Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 311

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2017/00048/и

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Хайрхан баг, тосгон 1 дүгээр гудамж, 22 тоотод оршин суух Хотгойд овогт Сүхбатын Баяртогтох /РД: ТВ67032800, утас: 9937 9457/-ын нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, “Дулаан шарын гол” ТӨХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Баяртогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

                                                                                                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.Баяртогтох шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Баяртогтох нь тус компанид харуулаар ажилладаг. Гэтэл гүйцэтгэх захирал Б.Энхцэцэг нь энд 5 харуул ажиллах ёсгүй, 4 харуулын орон тоотой учир 1 харуулыг хална гээд харуулын ажилчдын хурал гэдгийг зохион байгуулж ямар ч шалтгаангүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг баримтлан намайг ажлаас халсанд гомдолтой байна. Намайг харуулаар ажилд орсны дараа 2 харуулыг уг ажилд шинээр нэмж авч 5 харуултай болсон нь миний буруу биш. Ур чадварын шалтгалт авсан зүйл байхгүй. Би анх ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээ хийж ажилд орсон.  Би гомдолтой байгаа учир харуулын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Туяа шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэхь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.3 дахь заалтуудыг үндэслэн ажлын зохион байгуулалт, хөдөлмөрийн сахилга батын  хяналт сулруулж,  ажлын  цагийг  үр

бүтээлгүй ашигласан тул 2014 оны 11 дүгээр сарын 26-ны Б/197 тоот тушаалаар ажилд орсноос 2 сар 13 хоногийн дараа хөдөлмөрийн сахилгын сануулах шийтгэлийг ногдуулсан. Мөн ажилд орсноос хойш 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/160 тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ажилд орох өргөдөл гаргасныг Бохир усны төвлөрсөн системийн насосны станцын машинчаар томилсон. Уг ажлын байр, албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа ажлын хариуцлага алдсан баримтуудаас:

1. 2016.02.22-ны 2-р ээлж: Баримт бичгийн хөтлөлтийг буруу хийснээ нууж хуудсуудыг хооронд нь наасан нь баримт бичгийн хөтлөлтийг зөрчсөн.

2. 2016.02.29-ний 1-р ээлж: Ажлын байрны цэвэрлэгээ, үйлчилгээ хийгээгүй, ажлаа худлаа мэдээлж дараагийн ээлжинд хүлээлгэн өгсөн. Мөн худлаа мэдээлсэн баримтаа нуун дарагдуулж, цаас нааж, ээлж авсан ажилтны гарын үсгийг дууриалган зурсан нь баримт бичгийн хөтлөлтийг зөрчсөн.

3. 2016.04.05-ны 1-р ээлж: Ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээ хийгээгүй, ээлжээ хүлээлцээгүй, диспечерт мэдээ өгөөгүй, бохир цуглуулах резервуар хариулсан нь ажлын байр орхиж явсантай холбоотой гэж цахилгаанчин, засварчдын үзлэг шалгалтаар тоног төхөөрөмж хэвийн ажиллаж байсан нь тогтоогдсон, өөрийнх нь хариуцлага алдсан тухай тэмдэглэгээтэй ажил хүлээлцэх журнал алдагдсан нь ажилтан Ш.Отгонбаатараар авахуулж устгасан нь тодорхой байгаа, үйлдвэрлэлийн жигд ажиллагааг алдагдуулахад хүргэж, албаны баримт бичгийн хөтлөлтийг дураараа өөрчилж, мэдээ, мэдээллийг худлаа мэдээлж байсан зэрэг нь хөдөлмөрийн гэрээ цуцлах хэмжээний хариуцлага алдсаар байтал ямар ч арга хэмжээ авагдаагүй нь дур зоргоороо байсныг гэрчилж байна. С.Баяртогтох нь удаа дараа ажлын хариуцлага алдсан боловч тухайн үеийн удирдлагын шийдвэрээр харуулаар ажиллаж байсан Х.Арипыг өөр ажлын байранд шилжүүлж, С.Баяртогтоход ажлын байр гаргаж харуулаар ажиллах тушаалыг 2016.04.07-ны өдөр гаргуулж гэрээ хийсэн. 5, 6, 9 саруудад хурууны хээгээр цагаа бүртгүүлсэн бүртгэл байхгүй, 10 сарын 08, 21, 22, 28, 29, 11 сарын 7, 29-ний өдрүүдэд хурууны хээгээр цагаа бүртгүүлээгүй, 2016.06.20-ны 2-р ээлж, 28-ны 2-р, 26-ны 2-р ээлжинд хувийн шалтгаанаар ажилдаа гараагүй, 2016.06.20-ноос 08 сарын 20-ныг хүртэл 2 сарын чөлөө авсан, мөн 2016.08.22-ноос 8 хоногийн чөлөө авсан, 2016.09.07-ны 2-р ээлж, 19-ний 2-р ээлжийг харуул дотроо зохицуулж Л.Нарантуяа гарсан, 09.30-ны 1-р ээлжинд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилд гараагүй, 2016.10.01-ний 2-р ээлжинд хувийн шалтгаанаар ажилд гараагүй, 2016.10.29-ний 2-р ээлж харуулын хараа хяналтыг сулруулж шинэ хуучин конторын хэрэглээний хүйтэн ус хөлдсөнийг дараагийн ээлжинд мэдэгдээгүй буусан, дараагийн ээлж ажлаа дутуу хүлээж авч хэвийн жигд ажиллагааг алдагдуулсан тул хариуцлага хүлээлгэж 10 сарын шагналт цалинг хасаж арга хэмжээ авсан.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төлөөлөн удирдах зөвлөлд шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, орон тоог бууруулах зарчим баримтлан компанийн бүтцийг оновчтой болгон баталж хэрэгжүүлэх чиглэл ирсэн. 2016.10.28-ны өдөр төлөөлөн удирдах зөвлөл “Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” 06 тоот тогтоол гарсан. Тогтоол гарсантай холбогдуулан Захиргаа аж ахуйн албаны бүтэц зохион байгуулалтан дээр орон тооны асуудал ярих шаардлага гарсан. 2015 оны Захиргаа аж ахуйн албаны орон тоог 4 харуултай байна гэж баталсан байдаг. 2016 оны зуны засвар тохижилтын ажлаар тусах ажилтнаар 1 орон тоо илүү үүсгэж авсан. 09 дүгээр сарын 15-нд зуух галлах үеэр дотоод зохион байгуулалт хийж байгууллага дотор зохицуулалт хийнэ гэсэн. Тухайн үеийн удирдлага ямар нэгэн арга хэмжээ аваагүй ажлаа өгснөөс энэ илүү орон тооны асуудал үүдэлтэй. Компанийн удирдлага солигдож, илүү орон тоог чөлөөлөх үүрэг даалгавар өгч харуулуудад миний бие танилцуулж, ажлын үзүүлэлтээр асуудлыг шийднэ гэж анхааруулсан. С.Баяртогтох нь хариуцсан ажилдаа яаж хандаж байсан нь дээрх баримтуудаас тодорхой харагдаж байна. ... Дуртай ажилдаа гардаг, дургүй үедээ ямар нэгэн гачигдал, зовлон тоочиж чөлөө аваад алга болдог. Уг ажилтны амьдрал ахуй, ар гэрийн байдлыг харгалзаж цалинг байнга бүтнээр нь өгч дэмжиж тусалж ажиллаж байсан. Зүгээр ажлаа хийж яваа хүнийг дарамталж, эрх мэдлээ ашиглаж ажлаас халах хүсэлт гаргаагүй. Шударга зарчмыг баримтлан хамт ажилладаг ажилтнуудын саналыг харгалзан үзэж ажлаас чөлөөлөхөөр тодорхойлсон. С.Баяртогтох нь гаргасан тодорхойлолтын талаар ямар нэгэн тайлбар хэлээгүй тул зөвшөөрч байна гэж үзсэн.

С.Баяртогтох нь ажилд орсон өдрөөс хойш маш олон удаагийн ажлын хариуцлага алдсан асуудал байгаа, ажлаа цаг хугацаанд нь хийдэггүй, ажил хүлээлцдэггүй, цаг ашиглалт муу, өмнө нь ажил хийж үзээгүй, тэр бүгдийг нэгтгээд хамт ажилладаг 5 хүнтэйгээ зөвшилцөж байж шударга зарчмын хүрээнд шийдвэр гаргасан гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                               ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Баяртогтох нь хариуцагч “Дулаан шарын гол” ТӨХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, харуулын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хариуцагч “Дулаан шарын гол” ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ “С.Баяртогтох нь “удаа дараа ажлын хариуцлага алдсан” учраас ажлаас халсан нь хууль зөрчөөгүй гэж маргана.

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар зохигчид маргаанаа эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй. Иймд уг гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул шүүх харьяаллын дагуу нэхэмжлэлийг хүлээн авч хэлэлцэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

Иргэн бүр хөдөлмөрлөх журамт үүргээ биелүүлэхдээ ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэй гэж Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4, Арван долдугаар зүйлийн 2-т заасан.

Ажил олгогч “Дулаан шарын гол” ТӨХК нь ажилтан Б.Баяртогтохыг 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/74 тушаалаар харуулын үүрэгт ажилд томилж /хх 33/, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан /хх 34/, зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна.

Ажил олгогч “Дулаан шарын гол” ТӨХК нь батлагдсан бүтэц, ажилчдын орон тооны дагуу ажилтнаа өөрөө сонгож, хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхтэй ч ажилтны хөдөлмөрийн харилцааг цуцалж, дуусгавар болгосон үндэслэл, эрхийн акт нь хуульд нийцсэн байх ёстой.

Хэрэв ажилтан ажлаас буруу халагдсан гэж үзвэл ажил олгогчийн шийдвэрийг гардаж авсан, эсхүл ажил хүлээлцсэн сүүлийн өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдлоо гаргах эрхтэй болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2., 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан.

Нэхэмжлэгч Б.Баяртогтох нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцласан шийдвэрийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гардан авч, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд хандсан нь хуулийн хугацааг хэтрүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан “Дулаан шарын гол” ТӨХК-ийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/202 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2., Захиргаа, аж ахуйн албаны даргын тодорхойлолтыг баримтлан харуул С.Баяртогтохын хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Захиргаа, аж ахуйн албаны 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлийн дагуу ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон тогтоогдсон тул хамт олны хурлаар хэлэлцсэн, удаа дараа ажлын хариуцлага алдсан гэсэн үндэслэлийг заажээ.

Ажилтан ажил албан тушаалдаа тэнцэхгүй болохыг тогтоосон гэх “Дулаан шарын гол” ТӨХК-ийн Захиргаа аж ахуйн албаны 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд харуул Б.Алтанхүрэлхуяг, М.Саулет, Л.Нарантуяа, Т.Сувдаа, С.Баяртогтох нарын бүрэлдэхүүнтэй “илүү орон тоог чөлөөлөх тухай” хэлэлцэж, хуралд оролцсон ажилтнуудын санал, ажилтан С.Баяртогтох нь удаа дараа ажлын байранд хариуцлага алдаж, мэдээ мэдээллийг худлаа дамжуулж байгууллагын хэвийн жигд ажиллагааг алдагдуулж байсныг үндэслэн илүү орон тоонд ажиллуулахгүй байхаар шийдвэрлэв гэжээ. /хх 46/

Мөн “Дулаан шарын гол” ТӨХК-ийн Захиргаа, аж ахуйн албаны дарга Г.Туяагийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тодорхойлолтод “... харуул С.Баяртогтох нь 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс ус дулааны ариутгах, татуургын албанд бохир усны төвлөрсөн системийн насосны станцын машинчийн ажилд томилогдон ажиллаж байхдаа бохир ус халиулж, диспетчерт мэдээ өгөөгүй ажлаас бууж байсан. Уг ажилтан нь тоног төхөөрөмж дээр ажиллах ур чадвар, зохих мэдлэггүй, ажлын туршлагагүй байдлыг нь харгалзаж 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс ЗАА-н албаны харуулын үүрэгт ажилд томилогдон ажиллаж байгаад 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 2 сарын чөлөө авч 09 дүгээр сарын 01-нд ажилдаа орсон. 10 дугаар сарын 29-ний 2 дугаар ээлжинд графикийн дагуу ажилд гарч байхдаа харуулын хараа хяналтыг сулруулж, ажлын байрны эргэлт хийгээгүйн улмаас шинэ, хуучин конторын хэрэглээний хүйтэн ус хөлдөснийг дараагийн ээлжинд мэдэгдээгүй, диспетчерт худлаа мэдээ өгч удаа дараа ажлын хариуцлага алдсан зэрэг нь үйлдвэрлэлийн хэвийн жигд ажиллагааг алдагдуулахад хүргэсэн нь цаашид ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон нь хамтран ажиллах боломжгүйг нотлож байна. Иймд дээрх үндэслэл, хамт олны саналыг харгалзан 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээг цуцалж өгөхийг тодорхойлов гэжээ. /хх 47/

Дээрх хурлын тэмдэглэл, тодорхойлолтоос үзэхэд ажил олгогч “Дулаан шарын гол” ТӨХК нь ажилтан Б.Баяртогтохыг албан тушаалдаа тэнцэх эсэхийг шалгасан үйл баримт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэсэн заалтын агуулгад нийцээгүй байна.

Тухайлбал, хариуцагч “Дулаан шарын гол” ТӨХК-ийн ажил олгогч эрх бүхий этгээд ажилтнаас ур чадвар, мэргэжлийн хувьд уг албан тушаалд тэнцэх эсэхийг тогтоохдоо ажлаас халах зорилгогүйгээр, 5-9 хүний бүрэлдэхүүнтэйгээр мэргэжлийн комисс байгуулан ажиллуулах тушаал гаргах ба комисс нь шалгалт авах журмыг боловсруулан ажилтанд нэг сараас доошгүй хугацааны өмнө урьдчилан мэдэгдэж зохих бэлтгэлийг хангуулсан байх ёстой.

Гэтэл ажил олгогч “Дулаан шарын гол” ТӨХК-аас ажилтан С.Баяртогтохыг “графикийн дагуу ажилд гарч байхдаа харуулын хараа хяналтыг сулруулж, ажлын байрны эргэлт хийгээгүйн улмаас шинэ, хуучин конторын хэрэглээний хүйтэн ус хөлдсөнийг дараагийн ээлжинд мэдэгдээгүй, диспетчерт худлаа мэдээ өгч, удаа дараа ажлын хариуцлага алдаж, үйлдвэрлэлийн хэвийн жигд ажиллагааг алдагдуулахад хүргэсэн, баримт бичгийн хөтлөлтийг буруу хийсэн, ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээг хийгээгүй, хурууны хээгээр цагаа бүртгүүлээгүй болох нь ээлжинд хийгдсэн ажлын бүртгэлийн дэвтэр /хх  15/, харуулын ажиллах цагийн хуваарь /хх 36, 37, 39/, “Дулаан шарын гол” ТӨХК-ийн ТУЗ-ын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаартай “Компанийн ажиллах орон тоо, бүтэц, зохион байгуулалтын төсөл батлах тухай” тогтоол, хавсралтын хамт /хх 41, 42/, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн чиглэл хүргүүлэх тухай албан бичиг /хх 43/, “Дулаан шарын гол” ТӨХК-ийн ТУЗ-ын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаартай “Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тогтоол, хавсралтын хамт /хх 44/, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хамт олны хурлын тэмдэглэл /хх 46/, Захиргаа аж ахуй албаны даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тодорхойлолт /хх 47/ зэргээр тогтоогдсон гэж тайлбарлаж байна.

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгчийг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байгаа боловч ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлтийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй, нотолж чадаагүй болно.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлээгүй бөгөөд Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас халах болсон үндэслэлтэй тохирохгүй байна гэж үзлээ.

Иймээс нэхэмжлэгч С.Баяртогтохыг “Дулаан шарын гол” ТӨХК-ийн харуулын ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин, түүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

            Хэрэв нэхэмжлэгч С.Баяртогтохын урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэйг дурьдав.

            Тухайн нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөл тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг. Харин нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд хариуцагч нь төсвийн байгууллага мөн эсэхээс үл хамаарч улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулдаг тул хариуцагч “Дулаан шарын гол” ТӨХК-иас 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Баяртогтохыг “Дулаан шарын гол” ТӨХК-ийн харуулын ажилд эгүүлэн тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Баяртогтох нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Дулаан шарын гол” ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.БАТЧИМЭГ