Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 300

 

Ш.О т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          Прокурор С.Солонго,

          Хохирогч Б.У гийн өмгөөлөгч Б.Оюунбилэг,

          Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.У гийн гаргасан давж заалдах гомдлоор Ш.О т холбогдох 1706 0018 70024 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ш.О, 1988 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 11 дүгээр гудамжны 153 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Мичид Алтай” хотхоны 62-99 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:МЬ88041408/;

Ш.О  нь 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” зах дотор иргэн Б.У г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Ш.О ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ш.О т 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж, Ш.О ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Б.У д 260.000 төгрөгийг нөхөн төлсөн, Ш.О  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хохирогч Б.У  нь гэм буруутай этгээдээс өөрт учирсан гэм хорын хохирол болон эмчилгээнд зарцуулсан нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Б.У  давж заалдах гомдолдоо: “... Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх хохирлыг бүрэн гаргуулж шийдвэрлээгүй. Сэтгэл санааны хохирол 3.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг, имрайд харуулах эмчийн тодорхойлолтын дагуу 350.000 төгрөг, нийт 4.250.000 төгрөгийг Ш.О ээс нэхэмжилсэн. Гэтэл үүнийг анхаарч үзээгүйд гомдолтой байна. Ш.О  нь хийсэн хэрэгтээ гэмшиж уучлалт гуйдаггүй, одоог хүртэл хэл амаар доромжлон заналхийлж байна.

Хэрэг гарсан шалтгаан нөхцөл, Ш.О ийн хийсэн хэрэгтээ гэмшихгүй, хохирол төлж барагдуулаагүй, заналхийлдэг зэрэг нөхцөл байдлыг анхаарч, хэргийг шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

 

Хохирогч Б.У гийн өмгөөлөгч Б.Оюунбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж зааалдах гомдлыг дэмжиж байна. Өмгөөлөгчийн зардлыг шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан тул нэмж хохиролд гаргуулан шийдвэрлэж өгнө үү ...” гэв.

 

Прокурор С.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан тул хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүй хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Ш.О  нь 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” зах дотор иргэн Б.У г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.У гийн мэдүүлсэн “... Ш.О  гүйж ирээд намайг үсдсэн. Тэгээд зодоон эхэлсэн ба Ш.О ийн өөдөөс би сарвалзаад хорьж байтал миний хөл, гэдэс рүү олон удаа өшиглөсөн. Хүмүүс хориод дийлэхгүй байсан. Тэгээд миний гинжийг тасалсан ба миний нүүрийг самардсан. Баруун гарын бугалганд хумсаа шигтгэж базсан ...” /хх 9-15/ гэсэн мэдүүлэг,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Б.У гийн биед тархи доргилт, баруун дээд зовхи, эрүү, хамарт зулгаралт, баруун бугалгад зулгаралт, цус хуралт, цээж, зүүн суга, бугалга, шуу, баруун шуу, хэвлий, зүүн ташаа, гуянд цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн 8438 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 6-7/,          

 

хохирогчид учирсан гэмтлийн талаарх фото зураг /хх 84/, хохирлын баримтууд /хх 85-88/, Ш.О ийн яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ш.О ийн гэм бурууг хэлэлцэж, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

 

Хохирогч Б.У  давж заалдах гомдолдоо “хохирлыг бүрэн гаргуулж шийдвэрлээгүй” гэж давж заалдах гомдол гаргаж байгаа боловч хэрэгт авагдсан хуулийн шаардлага хангасан баримтын хэмжээнд хохирлыг шүүгдэгч төлсөн, хохирогч Б.У  нь гэм буруутай этгээдээс нотлох баримтаа хуульд заасны дагуу иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байх тул гомдолд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.У гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.У гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЗОРИГ

 

                                      ШҮҮГЧИД                                                     Д.ОЮУНЧУЛУУН

 

Ж.ЭРДЭНЭЧИМЭГ