Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0009/З |
Дугаар | 221/МА2022/0585 |
Огноо | 2022-08-31 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2022/0585
2022 оны 08 сарын 31 өдөр | Дугаар 221/МА2022/0585 | Улаанбаатар хот |
Б.Уийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Б.У
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Б.У
Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга
Гуравдагч этгээд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.А
Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны А/351 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 450 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-А,
Гуравдагч этгээд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2022/0009/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Уөөс Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны А/351 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 450 дугаар шийдвэрээр:
“...Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5., 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасныг тус тус баримтлан Б.Уөөс Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны А/351 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож хүчингүй болгохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Б.У дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны А/351 дүгээр захирамж нь Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 05/01 дүгээр тогтоолыг үндэслээгүй бөгөөд уг тогтоол нь 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу гарсан, гэтэл шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 7-д “Дээрх Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 05/01 дүгээр тогтоолын дагуу тус дүүргийн ... 30 ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж, ... шийдвэрлэсэн тус дүүргийн Засаг даргын 2021 оны А/351 дүгээр захирамж нь Б.Уийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна” гэсэн дүгнэлт хийжээ.
Түүнчлэн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас хариуцагчийн төлөөлөгчөөс “...маргаан бүхий акт нь ямар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэж гарсан эсэх” талаар асуухад “...тогтоолд үндэслэж гараагүй” хэмээн тодорхой хариулдаг. Үүнээс үзэхэд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 05/01 дүгээр тогтоол нь чөлөөлсөн гараажын урд байрлах өөр нэгэн гараажид хамааралтай болохыг тайлбарласан байна. Харин анхан шатны шүүхийн шүүгч нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэхдээ бодит үйл явдал, хэрэгт хамааралгүй баримтыг хамааруулсан тул ийнхүү илт үндэслэлгүй дүгнэлтийг хийхэд хүргэсэн гэж үзэж байна.
3.2.Шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д “Иргэн Б.О тус газрын төлбөр төлж, уг газар дээрх гараажид үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч, түүнээс нэхэмжлэгчид бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан нь тогтоогдож байгаа хэдий ч гараажын зориулалттай барилга нь түр барилга байгууламж төдийгүй нэхэмжлэгчээс тухайн газрыг ашиглаж байсан талаар баримт байхгүй байна” гэжээ.
Газар ашиглагч Б.О болон үл хөдлөх хөрөнгө өмчлөгч Б.У нар нь нэгдмэл нэг ашиг сонирхол бүхий төрсөн эгч, дүү нар юм. Нэхэмжлэлийн шаардлага нь газар ашиглах эрхийг сэргээлгэх зорилготой байгаагүй тул Б.О нэхэмжлэгчээр орох шаардлагагүй байсан. Харин өмчлөгчийн эрхийг шууд зөрчиж нураасан учраас захиргааны байгууллагын дээрэнгүй, хуульд нийцэхгүй үйл ажиллагааг тогтоолгох зорилгоор өмчлөгч нэхэмжлэл гаргасан.
Шүүхийн дээрх дүгнэлтэд “...Б.О газар ашиглах эрхтэй ч Б.У газар ашиглах эрхгүй байна” гэсэн нь буруу бөгөөд Б.О газар ашиглах эрхтэй байхад түүний дээрх хууль ёсны өөр өмчлөгчийн эрхийг хязгаарлах, нураах үндэслэл буюу эрх захиргааны байгууллагад байхгүй.
Мөн “гараажын зориулалттай барилга нь түр барилга байгууламж” гэх дүгнэлт, тодорхойлолт нь хуульд үндэслэгдээгүй бөгөөд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид үл нийцэх дүгнэлт болжээ.
3.3.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-т “Баянгол дүүргийн Засаг даргын 2000 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн Б/37 дугаар захирамжаар 450 м.кв газрыг гараажын зориулалтаар Б.Мт ашиглуулахаар шийдвэрлэсэн боловч Б.Маас газар ашиглах эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн шийдвэр гараагүй байна” гэжээ.
Дээр дурдсанаар 2001 оноос хойш гараажын доорх газрын төлбөр төлөгдсөөр ирсэн ба Б.О шилжүүлж авсанаас хойш төлбөрийг нь төлсөн, хариуцагч газрын төлбөр төлөгдөж ирсэн үйл баримт дээр маргахгүй гэдгээ шүүх хуралдаан дээр тайлбарласан. Түүнчлэн захиргааны байгууллагаас маргаан бүхий газрын эргэлтийн цэгийг тогтоож, зохих төлбөрийг тогтоож, гэрээний хугацааг сунгасаар ирсэн үйл баримт нь нотлох баримтаар нотлогддог.
Тодруулбал гараажыг анх барьсан Б.Маас нэр бүхий иргэд гарааж худалдан авч доорх газрын төлбөрийг нь тус тусдаа төлж байсан ажиллагаа нь бүгд захиргааны байгууллага болох Засаг дарга, газрын албаны оролцоотой хийгдэж ирсэн болох нь илт юм.
Тиймээс захиргааны байгууллага энэхүү үйл баримтад холбогдуулж иргэдийн өргөдөл, хүсэлт, иргэний харилцаатай холбоотойгоор захирамж гаргах асуудлыг шийдвэрлэх нь өөрийнх нь бүрэн эрхийн асуудал тул иргэдэд газар ашиглах эрхийн захирамж гаргаагүй асуудал дээр иргэдийг буруутгах ёсгүй юм.
3.4.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т “...зөвхөн тухайн газарт баригдсан гараажид үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан байх тул түүнд газар ашиглах эрх үүссэн гэж үзэх боломжгүй” гэжээ.
Дахин хэлэхэд нэхэмжлэгчээс газар ашиглах эрхтэй талаар маргаагүйг дурдах нь зүйтэй. Газар ашиглах эрхгүй л бол өмчлөх эрх үүсэхгүй мэтээр дүгнэж буй шүүхийн дүгнэлт учир дутагдалтай бөгөөд газар ашиглах эрх бүхий Б.Оын зөвшөөрлөөр Б.У гараажын зориулалтаар ашиглаж байгаа болно.
3.5.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-т “Захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй байх боловч энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй байна” гэжээ.
Захиргааны байгууллага бол захирамжилсан шийдвэрээр иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байдгаараа онцлог учир түүний шийдвэр гаргах ажиллагааг хуулиар нэг бүрчлэн зохицуулж өгдөг. Хуульд заасан үндэслэл, журмыг баримтлаагүй шийдвэр бүрийн эрх зүйн үр дагавар нь хэн нэгэн этгээдийн эрх зөрчигдөх урьдчилсан нөхцөл болдог.
Тиймээс хүний эрхийг дээдлэх үзэл, зарчим, захиргааны байгууллагын хууль ёсны аливаа шийдвэр гаргах ажиллагааны төлөвшил хөгжилд түүнийг хянах цорын ганц институци болох шүүхийн хяналт онцгой чухал байдаг.
Гэтэл анхан шатны шүүх хуульд заасан журмаар шийдвэр гаргаагүй ажиллагааг хуулийн зөрчил гэж үзэхгүйгээр захиргааны байгууллагын хууль бус ажиллагааг өөрийн шийдвэрээрээ хөхүүлэн дэмжиж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн үзэл баримтлал, зорилгод нийцэхгүйгээс гадна хууль дээдлэх, хүний эрхийг эрхэмлэх зарчим, үзэл санаанаас ухарсан алхам юм.
Иймд захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаанаас эхлээд түүнийг хэрэгжүүлэх ажиллагаа нэг бүрийг хуульд заасан журмаар хийгээгүй нь хууль бус буюу формаль болон материаллаг эрх зүйн шаардлагыг зэрэг хангаж байж хууль ёсны хэмээн хүлээн зөвшөөрөгдөж, улмаар хамгаалагддаг тул сонсох ажиллагаа хийгээгүй захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.3-т “хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг тус тус зөрчсөн тул мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж зааснаар хууль бус захиргааны акт юм.
Нэхэмжлэлийн шаардлага нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах бус “хууль бус байсан болохыг тогтоолгох” тул хангагдах бүрэн боломжтой.
3.6.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14-т “Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны А/351 дүгээр захирамжид заасан 30 гараажид нэхэмжлэгчийн гарааж багтсан болохыг дурдах нь зүйтэй” гэжээ.
Гэвч уг захиргааны актад заасан 30 гараажын тодорхой хаяг байхгүй, түүнчлэн хавсралтад ч байхгүй байсан бөгөөд маргаан бүхий газарт 100 орчим гарааж байрлаж байгаа. Шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “захирамжид 30 гарааж гэж тоо тавьсан боловч бодит байдалд 53 гарааш буулгасан” гэж тайлбарласан.
Өөрөөр хэлбэл захиргааны актын хандаж гаргасан этгээд нь тодорхой бус байхаас гадна захиргааны актад заасан тооноос хэтэрсэн буюу захиргааны актгүйгээр гарааж буулгасан нь тогтоогдсон, харин нэхэмжлэгчийн гарааж алинд нь хамаарч байгааг тогтоосон баримт байхгүй байхад шүүх ийнхүү дээрх байдлаар дүгнэж байгаа нь маргаанд хэрхэн аль өнцгөөс хандаж байгааг илтгэнэ.
3.7. Хууль хэрэглээний тухайд:
Б.О газар ашиглах эрхтэй байсан, үл хөдлөх хөрөнгө нь анхнаасаа зөвшөөрөлгүй баригдсан хөрөнгө биш болох нь хэрэгт авагдсан баримтууд, хариуцагчийн асуултад хариулсан тайлбаруудаар хөдөлбөргүйгээр тогтоогдож байгаа болно.
Тиймээс анхан шатын шүүхийн хууль хэрэглээ буюу Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.4-т заасан аль ч нөхцөл болох хугацаа дууссан болон анхнаасаа зохих зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барьсан, дур мэдэж эзэмшсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхад дээрх заалтуудыг хэрэглэсэн нь үндэслэлгүй юм.
Улсын бүртгэл үнэн зөв байх, өмчлөх эрхийг гагцхүү хуулиар хязгаарлах олон улсын төдийгүй Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн эрхийг дүүргийн Засаг даргын захирамжаар дуусгавар болгож болохгүй. Хэрэв хуульд үндэслэн бусдын өмчлөх эрхийг хязгаарлах гэж байгаа бол түүний өмнө зайлшгүй өмчлөх эрхтэй дүйцэхүйц нөхөн олговор олгох талаар өмчлөгчтэй зөвшилцсөн байх ёстой.
Иймд зөвшөөрлөөр баригдаж, хуульд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн хөрөнгийн өмчлөгчийн туйлын эрх, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг үгүй хийсэн Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны A/351 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.
5.Гуравдагч этгээд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.А давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангав.
Маргаан бүхий Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/351 дүгээр захирамжаар 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, арктай шар байрны урд, 20 дугаар сургуулийн хойно зөвшөөрөлгүй баригдсан 30 ширхэг тоосгон гаражыг албадан буулгаж газар чөлөөлөхөөр шийдвэрлэсэн, гэтэл уг захирамжийн дагуу нураагдсан гаражуудаас нэхэмжлэгчийн өмчлөлд байсан гараж зохих зөвшөөрлийн дагуу баригдсан болох нь дараах байдлаар тогтоогдож байна.
1.Анх Баянгол дүүргийн Засаг даргын 2000 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн Б/37 дугаар захирамжаар иргэн Б.Мт тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 60 дугаар байрны урд талд 450 м.кв талбайд автомашины гараажын зориулалтаар газар эзэмших зөвшөөрөл олгогдсон, барилгын зураг төслийн “А” ХХК-иар хийлгэсэн уг газарт баригдах 25 автомашины дулаан зогсоолын барилгын зургийг Баянгол дүүргийн Газрын албаны архитектор 2000 оны 7 дугаар сарын 5-ны өдөр, Улаанбаатар хотын ерөнхий архитектор 2001 оны 2 дугаар сарын 1-ний өдөр, Баянгол дүүргийн архитектор мөн оны 2 дугаар сарын 2-ны өдөр тус тус баталсаны дагуу нэхэмжлэгч Б.Уийн өмчлөлийн авто гарааж баригдсан талаарх тухайн үеийн үйл баримтыг шүүхийн шийдвэрт зөв дүгнэсэн атлаа “…гараажын зориулалттай барилга нь түр байгууламж төдийгүй нэхэмжлэгчээс тухайн газрыг ашиглаж байсан талаарх баримт байхгүй, Б.Мт гараажын зориулалтаар олгосон газар ашиглах эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн шийдвэр гараагүй, нэхэмжлэгч газрын төлбөр төлж байсан нь тогтоогдоогүй, тухайн газарт баригдсан гараажын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсаныг газар ашиглах эрх үүссэн гэж үзэх боломжгүй…” гэх зэргээр үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангасангүй.
Гэтэл захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд нураагдсан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж-60/18 тоот хаягт байршилтай 18 м.кв талбай бүхий авто гараажыг нэхэмжлэгч Б.Уийн нэр дээр 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-2205025876 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон, өөрөөр хэлбэл энэхүү гэрчилгээ хүчин төгөлдөр байхад шийдвэрт “…гараажын зориулалттай барилга нь түр байгууламж” мэтээр дүгнэсэн нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэнгүй.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна” гэж заасан. Гэтэл хариуцагч маргаан бүхий захирамжаар нэхэмжлэгчийн өмчлөлийн авто гараажыг албадан буулгаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 9/910 дугаар албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хандаж нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байгаа нь хариуцагч хууль бус захирамж гарсаны хангалттай нотолгоо болно.
2.Дээрх авто гараажын анхны эзэмшигч болох М.Этай газар ашиглах гэрээг 2000 оны 3 сарын 2-ны өдөр байгуулж, 2001 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр газар ашиглах гэрчилгээ олгосон, харин авто гараажын өмчлөх эрх нэхэмжлэгчийн төрсөн дүү Б.Од анх 2006 онд үүссэнээс хойш тэрбээр газрын төлбөрийг төлж ирсэн төдийгүй газрын баталгаат хэмжээг тогтоосон актыг мөн онд үйлджээ.
Иймд дээрх өмчлөх эрх 2007 онд мөн л нэхэмжлэгчийн төрсөн дүү болох Б.Цд, улмаар 2011 онд нэхэмжлэгчид тус тус бэлэглэлийн гэрээгээр шилжсэн байхад шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Б.Уийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийг газар эзэмших эрхтэй холих байдлаар үндэслэлгүйгээр үгүйсгэж, хэргийг шийдвэрлэсэн нь буруу.
Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, 3-т “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно”, Арван зургадугаар зүйлийн 3/-т Монгол Улсын иргэн “хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” гэж тус тус заасныг илэрхий зөрчиж нэхэмжлэгчийн өмчлөх эрх бүхий авто гараажыг албадан буулгах үр дагаварт хүргэсэн захирамжийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хууль бус байсан болохыг тогтоох нь зүйтэй.
Харин захирамжид “…зөвшөөрөлгүй баригдсан 30 ширхэг тоосгон гараажыг…” гэж албадан буулгах гараажын тоог тодорхой заасан боловч бодит байдалд тухайн байршилд байсан 53 гараажыг бүгдийг нь буулгасан үйл баримт тогтоогдсон тул маргаан бүхий захирамжийн нэхэмжлэгчийн өмчлөлийн авто гараажид холбогдох хэсэгт хамруулан хэргийг шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 450 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг баримтлан Б.Уийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/351 дүгээр захирамжийн Б.Уийн өмчлөлийн 60/18 тоот хаягт байршилтай 18 м.кв талбай бүхий авто гараажид холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН