Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/01604

 

И.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/00753 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1330 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч И.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ГТХЗНТ” ТБАГУТҮГ-т холбогдох,

Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Т.Ариунбаатарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Анужин, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

И.Б миний бие нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ГТХЗНТ улсын төсөвт үйлдвэрийн газар Захиргаа санхүү хэлтсийн даргын тушаалд анх ажилд томилогдон орж, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл ажлаа хэвийн гүйцэтгэж алдаа дутагдал, ажлын хариуцлага дэг журмыг баримталж ажиллаж ирсэн. 

2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр захирлын Б/04 тоот тушаал буюу ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Чөлөөлөхдөө Хөдөлмөрийн дотоод журмын 128.1.2, 37.1.1 дэх заалт, Иргэний хуулийн 359.1 дэх заалтыг тус тус зөрчсөн болно. 

Хариуцагчийн талаас сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг боловч ажлаас халах тушаал дээр талууд тохиролцсон гэх үндэслэлээр ажлаас халсан. Өөрөө хүсэлт гаргаагүй байхад шилжүүлсэн ба хөлсөөр ажиллах гэрээ байгуулна гэсэн боловч байгуулаагүй. Сахилгын шийтгэл ногдуулсан баримт байхгүй. 

Иймд “ГТХЗНТ” ТБАГУТҮГ-ын захирлын Б/04 тоот тушаалыг хүчингүй болгож,  Захиргаа санхүү хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

И.Б  нь “ГТХЗНТ” ТБАГУТҮГ-ын захирлын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар тус газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд 2 сарын туршилтын хугацаагаар томилогдож, улмаар туршилтын хугацаа дууссаны дараагаар буюу 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Б/31 дүгээр тушаалаар үндсэн ажилтнаар томилогдсон. 

И.Б ийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтыг үндэслэсэн бөгөөд И.Б тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргаас чөлөөлж, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/05 тушаалаар Хос Зам сургалтын төвийн захирлаар томилсон.

Томилогдсон өдрөөс эхлэн cap бүрийн 10, 25-ны өдрүүдэд цалин олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хугацаанд нь бичилтийг хийж байна. Иргэний хуулийн 359 дүгээр зуйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. 

И.Б  нь анхнаасаа өөрийгөө тус албан тушаалд таарахгүй хүн гэдгээ мэдэж байсан. Нэхэмжлэгч хагас жил, гуравдугаар улирал, бүтэн жилийн тайлан хамгаалалтад ямар нэгэн байдлаар шалтаг гаргаж, оролцож байгаагүй. Тухайлбал, хагас жилийн тайлан хамгаалалтад ажлын байрандаа байсан боловч ажлын тайлан хамгаалалтад бэлдээгүй гэх шалтгаанаар гуравдугаар улиралд тайлан хамгаалалтын үеэр ирээгүй, бүтэн жилийн хамгаалалтаар тайлан хамгаалалтад бэлдээгүй гэх шалтаг гаргаж ажил албан үүрэгтээ хайнга ханддаг байсан. 

Хөдөлмөрийн дотоод журмын 1.3-т  “Хөдөлмөрийн дотоод журмыг хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд нэгэн адил дагаж мөрдөнө” гэж заасны дагуу ажилтан энэ журмын 8.2-т заасан цаг бүртгэлийн төхөөрөмжид дор дурдсан цагт ажлын цагийг бүртгүүлэх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сараас хойш удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, чөлөө авалгүйгээр ажилд ирсэн болон ажил дуусах цагт бүртгүүлээгүй. 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч И.Б тай байгуулсан 7/35 дугаар хөдөлмөрийн гэрээний 15.ё-д дараалан ажлын хоёр өдөр ба түүнээс дээш хугацаагаар ажил тасалсаныг ноцтой зөрчилд тооцохоор хөдөлмөрийн гэрээнд тусгасан. И.Б ийг ийнхүү томилсон нь Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Ч.Гантөмөрийн шахалтаар томилсон.

И.Б ид “ГТХЗНТ” ТБАГУТҮГ-ын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод эрх зүйч, төмөр замын ашиглалтын инженер, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, төрийн байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байх гэж заасан байхад дээрх шаардлагыг хангаагүй талаар анхааруулсан.

 И.Б  нь Мандах бүртгэл дээд сургуулийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр төгссөн, 2011-2017 онд “Тянши” ХХК-ийн менежерээр ажиллаж байсан. Тэрээр Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтыг нягтлан бодогч мэргэжилтэй, бизнесийн удирдлагаар мэргэшсэн, улсад 5-аас доошгүй жил ажилласан байх гэж нэр дэвшигчийн боловсрол, ажилласан туршлагад тохируулан дахин боловсруулж баталсан. Гэтэл тухайн ажлын байрны тодорхойлолтын Чиг үүрэг, Ажлын байрны гол үйл ажиллагаа хэсгийн 1, 2, 3, 4 дүгээр үндсэн зорилтын хүрээнд нягтлан бодогч мэргэжил нь тухайн албан тушаалын чиг үүрэгт хамааралгүй юм. Дээр дурдсан зөрчлүүд нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бий болгосон байна гэсэн дүгнэлт ирүүлж байсан.

Ийнхүү И.Б  нь ажлын байрны шаардлага хангахааргүй хүн гэдэг нь Авлигатай тэмцэх газраас ирсэн удаа дараагийн албан бичгээр нотлогдож байна. Ямар ч тохиолдолд төрийн алба мэргэшсэн байх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/00753 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн  128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Голынх овогт Ичинноровын Банзрагч /РД:ЗП85051911/-ыг ГТХЗНТ ТБАГУТҮГ-ын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 3 294 374 /гурван сая хоёр зуун ерэн дөрвөн мянга гурван зуун далан дөрвөн/ төгрөгийг  хариуцагч ГТХЗНТ ТБАГУТҮГ-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дугаар зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 67 660 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1330 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/00753 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Анужингийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ГТХЗНТ ТБАГУТҮГ-ын төлсөн 67 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан. Шүүхээс гарах шийдвэр нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн буюу хуульд нийцээгүй байж болохгүй. Хавтаст хэрэгт авагдсан Авлигатай тэмцэх газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05/2086 тоот албан бичиг, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 05/3169 тоот албан бичигт тус тус тодорхой заасан байхад шүүхийн И.Б ийг эргүүлэн томилж буй шийдвэр нь Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 1.1 буюу хуулийн зорилтод харшилсан шийдвэр байна.

Нэхэмжлэгч “Захирал Ариунбаатар үндэслэлгүйгээр ажлаа өг гэж дарамтлан” гэж удаа дараа худал дурдсан байна. Ийнхүү дарамталсан тухай нотлох баримт хавтаст хэргийн аль ч хэсэгт авагдаагүй. Үнэхээр дарамталсан юм бол яагаад нэхэмжлэгч үүнийгээ нэгч удаа нотлох баримтаар нотлож чадаагүй юм. Талууд харилцан тохиролцсон учраас И.Б ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтыг үндэслэж ажлаас чөлөөлсөн. Үүний нотолгоог хариуцагч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо дурдсан. Мөн   шүүх   хуралдааны   үеэр   мөн   дурдсан.   Дээр дурдсанаас харахад И.Б  нь Захирал Т.Ариунбаатараас өөр ажил олж өгөөч гэж хэлсэн, Захирал Т.Ариунбаатар нь тус саналыг хүлээн авч сургалтын төвийн захирлаар томилсон нь харилцан тохиролцсон гэдгийг харуулж байна.

Давж заалдах гомдолд “Мөн Хос зам сургалтын төвийн захирлаар ажилуулах болсон талуудын харилцан тохиролцоо юм. Харилцан тохиролцсон үндэслэлээ хариуцагч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байхад шүүх уг нотлох баримтыг үнэлээгүй орхисон байна. Хариуцагчаас ирүүлсэн 2018 оны 01, 02 дугаар сарын Нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд И.Б  шимтгэл төлсөн бичилттэй байхад тус баримтыг үнэлээгүй байна. Манай байгууллага И.Б ийг Хос зам сургалтын төвийн Захирлаар томилсноос хойш цалин олгож, шимтгэлийг 01, 02 дугаар сард төлөн ийнхүү төлсөн нь хариуцагчаас ирүүлсэн 2018 оны 01, 02 дугаар сарын Нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд бичилттэй байхад энэхүү гол нотлох баримтыг үнэлээгүй байна. Хариуцагч 2 дугаар сарын шимтгэлийг мөн төлсөн байхад зөрүүтэй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Хаана, ямар баримттай 2 дугаар сарын төлөлт зөрүүтэй байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.” гэж дурдсан байхад уг асуудалд эрх зүйн дүгнэлт хийгээгүй. И.Б ийг өөр ажилд томилж, цалин өгч, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн байхад энэхүү нотлох баримтыг үнэлээгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч И.Б  нь хариуцагч “ГТХЗНТ” УТҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ тус төвийн Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, баталгаажуулах шаардлагыг гаргажээ.

Хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулахаар шийдвэрлэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл ажил олгогч “ГТХЗНТ” УТҮГ нь захирлын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б\04 тоот тушаалаар И.Б ийг Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын ажлаас чөлөөлж, мөн өдрийн Б\05 тушаалаар И.Б ийг төвийн дэргэдэх “Хос зам” сургалтын төв хариуцсан захирлаар томилж, хөлсөөр ажиллах гэрээ байгуулахыг Захиргаа санхүүгийн хэлтэст үүрэг болгожээ. 

Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрын хэмжээг тогтоохдоо түүнд “Хос зам” сургалтын төвийн захирлын цалин бодогдож байсан байдлыг анхаараагүй нь учир дутагдалтай болжээ. Нэхэмжлэгч энэ албан тушаалын хөлс авсан эсэх, авсан бол хэдий хэмжээний гэдгийг хэрэгт авагдсан баримтаар тодорхойлох боломжгүй байна.

Түүнчлэн ажил олгогч нь ажилтны шинэ албан тушаалын хөлсөд тохирсон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх нь тодорхой бус үлджээ.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаалд “ажилтантай харилцан тохиролцсон” гэх үндэслэлийн талаар талууд нотлосон болон үгүйсгэсэн баримтыг хангалттай гаргаагүй байгаа нь учир дутагдалтай болсныг тэмдэглэх нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/00753 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1330 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 67 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

          ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН