Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2022/0561

 

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2022/0561

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

   “Ц и м” ХХК-ийн

                                      нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Ц и м” ХХК

Хариуцагч Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Засаг дарга

Хариуцагч Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумын Засаг дарга нар Ц и м ХХК-ийн XV-019676 тоот Жаран нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоох, Ц и м ХХК-ийн XV-019676 тоот Жаран нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2022 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумын Засаг дарга нарт даалгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г,

Хариуцагч Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ч,

Хариуцагч Есөнзүйл сумын Засаг даргын өмгөөлөгч Т.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 121/2022/0011/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Ц и м” ХХК-иас Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Засаг дарга, мөн аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад тус тус  холбогдуулан “Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумын Засаг дарга нар Ц и м ХХК-ийн XV-019676 тоот Жаран нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоох, Ц и м ХХК-ийн XV-019676 тоот Жаран нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2022 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумын Засаг дарга нарт даалгуулах”-аар маргасан байна.

2.Өвөрхангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 0025 дугаар шийдвэрээр: 

“Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйл, 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1-т заасныг тус тус үндэслэн Ц и м ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумын Засаг дарга нарт холбогдох Ц и м ХХК-ийн XV-019676 тоот Жаран нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2022 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоох, Ц и м ХХК-ийн XV-019676 тоот Жаран нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2022 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумын Засаг дарга нарт даалгах тухайшаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Засаг дарга, Баян-Өндөр сумын Засаг дарга нарт тус тус холбогдуулан тус компанийн XV-019676 тоот Жаран ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгох, батлахыг даалгуулахгэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй болно.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс анхнаасаа Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумын Засаг дарга нарт хандан хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн 2020, 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар удаа дараа хандаж байсан бөгөөд Засаг дарга нар үндэслэлгүйгээр баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, батлахыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж маргаж байсан бөгөөд уг менежментийн төлөвлөгөөг батлуулснаар манай компанийн үйл ажиллагаа хэвийн явагдах, хайгуулын ажил эхлэх, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах зэрэг тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломж хангагдах юм.

Гэтэл анхан шатны шүүх өөрийн санаачилгаар манай компанийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумын Засаг дарга нар Ц и м ХХК-ийн XV-019676 тоот
Жаран нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2022 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоох, 2022 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахыг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумын Засаг дарга нарт даалгах гэж өөрчилж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа болно.

Нөгөөтэйгүүр өөрийн санаачилгаар ингэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн атлаа шүүхийн шийдвэртээ “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй болно.

3.2.Шүүх үйл баримтыг буруу үнэлж шийдвэрлэсэн тухайд:

Шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т Сумын Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөөг, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэж заасан нь хариуцагч нарт тухайн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө-г заавал батлах үүрэг хүлээлгэсэн зохицуулалт огт биш бөгөөд шууд батлах биш хянан батлах эрх хэмжээг хариуцагчид хуулиар олгосон зохицуулалт юм... гэж хуулийг буруу тайлбарласан.

Учир нь дээр дурсан хянан батлах гэдэг нь Засаг дарга тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ирүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан үзээд ямар шалтгаанаар батлах боломжгүй байгаа, төлөвлөгөөнд нэмэлтээр ямар асуудлыг тусгах, засаж сайжруулах зэргээр хариу мэдэгдэж, үүний дагуу ирүүлсэн тохиолдолд хуульд заасны дагуу батлах үүргээ хэрэгжүүлж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийг эрхээ хэрэгжүүлэх боломжоор нь хангах ёстой хуулийн зохицуулалт юм.

Мөн шийдвэрийн 12-т энэ талаар гаргасан хариуцагчийн ...танай байгууллага үүргээ биелүүлж холбогдох газруудад тайлан гаргаж өгдөггүй, 2020 он хүртэл 5 жилийн хугацаанд хайгуулын үйл ажиллагаа эрхлэх эрх нээлттэй байхад ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй, хулгайгаар хайгуулын үйл ажиллагаа явуулсан үйлдлүүд чинь та бидний дунд цаашид харилцан ашигтай хамтран ажиллах боломжгүй болсон гэдгийг хэлмээр байна гэх тайлбар үндэслэлтэй байх тул гэж шүүх дүгнэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй байна.

Бид төрийн захиргааны байгууллагаас хууль тогтоомжийн дагуу олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд тухайн газрыг эзэмшиж, хайгуулын ажил эхлүүлэх эрхтэй бөгөөд манай компани хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж сум орон нутгийн иргэд, засаг захиргааг хүндэтгэн байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулж, уг тусгагдсан төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа буюу хайгуулын ажлаа эхлэхээр өнөөдрийг хүртэл хүлээцтэй хандаж ирсэн. Тусгай зөвшөөрөл бүхий газар ямар нэг цэг тэмдэглэгээ хатгасан, газрын хэвлий, өнгөн хэсгийг ухаж сүйтгэсэн зүйл огт байхгүй байхад шүүх ямар үйл баримт, нотлох баримтад үндэслэж дээрх дүгнэлтийг хийж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тодорхойгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т Yндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана гэж заасны дагуу шүүхийн шийдвэр үндэслэл бүхий биш бөгөөд шүүх бодит нөхцөл байдлыг тогтоох, хэргийг хуульд үндэслэж, үнэн, зөв шийдээгүй байх тул Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үүгэжээ.

4.Хариуцагч Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ч, хариуцагч Есөнзүйл сумын Засаг даргын өмгөөлөгч Т.О нар давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлацгааж байна.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

1.“Ц и” ХХК-иас 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумын Засаг дарга нар  ашигт малтмалын хайгуулын XV-019676 тоот тусгай зөвшөөрлийн талбайд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлахгүй байгааг хууль бус болохыг тогтоолгож, батлахыг даалгах” гэж тодорхойлж, харин үндэслэлдээ нэр бүхий Засаг дарга нарт 2019, 2020, 2021 онуудад Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлуулахаар удаа дараа хандаж байсан боловч тодорхойгүй шалтгаанаар батлахаас татгалздаг байсан талаар дурдсан, захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн 2022 оны 41 дүгээр захирамжид ч энэхүү үндэслэл болон шаардлагыг тус тус тусгажээ.

Гэтэл давж заалдах гомдолд “…2020, 2021 оны төлөвлөгөө батлуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан, энэхүү шаардлагаа өөрчлөөгүй...” гэх боловч анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар хариуцагчийн өмгөөлөгчөөс: 

-нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан байгаль орчныг хамгаалах 2019, 2020, 2021 оны төлөвлөгөөг батлуулахаас татгалзаад 2022 оны төлөвлөгөөг батлуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна уу? гэхэд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г:

-2022 онд нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлдээ зөвхөн 2022 оны байгаль орчны төлөвлөгөөг батлуулах шаардлага тавьсан. Өмнөх онуудын төлөвлөөг одоо батлуулаад нөхөж хийхгүй тул зөвхөн 2022 оны төлөвлөгөөгөө батлуулна. 2019, 2020, 2021 онууд нь өнгөрсөн цаг хугацаа учир батлуулах шаардлагагүй…” гэжээ.

Хэрэгт нэхэмжлэлийн тодруулсан шаардлага бичгээр авагдаагүй, 2022 оны төлөвлөгөөг батлуулах гэж тодруулсан мэтээр тэмдэглэлд тусгагдсан атлаа 2022 оных ч биш, харин 2020, 2021 оны төлөвлөгөөг батлуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан, үүнийгээ өөрчлөөгүй гэх энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн шийдвэрт тодорхойлсны нэгэн адил үзэх боломжгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нэг мөр тодруулж, улмаар тодруулсан нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн эсэхийг хянан үзэж, хэргийг дахин шийдвэрлэх нь зүйтэй.

2.Баян-Өндөр сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/75 дугаар хариу албан бичигт “…бичиг баримтууд хугацаа оройтож ирснээс  шалтгаалан төлөвлөгөөнд тусгагдсан геологи, судалгааны ажлууд 2020 оны 12 дугаар сарын 31-нд багтаан хийгдэх боломжгүй болсон тул 2020 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг баталгаажуулахгүй…”, мөн сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1/103 дугаар хариу албан бичигт “…2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн 2021 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлаас ирүүлсэн санал, Та бүхний зөвшөөрөлгүй хайгуул хийсэн үйлдэл зэргээс шалтгаалан баталж өгөх боломжгүй...” тус тус мэдэгдсэн байгаагаас үзэхэд нэхэмжлэл гаргах хугацааны талаар, тухайлбал 2020 оны төлөвлөгөө батлахыг даалгах шаардлагатай холбоотойгоор дүгнэлт өгөх шаардлагатай.

3.Есөнзүйл сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 01/68 дугаар хариу албан бичигт “…нутгийн иргэд малчидтай санал солилцоход эсэргүүцэж байгаа хүсэлт ирүүлсэн тул байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах боломжгүй…” гэсэн нь чухам хэдэн оны төлөвлөгөө батлуулах хүсэлтийн татгалзсан хариу болохыг, мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 8/1833 дугаар албан бичигт “…тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл нь хэлэлцэгдэх шатандаа хянагдаж байгаа…” гэснээс үзэхэд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан эсэхийг тус тус тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

4.Нэг үйл баримтын талаар буюу нэхэмжлэгчээс 2016-2020 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан гаргасан гэх боловч эдгээр тайлан хэрэгт авагдаагүй, гэтэл хариуцагчаас тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаас хойш хайгуулын ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй гэх тул үүнийг ч тодруулах нь зүйтэй.

5.Хэрэгт 2020, 2021 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар Баян-Өндөр, Есөнзүйл сумын Засаг даргад хандсан албан бичгүүд байгаагаас бус 2022 оны төлөвлөгөөг батлуулахтай холбоотой баримтууд авагдаагүй, иймд нэхэмжлэгчээс мөн оны төлөвлөгөөг батлуулахыг даалгах шаардлага гаргасан гэж үзвэл энэ талаарх баримтыг ч цуглуулах шаардлагатай.

Хэргийг дахин хянан шийдвэрлэхдээ Есөнзүйл сумын нэрийг Зүйл сум гэж алдаатай бичихгүй байхыг, мөн “…нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ…” гэх мэтээр хууль зүйн үндэслэлгүй “хэллэг” хэрэглэхгүй байхыг анхаарвал зохино.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН