Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/01533

 

 

“М Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/01113 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1217 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “М Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГ т холбогдох,

Албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутайн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10902 дугаартай захирамжаар “М Б” ХХК, иргэн Б.Энхтуяа, Б.Чинбаатар нараас 72 309 743 төгрөг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Тус захирамжийн дагуу Б.Энхтуяа, Б.Чинбаатар нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Хоршооллын 5 дугаар гудамж, 9 тоот хаягт байршилтай, Ү-2204013261 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, тус хаягт байрлах Г-2204008143 дугаарт бүртгэлтэй газрыг 103 200 000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 4/29674 дүгээр мэдэгдлийг хүлээн авч мэдсэн.

Ингээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7-д заасны дагуу тус компанийн барьцаа хөрөнгө болох Б.Энхтуяа, Б.Чинбаатар нарын өмчлөлийн хувийн сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байх тул шүүхэд гомдол гаргаж болно. Тус барьцаа хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн нь зөрүү төлбөрийг дахин төлбөр төлөгчдөөр гаргуулах нөхцөл үүсээд байна. Тус хувийн сууц нь хотын төвийн А зэрэглэлд байршилтай 288 мкв талбайтай хувийн сууц байтал зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн.

Иймээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б.Энхтуяа, Б.Чинбаатар нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Хоршооллын 5 дугаар гудамж, 9 тоот хаягт байршилтай Ү-2204013261 дугаарт бүртэлтэй хувийн сууц, тус хаягт байрлах Г-2204008143 дугаарт бүртгэлтэй газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Төлбөр төлөгч “М Б” ХХК, Б.Энхтуяа, Б.Чинбаатар нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Хоршооллын 5 дугаар гудамж, 9 тоот хаягт байршилтай 288 мкв талбайтай хувийн сууц, 700 мкв талбайтай газрыг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17262024/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 17262024/05 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор барьцаалан хураасан. Төлбөр төлөгч “М Б” ХХК, Б.Энхтуяа, Б.Чинбаатар нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар битүүмжилж, хураасан үл хөдлөх хөрөнгийн үнийн санал өгөхийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 4/27114 дугаартай албан бичгээр мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч талаас шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлтийг ирүүлсэн. Төлбөр авагч, төлбөр төлөгч талууд харилцан тохиролцож үнийг тогтоогоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-иар үнэлгээг тогтоолгоход 103 200 000 төгрөгөөр тогтоосон. Дээрх үнэлгээг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 4/29674 дугаартай үнэлгээний мэдэгдлээр төлбөр төлөгч “М Б” ХХК, Б.Энхтуяа, Б.Чинбаатар нарт 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 12 цаг 50 минутад хүлээлгэн өгч, холбогдох хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгсөн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/01113 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШШГГ т холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Хоршоолол 5 дугаар гудамж, 9 тоот хаягт байршилтай 288 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай газрын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “М Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1217 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/01113 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “9 дүгээр зүйлийн 9.4.7 дах хэсэгт” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Сутайгийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7-д заасны дагуу тус компанийн барьцаа хөрөнгө болох орон сууц нь хотын төвийн А зэрэглэлд байршилтай 288 мкв бүхий талбайтай хувийн сууц байтал зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б.Энхтуяа, Б.Чинбаатар нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 24-р хороо, Хоршооллын 5 дугаар гудамж, 09 тоот хаягт байршилтай Ү-2204013261 дугаарт бүртгэлтэй газрыг үнэлсэн үнэлгээ хийсэн ажиллагаа үнэлгээний тайланг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлага шүүхээс хангаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.1, 55.7 дугаар заалтыг зөрчсөн.

Иймд Б.Энхтуяа, Б.Чинбаатар нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 24-р хороо, Хоршооллын 5 дугаар гудамж, 09 тоот хаягт байршилтай Ү-2204013261 дугаарт бүртгэлтэй газрыг үнэлсэн үнэлгээ хийсэн ажиллагаа үнэлгээний тайланг хүчингүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.7-д зааснаар хангаж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал зөв болжээ.

Нэхэмжлэгч “М Б” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах шинжээчээс тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байна. Хариуцагч НШШГГ  шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсан байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 101\Ш32017\10902 дугаартай захирамжаар “М Б” ХХК, иргэн Б.Энхтуяа, Б.Чинбаатар, “Капитал банк” ХХК-ийн хоорондох эвлэрлийг баталгаажуулсан байна. Шүүгчийн захирамжийн дагуу НШШГГ  нэхэмжлэгч “М Б” ХХК, иргэн Б.Энхтуяа, Б.Чинбаатар нараас 72 309 743 төгрөг гаргуулж,  Капитал банкинд олгох ажиллагааг явуулсан байна.

Төлбөр төлөгч “М Б” ХХК, Б.Энхтуяа, Б.Чинбаатар нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Хоршооллын 5 дугаар гудамж, 9 тоот хаягт байршилтай 288 мкв талбайтай хувийн сууц, 700 мкв талбайтай газрыг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17262024/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон хугацаанд төлбөр төлөгч нар төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 17262024/05 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор эд хөрөнгийг хураасан байна.

“М Б” ХХК, Б.Энхтуяа, Б.Чинбаатар нараас үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахаар 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 4/27114 дугаартай албан бичгээр мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй, харин төлбөр авагч тал шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргажээ.

Төлбөр авагч, төлбөр төлөгч талууд харилцан тохиролцож үнийг тогтоогоогүй тул НШШГГ  нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-иар үнэлгээг тогтоолгосон ба шинжээч 103 200 000 төгрөгийн үнэлгээ гаргасан байна.

Шинжээчийн үнэлгээг төлбөр төлөгч “М Б” ХХК, Б.Энхтуяа, Б.Чинбаатар нарт 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээлгэн өгч, танилцуулсан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй болсон ба хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1217 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН