Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 30

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Т.Солонго;

улсын яллагч: З.Энхжаргал;

хохирогч: Ж.Даваасүрэн;  

гэрч: Л.Төмөрбаатар;

шүүгдэгч: Д.Э, түүний өмгөөлөгч Т.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даваадоржийн Эд холбогдох эрүүгийн 1709008920133 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, 117 дугаар сургуульд Монгол хэлний багш ажилтай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 81а гудамжны 14 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ГН91123007 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Даваадоржийн Э.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Д.Э нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жунгли” дэлгүүрийн гадна хохирогч Ж.Даваасүрэнтэй маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Буруугаа хүлээж байна гэв.          

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Даваасүрэн мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 24-нд өглөөнөөс эхлээд Нямхүү, Төмөрбаатар 2 намайг дуудаад байсан. Тэгээд би очсон. Хэрвээ дуудаагүй бол би очихгүй байсан. Би очоод машинд нь орж уулзахад 1 шил пиво надад өгөөд, өөрсдөө 0,75 литрийн хэмжээтэй вискийг талд нь ортол уучихсан байсан. Ойрд уулзаагүй тул зүгээр л юм яриад суусан. Нямхүү нилээн согтолттой байсан. Төмөрбаатар миний уусан пивоны шилийг хаяхаар яваад хэсэг хугацаанд ирээгүй. Удалгүй миний утас дуугарч “машины урд Нараагийн жолооны үнэмлэх байгаа, гаргаад байж бай” гэж Төмөрбаатар хэлсэн. Би гаргаад урд суудал дээр тавьчихаад Нямхүүтэй юм ярьж сууж байгаад машины толинд харахад Төмөрбаатар ирж байсан. Удалгүй Төмөрбаатар машины хаалга онгойлгох шиг болоход Э Төмөрбаатарыг түлхээд машин руу ороод ирсэн. Хажууд талын суудлын ард Нямхүү байсныг хараагүй, намайг л аавтай нь байна гэж бодсон байх. Жолооны үнэмлэхээ л авна биз, намайг эхлээд гар хүрсэн гэж худлаа ярьж байна. Би гар хүрээгүй, намайг гүжирдэж байна. Машины урд хэсэг, дунд тагийг сөхөөд эд зүйл эвдчих гээд байсан тул “чи авах ёстой юмаа авчихаад өөр юу хайгаад байгаа юм бэ, машины эд анги эвдлээ” гэж би хэлсэн. Гэтэл намайг хэл амаар маш их доромжилж элдвээр хэлсэн. Сүүлд цагдаагийн машинд суугаад явж байхдаа ч намайг элдвээр хэлж байсан. Би түүнд нь үнэхээр их гомдолтой байна. Машины 2 суудлын дунд намайг доош нь тонгойлгож чихээд үсийг маань учир зүггүй зулгаасан ба Нямхүү салгах гээд чадаагүй. Төмөрбаатар машины гадна байсан. Сүүлд би Нямхүү, Төмөрбаатар хоёртой 08 дугаар сарын 27-ны өдөр уулзаад “чи Эг салгаад авчихгүй яасан юм бэ” гэхэд “би эмэгтэй хүнд гар хүрч чадахгүй” гэж хээв нэг хэлээд сууж байсан. Би Төмөрбаатарт ч гомдож байна. Машин дотор “би энэ гичийгийн үсийг туг тугаар нь салгаж, унагааж байж гараа татаж авна, санасандаа хүрч байж гараа авна” гэсэн. Төмөрбаатар мэдүүлэхдээ өөрөө цагдаа дуудсан гэж мэдүүлсэн байсан ч би өөрөө цагдаа дуудсан. Би 2 сандалын завсар хавчуулагдсан байхад миний хоолой гарахгүй байсан ба өмссөн хувцсаар хоолойг минь багалзуурдсан байсан. Цагдаа дууд гэж би орилсон. Тэгээд болоогүй машины урд талаар тойрч жолоочийн суудал дээр сууж байсан над руу ирээд үйлдлээ үргэлжлүүлж намайг зодсон. Хамаг үсийг минь зулгаачихаад санасандаа хүрсэн гэж бодсон юм байлгүй машинаас гараад, дагуулж ирсэн охинтойгоо хамт хойш явж байхад нь би өөрөө босч гар утсаа хайж олоод цагдаа дуудсан. Мэдүүлэгтэй танилцахад Төмөрбаатар, Нямхүү, Э нар дандаа өөрсдийгөө хамгаалсан, худлаа мэдүүлэг өгсөн байсан. Би Эд үнэхээр гомдолтой байна. Би хүний машинд, гудамжинд элдэв зүйл хийх хүн биш. 4-5 сарын турш би гэрээсээ ч гарч чадаагүй, санаа зовсон байдалтай байсан. Дүү нартаа энэ асуудлыг хэлсэн ба ах нартаа загнуулах байх гэж айгаад хэлж чадаагүй. Нөхөр нь гэх залуу сүүлд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт ирээд Нямхүү бид хоёрыг хэл амаар доромжилсон. Эрүүл мэндээрээ хохирсон, гар хөдлөхөө больж, толгой бамбайж хавддаг болсон. Хувийн сайн эмнэлэг сувилалд эмчлүүлнэ. Одоо 3.000.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ мөнгийг эмчилгээний зардалд хэрэглэнэ гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Л.Төмөрбаатар мэдүүлэхдээ: Тухайн өдөр Нямхүү, Даваасүрэн хоёртой уулзаж, дэлгүүрээс пиво аваад машинд сууж байсан. Э ирээд ээжийнхээ жолооны үнэмлэхийг авах гэхэд Даваасүрэн “юу хайгаад байгаа юм бэ” гэж орилох шиг болсон. Эргээд харахад Э, Даваасүрэн нар үсдэлцсэн байсан. Минут хүрэхгүй хугацаанд тийм юм болсон. Эгийн хамарнаас цус гарсан байсан. Би хэн нь хэнийгээ цохиж байгааг нь хараагүй. Бие биенийгээ үсдсэж байсныг нь салгасан гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Даваасүрэн /хх-ийн 6/, гэрч Л.Төмөрбаатар /хх-ийн 8/, С.Нямхүү /хх-ийн 9/, Б.Золжаргал /хх-ийн -10/, С.Мөнхбаяр /хх-ийн 11/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10841 дугаартай дүгнэлт /хх-ийн 13/, Д.Эгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 19-22/, Д.Эгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 26/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 39/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах “Жунгли” нэртэй дэлгүүрийн гадна хохирогч Ж.Даваасүрэнтэй маргалдан, түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

   хохирогч Ж.Даваасүрэнгийн /хх-ийн 6/: “… 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 11 дүгээр хорооллын “Жунгли” дэлгүүрийн үүдэнд 17 цагийн үед Төмөрбаатар, Нямхүү хоёртой уулзаад Төмөрбаатарын машинд сууж байгаад Төмөрбаатар миний уусан ганц пивоны шилийг хаях гээд машинаас буугаад нэг хэсэг алга болсон. Хэсэг хугацааны дараа Төмөрбаатар над руу залгаад “машины урд талд Нараагийн жолооны үнэмлэх байгаа, түүнийг гаргаад бэлдэж бай” гэхээр нь бэлдээд байж байтал урд талын хаалга онгойлгоод нэг хүүхэн орж ирээд надаас ээжийнхээ жолооны үнэмлэхийг авснаа машины жижиг кармаа ухаад юм хайгаад байхаар нь би “чи юу хайгаад байгаа юм бэ” гэсэн чинь “чамд ямар хамаатай юм” гээд учир зүггүй дайраад байсан. Тэгээд миний үснээс зулгаасан. Дараа нь миний бүх бие булгарсан, толгой битүү хавдар байна…” гэх мэдүүлгээр,

 

 гэрч Л.Төмөрбаатарын /хх-ийн 8/: “... Э миний машины урд хайрцагнаас ээжийнхээ бичиг баримтыг хайж байтал миний машины ард сууж байсан Даваасүрэн “чи яах гээд хүний машины хамаг юмыг нь авч чулуудаад байгаа юм бэ” гэхэд Э “би юм хайж байна” гээд өөдөөс нь ширүүхэн дуугарчихсан. Тэгтэл Даваасүрэн нь шууд Эгийн уруулны хэсэг рүү нэг удаа цохичихсон. Э  зөрүүлээд Даваасүрэнгийн үснээс үсдээд авахаар нь тэр дор нь Эгийн гарыг тавиулаад салгатал Даваасүрэн нь шууд утсаар цагдаа руу дуудлага өгсөн ...” гэх мэдүүлгээр,

 

гэрч С.Нямхүүгийн /хх-ийн 9/: “... Тухайн үед Даваасүрэн “чи хүний юм эвдлээ шүү дээ” гэхэд нөгөө эмэгтэй “чамд ямар хамаатай юм бэ, би өөрийнхөө юмыг үзэж байна” гэж орилоод Даваасүрэнгийн үснээс нь зулгаасан. Тухайн үед би хажуунаас нь салгах гэсэн боловч дийлдэхгүй байсан. Гаднаас Төмөрбаатар орж ирээд тэр эмэгтэйн гарыг салгасан ...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Д.Золжаргалын /хх-ийн 10/: “... Д.Э гэгч нь эмэгтэй нь Ж.Даваасүрэн гэх эмэгтэйг гэр бүлийн асуудлаас болж зодсон гэж байсан. Би Д.Э, Ж.Даваасүрэн нарыг хэлтсийн жижүүрт хүлээлгэж өгсөн. Тухайн үед Ж.Даваасүрэнгийн үс их хэмжээгээр унасан байдалтай миний үснээс зулгааж цохисон гэж байсан...” гэх мэдүүлгээр,

 

   Д.Эгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 7, 26/: “… Би хэрүүл маргаан хийе гэж бодоогүй. Төмөрөө ахад “та миний ээжийг ингээд хуурч мэхлээд явж байдаг юм байна, дахиж миний ээжтэй битгий харьцаарай” гэж хэлээд машины дунд талын хайрцагнаас түлхүүр авах гээд тонгойсон чинь машины арын суудал дээр сууж байсан эгч “чи муу юугаа ухаад байгаа юм бэ” гээд нүүр самардаад урчихсан. Би тэр эгчийг буцаагаад цохисон. Тэгсэн чинь нөгөө эгч миний цээж рүү өшиглөхөөр нь би хойшоо орж эрүүлээд цохисон. Тэгтэл миний үснээс зулгаахаар нь би зөрүүлээд үснээс нь зулгаасан. Тэгээд Төмөрөө ах ирж бид хоёрйг салгасан…” гэх мэдүүлгээр,

 

Д.Эгийн буруутай үйлдлийн улмаас Ж.Даваасүрэнгийн биед “зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд язрал, тархи доргилт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10841 тоот дүгнэлт /хх-ийн 13/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч нь хохирогчийн үснээс зулгааж зодсоныг өөрөө хүлээсэн, хохирогч, гэрч нар уг хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийг хүн зодсоныг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Өөрийн эхийн хамтран амьдрагч Л.Төмөрбаатарыг “миний ээжийг доромжилж явдаг” хэмээн буруутган уурлаж, энэ шалтгааны улмаас Ж.Даваасүрэнгийн “…хүний машин эвдлээ…” гэж хэлсэнд дургүйцэн хэрүүл маргаан үүсгэн улмаар Ж.Даваасүрэнг зодож хөнгөн гэмтээсэн Д.Эгийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Д.Эгийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.      

Шүүх хуралдаанд гэрч Л.Төмөрбаатар “Ж.Даваасүрэн нь Д.Эг түрүүлж цохисон эсэхийг хараагүй, сүүлд Д.Эгийн уруул хэсгээс цус гарсан байхыг хараад “цохисон байх гэж бодсон”, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг агуулгын хувьд алдаатай байна” хэмээн залруулан мэдүүлсэн бөгөөд дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцааны, ёс суртахууны хэм хэмжээ, харьцааны соёлын түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн мэдүүлсэнчлэн хохирогчийн зүй бус үйлдлээс үүдэн өөр хоорондоо маргалдсан, зодолдсон нөхцөл байдал тогтоогдоогүйг онцгойлон дурдаж байна.

 

Хохирогч Ж.Даваасүрэн гэм хорын нөхөн төлбөртэй холбоотойгоор “3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх боловч энэ талаарх баримтыг хэрэгт хавсарган өгөөгүй тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. Мөн шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 300.000 төгрөг нөхөн төлснийг дурдаж байна.

 

Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.            

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Д.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх Д.Эгийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Сартуул овогт Даваадоржийн Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд оногдуулсан  500.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Ж.Даваасүрэнгийн 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх   хохирол, хор уршгийн нөхөн төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.МӨНХ-ЭРДЭНЭ