Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 424

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.Б, 

Хариуцагч: Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Хууль, зүй дотоод хэргийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/51 тоот тушаалыг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, цэргийн алба хаасан хугацааг тасралтгүйгээр тооцуулж, эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Д.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н,  нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Ж.Б 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/51 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, учруулсан хохирол болон ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, ажилласан жилийг тасралтгүйгээр тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа. 

Нэхэмжлэгч нь 18 нас хүртэл цэргийн алба 2 жил хааж, 1990 онд Цагдаагийн ерөнхий газарт ажиллаж эхэлснээс хойш Тагнуулын ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг төрийн тусгай хууль хамгаалах байгууллагад цагдаагийн байгууллагаас эхлэн газар хэлтсийн дарга зэрэг албан тушаалуудад тасралтгүй 27 жил алба хашиж, Монгол улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, албаны ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ажиллаж ирсэн. 

Мөн нэхэмжлэгч нь хамгийн сүүлд Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А78 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргын албан тушаалд Монгол улсын Засгийн газрын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу томилогдсон. Өнгөрсөн хугацаанд ажил байдлын тодорхойлолт болон үр дүнгийн гэрээ, холбогдох хууль тогтоомжид заасан чиг үүргийг зохих ёсоор бүрэн хэрэгжүүлж гүйцэтгэн ажиллаж байсан атал, Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/51 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн учир нэхэмжлэл гаргаж байгаа.   

Мөн уг тушаал нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байгаа учир үүнийг хүчингүйд тооцох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 23-26 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх халах үндэслэлүүдийн аль алинд нь хамааралгүй байгаа. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 261 дүгээр зүйлд “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага нь 2 дэд даргатай байна” гэж заасан. Хууль зүй дотоод хэргийн сайд нь дээр дурдсан А/78 тоот ажилд томилох тухай тушаалыг гаргахдаа уг заалтыг баримталсан. 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/51 тоот нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргахдаа Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 183.3-т “...Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 351 дүгээр зүйлд заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар томилж, чөлөөлнө” гэж заасныг үндэслэсэн. Гэтэл Хууль зүйн сайд уг тушаалыг гаргахдаа агентлаг 1-ээс илүүгүй орлогч даргатай байх ёстой гэж үзэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргахдаа н.Дамдинцэрэнг томилсон нь ажлаас чөлөөлсөн тушаалыг өөрөө үгүйсгэж байна гэж ойлгож байна.  

Мөн сайд нь Б/51 тоот тушаалыг гаргахдаа Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтэд үндэслээгүй нь  өөрийн хэрэглэсэн хуулийн процедурыг шууд зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал Хууль зүйн дотоод хэргийн сайд нь Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 183.3-т заасныг хэрэгжүүлэхдээ өөрийн баримтлах ёстой заалт болох төрийн албаны төв байгууллагын дүгнэлтийг харгалзана гэснийгээ хэрэгжүүлээгүй атлаа илүү нарийвчилсан зохицуулалт буюу төрийн тусгай албаны үйл ажиллагааг шууд журамлан зохицуулсан салбарын нарийвчилсан хууль болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 261 дүгээр зүйлийг хэрэглэлгүй хууль буруу хэрэглэсэн зөрчил гаргасан. 

Мөн Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлаас чөлөөлөх үндэслэл нөхцөл бүрдээгүй байхад, ажлаас чөлөөлөхөд баримтлах хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тушаал үйлдсэн гэв. 

Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад “...иргэн Ж.Бд утсаар мэдэгдсэн боловч ирээгүй” гэж тайлбар хийдэг. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлд 95.2-т заасны дагуу өргөдөл гаргасан этгээд хүрэлцэн ирээгүй бол түүний оролцоогүйгээр гомдлыг хянан шалгаж болох тухай зохицуулалт байгаа. Гэтэл түүнийг байхгүйд шийдвэрлээгүй ба хугацааны хувьд заавал шүүхэд нэхэмжлэл гаргаснаар энэ хэргийг шийдвэрлэж болохгүй гэсэн асуудал биш.  

Нөгөө талаар уг гомдлыг заавал Төрийн албаны зөвлөлд гаргах шаардлагатай эсэхийг харгалзан үзэж бид шүүхэд хандсан гэв. 

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Билгүүн, Б.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлд өргөдөл өгсөн байгаа. Хууль зүйн дотоод хэргийн яамны төрийн албаны салбар зөвлөлөөр уг асуудлыг хянан шийдвэрлэх гээд одоог хүртэл шүүхэд хянагдаж байгаа учир шийдвэрлэгдээгүй байгаа. Анх нэхэмжлэгчийг чөлөөлсний дараагаар Хууль зүйн дотоод хэргийн сайд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад бүтцийн өөрчлөлт хийх үүрэг өгсөн байдаг. Гэхдээ үүний дараа нэхэмжлэгчид ажил өгөөрэй гэсэн байдаг. Уг асуудлыг итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Билгүүн сайдаас өгсөн чиглэлийн дагуу хандсан байдаг. Мөн нэхэмжлэгчийг ажилд томилох асуудалд комисс байгуулагдсан байгаа тул та хүрэлцэн ирнэ үү гэж миний хувьд удаа дараа хандаж байсан хэдий ч ойлголцоогүй. Мөн ажлын байрны чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Одоогийн байдлаар дэд дарга гэсэн дан албан тушаал байхгүй байгаа. 

Мөн Хууль зүй дотоод хэргийн сайд Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцохдоо “... мэргэжлийн хүнийг албан тушаалд томилно” гэсэн байдаг. Иймээс үүнийг зөвөөр ойлгоорой. Улс төрийн талаас нь хэлээгүй. Мөн нэхэмжлэгч нь ажлын туршлагатай боловч шийдвэр гүйцэтгэлийн чиглэлээр мэргэшээгүй.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан үндэслэл журмын дагуу Төрийн албаны салбар зөвлөлд гаргасан өргөдлийг шийдвэрлэх боломжоор хангаж өгөхийг хүсэж байна гэв. 

Дөрөв. Гуравдагч этгээд Д.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн хариуцагчийн гаргасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан хүсэлтийг дэмжиж байгаа учир шүүхээс уг хүсэлтийг хангасны дараагаар уг захиргааны хэргийг шийдвэрлүүлэх саналтай байна. Учир нь маргаан бүхий тушаал нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гарсан. Гэтэл нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Төрийн албаны зөвлөлд өргөдлөөр хандсан ба ямар нэгэн хариу гараагүй байхад 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Иймээс шүүх Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдлыг шийдвэрлээгүй байхад нь хэргийг авч шийдвэрлэх нь өөрөө процессын ноцтой алдаа юм. Иймээс хариуцагчийн хүсэлтийг хангах нь зүйтэй байх. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т 30 хоногийн дотор шийдвэрлэх ба шаардлагатай бол 30 хоногоор сунгах зохицуулалт байгаа. Энэ хугацаа дуусаагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан учир хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангах зайлшгүй шаардлагатай байна. 

Мөн Давж заалдах шатны шүүх хэзээ гомдол гаргасан болон хэрхэн шийдвэрлэсэн зэргийг тогтоосны үндсэн дээр хэргийг авч хэлэлцэх боломжтой гэж шийдсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Хууль,зүй дотоод хэргийн сайдын 2017 оны 11 сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/51 тоот тушаалыг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Дэд даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, учруулсан хохирол болон ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийлгүүлэх” гэж тодорхойлж байгаад “Хууль,зүй дотоод хэргийн сайдын 2017 оны 11 сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/51 тоот тушаалыг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, цэргийн алба хаасан хугацааг тасралтгүйгээр тооцуулж, эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах” гэж тодруулсан болно.

 Хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргээс үзэхэд Хууль зүй, дотод хэргийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн  А/78 дугаар тушаалаар Жанжаа овогтой Батсайханыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэлийн асуудал эрхэлсэн дэд даргаар томилж, тус сайдын 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/51 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөл болон шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт болжээ. 

Нэхэмжлэгч тал “Хууль зүй, дотоод хэргийн сайдын Б/51 тоот тушаал нь  Төрийн албаны тухай хуулийн 23-26 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх, халах үндэслэлүүдийг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 261 дүгээр зүйлийн  “шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага 2 дэд даргатай байна” гэж заасныг зөрчиж, Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлаас чөлөөлөх үндэслэл, нөхцөл бүрдээгүй байхад ажлаас чөлөөлсөн нь хуулиар тогтоосон журмыг зөрчсөн” гэж хариуцагч тал “Шийдвэр гүйцэтгэх алба хариуцсан дэд даргын чиг үүрэгт: шийдвэр гүйцэтгэх алба, хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, хяналт шалгалтын хэлтэс багтаж байсан бөгөөд энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуультай зөрчилдөж, 2 дэд дарга нарын ажил үүргийн хуваарь өөр хоорондоо давхардал ихтэй, улмаар иргэдэд үйлчлэх төрийн байгууллагын шат дамжлага ихтэй болсон байсан тул тус байгууллагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тоог шинэчлэн баталж дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны  дарга байхаар нэгтгэн зохион байгуулж хууль журамд нийцүүлэн баталж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Быг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй” гэж  маргаж байгаа болно.     

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар дүгнэлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Ажилд  томилох тухай” А/78 дугаар тушаалаар Ж.Быг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэлийн асуудал эрхэлсэн дэд даргаар томилж,  цэргийн “хурандаа” цол олгожээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шинэчлэн батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөхөөр хуульчлагдсан тул  Хууль зүй, дотоод хэргийн  сайдын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтэцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай”  А/198 дугаар тушаал баталж, мөн сайдын 2017 оны 07 дугаар  сарын 27-ны өдрийн А/199 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхи йгазрын Тэргүүн дэд дарга, дэд дарга нарын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох А/198, А/199 дүгээр тушаалуудаар нотлогдож байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Ажлын байрны тодорхойлолт шинэчлэн батлах тухай” А/199 дүгээр тушаалаар батлагдсан дэд даргын ажлын байрны тодорхойлолтод  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргыг албан тушаалын зэрэглэл ТТ-17,  Ажлын байрны шууд харъяалан удирдах албан тушаал: Шийдвэр гүйцэтгэх алба, хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, хяналт шалгалтын хэлтэс оржээ. Ажлын байранд тавигдах чухал шаардлагад: магистраас доошгүй зэрэгтэй байхаар, эрх зүйч мэргэжилтэй, удирдлагын чиглэлээр мэргэшсэн, Төрийн тусгай албанд 10-аас доошгүй жил, үүнээс удирдах  албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан байх мөн Төрийн удирдлагын менежер мэргэшилийг шаардлагатай үзүүлэлтэд хамруулжээ.

Мөн хууль зүй, дотоод хэргийн  сайдын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр  “Ажлын байрны тодорхойлолт шинэчлэн батлах тухай” А/303 дугаар тушаалаар  батлагдсан  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэх албаны даргын ажлын байрны тодорхойлолтоор албан тушаалын зэрэглэл ТТ-17,  ажлын байрны шууд харъяалан удирдах албан тушаалд: шийдвэр гүйцэтгэх алба, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба харъяалахаар, чухал шаардлагатай болон шаардлагатай үзүүлэлтүүд хэвээр батлагдсан байна.

Ж. Батсайхан нь 1990 оноос хойш  Монгол Улсын  Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт  газар хэлтсийн дарга, дэд даргаар тасралтгүй 27 жил ажилласан, дэд докторын зэрэгтэйгээс үзэхэд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/199, мөн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/303 дугаар тушаалаар батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Дэд дарга бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын ажлын байрны тодорхойлолтод заасан үзүүлэлтийг хангажээ.

Дээрх ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх асуудал эрхэлсэн дэд даргын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн болох нь тогтоогдож байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар нэхэмжлэгчийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах боломжтой байжээ.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны стратеги, зохион байгууллалтын бүтцийн  өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/293 тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зохион байгууллалтын ерөнхий бүтцээр  Дэд дарга бөгөөд  Шийдвэр гүйцэтгэх албаны дарга-1, Дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга-1 байхаар батлагдсан байна.

Хариуцагч талаас “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/293 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Шинэчлэн батлагдсан бүтцээр чиг үүргийн давхардал, хийдлийг арилган Дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга байхаар нэгтгэн зохион байгуулж Ж.Быг үүрэгт ажлаас чөлөөлж, зохион байгуулалтын бүтцийг өөрчилсөн нь хууль зөрчөөгүй, түүний эрхэлж байсан ажил, албан тушаал хүчингүй болсон” гэж тайлбар гаргаж байгаа боловч Ж.Быг үүрэгт ажлаас нь чөлөөлсний дараа Хууль зүй, дотоод хэргийн сайдын  2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн  А/293 дугаар тушаал гарч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүтэц орон тоог шинэчлэн баталжээ.            Мөн Монгол Улсын Засгийн газрын тухай  хуулийн 183 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол агентлаг нэгээс илүүгүй орлогч даргатай байна. Агентлагийн орлогч даргыг төрийн албаны төв байгууллагын дүгнэлтийг харгалзан сайд томилж чөлөөлнө” гэж заасныг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/51 дүгээр тушаалаар Ж.Быг ажлаас чөлөөлжээ. Дээрхи хуулийн заалтын “Хуульд өөрөөр заагаагүй бол...” гэдгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 261 дүгээр зүйлийн  261.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага нь дарга, тэргүүн дэд дарга, хоёр дэд даргатай байна” гэсэн илүү нарийвчилсан хуулийн заалтыг хэрэглэхээр байна. Мөн хариуцагч дээрх хуулийн “... төрийн албаны төв байгууллагын дүгнэлтийг харгалзаж томилж чөлөөлнө” гэсэн заалтын хэрэгжүүлээгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 24.1.2-д “төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн”, 24.1.3-д “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” бол гэсэн үндэслэлээр  төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөхөөр зааж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн  27.2.2-д “Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, мөн энэ хуульд заасан улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх нь төрийн жинхэнэ албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх” гэсэн баталгаагаар хангажээ.

Төрийн албаны тухай хуулийн 39.1-т “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан”,  39.1.1-т “энэ хуулийн 17.2, 19.2, 23, 25, 26 дугаар зүйлд заасан асуудлаар төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн өөрийнх нь гаргасан маргаан”, 39.1.2-д “Энэ хуулийн 35.1.6-д заасны дагуу томилогдсон буюу чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтан, уг албан тушаалд нэр дэвшигчийн өөрийнх нь гомдлоор үүссэн маргаан”, 39.1.3-д “төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргаан”-ыг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэхээр зааснаас үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлээ шүүхэд шууд гаргах эрхтэй гэж үзэхээр байна.

Мөн нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Төрийн албаны зөвлөлд хандаж өргөдөл гаргаж, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2017 оны 12 дугаар сарын 28-ны  өдөр өргөдлийг шилжүүлжээ. Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн  01 дүгээр тогтоолоор маргаан хянан шалгах комисс байгуулсан байх ба “Ж.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй” гэсэн  шалтгаанаар өнөөдрийг хүртэл өргөдлийг шийдвэрлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

  Дээрх үндэслэлүүдээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/51 дүгээр тушаалыг хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзээд хүчингүй болгон шийдвэрлэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.  

Нэхэмжлэгчийн албан тушаалын шатлалын үндсэн цалин 864.710 төгрөг, бусад нэмэгдлүүдийг тооцож, нийгмийн даатгалын шимтгэл, ашгийг хасч тооцож 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан 7 сар 14 хоногийн цалин 10.321.452 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгохоор шийдвэрлэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч нь ажилгүй байсан дээрх хугацаанд ажилтны цэргийн алба хаасан хугацааг тасралтгүйгээр тооцож, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийх үүрэгтэйг шийдвэрийн тогтоох хэсэгт дурьдах нь зүйтэй.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

    1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2, 27.2.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ж.Бы  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын  Дэд дарга буюу Шийдвэр гүйцэтгэх албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 11 дугаар  сарын 14-ний  өдрөөс шүүхийн  шийдвэр гарсан  2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх  7  сар  14 хоногийн цалин 10.321.452 төгрөгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл цэргийн алба хаасан хугацааг тасралтгүйгээр тооцож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгасугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                   Д.ЧАНЦАЛНЯМ