Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 42

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Т.Оюунжаргал,

Гэрч Б.Алтансүх,

Шүүгдэгч Б., түүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овогт Б.О-д холбогдох эрүүгийн 201626020571 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 24-ний өдөр, Дорнод аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Номадик жорниус жуулчны баазад тогооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 9-р хороо, Горькийн нийтийн байр түрээслэн түр оршин суудаг,

 урьд 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоног хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 663 тоот магадлалаар уг хорих ялаас 3 жилийн хугацааг өршөөн хасуулж, Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн шүүгчийн 13 тоот захирамжаар эдлээгүй үлдсэн 02 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнссэн суллагдсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.4 дэх хэсэгт зааснаар 7 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 03 хоногийн хорих ялаас өршөөн хасаж суллагдсан, ... регистрийн дугаартай Л овогт Б.О.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ:

2016 оны 7 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна архи зарж байсан хүнтэй намайг цагдаа нар андуураад цагдаагийн машинд суу гэж хэлэхэд маргалдаж байсан нэг эгч манай жирэмсэн эхнэрийн гэдэс рүү нь өшиглөсөн. Тухайн үед би цагдаа нарт манай эхнэрийн гэдэс рүү өшиглөчихлөө гэж хэлэхэд тоохгүй намайг барьсан. Нэг цагдаа нь манай эхнэрийг түлхэж унагаасан. Би манай эхнэрийг өшиглөсөн хүн рүү  орилоод, та нар зөв хүнээ ол гэж дайрсан. Тухайн үед би төрийн цагдаагийн хэлсэн үгийг нь биелүүлээгүй дээ гэмшиж байна. Би цагдаагийн биед халдаагүй, машинд зүгээр суусан бол энэ хэрэг үүсэхгүй байсан. Би өөрийн гэм буруутай үйлдэлдээ маргахгүй байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Алтансүх мэдүүлэхдээ:

Би тухайн хэрэг гарсан өдөр эхлэхээс нь дуусах хүртэл байсан. Би Таблеттай байсан болохоор бичлэг хийсэн. Тухай үед байсан 2 цагдаагийн нэг нь О-н жирэмсэн эхнэрийг нь түлхээд унагаасан. Тэгээд О жирэмсэн эхнэрийг минь унагаалаа гэх үед дахиад 2 цагдаа ирээд О-г гавлах гээд газар унагаад өшиглөөд байсан бичлэг байгаа. Гар хүрсэн гэдгийг ойлгохгүй байна. Гавлуулахгүй гэсэн зүйл болоогүй байх гэв.

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Б.Доржсүрэнгийн өгсөн:

 “... Ахмад Бямбасүрэнгийн хамтаар тэр хавиар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал 20 орчим минутын дараа нөгөө утаснаас дахин залгаад, одоо энд нөгөө архи зардаг хүн нь байна, та 2 глади төвийн үүдэнд хүрээд ир, хурдлаарай гээд байхаар нь бид 2 маш түргэн хугацаанд очсон. Тэгтэл 87-58 УНМ улсын дугаартай хар өнгийн приус машины урд 7-8 хүн бужигналдаад байсан. Машиныг шалгаж үзэхэд их хэмжээний архи пиво харагдсан. Би дуудлага өгсөн хүн байна уу гэхэд эгч нь байна гээд нэг эмэгтэй өөрийгөө заасан. Тэр эмэгтэй хэлэхдээ энэ хүмүүс зугатаах гээд байна, энүүгээр байнга л архи зардаг гэж хэлж дуусаж амжаагүй байхад саравчтай малгайтай залуу та нар миний амьдралаар тоголчихлоо, хүний амьдрал шүү дээ ална тална гэж орилоод байхаар нь би тэр эрэгтэйг нь очиж аваад, алаг машиндаа суулгаад байж байтал Бямбасүрэн, Доржоо гээд орилоод, би гүйгээд Бямбасүрэн дээр очиход О гэх эрэгтэй Бямбасүрэнтэй ноцолдоод байж байхаар нь салгаад, О энд тэндгүй орилж хашгираад л бусдыг зодож цохих гээд байсан тул би намайг дагаж яваад машинд суугаадах гэхэд огт шаардлага биелүүлэхгүй, миний гарыг түлхэж байсан. О-н эхнэр нь гэх эмэгтэй орилж хашгираад нөхрийгөө салгаж авна гээд үүрэг биелүүлэхэд төвөгтэй байдал үүсгэсэн. О нь дуудлага өгсөн гэх эмэгтэй рүү шууд гүйж очоод гэдсэн тус газар руу нь өшиглөөд авсан. Би сандраад очоод О-г бариад авсан чинь миний нүүрэн тус газар руу нэг удаа мөргөсөн. Би нэмэгдэл хүч болох 112 чиглэлийн алаг машиныг дуудангаа О-г нэг гараараа барьсан байсан. Тэгэхэд над руу дайраад хөлийг маань хавирах оролдлого хийгээд байсан. Удалгүй а/д С.Энхчулуун ирээд О-г хүч нэмэгдүүлэн гавлах гэхэд эсэргүүцэл үзүүлж, гараа өгөхгүй байсан. Бид гавлаад хэлтэс дээр авч ирээд Бугат 10-т хүлээлгэж өгсөн. Нэг удаа миний нүүрэн тус газар мөргөж тухайн үед хамарнаас цус гарсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Баянмөнхийн өгсөн:

 “... 01 цаг орчим хорооллын эцсээр явж байсан чинь нэг саравчтай малгайтай залуу гар өргөхөөр авсан ба тэр залуу дээшээ гудам руу өгсөөдхөе гэхээр нь зөвшөөрөөд гэмтлийн эмнэлгийн замын хойд талд байрлах гудам руу орж нийтийн байрны гадаа зогссон. Тэгтэл тэр залуу буугаад уг нийтийн байрнаас нэг эмэгтэй, нэг эрэгтэй гарч ирээд машинд цаасан хайрцагтай архи кроп пивонуудыг ачсан. Тэгээд такси барьсан залуу, нөгөө нэг залуу хоёр машинд сууж хөдлөөд, төв зам руу ороод, хорооллын эцсээр тойрчихоод гэмтлийн эмнэлгийн хойд талын автобусны буудал дээр зогсоосон. Тэгтэл хаанаас гарч ирснийг нь мэдэхгүй 2-3 эмэгтэй гарч ирээд хөөе чи зогсож бай гэхээр нь гайхаад хартал нөгөө машинд суусан залуу хажууд сууж байснаа хөдөл гэхээр нь хөдлөхийн завдалгүй хүрч ирээд, хаалга онгойлгосон ба яг зэрэгцээд цагдаагийн машин ирээд зогссон. Тэр залуугийн хүзүүн дээрээ шивээстэй хар өнгийн юүдэнтэй малгайтай цамцтай залуу нь бүр их дайрч давшлаад тэр эмэгтэйчүүдийг ална гэж заналхийлээд би урьд нь шоронд орж байсан гээд дайраад байсан. Тэгтэл ирсэн цагдаа нар тэр хоёр залууг машиндаа суулгах гэж оролдоод хүч хүрэхгүй байсан ба тэр халзан толгойтой нь манай эхнэрийг та нар зодчихлоо гээд байсан залуу нэг эмэгтэйгийн хэвлий хэсэг рүү нь өшиглөж байгаа харагдсан. Тэгээд арга буюу нөгөө хоёр цагдаа нэмэлт цагдаа дуудсан. Удалгүй хоёр цагдаа ирээд тэр хоёр залууг аваад явсан. Дараа нь нэг цагдаагийнх нь хамраас цус гарчихсан байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Бямбасүрэнгийн өгсөн:

“... Гэмтлийн эмнэлгийн хойд талын автобусны буудал дээр приус 20 маркийн машин байсан ба бууж шалгахад уг машин хөдлөх гэж байсан ба урдуур нь замыг хаахад машины арын суудлаас халзан толгойтой залуу буугаад дуудлага өгсөн 3-4 эмэгтэйтэй маргалдаж хэрэлдсэн. ... Тэр үед Доржсүрэн жолоочийн эсрэг талд сууж байсан залууг машинд суулгасан ба би халзан толгойтой залууг авч явах гээд хүч хүрэхгүй ноцолдож байгаад энгэрийн камераа унагаачихсан ба Доржсүрэн ирээд бид хоёр халзан толгойтой залууг авч явах гэхэд эсэргүүцэж, дуудлага өгсөн эмэгтэйчүүд рүү дайрч давшлаад тавьсан шаардлагыг эсэргүүцэж байсан. Ингээд нэмэлт хүч буюу 112 дугаар чиглэлийг дуудсан ба энэ үед халзан толгойтой залуу тавиулаад дуудлага өгсөн эмэгтэйг зодох гэж хөөхөд Доржсүрэнг бариад авахад Доржсүрэнгийн нүүр рүү мөргөчихсөн. ... Тэр халзан толгойтой залууг О гэж байсан ба нөгөөх нь тэр залуугийн ах нь гэх Ганзориг гэж байсан   ...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Энхчулууны өгсөн:

“... 2016 оны 7 дугаар сарын 02-ны орой ... 01 цагийн үед байх Бугат-113 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан цагдаа жолооч цагдаагийн дэд ахлагч Доржсүрэн утсаар залгаад “хүрээд ир, энд шагчидыг авч явах гэсэн чинь дийлэхгүй байна, хүрээд ирээч” гэж дуудсаны дагуу очиж шалгахад цагдаагийн ахмад Бямбасүрэн энгэрийн камераар бичлэг хийгээд, Доржсүрэн нэг халзан толгойтой залуутай зууралдсан байдалтай уруул нь сэтрээд, хамраас нь цус гарсан байдалтай байсан.   Мөн уг халзан толгойтой залуу тэнд зогсож байсан эмэгтэйчүүд рүү дайрч давшлаад хэл амаар доромжлох зодох гээд заналхийлж байсан. Тэгээд уг халзан толгойтой залуу нь тэнд байсан цагдаа нарын тавьсан шаардлагыг эсэргүүцэж дийлэхгүй, мөн намайг цохих гэж дайрч байсан. Ингээд Доржсүрэн,  Гарьдмагнай бид 3 нийлж тусгай мэх хэрэглэн уг залууг гавлаж машинд суулган авч явж хэлтэс дээр авч ирэн жижүүрт хүлээлгэн өгсөн. Тэнд уг халзан толгойтой залуугийн эхнэр нь гэх нэг эмэгтэй байсан ба өөрийгөө би жирэмсэн хүн байна гээд хувцаснаас зуураад, уг залууш авч үлдэх гээд ажилд хүндрэл учруулаад байхаар нь би тэр эмэгтэйг түлхэж холдуулсан. Тэгтэл уг халзан залуу нь чи манай эхнэрийг зодоод зулбуулах гэлээ гээд намайг цохих гэж дайрч байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 74 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Мөнгөнхүүгийн өгсөн:

“... дуудлагаар ирсэн 2 цагдаа нар О-г машиндаа суулгах гэхэд О суухгүй байсан. Нэг харахад нөгөө 4 цагдаа чинь О-г өчиж байгаад машиндаа суулгаад аваад явсан. ... Тэр нэг эмэгтэй ирээд эхнэрийг нь өшиглөөд, эхнэр нь хойшоо унасан чинь л Одко уурлаад тэр эмэгтэйчүүд рүү дайрч эхлэхэд цагдаа маргааныг нь зохицуулах гээд шаардлага тавихад Одко орилж чарлаад цагдаагийн тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 75 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Ичинхорлоогийн өгсөн:

“... дуудлага өгсөн эгч намайг хэл амаар доромжлоод, янхан гичий гэж байснаа миний гэдэс рүү өшиглөөд, түлхэж авсан. Би одоо жирэмсэн 4 сартай бөгөөд нөхөр маань маш их уурлаад нөгөө эмэгтэй рүү дайраад хөл рүү нь өшиглөсөн. Тухайн үед ирсэн цагдаа нөхрийг маань салгаад татаад цааш холдуулсан. ... машинд суулгах гэхэд нөхөр маань машинд суухгүй байсан юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 76 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Ганзоригийн өгсөн:

“... О эхнэрээ өмөөрч миний хүүхдийг алах нь, манай эхнэр жирэмсэн гэж Ичинхорлоогийн гэдэс рүү өшиглөсөн эмэгтэйг арагш нь түлхэж уурласан. Тэр үед 2 цагдаа О-г машинд суу хамт явна гэхэд О би яагаад та нартай хамт явах ёстой юм бэ гэтэл цагдаа нар гараас нь барьж зууралдсан. Тэр үед дахиж алаг машинтай 2 цагдаа ирсэн. Тухайн 2 цагдаагийн нэг нь Ичинхорлоог санамсаргүй юм уу санаатай юм уу мэдэхгүй түлхэж унагаасан. Тухайн үед О цагдаа руу уурлаж “та нар яаж байгаа юм бэ, наад хүн чинь жирэмсэн шүү дээ” гэхэд цагдаа нар нийлж О-г газар унагааж, толгой дээр нь гишгисэн. Тэгээд татаж босгож байхад О “намайг тавь” гэж эсэргүүцэж толгойгоороо нэг цагдаагийн хамрыг шүргэж хамраас нь цус гаргачихсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 163 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.Ичинхорлоогийн өгсөн:

“... цагдаа нар Ганзоригийг машиндаа суулгаж, О-г бас машинд суулгах гээд зогсож байтал О-н эхнэр Тулга эгч рүү дайрч Тулга эгч түүнийг өшиглөх гэсэн боловч чадаагүй. Тэгтэл О цагдаа нарын хажууд Тулга эгчийн гэдэс рүү өшиглөчихсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 165 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Алтансүхийн өгсөн:

“... тэр үед нэг эмэгтэй нь хэрүүл дундуур О-н жирэмсэн эхнэр Ичинхорлоогийн гэдэс рүү өшиглөчихсөн. Тэгтэл О жирэмсэн хүнийг өшиглөчихлөө наадуулаа болиулаачээ гэж орилж цагдаа нараас хүчээр салж нөгөө Ичинхорлоогийн гэдэс рүү өшиглөдөг эмэгтэй рүү дайраад байсан. Тэгэхэд дахиж нэг алаг машинтай 2 цагдаа ирж дөрвүүлээ болоод О-г барьж аваад газар унагааж гарыг нь өчиж гавалсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 167-168 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Гарьдмагнайгийн өгсөн:

“... О гэдэг шагийн архи зардаг залуу Бямбасүрэн, Доржсүрэн нарын шаардлагыг эсэргүүцэн автобусны буудал дээр эсэргүүцэл үзүүлэн машинд суухгүй хэрэлдээд байсан. Тэгээд Энхчулуун бид 2 очиж О-н гарыг гавлан суулгаж байхад О “пизда” гээд Доржсүрэнгийн нүүр рүү 1 удаа мөргөчихсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 171 дүгээр хуудас/

 

  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн шинжээч эмчийн 9434 тоот:

1. Доржсүрэнгийн биед доод уруул дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 78 дугаар хуудас/

 

            - Камерын бичлэгэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 60/,

            - Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-н 61/,

            - Дуудлагын мэдээллийн хуулбар /хх-н 129/,

 

шүүгдэгч Б.О-н  хувийн байдалтай холбоотой:

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 91 дүгээр хуудас/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 88 дугаар хуудас/,

- АСАП сангийн лавлагаа /хавтаст хэргийн 99-102 дугаар хуудас/,

- Урьд ял шийтгэгдэж байсан талаарх баримтууд /хх-н 93-98/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 182/,

- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 186/,

- Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-н 187/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

            Шүүгдэгч Б.О нь 2016 оны 7 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Глади худалдааны төвийн орчим гудамжинд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Аймаг, нийслэлийн Засаг даргын зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд зааснаас бусад газарт болон гар дээрээс согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж гар дээрээс архи согтууруулах ундаа зарж борлуулахыг завдсан зөрчлийг шалгаж шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан буюу Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэсийн хэв журмын цагдаа Э.Доржсүрэнг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Б.О-н “...2016 оны 7 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна архи зарж байсан хүнтэй намайг цагдаа нар андуураад цагдаагийн машинд суу гэж хэлэхэд маргалдаж байсан нэг эгч манай жирэмсэн эхнэрийн гэдэс рүү нь өшиглөсөн. Тухайн үед би цагдаа нарт манай эхнэрийн гэдэс рүү өшиглөчихлөө гэж хэлэхэд тоохгүй намайг барьсан. Нэг цагдаа нь манай эхнэрийг түлхэж унагаасан. Би манай эхнэрийг өшиглөсөн хүн рүү  орилоод, та нар зөв хүнээ ол гэж дайрсан. Тухайн үед би төрийн цагдаагийн хэлсэн үгийг нь биелүүлээгүй дээ гэмшиж байна. Би цагдаагийн биед халдаагүй, машинд зүгээр суусан бол энэ хэрэг үүсэхгүй байсан. Би өөрийн гэм буруутай үйлдэлдээ маргахгүй байна ...”  гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Б.Доржсүрэн, гэрч Э.Баянмөнх, Д.Бямбасүрэн, Б.Энхчулуун, Б.Мөнгөнхүү, Г.Ичинхорлоо, А.Ганзориг, Х.Ичинхорлоо, Б.Алтансүх, Ц.Гарьдмагнай нарын мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн шинжээч эмчийн 9434 тоот дүгнэлт, камерын бичлэгэнд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.О-г төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэж 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна.

 

Шүүгдэгч Б.О-д 2002 оны Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэрээр Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.4 дэх хэсэгт зааснаар 7 жил 2 сарын хорих ял шийтгүүлж,

 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 03 хоногийн хорих ялаас өршөөн хасаж суллагдсан байх бөгөөд, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд заасныг журамлан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж шүүх үзэж Б.О-н үйлдлийг 2015 оны Шинэчилсэн найруулсан эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Б.О-г хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Б.Доржсүрэн нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч Б.О-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдан ирсэн си-ди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацааг дуустал  хэрэгт хавсаргах нь зүйтэй.

  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.12, 36.13, 36.14 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л овогт Б.О-д 2002 оны Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Л овогт Б.О-г хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.О-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, засарч хүмүүжих үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй Б.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ