Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 1879

 

Ч.Одчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар    

                                                           

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 103/ШШ2017/00261 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Одчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Энхчимэгт холбогдох

 

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2 922 900 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Д.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

           

Нэхэмжлэгч Ч.Одчимэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие 2016.07.23-ны өдөр найз н.Энхцэцэгийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 5 дугаар гудамжны 35 тоотод очсон. Тэднийд олон хүмүүс цугласан байсан. Намайг хоол идээд сууж байтал н.Энхцэцэгийн ах н.Бааяагийн эхнэр Д.Энхчимэг орж ирээд “манай нөхрийг эгчийнх нь найзууд аваад явчихлаа ...” гэж хэлээд архи ууж, миний толгой руу гараараа 2 удаа цохисон. Тэгээд чамайг харахаар миний уур хүрээд байна гэснээ намайг түлхэж унагаагаад нүүрийг маань маажиж гэмтэл учруулсан нь Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 09 шэ/301 тоот дүгнэлтээр тогтоогдож, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Энхчимэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. Миний бие Д.Энхчимэгт зодуулж, маажуулж нүүрэндээ маш олон тооны хумсны гүн сорвитой үлдсэний улмаас "CINDERELLA" арьс гоо заслын эмнэлэгт арьс нөхөн сэргээх эмчилгээг 2 346 300 төгрөгөөр эмчлүүлсэн. Иймд Д.Энхчимэгээс 2 346 300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуяагийн нэмэгдүүлсэн шаардлагад: Нэхэмжлэгч Ч.Одчимэг нь хариуцагч Д.Энхчимэгт нүүрэн тус газраа маажуулж олон тооны шарх гэмтэлтэй болсон. 2016.09.03-2017.01.31-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотод "CINDERELLA" арьс гоо заслын эмнэлэгт ПРП эмчилгээний төлбөр болон сорви арилгах эмчилгээг 9 удаа хийлгэсэн. 2016.09.03-ны өдөр мөн эмнэлэгт ПРТ эмчилгээний төлбөр болон  сорви арилгах тос, унааны  зардалд нийт 288 021 төгрөгийг хариуцагч Д.Энхчимэгээс Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоолын дагуу гаргуулж авсан. 2016.06.19-2017.01.30-ны өдрийг хүртэлх 8 удаагийн сорви арилгах эмчилгээний төлбөр 2 369 000 төгрөг болсон. Нэмж авсан сорви арилгах тосны үнэ 13 500 төгрөг, өмгөөллийн хөлс 500 000 төгрөг, эмчилгээ хийлгэхэд Улаанбаатар хот руу явсан зардал 40 400 төгрөг, нийт 576 600 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, нийт 2 922 911 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Д.Энхчимэгийн шүүхэд гаргасан тайлбарт: Ч.Одчимэгийн биед хөнгөн гэмтэл учруулж, ял шийтгэл хүлээсэн нь үнэн. Би Ч.Одчимэгийг нэг л удаа маажсан. "CINDERELLA" арьс гоо заслын эмнэлэгт арьс нөхөн сэргээх мэс засал хийлгэсэн гэдэгт эргэлзэж байна. Эрүүгийн хэргийн шүүх хурал болох үеэр Ч.Одчимэгийн нүүрэнд бүдэгхэн 2-3 сорви байсан, түүнээс мэс ажилбар, гоо сайхны эмчилгээ хийлгэхээр шарх сорви байгаагүй, миний үйлдлийн улмаас эмчилгээ хийлгэсэн гэхэд итгэхгүй байна. Учир нь Ч.Одчимэг нь тус гоо сайхны эмнэлэгт нүүрэнд учирсан сорвийг эмчлүүлсэн гэх өвчтний түүх болон эмчилгээ хийлгэх заавар бүхий эмчийн тодорхойлолт нь тодорхой бус, нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байгаа тул эмчилгээний төлбөр болон замын зардал зэргийг төлөх боломжгүй. Мөн Ч.Одчимэг нь хуулийн дагуу өмгөөлөгч авах эрхээ эдэлж өөрийн сайн дураар эрүүгийн хэрэгт өмгөөлөгчид хөлс төлж, өмгөөлөгчөөр оролцуулсан тул миний бие өмгөөлөгчийн хөлс болон, бусад зардлыг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Хамниган овогт Дамбын Энхчимэгээс эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2 370 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Их мэргэд овогт Чүлтэмсүрэнгийн Одчимэгт олгож, нэхэмжлэлээс 552 400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.Энхчимэгээс 52 878 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож,

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.02.13-ны өдрийн 249 дугаартай захирамжаар шаардан авсан төлбөр төлсөн талаарх 1 хуудас нотлох баримтыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц "CINDERELLA" арьс гоо заслын эмнэлэгт буцаан хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нансалмаад үүрэг болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Энхчимэгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Нэхэмжлэгч Ч.Одчимэг нь 2016 оны 9 дүгээр сард бидний хоорондын маргааны асуудлыг шийдвэрлэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд ирэхдээ нүүрэндээ холоос харахад сорвитой гэж мэдэгдэхээргүй байсан. Манай өмгөөлөгч н.Цэнд-Аюуш, Ч.Одчимэгээс нүүрээ будсан эсэхийг асуухад будаагүй гэж байсан. Өмгөөлөгч маань нүүр чинь сорви гэхээр зүйлгүй эдгэсэн юм байна гэж хэлж байсан. Гэтэл энэ шүүх хурлаас хойш элдэв дархлааг сайжруулах, хөгшрөлт удаашруулах, таргалахаас сэргийлэх гэх мэт эмчилгээ хийлгэсэн гээд худал үнэн нь мэдэгдэхгуй, цаг хугацааны хувьд өөр хоорондоо уялдаагүй, зөрүүтэй төлбөрийн баримтууд ирүүлж, үүнийг нь шүүх үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Эмчлүүлсэн гэх эмнэлгээс нь эдгээр баримтын эх сурвалж буюу эмчлүүлсэн байдлыг бусад талаар нотлох баримтыг нь шаардахад ирүүлж чадахгүй байгаа ба Синдерелла эмнэлгээс явуулсан албан тоот нь нэхэмжлэгч талаас шүүхэд өгсөн баримтаас зөрүүтэй байдаг. Нэхэмжлэгчийг ийм өндөр төлбөр бүхий олон удаагийн эмчилгээ үйлчилгээг хийлгэх шаардлагатай гэсэн эмчийн заалт байхгүй.

Энэ хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцож байгаа, нэхэмжлэгч Ч.Одчимэгийг эрүүгийн хэрэгт өмгөөлж, хохирогчийн өмгөөлөгчөөр оролцсон Ц.Мөнхтуяа нь Ч.Одчимэгийн эгч гэх ба эрүүгийн хэрэгт дүүгээ 500 000 төгрөгөөр өмгөөлсөн гээд өмгөөллийн хөлс 500 000 төгрөг нэхэмжилсэн. Миний санахад 500 000 төгрөг төлсөн баримт нь хэрэгт байгаагүй. Үүнийг нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь шийдвэрийн үндэслэл болох Иргэний хуулийн 497.1, 505.1-т заасан заалттай юугаар уялдаж байгааг ойлгохгүй байна. Үүнийг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Ч.Одчимэгийг дээрх эмчилгээнүүдийг хийлгэсэн гэхэд би итгэхгүй байгаа. Шүүх хариуцагч надаас 2 370 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэр гаргасныг зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй, үндэслэлгүй байх тул Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 103/ШШ2017/00261 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Одчимэг нь хариуцагч Д.Энхчимэгт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2 922 900 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Д.Энхчимэг нь 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Ч.Одчимэгийг зодож нүүрэнд нь арьсны гүн шарх гэмтэл уруулсан болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Д.Энхчимэг нь нэхэмжлэгчийг зодож гэмтээсэн гэм буруугийн асуудалд маргаагүй, гагцхүү нүүрэндээ хийлгэсэн гэх эмчилгээ нь түүний учруулсан гэмтэлтэй шалтгаант холбоотой эсэх, дээрх эмчилгээг хийлгэсэн эсэх нь эргэлзээтэй гэж маргасан.

 

Д.Энхчимэг нь 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 5 дугаар гудамжны 35 тоот хашаанд Ч.Одчимэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний нүүрийг маажиж, духны баруун хэсгээр 5x0.2см, 3x0.2см, 2x0.2см, баруун хацарт 6x0.2см, 8x0.2см, хамрын нурууны зүүн хэсгээр 3x0.2см, зүүн хацарт 5x0.2см, 2x0.2см, 1x0.2см, 0.5х0.5см, 3x0.2см арьсны гүн олон тооны шарх гэмтэл учруулж, бусдын биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар шийтгэгдсэн болох нь Багануур Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.09.14-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоол, гэрэл зураг зэргээр тогтоогдсон. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг нөхөн төлж, гэм хорыг арилгах үүрэгтэй тул анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт авагдсан баримтад үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

Зохигчдын тайлбарыг хэрэгт авагдсан баримттай харьцуулан үзвэл нэхэмжлэгч Ч.Одчимэг нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас эрүүл мэнд болон эд хөрөнгийн хувьд хохирсон болох нь нотлогдсон байна. Үүний улмаас гоо заслын эмчилгээнд орж, Багануур дүүргээс Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр ирж буцсан, сорви арилгах тос авсан зэрэгт нийт 1 870 500 төгрөг зарцуулсан, 500 000 төгрөгөөр эрүүгийн хэрэгт өмгөөлөгч авсан талаарх нотлох баримтууд хуульд заасан шаардлагыг хангасан байх ба /хх.2-4, 85 тал/ шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлжээ.

 

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй тул давж заалдах шатны шүүх хэргийн баримтын хүрээнд буюу дээрх хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 103/ШШ2017/00261 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52 878 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                       ШҮҮГЧИД                                  А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                           Б.НАРМАНДАХ