Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/01543

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/00492 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1224 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “С И” ХХК-д холбогдох,

2010 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 10/18 тоот гэрээ, 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 12/18 тоот гэрээ, 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 15/020 тоот гэрээний дагуу нийлүүлсэн интернэт урсгалын төлбөрт 3 483 989 416 төгрөг, алдангийн төлбөрт 1 088 322 851 төгрөг, нийт 4 572 311 997 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн “С И” ХХК, “Ж” ХХК-ийн хооронд байгуулагдсан Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 10/18 тоот, 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 12/18 тоот, 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 15/020 тоот гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигсүрэн, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“С И” ХХК нь “Ж” ХХК-тай 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан интернэтийн бөөний үйлчилгээг авч эхэлсэн бөгөөд энэхүү үйлчилгээг №12/18, ЖН-15/020 дугаартай гэрээнүүдээр үргэлжлүүлэн сунгасан юм. 

“С И” ХХК нь интернэтийн бөөний үйлчилгээ авч байх хугацаандаа интернэтийн урсгалын хүчин чадлыг нэмэгдүүлж авах хүсэлтийнх нь дагуу урсгалыг нэмэгдүүлж, “С И” ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн явсаар ирсэн. “С И” ХХК нь “Ж” ХХК-тай 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээгээр “Ж” ХХК нь интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх, “С И” ХХК тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн ба 1 сарын үйлчилгээний төлбөр 100 мб/с хэмжээтэй, НӨАТ-тай 13 200 000 төгрөгөөр тохирсон.

Хариуцагчаас 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд 4 удаагийн шилжүүлгээр нийт 52 800 000 төгрөгийг шилжүүлснээс өөр төлбөр төлөгдөөгүй, …нийт 1 307 344 256 төгрөгийн үлдэгдэлтэй.

Дээрх гэрээний үйлчлэл үргэлжилж байсан тул 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр №12/18 дугаартай гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулж, мөн гэрээний аль нэг талаас цуцлах санал гаргаагүй тохиолдолд дахин 1 жилээр сунгахаар, үйлчилгээний 1 сарын төлбөр 400 мб/с хэмжээтэй, 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл НӨАТ-тай дүн 44 000 000 төгрөг байхаар, 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс НӨАТ-тай дүн 77 000 000 төгрөг байхаар тохирсон.

Гэрээний үйлчлэх хугацаа 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд байх ба төлбөр төлөх дүн ...нийт 1 969 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй.

2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ЖН-15/020 дугаартай гэрээ байгуулан сунгаж манай компаниас интернэтийн бөөний үйлчилгээ авсаар байсан ба 1 сарын төлбөр 455 мб/с хэмжээтэй, НӨАТ-тай 50 050 000 төгрөг төлөхөөр үйлчилгээ авч, 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 77 000 000 төгрөг болгож өөрчилсөн. 

2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хооронд хэмжээ 455 мб/с, 1 сард НӨАТ-тай 50 050 000 төгрөг гэхээр нийт 100 100 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хооронд хэмжээ 736,84 мб/с, 1 сард НӨАТ-тай 77 000 000 төгрөг гэхээр 9 cap 22 хоног *77 000 000 төгрөг, нийт 747 645 161 төгрөг, нийт 847 745 161 төгрөгийн үлдэгдэлтэй. 

2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хооронд хариуцагчаас төлөх ёстой 2 816 745 161 төгрөгөөс “С И” ХХК нь 640 100 000 төгрөг төлж, үлдэгдэл 2 176 645 161 төгрөг төлөөгүй. Энэ хугацаанд буюу 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр №12/18 дугаартай гэрээний төлбөр 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 1 560 000 000 төгрөгийг “С И” XXК төлж барагдуулахаар төлбөр барагдуулах гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдөөгүй байна. 

Гэрээний 1.4-т зааснаар алданги төлөх боловч алдангийн дүн нь нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул алданги 780 000 000 төгрөг болно. Өөрөөр хэлбэл төлбөр барагдуулах гэрээ байгуулснаас хойш 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэл интернэтийн бөөний үйлчилгээ авч байсан хугацааг оруулан тооцоход 2 176 645 161 төгрөгийн үлдэгдэлтэй болж байгаа юм. 

Иймд “С И” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч А.Энхбат болон тус компаниас 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хооронд үргэлжилсэн интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу төлөх үндсэн төлбөрт 3 483 989 416 төгрөг, алданги /үндсэн төлбөрийн 30 хувь/ 1 088 322 851 төгрөг, нийт 4 572 311 997 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

“С И” ХХК нь 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “Релком” компаниас интернэтийн урсгал авч 4500 хэрэглэгчтэй, алдагдалгүй ажиллаж ирсэн байна. 2010 ны 05 дугаар сарын 01-ны өдрөөс Ц.Цэрэнпунцагийн санал болгосноор Ц.Цэрэнпунцагийн үүсгэн байгуулсан компани болох “Ж” ХХК-ийн интернэтийн урсгалыг ашиглаж эхэлсэн. 

“Ж” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Ц.Цэрэнпунцаг хамтран ажиллах тухай “МАШ НУУЦ” саналыг “С И” ХХК-ийн удирдлага хүлээн авснаар “Ж” ХХК нь урсгалаа үнэгүй нийлүүлж эхэлсэн байна. Энэ албан тоотын 2 дугаарт зааснаар шилэн кабелийн өндөр хурдны интернэтийн үйлчилгээний тоног төхөөрөмжийг худалдан авах зорилгоор иргэн Ц.Цэрэнпунцагаас “С И” ХХК-д хөрөнгө оруулахад үүсэх харилцаа болгон 300 000 000 төгрөгийн хөрөнгө оруулна, оруулсан хөрөнгийн хэмжээгээр компанийн 50 хувь эзэмшихээр Хөрөнгө оруулалтын гэрээ 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан. 

Тус гэрээ, хэлэлцээрийн дүнд “Ж” ХХК интернэт урсгалаа үнэ төлбөргүй өгөх, “Сансар кабель” ХХК зар сурталчилгааг дангаараа явуулж шугам сүлжээ, дэд бүтцээ ашиглуулах, хэрэглэгчдийг татах үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон байна. 

“Ж” ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2 жил 3 сарын хугацаанд 1 304 449 497 төгрөгийн өртөг бүхий урсгал нийлүүлсэн, “Сансар кабель” ХХК 2 534 320 775 төгрөгийн өртөг бүхий зар сурталчилгаа явуулсан байна гэж талууд хамтын ажиллагаагаа дүгнэн таны ирүүлсэн маш нууц гэсэн албан бичгийн дагуу хамтарсан компанийн хоёр талын хамтын ажиллагааны зардал гэж үзэн бие биенээсээ энэхүү зардлыг нэхэмжлэхгүйгээр хаахаар шийдвэрлэж тооцоог дуусгасан протокол үйлдсэн.

“Ж” ХХК-аас 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 1074 тоот албан бичгээр 944 000 000 төгрөг нэхэмжилж, мөн интернэт үйлчилгээг зогсоох тухай албан тоот ирснээр “Ж” ХХК нь хамтын ажиллагааг зөрчиж буй талаар олж мэдсэн. 

“С И” ХХК болон “Ж” ХХК нь анхны тохиролцоог хүчингүй болгох талаар нэг ч удаа санал гаргаж байгаагүй учраас хамтын ажиллагааг өнөөдрийг хүртэл хэвийн үргэлжилж байгаа гэж үзэж байна. 

“С И” ХХК хэрэглэгчдийн эрх ашиг болон хамтын ажиллагааны гэрээ хэлцлийн үүднээс “Ж” ХХК-ийн захирал Ц.Цэрэнпунцаг нь “С И” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор С.Энхбадралыг гүйцэтгэх захирлаар томилж ажиллуулсан. Энэ хугацаанд С.Энхбадрал нь “С И” ХХК-ийн Ерөнхий захирлын зөвшөөрөлгүйгээр хэрэглэгчийн тоо нэмэгдээгүй байхад 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №12/18 гэсэн гэрээ байгуулсан байна.

Мөн “С И” ХХК-иас 2011 оноос 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл cap бүр 200М-Г 800М хүртэл интернэтийн урсгалыг нэмэгдүүлэх тухай албан тоот “Ж” ХХК-д явуулж байсан тухай материалыг хэргийн материалд нэхэмжлэлийн хамт гаргаж өгсөн. Тухайн үед хяналтын зорилгоор ажиллаж байсан С.Энхбадрал нь дээр дурдсан албан тоотуудыг үндэслэлгүйгээр явуулж байсан.

“Ж” ХХК нь “С И” ХХК-тай байгуулсан гэх хуурамч гэрээнүүдээр сүрдүүлж, интернэт үйлчилгээг удаа дараа зогсоож байсан бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр эцсийн байдлаар интернэтийн урсгалыг тасалж бид аргагүйн эрхэнд эцсийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс ЖН-15/020 тоот гэрээнд гарын үсэг зурсан. Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх №10/18, №12/18, ЖН-15/020 тоот гэрээнүүд нь хуурамч гэрээ хэлцлүүд юм.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

...Уг гэрээг “Ж” ХХК, “С И” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагууд бус харин дээрх компаниудад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг, гэрээ хэлцэл хийх эрхгүй, мөн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээдүүд хийсэн байна. Иймд 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 10/18 тоот Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 12/18 тоот Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй.

2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ЖН-15/20 тоот Интернэтийн үйлчилгээ үзүүлэх гэрээг “Ж” ХХК-ийн дэд захирал С.Дэлгэрсайхан, уг гэрээний хавсралт №1, хавсралт №2-ыг 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Бат-Эрдэнэ, хавсралт 2.1 гүйцэтгэх захирал Ц.Бат-Эрдэнэ 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус тус байгуулан баталгаажуулсан байна. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.5, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд зааснаар гэрээний нэг тал болох “Ж” ХХК-ийн дэд захирал С.Дэлгэрсайхан, гүйцэтгэх захирал Ц.Бат-Эрдэнэ нар нь “Ж” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээдүүд юм. 

Иймд Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 10/18 тоот, 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 12/18 тоот, 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 15/020 тоот гэрээг хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Эдгээр гэрээг байгуулах тухайн цаг мөчид С.Дэлгэрсайхан болон Ц.Бат-Эрдэнэ нарыг гүйцэтгэх захирлаар томилсон байсан боловч улсын бүртгэлд бүртгүүлж амжаагүй байсан. Энэ тухай хожим нэмж бүртгүүлсэн бөгөөд холбогдох шийтгэвэр, торгуулиа төлсөн гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/00492 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу хариуцагч “С И” ХХК-аас 2 355 200 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 217 111 997 төгрөгийг болон хариуцагч А.Энхбатад холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 10/18 тоот Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 12/18 тоот Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан ЖН15/020 тоот Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 019 509 төгрөгийг улсын орлогод үлдээн, 11 933 950 төгрөгийг хариуцагч “С И” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгож, “С И” ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 904 825 төгрөгийг улсын орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 3 824 875 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагч “С И” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1224 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/00492 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 079 950 төгрөгийг улсын орлогод үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуяг хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэн, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарахад сөргөөр нөлөөлсөн.

“Ж” ХХК-ийн захирал Ц.Цэрэнпунцаг нь 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Сансар интернет” ХХК-д “Интернет урсгалыг 100 хувь үнэгүй нийлүүлж, үйл ажиллагаанд шаардагдах тоног төхөөрөмжөөр хөрөнгө оруулж тус компанийн 50 хувийн хувьцааг эзэмших тухай” саналыг ирүүлж, улмаар “Сансар интернет” ХХК саналыг хүлээн авснаар талууд 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж хамтран ажиллаж эхэлсэн. Ц.Цэрэнпунцаг захирал нь “Ж” ХХК-д ажиллаж байсан С.Энхбадрал, П.Баянбилэг нарыг гүйцэтгэх захирлаар ажиллуулахыг хүссэн тул “С И” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар тус тус томилогдон ажилласан. Гэтэл дээрх хоёр ажилтан нь компанийн ерөнхий захирал буюу хувьцаа эзэмшигч А.Энхбатад мэдэгдэлгүйгээр, дур мэдэн өөрсдийн ажиллаж байсан “Ж” ХХК-тай 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 10/18, 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 12/18 дугаартай Интернет бөөний үйлчилгээ худалдан авах тухай гэрээг байгуулж, компанийн эсрэг үйл ажиллагаа явуулж байсныг тус маргаан үүсэхэд мэдсэн.

С.Энхбадрал, П.Баянбилэг нар нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан ажилтнууд бөгөөд компаниас тэдэнд итгэмжлэлгүйгээр төлөөлөн бусадтай гэрээ болон аливаа хэлцэл байгуулах эрх олгоогүй болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтуудаар хангалттай нотлогддог. Мөн “Ж” ХХК-ийг төлөөлөн дээрх гэрээнүүдийг байгуулсан С.Дэлгэрсайхан, Ц.Бат-Эрдэнэ нар нь тус компанийг төлөөлөх эрхгүй этгээдүүд бөгөөд уг үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргасны дараа нэхэмжлэгч нөхөж улсын бүртгэлд бүртгүүлснийг шүүх Ц.Цэрэнпунцаг нь төлөөлөх эрхгүй этгээдүүдийн байгуулсан хэлцлийг дэмжиж, зөвшөөрсөн гэж үзсэн нь учир дутагдалтай бөгөөд энэ үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэл муутай байна.

Нөгөөтэйгүүр шүүх дээрх байдлаар “Ж” ХХК-ийн төлөөлөх эрхгүй этгээдүүдийн хэлцлийг эрх бүхий этгээд дэмжсэн тул хүчин төгөлдөр гэж үзсэн атлаа “С И” ХХК-ийн төлөөлөх эрхгүй этгээдүүдийн хийсэн хэлцлийг эрх бүхий этгээд дэмжиж, зөвшөөрөл өгөхөөс татгалзсан үйл баримтын талаар дүгнэлт хийлгүй орхигдуулж хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан.

...“С И” ХХК-ийн хэрэглэгчийн тоо огт өсөөгүй байхад гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Энхбадрал нь “Ж” ХХК-тай нууцаар байгуулсан Интернетийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээгээ үндэслэн удаа дараа интернетийн урсгалыг нэмэгдүүлэн худалдан авах албан бичгүүдийг явуулж байсан, тус гэрээ нь нэг өдөр гурван өөр төрлийн үнийн дүнтэй байгуулагдсан зэрэг нөхцөл байдлыг шүүх анхааран үзэлгүй гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь дээрх хууль бус гэрээнүүдийг үндэслэн их хэмжээний төлбөр нэхэж “хэрэв төлөхгүй бол интернет үйлчилгээгээ тасалж компанийн үйл ажиллагааг чинь зогсооно” гэж сүрдүүлж улмаар 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 15/020 дугаартай гэрээг хүч хэрэглэн хийсэн. “Сансар интернет” ХХК нь өөрийн үйл ажиллагааг тасалдуулах нь олон тооны хэрэглэгчдээ алдаж, цаашид компани оршин тогтноход эрсдэлтэй байсан учир Ц.Цэрэнпунцагийн шахалтад орж дээрх гэрээг байгуулахаас өөр аргагүйд хүрч нэхэмжилсэн төлбөрийг боломжоороо төлж ирсэн.

Иймд хэргийг бүхэлд нь хянаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигсүрэн болон өмгөөлөгч Л.Мөнхтөр нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан болон давж заалдах шатны шүүх тухайн үеийн 2 талын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг үнэлэхдээ худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэж хуулийг буруу хэрэглэсэн. “Ж” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Цэрэнпунцаг 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, энэ гэрээний дагуу “Ж” ХХК-иас хөрөнгө оруулалтаар нийт 381 980 515 төгрөг бэлнээр болон дансаар “С И” ХХК-д оруулж түүгээр тоног төхөөрөмж, эд хогшил, зарим төрлийн зардлыг санхүүжүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хавтас хэрэгт мөнгө шилжүүлсэн баримтууд авагдсан байгаа болно. Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж хөрөнгө оруулалтын мөнгө удаа дараа шилжүүлсэн үйлдэл нь Ц.Цэрэнпунцаг буюу “Ж” ХХК нь “С И” ХХК-ийн 50 хувийг эзэмшиж, хамтран ажиллахаар тохиролцон Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар хөрөнгө оруулалтын мөнгө шилжүүлсэн үйлдлийг бодит үйлдлээр хэлцэл хийсэн гэж үзэх үндэстэй юм.

2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “тооцоо дуусгах тухай акт”, “Маш нууц” гэсэн албан тоот Хөрөнгө оруулалтын гэрээний зорилгыг илэрхийлсэн акт байсан. Өөрөөр хэлбэл “Ж” ХХК интернэт урсгалаа үнэгүй нийлүүлэх, “Сансар Кабель” ХХК зар сурталчилгаа дангаараа явуулж хэрэглэгчдийг татах, шугам сүлжээ, дэд бүтцээ ашиглуулан интернэт үйлчилгээ явуулах тохиролцооны 2 жил 3 сарын хугацааны ажлаа дүгнэсэн дүгнэлт байсан болохоос цаашид үйл ажиллагаагаа зогсоох тухай акт байгаагүй юм. Үнэгүй интернэт урсгалыг зогсоож, хамтран ажиллах гэрээг цуцлах талаар нэг ч удаа талууд хэлэлцэн тохиролцож байгаагүй.

“Ж” ХХК тус “Сансар-Интернэт” ХХК-иас авах авлага гэж санхүүгийн тайландаа тусгаагүй ба хэрэгт баримт авагдаагүй болохыг шүүх үндэслэх хэсэгтээ дурдсан байдаг. Шүүх үндэслэх хэсгийн 2 дахь хэсэгтээ “Талууд 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тооцоо дуусгах акт үйлдэж, гэрээний үүргийг 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон дүгнэх үеэр буюу 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 12/18 тоот интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээг, 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ЖН 15/020 тоот Интернетийн үйлчилгээ үзүүлэх гэрээг дахин байгуулжээ” гэж дүгнэсэн нь бодит нөхцөл байдлыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг зөрчжээ.

Мөн 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 12/18 тоот гэрээ, 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ЖН15/020 тоот гэрээнүүдийг байгуулах үед “Ж” ХХК-иас С.Дэлгэрсайхан болон Ц.Бат-Эрдэнэ нар “С И” ХХК-иас П.Баянбилэг, С.Энхбадрал нар тус тусын компанийн тушаалаар хөдөлмөрийн гэрээгээр Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан ба ажлын байрны тодорхойлолтоор компанийг төлөөлөн гэрээ хэлцэл байгуулах эрх олгогдоогүй байсан. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т “Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна.”, 83.6-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна.”, 83.7-д “Энэ хуулийн 83.6-д заасан гэрээнд төлөөлөн удирдах зөвлөлийг төлөөлж, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлын дарга/ гарын үсэг зурах бөгөөд гэрээнд гүйцэтгэх удирдлагын эрх, үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэрэг асуудлыг тусгасан байна.”, 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.” гэжээ. Түүнчлэн Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.5-д зааснаар тухайн үед дээрхи албан тушаалтнуудад тус тусын компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх үүсээгүй, хувьцаа эзэмшигчтэй байгуулсан гэрээ байхгүй тусгайлан олгосон эрх хэмжээний хүрээнд гэрээ хэлцэл байгуулах компанийг төлөөлөх эрх олгогдоогүй байсан нь нэхэмжлэгчийн хариу тайлбар, компаний гэрчилгээ, Оюуны өмч Улсын бүртгэлийн газрын лавлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдсон болно. Өөрөөр хэлбэл дээрхи гэрээнүүдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий үүсгэн байгуулагч болон ерөнхий захирлын бичгээр олгосон зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулж, тамга тэмдгээр баталгаажуулсан.

Нэхэмжлэгч “Ж” ХХК 2016 онд дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд одоо хянан хэлэлцэж буй маргаанаар нэхэмжлэл гаргасан ба тухайн үед шүүх төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж нэхэмжлэлийг буцааж байсан тэр цаг мөчид нэхэмжлэгч “Ж” ХХК С.Дэлгэрсайхан гүйцэтгэх захирлыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гэдгээ нотолж чадаагүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар 2016 онд С.Дэлгэрсайхан “Ж” ХХК-ийг С.Дэлгэрсайхан итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй байсан нь нэгэнт тогтоогдсон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хавтас хэрэгт авагдсан. Гэтэл нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагчаас шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасны дараа буюу хэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байх хугацаанд С.Дэлгэрсайхан болон Ц.Бат-Эрдэнэ нарыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлд шийтгэврийн хуудсаар торгууль төлж, 2017 оны 01 дүгээр сард бүртгүүлсэн баримтыг шүүхэд гаргадаг боловч уг шийтгэвэр хэзээ ямар зөрчилд ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй, зөрчлийн талаар ямар ч баримт байхгүй. Түүнчлэн эдгээр гэрээнүүдийг байгуулах үед “Ж” ХХК нь 3 хувьцаа эзэмшигчтэй байсан нь компанийн хувийн хэрэгт авагдсан дүрэм холбогдох бичиг баримтаар тогтоогдсон ба анхан шатны шүүх хуралдаанд “Ж” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Мядагмаа, Э.Жаргалсайхан нар уг хэлцлийг хожим дэмжин зөвшөөрсөн гэх ямар ч баримт хэрэгт авагдаагүй тул төлөөлөх эрхийг хожим хүлээн зөвшөөрснөөр төлөөллийн талаархи итгэл үнэмшил бүрдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна. Шүүх интернет урсгалаар хангах гэрээний харилцаанаас үүссэн зохигчийн хоорондох эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэж, үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, мэтгэлцэх боломжийг нь хязгаарлаагүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч “Сансар интернет” ХХК, иргэн А.Энхбат нарт холбогдуулан нийлүүлсэн интернет урсгалын төлбөрт 3 483 989 416 төгрөг, төлбөрөө гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүйн алдангид 1 088 322 851 төгрөг нийт 4 572 311 997 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч “Сансар интернет” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч, “Ж” ХХК  “Сансар интернет” ХХК-ийн хувьцааны 50 хувийг эзэмшихээр 300 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, бөөний интернетийн урсгалыг үнэ төлбөргүй нийлүүлэх талаар компаниудын хооронд гэрээ байгуулагдсан байсан тул нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж татгалзсанаас гадна интернет урсгал нийлүүлэх гэрээнүүдийг хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээдүүд байгуулсан тул хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч А.Энхбат шаардлагыг эс зөвшөөрч, “Сансар интернет” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд гэрээ хэлэлцээр хийж байсан, хувь хүний хувьд нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

Нэхэмжлэгч “Ж” ХХК болон хариуцагч “Сансар интернет” ХХК-ийн хооронд 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 10\18 дугаартай, 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 12\18 дугаартай, 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 15\020 дугаартай гэрээ байгуулагдсан байх ба эдгээр гэрээний үндсэн дээр хариуцагч тал интернетийн үйлчилгээг үнэ төлбөртэй авч байсан хугацааг шүүх хэрэгт авагдсан баримтаар зөв тодорхойлсон байна. Тухайлбал, 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгчээс хариуцагчид интернетийн урсгалыг үнэ төлбөргүй нийлүүлсэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүх ийнхүү дүгнэлт хийхдээ “Сансар интернет” ХХК-д нэхэмжлэгч талаас хийсэн хөрөнгө оруулалт, хоёр компанийн удирдлагуудын хоорондох албан харилцааг илэрхийлсэн баримт, нэхэмжлэгч компанийн санхүүгийн тайлан зэрэг нотлох баримтыг үндэслэжээ.

Харин 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 12\18 дугаартай гэрээ, 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ЖН\15\020 дугаартай гэрээний талаар талуудын харилцан хүргүүлсэн албан бичиг, гэрээ дүгнэсэн тооцоо зэрэг баримтаас 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш интернетийн урсгалыг нэхэмжлэгч тал хариуцагчид үнэ төлбөртэйгээр нийлүүлсэн гэж шүүх үзжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан интернет үйлчилгээний хурд, хэмжээ, хугацаа, гэрээгээр тохирсон сарын төлбөр, хугацаа хэтрүүлсэн байдал, алдангийн хэмжээ зэргийг үндэслэлтэй тооцож, хариуцагчаас гаргуулах төлбөрийн хэмжээг тодорхойлсон байна.

Зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн зохицуулалтад хамааруулсан нь үндэслэл бүхий болжээ. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Интернетийн бөөний урсгалыг хүлээн авч, үйлчилгээг хүртсэний хувьд хариуцагч тал төлбөрийг бүрэн төлөхөөс гадна хугацаа хэтрүүлсний төлөө алданги төлөх нь Иргэний  хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д нийцнэ. Шүүх хариуцагчаас гаргуулах алдангийн хэмжээг хэргийн нөхцөл байдлыг харгалзан багасгасныг буруутгах үндэслэлгүй байна. Шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан илт их хэмжээний алдангийг багасгах эрхтэй.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийн этгээдийг төлөөлөх этгээд, төлөөлөх эрхгүй байх үед хийсэн хэлцлийн хүчин төгөлдөр байдал, гэрээнд оролцогч талын хүсэл зоригийн илэрхийлэл зэрэг сөрөг нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий эрх зүйн асуудлаар хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8., 68 дугаар зүйлийн 68.1.-д заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй интернет урсгалаар хангах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна. Хуулийн этгээдийг төлөөлж, гэрээ байгуулсан хүмүүс гэрээ байгуулах үед компанийг төлөөлөх албан тушаалтнаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан явдал нь хэлцэл хийгч талуудын хүсэл зоригийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн байсан ч уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаалдаг байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг зохигчийн хоорондох маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/00492 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1224 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11 933 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

    ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН