Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 381

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүгч М.Батзориг, шүүгч Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.П

Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий аудитор

Нэхэмжлэлийн шаардлага: “Ерөнхий аудитор Д.Хын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/251 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, Б.Пг Дархан-Уул аймгийн Төрийн аудитын газрын аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, нэхэмжлэгчид 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны олговор олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрүүдэд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Б.Ц, түүний өмгөөлөгч Б.О, иргэдийн төлөөлөгч Ц.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.П нь төрийн байгууллагад тасралтгүй 24 жил ажилласан. Төрийн албаны тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагч юм. Ийм учраас Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1-дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх ёстой хүн. Мөн Төрийн аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасан бүх шаардлагуудыг хангасан, төрийн албан хаагч юм. Гэтэл хариуцагч Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Х нь гэнэт тодорхой бус шалтгаанаар, үндэслэлгүйгээр Б.Пг 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/251 дүгээр тушаалаар чөлөөлсөн. Түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал нь Төрийн аудитын газрын бүтэц орон тоо өөрчлөгдсөн учраас чөлөөлсөн мэтээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх хэсгүүдэд заасан заалтуудыг баримталсан. Гэтэл сонгон шалгаруулалтын комиссоос ирүүлсэн баримтуудтай танилцуулаагүй, мэдэгдээгүй. Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтэд Б.Пг ашиг сонирхлын болон ёс зүйн зөрчилтэй учраас ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэсэн нь Ерөнхий аудиторын ажлаас чөлөөлсөн тушаалтай нь зөрчилдсөн заалттай дүгнэлт гаргасан. Иймд нэхэмжлэгч тал гэнэт тодорхой бус шалтгаанаар үндэслэлгүйгээр албан тушаалаас чөлөөлсөн гэж үзэж байна. Хариуцагч тал захиргааны акт гаргах ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу явуулаагүй. Нэхэмжлэл гаргаснаас хойш баримтуудаа нөхөж хийсэн гэж үзэж байгаа. 

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Төрийн аудитын газрын даргаар н.Чүлтэмбат гэдэг хүнийг томилсон. Энэ өдрөөс эхлэн энэ газрын орон тоо 13 болсон. Уг нь 12 орон тоотой байсан. н.Чүлтэмбатын 12 дахь орон тоог хадгалахын тулд н.Чүлтэмбатыг үргэлжлүүлэн ажиллуулахын тулд Б.Пг ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Одоо тус газрын орон тоо 13 биш 15 болсон. 

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/251 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Б.Пг Дархан-Уул аймгийн аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоох, Б.Пд 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан олговорт 14 сая 427 мянга 698 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Монгол Улсын Ерөнхий аудитор нь Төрийн аудитын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд орон нутаг дахь байгууллагын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийг шинэчлэн зохион байгуулж, сонгон шалгаруулалт явуулсны үр дүнд ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан хүмүүсийг авч ажиллуулсан. Дархан-Уул аймгийн Төрийн аудитын газар нь өмнө нь 13 хүний орон тоотой байсан. 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/251 тушаал дээр ярьсан үндэслэлүүд нь сонгон шалгаруулалтын комиссын дүнтэй нийцэхгүй байна гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Захиргааны акт бол тусдаа. Харин сонгон шалгаруулалтын комисс дүнгээ Монгол Улсын Ерөнхий аудиторт танилцуулж, үүний дагуу Ерөнхий аудитор ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. 

 Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газар өмнө нь 13 хүний бүтэц орон тоотой байхаар батлагдсан. Тус газрын орон тоог шинээр батлахдаа орон тоог нь мөн 13 байхаар баталсан. Яагаад бүтцийн өөрчлөлт гэж тайлбарлаж байгаа вэ гэхээр Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газарт Төрийн Аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.4 дэх хэсгүүдэд тус тус заасан төрийн аудитын төрлөөр хэрэгжүүлэх аудитын нэгж гэж байгаагүй. Ингээд Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газарт аудитын нэгж шинээр бий болгосон. Үүнд албан хаагчдыг шинээр байршуулах, мэргэжлийн албан хаагчдыг сонгон шалгаруулж, томилох шаардлага үүссэн. Энэ шаардлагын хүрээнд орон нутаг дахь байгууллагуудын бүтэц орон тоог шинэчилсэн. Энэ бүтэц орон тоотой холбогдуулан албан хаагчдыг сонгон шалгаруулах, томилох шаардлага үүссэн. Б.Пгийн хувьд Дархан-Уул аймгийн Төрийн аудитын газрын дарга буюу түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа ашиг сонирхлын зөрчил гаргасан гэдгийг Үндэсний аудитын газрын ёс зүйн зөвлөлийн даргаар ахлуулсан ажлын хэсэг очоод тогтоосон. Тухайлбал, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргах ажилдаа илт ашиг сонирхлын зөрчил гаргасан гэдгийг холбогдох сонгуульд оролцсон намаас өргөдөл гарган, энэ асуудлаар хандаж байсан. Тухайн үеийн Ерөнхий аудитор энэ хүнд ямар нэгэн хариуцлагын арга хэмжээ аваагүй. Энэ нь нотлох баримтаар нотлогддог. Энэ асуудлаар Дархан-Уул аймгийн Төрийн аудитын газрын хамт олон хурлын тэмдэглэл үйлдэн, албан хаагчдынхаа саналыг сонссон. Ингээд энэ хурлын үеэр юу яригдсан бэ гэхээр Дархан-Уул аймгийн Төрийн аудитын газарт хамгийн сүүлд томилогдсон хоёр хүн байна. Нэг нь н.Батмягмар гэдэг аудитор, нөгөөх нь Б.П гэдэг хоёр хүн байгаа нь хамт олны хурлын тэмдэглэлээс харагддаг. Ингээд Б.П хамгийн сүүлд орон тоо хэтрүүлэн томилогдсон гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар харагддаг. Энэ бүх нөхцөл байдлыг харгалзан үзвэл хамт олны хурлын тэмдэглэлээс ашиг сонирхлын зөрчилтэй байсан гэдэг нь ажлын хэсгийн тайлангаас тодорхой харагддаг. 

Б.Пг үндэслэлгүйгээр гэнэт чөлөөлсөн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэллээ. Үндэслэлгүйгээр гэнэт чөлөөлсөн гэдэг ойлголтоо хууль зүйн тодорхой үндэслэл гаргаж чадсангүй гэж үзэж байна. Учир нь Б.Пг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг бүтэц, зохион байгуулалт өөрчлөлттэйгөөр холбоотой сонсох ажиллагааг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр явуулаад, мэдэгдлээ өгөөд, тэмдэглэлээ хөтлөөд явуулсан. Сонгон шалгарлуулалтын тэмдэглэлтэй танилцаагүй, мэдэгдээгүй гэж хэлсэн. Сонгон шалгаруулалтын тэмдэглэлийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд сонгон шалгаруулах, томилох эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэх үүрэгтэй. Сонгон шалгаруулалтын мэдэгдлийг оролцох этгээдэд заавал мэдэгдэх үүрэггүй. Яагаад гэвэл энэ үйл ажиллагаа нь ямар нэг байдлаар гадагш чиглэсэн захиргааны акт биш. Энэ бүх нөхцөл байдлыг судлан үзээд Монгол Улсын Ерөнхий аудитор тушаал гаргасан. Яагаад ашиг сонирхлын болон ёс зүйн зөрчилтэй гэж үзээд байна вэ гэхээр шийдвэр гаргаагүй, ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудлын талаар нэгэнт ажлын хэсэг гараад тогтоогоод, шийдвэрлэсэн асуудал юм. 

Захиргааны ерөнхий хуулийн шаардлагын дагуу акт гаргаагүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн. Яг ямар шаардлагыг хангаагүй захиргааны акт гаргасан бэ гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэнгүй. Илт хууль бус юм уу, хууль бус захиргааны акт юм уу, тодорхойлж хэлсэнгүй. Энэ захиргааны акт нь захиргааны акт хүчингүй байх нөхцлүүдийн аль шаардлагыг хангаагүй талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тодорхой үндэслэл хэлсэнгүй. Тийм учраас тодорхой хариулах боломжгүй. Одоо Дархан-Уул аймгийн Төрийн аудитын газар 15 хүн ажиллаж байгаа. Шүүхэд буруу тайлбарлаж, нуусан гэж тайлбарлаж байна. Монгол Улсын Ерөнхий аудиторын Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалтыг баталсан шийдвэрээр 13 хүн байхаар батлагдсан. Ингээд нэмж 2 хүний хувьд нягтлан бодогч, мэдээлэл технологийн ажилтны хувьд өмнө нь яаж ирсэн бэ гэхээр санхүүгийн тайлангийн гүйцэтгэл хийдэг санхүүгийн аудиторуудад давхар хариуцуулаад явдаг байсан. Энэ 2 ажлын байр дахь хүмүүсийг гэрээгээр ажиллуулдаг, үндсэн орон тоо биш. Энэ асуудал энэ маргаанд ач холбогдолтой биш гэж үзэж байна. Учир нь дээрх 2 ажлын орон тоо нь үндсэн орон тоо биш, ажлын ачааллын үед аль ч төрийн байгууллага гэрээт ажилтан авч ажиллуулдаг хуулийн зохицуулалтын дагуу хийсэн. Монгол Улсын Ерөнхий аудитор нь Төрийн аудитын тухай хуульд заасан эрх, үүргийнхээ хүрээнд Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, албан тушаалын жагсаалт, ажлын байрны тодорхойлолт зэргийг баталсан. Энэ зохион байгуулалтын хүрээнд тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан албан хаагчдыг томилсон гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.О 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас хальсан асуудал шүүх хуралдаан дээр яригдсан. Нэхэмжлэлийн шаардлага юу вэ гэхээр 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/251 тушаалыг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймгийн Төрийн аудитын газрын аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан үеийн нөхөн олговорыг олгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй, албан тушаалаас чөлөөлөх талаар мэдэгдээгүй, захиргааны шийдвэртэй холбоотой ажиллагаануудад оролцуулаагүй, сонгон шалгаруулалтын хорооны дүнг танилцуулаагүй гэсэн шаардлагуудыг гаргасан. Ёс зүйн зөрчил гаргаагүй байхад ёс зүйн зөрчил гаргалаа гэж ажлаас чөлөөлсөн талаар нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаас маргаан бүхий эрхийн актыг хүчингүй болгуулах гэсэн атлаа эргүүлээд аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоолгохдоо яг ямар албан тушаалд тогтоолгох талаар тодорхой дурдаагүй. Нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт ороогүй байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарахыг хүсч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Дөрөв. Иргэдийн төлөөлөгч Ц.У 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын даргын үүргийг гүйцэтгэж байсан юм байна. Энэ орон тоон дээр өөр хүн аваад орон тоо илүүдэлтэй гэж ажлаас чөлөөлж байгаа нь  Б.Пгийн эрхийг зөрчиж байгаа хэрэг юм болов уу гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Ерөнхий аудитор Д.Хын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/251 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, Б.Пг Дархан-Уул аймгийн Төрийн аудитын газрын аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, нэхэмжлэгчид 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд ажилгүй байсан  хугацааны олговор олгож  мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах” гэж тодорхойлжээ.

 Хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргээс үзэхэд  нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Төрийн аудитын газарт ажиллаж байхад нь тус газрын бүтэц орон тоо өөрчлөгдсөн гэсэн шалтгаанаар түүнийг Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/251 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлснийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд хандсан боловч харьяаллын маргаан биш гэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт болжээ. 

          Нэхэмжлэгч тал “Дархан-Уул аймгийн Төрийн аудитын газрын  бүтэц, орон тоо өөрчлөгдсөн гэж ажлаас чөлөөлсөн боловч ийм өөрчлөлт болоогүй бөгөөд 2016 онд тус байгууллага 12 орон тоотой байсан бол одоо ч энэ хэвээр байгаа тус газрын даргын гаднаас томилж орон тооны хязгаарыг зөрчиж 13 болсон учраас намайг ажлаас халсан” гэж, хариуцагч тал “Монгол Улсын Ерөнхий аудитор Улсын Их хурлын Төсвийн байнгын хорооны  баталсан зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг үндэслэн төрийн аудитын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, орон тоог баталж, төсөвтөө багтаан төрийн аудитын байгулллагын ажилтнуудыг томилох, чөлөөлөх эрхтэй” гэж  маргаж байгаа болно.     

            Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэлээ:

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газрыг өөрчлөн байгуулах тухай” А/59 дүгээр  тушаалаар Үндэсний аудитын харьяа аймгийн аудитын газар байсныг Аймаг дахь Төрийн аудитын газар болгон өөрчилж, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Аймаг дахь Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” А/69 дүгээр тушаалаар орон нутаг дахь салбар байгууллагуудад төрөлжсөн аудитын нэгжтэй байхаар зохион байгуулжээ.

Дээрхи тушаалууд нь Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т   “Төрийн аудитын байгууллагын тогтолцоо нь төрийн аудитын дээд байгууллага, түүний харьяа төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагаас бүрдэнэ. Төрийн аудитын дээд байгууллага нь Үндэсний аудитын газар, төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллага нь аудитын төрөл болон нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулагдсан аудитын байгууллага байна” гэснийг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо батална”, 6.З-д “Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг үндэслэн, төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагыг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг Монгол Улсын Ерөнхий аудитор шийдвэрлэнэ” гэснийг, 14 дүгээр зүйлийн 14.1-т “Монгол Улсын Ерөнхий аудитор Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны баталсан зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг үндэслэн төрийн аудитын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, орон тоог батлах бөгөөд батлагдсан төсөвтөө багтаан төрийн аудитын байгууллагын ажилтнуудыг томилох, чөлөөлөх эрхтэй” гэснийг зөрчөөгүй байна.

Ерөнхий аудиторын 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 22 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар аймгуудын аудитын газрын орон тоог 10-12 байхаар, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/69 дүгээр тушаалын гуравдугаар хавсралтаар Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын орон тоо, албан тушаалын жагсаалтыг 12 байхаар баталжээ.

Ингээд 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/162 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Үндэсний аудитын газрын харьяа Дархан-Уул аймгийн аудитын газрын албан тушаалаас нэр бүхий 12 хүнийг чөлөөлж, Дархан- Уул аймаг дахь Төрийн аудитын газрын мэдэлд авч 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/203 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын албан тушаалд нэр бүхий 10 хүнийг томилжээ.

Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Б.Пг ажлаас чөлөөлөх тухай” Б/251 дүгээр тушаалаар аймаг дахь Төрийн аудитын газрын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан нэхэмжлэгчийг Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын мэдлээс 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалт, Ерөнхий аудиторын дэргэдэх сонгон шалгаруулалтын байнгын комиссын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дүгнэлтийг үндэслэл болгосон байна.

Хариуцагч тал “...бүтэцийн өөрчлөлтөөр орон тоо хасагдсан тул нэхэмжлэгчийг чөлөөлсөн“ гэж тайлбарлаж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Ерөнхий аудиторын 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 314 дүгээр тушаалын хавсралтаар Дархан-Уул аймгийн Төрийн аудитын газар 12 орон тоотой байхаар 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/69 дүгээр тушаалаар 12 орон тоотой батлагдсан байна.

Өөрөөр хэлбэл, Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газар бүтцийн өөрчлөлтөөр нэг орон тоогоор цөөрсөн гэх хариуцагчийн тайлбар нотлогдохгүй, маргаан бүхий захиргааны актыг алдаатай гэж үзэхээр байх боловч дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч “...Ерөнхий аудитор тодорхой бус шалгаанаар, үндэслэлгүйгээр албан тушаалаас чөлөөлөхдөө захиргааны шийдвэр гаргах ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн дагуу явуулаагүй. Ажлаас чөлөөлж байгаа талаар огт мэдэгдээгүй шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, мэргэшсэн төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлсөн мөртлөө мэргэшээгүй хоёр ажилтнаа үлдээсэн...” гэжээ. 

Б.П нь Дархан-Уул аймгийн Төрийн аудитын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тушаалаар аймгийн Аудитын газрын дотоод ажил хариуцсан гэрээт ажилтнаар томилогдож, Ерөнхий аудиторын 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 79 дүгээр тушаалаар тус аймгийн Аудитын газрын аудиторын албан тушаалд туршилтын хугацаагаар томилогдож, 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 242 дугаар тушаалаар аудиторын албан тушаалд томилогдсон байна.

2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Хамт олны хурлын 06 дугаар тэмдэглэлээс үзэхэд “бүтэц орон тоо шинэчлэн батлагдсантай холбоотойгоор орон тооны цомхтгол хийх” тухай хэлэлцэж Ерөнхий аудиторын 2017 оны А/89 дүгээр тушаалаар тус байгууллагын орон тоог 12 байхаар баталсан боловч  13 хүний орон тоотойгоор ажиллаж байгаа талаар ярилцаж, Б.Птэй холбоотой асуудлыг шалгаж үзэхэд гаргасан зөрчил дутагдал нь баримтаар нотлогдож байгаа тул ажлаас чөлөлөх тухай саналыг гаргаж, нэхэмжлэгч “...орон тооны цомхтголоор халагдаж байгаа болохоор тэтгэмжийн асуудал шийдэгдэх байх” гэсэн тул хамт олны 100 хувийн саналаар аудитор Б.Пг ажлаас чөлөөлөх саналаа Ерөнхий аудиторт хүргүүлэхээр шийдвэрлэсэн байдлаас харахад нэхэмжлэгчийн “ажлаас халагдахаа огт мэдээгүй” гэсэн тайлбар нотлогдохгүй байна. Энэ нь хариуцагч талын “нэг орон тоо хасагдсан, цөөрсөн” гэх тайлбар няцаагдаж байгаа боловч орон тооны илүүдэлтэй ажиллаж байсан нөхцөл байдлаас үүдэлтэйгээр нэхэмжлэгч өмнө гаргасан алдаа зөрчлөө хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогдоно.

Мөн нэхэмжлэгчид “сонсох ажиллагаа явуулах тухай” мэдэгдлийг хүргүүлж, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гардуулсан болох нь бичгийн нотлох баримт болох сонсон ажиллагаа явуулах тухай мэдэгдлээр нотлогдоно.

Ерөнхий аудиторын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/162 дугаар тушаалаар өгсөн үүргийн дагуу Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын албан хаагчдын шинээр батлагдсан ажлын байрны тодорхойлолтод заасан шалгуур үзүүлэлтийг удирдлага болгон сонгон шалгаруулалт явуулж, Ерөнхий аудиторын дэргэдэх сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус байгууллагад хүргүүлсэн байх бөгөөд Үүнд: “аудитор Б.Пг ажлын байрны тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй гэж үзэж, ажлаас чөлөөлөх нь зүйтэй” гэсэн саналыг танилцуулсан байна.

Хариуцагч тал ажлын байрны тусгай шаардлага хангаагүй гэж үзсэнээ “Б.Птэй холбоотой зөрчлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх, чөлөөлөхтэй холбоотой асуудлыг хэлэлцээд 100 хувийн саналаар чөлөөлөх саналыг хамт олон нь ирүүлсэн, өмнө ёс зүйн зөрчилд холбогдоогүй байхыг тусгай шалгуур болгон авч үзсэн” гэж тайлбарлаж байгаа болно.

Дархан-Уул аймгийн Төрийн аудитын газрын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Ерөнхий аудиторт хүргүүлсэн 460 дугаар албан бичгээр “Б.П нь Дархан-Уул аймгийн Төрийн аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” тухай Төсвийн тухай хуулийг зөрчсөн, сонгуулийн мөрийн хөтөлбөрт аудит хийхдээ хуульд нийцээгүй дүгнэлт гаргаж” хууль зөрчсөн үйлдэл гаргасан гэж ажлаас халах санал хүргүүлж байсан байх ба энэ нь Дархан-Уул аймгийн Төрийн аудитын газарт ажилласан ажлын хэсгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тайлан, Дархан-Уул аймгийн Төрийн аудитын газрын хамт олонтой уулзалт хийсэн тэмдэглэл, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ажлын хэсгийн тайлбар, тус аймгийн Төрийн аудитын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “дүгээр албан шаардлага хүчингүй болгосон” А/01 дүгээр тушаал, даргын зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр хурлын тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог.

Нэхэмжлэгч “... Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газар нь өнөөдрийг хүртэл батлагдсан орон тоогоо хэтрүүлэн ажиллаж байгаа...” гэж тайлбарлаж байгаа бөгөөд эдгээр албан хаагчдийг гэрээт ажилтанаар ажлуулж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, чиглэл өгөх тухай албан бичиг, Аудитын газрын даргын тушаал, гэрчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдана.

Шүүхээс нэхэмжлэгчийг Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын яг ямар албан тушаалд томилуулах шаардлага гаргаж байгаагаа тодруулахыг удаа дараа шаардсан боловч “аудитор”-ын албан тушаалд томилуулах гэж тодруулж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх ёстой бөгөөд одоо тус байгууллага батлагдсан орон тоогоор ажиллаж байгаа тул томилох албан тушаалын орон тоо байхгүй байгаа болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардллагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон   ТОГТООХ нь:

 

1. Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Б.Пгийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдуулан гаргасан “Ерөнхий аудитор Д.Хын 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/251 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, Б.Пг Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, нэхэмжлэгчид 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны олговор олгож мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэхь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.        

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.ЧАНЦАЛНЯМ

                 ШҮҮГЧ                                       М.БАТЗОРИГ

               ШҮҮГЧ                                       Д.ХАЛИУНА