхцэцэгийн ах Бааяа орж ирээд  морь айрагдчихлаа, галынхаа хүмүүстэй явж байна, морины хишиг гээд нэг шил Болор архи, нэг сүүтэй  авч ирээд аавдаа өгч байсан. Тэгээд морины хишиг гээд бүх хүмүүс амссан. Энхцэцэг түүний найз Очироо бид гурав Энхцэцэгийн ээжийнхээс нь гараад Энхцэцэгийн гэрт ороод юм яриад сууж байтал Энхцэцэгийн ах Бааяагийн эхнэр Энхчимэг орж ирээд манай нөхрийг эгчийнх нь найзууд аваад явчихлаа, намайг авч явсангүй би хэрэггүй юм байгаа биз, манай нөхөр л хэрэгтэй юм байлгүй дээ гэж хэлж байсан. Бид баяр болж байгаа юм  чинь архи ууя гээд Энхцэцэг 10.000 төгрөг,  би 5000 төгрөг, Чимгээ эгч 5000 төгрөг гаргаж, Очироо гэдэг залууг архинд явуулаад Энхцэцэг, Чимгээ бид гурав гэрийнх нь гадаа сууж  байтал Энхчимэг миний толгой руу гараараа 2 удаа цохихоор нь эгчээ миний толгой өвддөг юм толгой руу битгий цохиорой гэсэн чинь чамайг харахаар миний уур хүрээд байна гэснээ  намайг түлхэж унагаагаад нүүрийг маань маажиж гэмтэл учруулсан. Миний биед гэмтэл учруулсан нь шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 09 шэ/301 тоот дүгнэлтээр тогтоогдож, нотлогдсоны улмаас Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 14-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Энхчимэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. Миний бие Энхчимэгт зодуулж, маажуулж нүүрэндээ маш олон тооны хумсны  гүн сорвитой үлдсэний улмаас  Улаанбаатар хотын “CINDERELLA”  арьс гоо заслын эмнэлэгт арьс нөхөн сэргээх эмчилгээг 2.346.300 төгрөгөөр эмчлүүлсэн. Иймд Энхчимэгээс 2.346.300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуяа шүүх  хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч Одчимэг нь хариуцагч Энхчимэгт нүүрэн тус газраа маажуулж олон тооны шарх гэмтэлтэй болсон. Шархны тос, нааш цааш явсан унааны зардалд 53.900 төгрөг, эмчилгээний зардалд 2.292.400 төгрөг нийт 2.346.300 төгрөг нэхэмжилж байгаа. Сорви арилгуулах гоо сайхны эмчилгээг “CINDERELLA”  арьс гоо заслын эмнэлэгт  хийлгэсэн. Эмчилгээ хийлгэж төлбөр төлсөн баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн. Амбулаторийн карт байгаа, гэхдээ одоогоор авчраагүй. Одчимэг өөрөө эмнэлгээ сонгож эмчлүүлсэн. Өмгөөлөлийн хөлсөө дараа нь жич нэхэмжилнэ гэв.

       Хариуцагч Д.Энхчимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Ч.Одчимэгийн гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Нэхэмжлэгч Одчимэгийн биед хөнгөн гэмтэл учруулж ял шийтгэл хүлээсэн нь үнэн. Би Одчимэгийг нэг л удаа маажсан. “CINDERELLA” арьс гоо заслын эмнэлэгт арьс нөхөн сэргээх мэс засал хийлгэсэн гэдэгт эргэлзэж байна. Эрүүгийн  хэргийн шүүх хурал болох үеэр Одчимэгийн нүүрэнд бүдэгхэн 2-3 сорви байсан, түүнээс мэс ажилбар, гоо сайхны эмчилгээ хийлгэхээр шарх сорви байгаагүй, миний үйлдлийн улмаас эмчилгээ хийлгэсэн гэхэд итгэхгүй, баримт нь хуурамч гэж үзэж байгаа тул шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Эмнэлэгт үзүүлсэн карт бусад холбоотой баримтууд байхгүй байна, шийтгэх тогтоолоор би 288.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан  гэв

                                                     ҮНДЭСЛЭХ нь :

           Нэхэмжлэгч Ч.Одчимэг нь хариуцагч Д.Энхчимэгээс  гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд   2.346.300  төгрөг гаргуулахыг шаарджээ.

Хариуцагч Д.Энхчимэг  хохиролд 288.000 төгрөг төлсөн, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох  баримтууд  хуурамч, эмчилгээ хийлгэсэн гэхэд эргэлзээтэй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

           Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

          Хариуцагч Д.Энхчимэг нь 2016 оны 07 дугаар сарын 23-ны 22 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 5 дугаар гудамжны 35 тоот хашаанд Ч.Одчимэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан,  түүний нүүрийг маажиж, духны баруун хэсгээр 5х0.2см, 3х0.2см, 2х0.2см, баруун хацарт 6х0.2см, 8х0.2см, хамрын нурууны зүүн хэсгээр 3х0.2см, зүүн хацарт 5х0.2см, 2х0.2см, 1х0.2см, 0.5х0.5см, 3х0.2см арьсны гүн шарх гэмтэл учруулж, бусдын биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан  гэмт хэргийг үйлдэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн  99.1 дэх  хэсэгт зааснаар торгох ялаар шийтгэгдсэн болох нь  Багануур Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.09.14-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д  зааснаар хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай  холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, сувилалын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

           Хариуцагч Д.Энхчимэг нь шийтгэх тогтоолоор төлүүлэхээр шийдвэрлэсэн 288.000 төгрөгийг төлсөн бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

            Нэхэмжлэгч Ч.Одчимэг  нүүрэндээ Д.Энхчимэгт маажуулсаны улмаас үүссэн сорвийг  “CINDERELLA”  арьс гоо заслын хувийн эмнэлэгт 8 удаагийн эмчилгээнд хамрагдан эмчлүүлсэн, 2016 оны 09 сараас 2017 оны 01 сарын 30 ны хооронд эмчилгээ хийлгэхээр явсан замын зардал, эмийн сангаас худалдан авсан сорви арилгах тосны үнэ, нийт 2.346.300 төгрөг нэхэмжилжээ.

           Нэхэмжлэлийн  шаардлагаа нотлох баримт болгож “CINDERELLA”  арьс гоо заслын хувийн эмнэлэгт 8 удаагийн эмчилгээнд төлсөн эмчилгээний төлбөрийн баримтууд, хот хооронд зорчих тасалбар,эмийн сангаас тос худалдаж авсан 000-14534 дугаартай баримт зэргийг шүүхэд ирүүлсэн.

          “CINDERELLA”  арьс гоо заслын хувийн эмнэлэгт 8 удаа төлбөр төлж Cinderella, нүүрний лазер, DRP, PRP зэрэг гоо сайхны ажилбаруудыг хийлгэсэн  нь тухайн төлбөр төлсөн баримтуудаас харагдаж байгаа боловч хариуцагч Энхчимэгийн буруутай үйлдлийн улмаас үүссэн шарх сорвийг эмчлүүлсэн гэдэг нь тодорхойгүй, арьс гоо заслын эмнэлгээр сорвийг арилгуулах, гоо заслын эмчилгээ, ажилбаруудыг зайлшгүй хийлгэх шаардлагатай талаар өгсөн эмчлэгч эмчийн заавар зөвөлгөөтэй холбоотой баримт  байхгүй, эмчилгээ эхлэх үеийн биеийн  байдал,  эмчилгээний явц, хойшид ямар эмчилгээ хийлгэх шаардлагатай, эмчилгээний үр дүнгийн талаар эмчилгээ хийлгэх бүрт бичиж тэмдэглэдэг эмчлүүлэгчийн амбулаторийн карт, “CINDERELLA” хувийн эмнэлэгт эмчлүүлсэн өвчтөний түүх /истор/ байхгүй,  тухайн хийлгэсэн гэх   Cinderella, нүүрний лазер, DRP, PRP эмчилгээнүүд нь цайруулах, сэвх нөсөө толбо арилгах, биеийн хорыг гадагшлуулах,  нүдний хараа сайжруулах, тураах, залуужуулах, дархлааг дэмжих, суларсан арьсыг чангалах, хөгшрөлтийг удаашруулах, нүүрний үрчлээс арилгах, арьсыг төлжүүлэх зэрэг үйлчилгээтэй эмчилгээнүүд болох нь “CINDERELLA” эмнэлгээс ирүүлсэн эмчилгээнүүдийн тайлбаруудаар тогтоогдож байх тул эмийн сангаас худалдан авсан сорви арилгах тосны үнэ 13.500 төгрөгийн шаардлагыг хангаж, шаардлагаас үлдэх “CINDERELLA”  арьс гоо заслын хувийн эмнэлэгт 8 удаагийн эмчилгээнд хамрагдан эмчлүүлсэн 2.292.400 төгрөг , 2016.09 сараас 2017.01.30 ны хооронд эмчилгээ хийлгэхээр явсан замын зардал 40.400 төгрөг нийт 2.332.800 төгрөгийн шаардлагыг  нотолж чадаагүй, нотлох баримт байхгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.2.2-д хэргийн оролцогчийн үүргийг “ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж тодорхойлсноор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, татгалзлалаа өөрөө нотлох, түүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4550  төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

          1.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Хамниган  овогт Дамбын Энхчимэгээс эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд  13.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Их мэргэд овогт  Чүлтэмсүрэнгийн Одчимэгт олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.332.800  төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.Энхчимэгээс 4550 төгрөгийг  гаргуулж, улсын орлого болгосугай.

           4. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.02.13 ны өдрийн 249 дугаартай захирамжаар шаардан авсан төлбөр төлсөн талаарх 1 хуудас нотлох баримтыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц “CINDERELLA”  арьс гоо заслын эмнэлэгт буцаан  хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нансалмаад үүрэг болгосугай.

          5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

           6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

   

 

 

                             ДАРГАЛАГЧ                                    П.ЦЭЦЭГДУЛАМ

                                 ШҮҮГЧИД                                    Г.АРИУНАА.                

                                                                                    П.ТУЯА