Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/008

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,

Шүүгдэгч: Х.П нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014004620449 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч   хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.  Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******. / Регистрийн дугаар:*******/,

Холбогдсон хэргийн талаар

           Шүүгдэгч Х.П нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багийн нутаг Захын бараат гэх газарт 38 м2 буюу 0.004 га талбайд тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 150 203 /нэг зуун тавин мянга хоёр зуун гурван/төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                                                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Х.П гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг / хх-ийн 85 /,

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.П өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

2. Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Тус газарт нэлээн хэдэн жилийн өмнө нинжа нар гар аргаар алт олборлолтын үйл ажиллагаа явуулсан юм. Нэг харахад ухсан нэг харахад буцаагаад булсан л байж байдаг юм. Захын бараан гэх газар нь өөрөө зэлүүд эрэг газар юм. Ашиглалтын болон хайгуулын ямар нэгэн талбайд хамаарахгүй . Ашигт малтмал , газрын тосны газраас ч ирүүлсэн дүгнэлт байхгүй, эвдэрхий газар байгаа ... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 /,

3. Гэрч Х.П гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би ганцаараа өөрийн трактороо унаад шороогоо угаачихдаг юм. Би энэ трактороо 2019 онд хүнээс худалдан авсан, бичиг баримт байхгүй, ур урт нь 2 метр, өргөн нь 1 метр, гүн нь 2 метрийн нүх ухсан гэх мэдүүлэг / хх-ийн 26 /,

....дээрх зүйлс бүгд миний өөрийн эзэмшлийнх байгаа юм. ....Алт угаах төхөөрөмжийг трактор худалдан авахад хамт ирж байсан, цахилгаан үүсгүүрийг Баянхонгор аймгийн төвөөс 2018 онд 300.000 төгрөгөөр худалдан авч байсан гэх мэдүүлэг / хх-ийн 28 /,

3. Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-н 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/80 дугаартай шинжээчийн:

...1 Тухайн газар нь улсын тусгай хамгаалалттай газар, аль нэг хайгуулын болон ашиглалтын тусган зөвшөөрөлтэй газартай давхцалгүй байна.

2. Тухайн талбайгаас Байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ нь 150.203 төгрөг байна.

3.Тухайн талбайд нөхөн сэргээлт хийх ажлын зардлын хэмжээ нь 191.140 төгрөг байна.

4.Урьд өмнө эвдэгдсэн газар байсан байна ....гэх дүгнэлт /хх-ийн 57/

4. Энх-Нахиа ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 503 дугаартай шинжээчийн:

...Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийн зах зээлийн үнэ ханш нь 3.800.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон... дүгнэлт /хх-ийн 60/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 64/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Х.П нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багийн нутаг Захын бараат гэх газарт 38 м2 буюу 0.004 га талбайд тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулахыг завдсан үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 150 203 / нэг зуун тавин мянга хоёр зуун гурван /төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ын мэдүүлэг,  Нуман алтай ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Энх-Нахиа ХХК-ийн 503 дугаартай шинжээчийн дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Х.П г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн  1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Х.П д  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Х.П д  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт шүүгдэгч Х.П гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашиглах гэж байсан гэх алт угаагч төхөөрөмжийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын 2020 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг алт угаах төхөөрөмжийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, мөн шүүгдэгч Х.П гийн эзэмшлийн улаан шаргал цахилгаан үүсгүүр нэг ширхэг, ногоон өнгийн бага оврын “Доосан” трактор нэг ширхэг зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 08/-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож дээрх цахилгаан үүсгүүр нэг ширхэг, бага оврын трактор нэг ширхэг зэргийг хураан авч хэрэгцээний дагуу төрийн зохих байгууллагад шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, мөн шүүгдэгч Х.П гийн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг эзэмшигч Х.П д хэрэгцээний дагуу буцаан олгохоор тус тус шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Х.П нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...ногоон өнгийн трактор, алт угаах төхөөрөмж, цахилгаан үүсгүүр мотор дээрх эд зүйлс бүгд миний өөрийн эзэмшлийн юм байгаа...”  гэж мэдүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д заасан “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл...техник зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах....” гэж заасныг үндэслэн  шүүгдэгч  Х.П гийн эзэмшлийн улаан шаргал цахилгаан үүсгүүр нэг ширхэг, ногоон өнгийн бага оврын “Доосан” трактор нэг ширхэг зэргийг хураан авч хэрэгцээний дагуу төрийн зохих байгууллагад шилжүүлж улсын орлого болгож шийдвэрлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч иргэний нэхэмжлэгч болон шинжээч нь байгаль орчинд 150.203 төгрөг уг хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 450.609 төгрөг төлөхөөр дүгнэлт гарч нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь 150.200 төгрөг төлж барагдуулсан бөгөөд одоо нөхөн төлөөгүй 300.400 төгрөгийг шүүгдэгч Х.П гаас гаргуулж Засгийн газрын тусгай ангийн Байгаль орчин уур амьсгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.

Харин шинжээчийн дүгнэлтээр нөхөн сэргээлтийн зардал 191.140 төгрөгийн зардал гарахаар дүгнэлт гарсан байсан бөгөөд уг зардлыг шүүгдэгч Х.П нь төлж барагдуулсан талаар холбогдох баримтыг гаргаж өгсөн тул түүнийг нөхөн сэргээлтийн зардлыг нөхөн төлүүлэхгүй байхаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.П д авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.П нь энэ хэргийн  учир цагдан  хоригдсон  хоноггүй болохыг дурдав.   

Шүүгдэгч нар нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч  овогт Х.Пг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулахыг завдсан  гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч  овогт Х.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жил зургаан / 01 жил 06  сар / сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Х.П д зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.П нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй   бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

   5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч Х.П нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч Х.П гаас гурван зуун мянга дөрвөн зуун төгрөг гаргуулж Засгийн газрын тусгай ангийн Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч Х.П нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар Х.П гийн гэмт хэрэг үйлдэхдээ алт угаагч төхөөрөмжийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын 2020 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг алт угаах төхөөрөмжийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Х.П гийн эзэмшлийн улаан шаргал цахилгаан үүсгүүр нэг ширхэг, бага оврын “Доосан” трактор нэг ширхэг зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 08/-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож дээрх цахилгаан үүсгүүр нэг ширхэг, бага оврын трактор нэг ширхэг зэргийг хураан авч хэрэгцээний дагуу төрийн зохих байгууллагад шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Х.П гийн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг эзэмшигч Х.П д хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Х.П д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д  зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй  болохыг дурдсугай.                

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  шүүгдэгч Х.П д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ