Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 1217

 

 “М Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/01113 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “М Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “М Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 10902 дугаартай захирамжаар М Б ХХК, иргэн Б.Энхтуяа, Б.Чинбаатар нараас 72.309.743 төгрөг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн. Тус захирамжийн дагуу Б.Энхтуяа, Б.Чинбаатар нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Хоршооллын 5 дугаар гудамж, 9 тоот хаягт байршилтай, Ү-2204013261 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, тус хаягт байрлах Г-2204008143 дугаарт бүртгэлтэй газрыг 103.200.000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 4/29674 дүгээр мэдэгдлийг хүлээн авч мэдсэн. Ингээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7-д заасны дагуу тус компанийн барьцаа хөрөнгө болох Б.Энхтуяа, Б.Чинбаатар нарын өмчлөлийн хувийн сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байх тул шүүхэд гомдол гаргаж болно. Тус барьцаа хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн нь зөрүү төлбөрийг дахин төлбөр төлөгчдөөр гаргуулах нөхцөл үүсээд байна. Тус хувийн сууц нь хотын төвийн А зэрэглэлд байршилтай 288 м.кв талбайтай хувийн сууц байтал зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн. Иймээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б.Энхтуяа, Б.Чинбаатар нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Хоршооллын 5 дугаар гудамж, 9 тоот хаягт байршилтай Ү-2204013261 дугаарт бүртэлтэй хувийн сууц, тус хаягт байрлах Г-2204008143 дугаарт бүртгэлтэй газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний төлөөлөгч И.Гомбожав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Төлбөр төлөгч М Б ХХК, Б.Энхтуяа, Б.Чинбаатар нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Хоршооллын 5 дугаар гудамж, 9 тоот хаягт байршилтай 288 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай газрыг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17262024/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 17262024/05 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор барьцаалан хураасан. Төлбөр төлөгч М Б ХХК, Б.Энхтуяа, Б.Чинбаатар нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар битүүмжилж, хураасан үл хөдлөх хөрөнгийн үнийн санал өгөхийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 4/27114 дугаартай албан бичгээр мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч талаас шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлтийг ирүүлсэн. Төлбөр авагч, төлбөр төлөгч талууд харилцан тохиролцож үнийг тогтоогоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-аар үнэлгээг тогтоолгоход 103.200.000 төгрөгөөр тогтоосон. Дээрх үнэлгээг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 4/29674 дугаартай үнэлгээний мэдэгдлээр төлбөр төлөгч М Б ХХК, Б.Энхтуяа, Б.Чинбаатар нарт 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 12 цаг 50 минутад хүлээлгэн өгч, холбогдох хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгсөн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Нислэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Хоршоолол 5 дугаар гудамж, 9 тоот хаягт байршилтай 288 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай газрын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Сутай давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Барьцаа хөрөнгө болох хувийн сууц нь хотийн төвийн А зэрэглэлд байршилтай 288 м.кв бүхий талбайтай хувийн сууц байтал зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б.Энхтуяа, Б.Чинбаатар нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 5 дугаар гудамж, 09 тоот хаягт байршилтай Ү-2204013261 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, тус хаягт байрлах Г-2204008143 дугаарт бүртгэлтэй газрыг үнэлсэн үнэлгээ хийсэн ажиллагааг үнэлгээний тайланг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “М Б” ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2017/10902 дугаар захирамжаар “М Б” ХХК, иргэн Б.Энхтуяа, Б.Чинбаатар нар нь Капитал банкинд 72 309 743,72 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрснийг баталж шийдвэрлэсэн ба уг шийдвэрт шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна. /хх-ийн 8, 9/

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17262024/01 тоот тогтоолоор төлбөр төлөгчийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Хоршоолол 5 дугаар гудамж, 9 тоот хаягт байршилтай 288 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай газрыг тус тус битүүмжилж, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 17262024/05 тоот тогтоолоор хураажээ. /хх-ийн 24, 25/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулахдаа ...эд хөрөнгийг битүүмжлэх, албадан барьцаалах, хураах, худалдан борлуулах ажиллагаа явуулж болохыг зохицуулсан бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан дээрх ажиллагаа хуульд нийцсэн энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Мөнх-Оргил трейд ХХК-ийг үнэлгээчнээр томилж, уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт  заасантай тус тус нийцжээ. /хх-ийн 38-42/

Мөнх-Оргил трейд ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 4/29674 дүгээр дүгнэлтээр Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Хоршоолол 5 дугаар гудамж, 9 тоот хаягт байршилтай 288 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай газар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 103 200 000 төгрөгөөр үнэлсэн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шинжээчийн үнэлсэн үнэлгээний 70 хувиар анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 72 240 000 төгрөгөөр тогтоосон тухай мэдэгдлийг нэхэмжлэгч нарт хүргүүлсэн, нэхэмжлэгч нар энэ талаар маргаагүй байна. /хх-ийн 35-36, 43-52/

 

Нэхэмжлэгч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан байх боловч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс доогуур тогтоосон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. 

Харин анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон тул тухайн харилцааг зохицуулсан,  нэхэмжлэл гаргах эрх олгосон заалтыг баримталж шийдвэрт өөрчлөлт оруулав.