Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 90

 

Н.Б , Н.М , Ц.Б  

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          Прокурор С.Мөнхгэрэл,

          Шүүгдэгч Н.Б  /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч М.Хувцагаан,

          Шүүгдэгч, хохирогч Н.М , түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

          Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

         

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 730 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Н.Б , Н.М , Ц.Б  нарт холбогдох эрүүгийн 2014 2500 00754 хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Х овгийн Н.Б , 1950 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Төв  аймагт төрсөн, 67 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу гудамжны 28 дугаар байрны 43 тоотод оршин суух,

 

- Улаанбаатар хотын Ажилчны районы шүүхийн 1974 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 156 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлийн Б-д зааснаар 1 жил 2 сар 11 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 1975 оны 8 дугаар сарын 25-ны өдөр эдлээгүй үлдсэн 7 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД: /,

2. Т овгийн Н.М , 1974 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, “Компорт монгол” ХХК-д хэсгийн инженер ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны гудамжны 58 дугаар байрны 3 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Вива Сити” М-2-4-1 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/,

 

3. Б овгийн Ц.Б, 1972 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу гудамжны 23 дугаар байрны 16 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/,

 

- Н.Б  нь 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу гудамжны 28 дугаар байрны 43 тоот өөрийн оршин суух гэртээ Н.М тай марган түүний цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

- Н.М  нь Ж.Балгансүрэнг “өөрийг нь хутгалж эрүүл мэндэд нь хохирол санаатай учруулсан” гэж мөрдөн байцаалтад 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хохирогчоор худал мэдүүлэг өгсөн,

- Ц.Б  нь Ж.Балгансүрэнг “Н.М ыг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан” гэж мөрдөн байцаалтад 2014 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гэрчээр худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Н.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Н.М , Ц.Б  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Бг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Ц.Б г гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн, Н.М ыг хохирогчоор зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь заалтад заасныг тус тус журамлан, Ц.Б , Н.М  нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Бг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Бн цагдан хоригдсон 159 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Ц.Б  нь 63 хоног цагдан хоригдсон, Н.М  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4  дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улбар шар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг, шар өнгийн эвдэрсэн модон сандлын 5 хэсэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Тамгын газарт шилжүүлж, Н.Б , Ц.Б , Н.М  нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.Б  давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр би иргэн Н.М тай маргаж түүний цээжин тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан учир анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд зааснаар намайг 2 жилийн хугацаагаар нээлттэй хорих ангид хорих ялаар шийтгэлээ.

 Би одоо гэм буруугаа хүлээж байна. Хохирогчид тэр дор нь эмнэлгийн тусламж үзүүлсэн. Эмчилгээний зардлыг бүрэн төлсөн. Бид хоорондоо эвлэрсэн. Хохирогчийн эрүүл мэнд сэргэж, ямар нэгэн ужиг өвчингүй болж ажлаа хийж байгаа.

Би одоо бараг 68 нас хүрэх гэж байна. Миний нүдний хараа муудсаны улмаас 2 нүдэндээ хагалгаа хийлгэсэн бөгөөд 3 метр орчимд хардаг, түүнээс цааш хардаггүй. Мөн сахарын шижин, цусны даралт ихсэх өвчин хүндэрсэн гэсэн оноштой. Мөн хоол ундны нарийн дэглэм барих ёстой. Энэ байдлаараа хорих ялыг биечлэн эдэлж чадахгүй.

Иймд тухайн зүйл ангид заасан ялын доод ял торгуулийн ял оногдуулж өгнө үү. Би сардаа тэтгэврийн мөнгө 650.000 төгрөг авдаг. Миний хүү АНУ-д ажиллаж амьдардаг боломжийн орлоготой. Мөн миний дүү надад тусална.

Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн торгуулийн ял болгож өгөөч. Би гэм буруугаа хүлээн гэмшиж байна. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна ...” гэжээ.

 

Шүүгдэгч Н.Бат-Эрдэнийн өмгөөлөгч М.Хувцагаан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Н.Бат-Эрдэнийн гэмт хэрэгт зүйлчилсэн зүйл ангид ямар нэгэн маргаан байхгүй. Давж заалдсан гол үндэслэл нь гэм буруугаа хүлээж байгаа, хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогчтой эвлэрсэн, шүүх хохирогчийн гомдолгүй гэсэн мэдүүлгийг дүгнэсэн. Н.Бат-Эрдэнийн хувийн байдлын хувьд хоёр нүдний хараа гурван метрээс цааш хардаггүй, сахарын шижин өвчтэй, цусны даралт ихтэй, архаг хүнд хэлбэрт орсон тухай баримт хэрэгт авагдсан. Мөн гэм буруугаа шударгаар хүлээж мэдүүлж байгаа. Н.Б  нь өнөөдөр 68 нас хүрч байна. Өндөр насны тэтгэвэр 605.000 төгрөг авдаг. Ийм учраас гэм буруугаа хүлээж байгаа, биеийн эрүүл мэндийн байдал зэргүүдийг харгалзан үзэж тухайн ял оногдуулсан зүйл ангийн хөнгөн ял нь торгуулийн ял байгаа учраас цагдан хоригдсон 231 хоногийн хасаж торгуулийн ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү ...” гэв.

 

Шүүгдэгч, хохирогч Н.М  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гомдол, санал байхгүй. Н.Б  нь өндөр настай, биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж торгуулийн арга хэмжээ авч өгнө үү ...” гэв.

 

Прокурор С.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс тухайн шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулсан. Н.Бат-Эрдэнийн үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг нь харгалзаад түүнд хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Н.Бат-Эрдэнийн тухайд торгох ялаар сольж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан. Тэгэхээр анхан шатны шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа, өндөр насны тэтгэвэртэй учир торгуулийн ялыг биелүүлэх боломжгүй гэж дүгнэсэн учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг  бүхэлд нь хянав.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Б , Н.М  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүх, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийг шүүх хуралдааны танхимд танилцуулж, тэмлэглэлд тусгуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахаар зааж хуульчилсан байна.

Анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шүүгдэгч Н.Б , Ц.Б , Н.М  нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүх, шүүгдэгч нарыг ямар гэмт хэрэгт гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцээд шүүгдэгч Н.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хохирогч, шүүгдэгч Н.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тухай танилцуулж, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулсны дараа улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар эрүүгийн хариуцлагын талаарх тайлбар, дүгнэлтээ хэлэлцүүлжээ.

 

Мөн улсын яллагч шүүх хуралдаанд “...шүүгдэгч Н.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хорих ял оногдуулах...” санал гаргасан байна.

 

Үүнээс үзэхэд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх, тухайн гэмт хэрэгт шүүгдэгч нар гэм буруутай эсэх, тэдний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасны дагуу зүйлчлэгдэх зэргийг шийдвэрлээгүй шийтгэх тогтоол гаргасан байх бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг, шийтгэх тогтоолын тогтоох хэсэг тус тус зөрүүтэй бичигдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтыг ноцтой зөрчсөн байна. 

 

Түүнчлэн, шүүх хуралдаанд шүүгдэгч Н.М аас шүүгдэгчээр хэргийн талаар мэдүүлэг өгөх эсэхийг асууж тодруулаагүй орхигдуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн зөрчил гаргажээ.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Б , Ц.Б , Н.М  нарт  холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 406 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Б , Ц.Б , Н.М  нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Н.Б д авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б , Н.М  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

                        ШҮҮГЧИД                                                       ӨСӨХБАЯР

 

                                                                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ