Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 813

 

 

И.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/00643 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч И.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ГТХЗНТ УТҮГ-т холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, өмгөөллийн хөлс 3 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв УТҮГ-т Захиргаа санхүү хэлтсийн даргын тушаалд анх ажилд томилогдон орж 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл ажлаа хэвийн гүйцэтгэж алдаа дутагдал, ажлын хариуцлага дэг журмыг баримталж ажиллаж ирсэн. Гэтэл захирал н.Ариунбаатар шалтгаан үндэслэлгүйгээр ажлаа өг гэж дарамтлан хууль бус шаардлага тавих болж 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр захирлын Б/04 тоот тушаал буюу ажлаас чөлөөлөх тушаал гарч, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, хөдөлмөрийн дотоод журмын 37.1.1 дэх заалт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх заалтыг тус тус зөрчсөн. Хариуцагчаас сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг боловч ажлаас халах тушаал дээр талууд тохиролцсон гэх үндэслэл заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн аль нэг үндэслэлийг дурдах ёстой боловч дурдаагүй. Өөрөө хүсэлт гаргаагүй байхад шилжүүлсэн ба хөлсөөр ажиллах гэрээ байгуулна гэсэн ч байгуулаагүй. Сахилгын шийтгэл ногдуулсан баримтгүй. Мөн Б/05 тоот тушаал буюу Хос зам сургалтын төвийн албан тушаалд хууль бусаар томилж, 1-3 сар цалин шилжүүлсэн гэхдээ миний нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн нөхөн төлөлт хийгээгүй, зөвхөн мөнгө шилжүүлээд намайг ажлаас гаргасан. Иймд захирлын Б/04 тоот тушаалыг хүчингүй болгож, Захиргаа санхүү хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан 2018 оны 4 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны 7 396 011 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны 1 643 558 төгрөг гаргуулж, өмгөөлөгчид өгсөн 3,0 сая төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.Б нь тус үйлдвэрийн газрын захирлын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/19 тоот тушаалаар Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд 2 сарын туршилтын хугацаагаар томилогдож, улмаар туршилтын хугацаа дууссаны дараагаар 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Б/31 дүгээр тушаалаар үндсэн ажилтнаар томилогдсон. Нэхэмжлэгчийн Захирал н.Ариунбаатар шалтгаан үндэслэлгүйгээр ажлаа өг гэж дарамтлан хууль бус шаардлага тавих болсон гэсэн нь үндэслэлгүй. Учир нь И.Б-г ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1-д заасныг үндэслэсэн бөгөөд түүнтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 2018 оны 01 дүгээр сарын 09-ний Б/04 дүгээр тушаалаар Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргаас чөлөөлж, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/05 тушаалаар “Хос зам” сургалтын төвийн захирлаар томилсон. Томилогдсон өдрөөс эхлэн cap бүрийн 10, 25-ны өдрүүдэд цалин олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хугацаанд нь бичилтийг хийж байна. Хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 37.1.1, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч анхнаасаа өөрийгөө тус албан тушаалд таарахгүй хүн гэдгээ мэдэж байсан. Нэхэмжлэгч 2018 оны 01 дүгээр сарын 09-нийг хүртэл ажлаа хэвийн гүйцэтгэж алдаа дутагдал, ажлын хариуцлага, дэг журмыг баримталж ажиллаж ирсэн гэж дурдсан ч нийт ажилтнуудын хагас жил, 3 дугаар улирал, бүтэн жилийн тайлан хамгаалалтад ямар нэг байдлаар шалтаг гаргаж, оролцоогүй. Хагас жилийн тайлан хамгаалалтад ажлын байрандаа байсан боловч бэлдээгүй гэх шалтгаанаар ирээгүй, бүтэн жилийн хамгаалалтаар тайлан хамгаалалтад бэлдээгүй гэх шалтаг гаргаж ажил албан үүрэгтээ хайнга хандсан. Хөдөлмөрийн дотоод журмын 1.3-т “Хөдөлмөрийн дотоод журмыг хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд нэгэн адил дагаж мөрдөнө” гэж тусгасны дагуу ажилтан энэ журмын 8.2-т заасан цаг бүртгэлийн төхөөрөмжид ажилд ирэх, үдийн цайны завсарлага эхлэх, үдийн цайны завсарлага дуусах, ажил дуусах цагуудыг бүртгүүлэх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь 2017 оны 12 сараас хойш удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүй, чөлөө авалгүй ажилд ирэх, дуусах цагт бүртгүүлээгүй. 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан 7/35 тоот хөдөлмөрийн гэрээний 15.ё-д “дараалан ажлын 2 өдөр ба түүнээс дээш хугацаагаар ажил тасалсныг ноцтой зөрчилд тооцохоор тусгасан. Нэхэмжлэгч нь эзэмшсэн мэргэжил, ажлын туршлагын хувьд тэнцэхээргүй хүн. И.Б-ийг ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Ж.Гантөмөрийн шахалтаар томилсон. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т “үйлдвэрийн газрын, албан тушаалтныг томилох, чөлөөлөх” гэж захирлын эрхийг тодорхой заасан байхад Ж.Гантөмөр нь заавал томил гэж шахаж, эрх мэдлээ хэрэгжүүлэхийн тулд тус төвийн дүрэмд хууль бус нэмэлт, өөрчлөлт оруулсан. 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дүрмийн 6.6.5-д Бүтцийн нэгжийн даргыг томилж, чөлөөлөхөд төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан газартай зөвшилцөж шийдвэрлэнэ” гэж шинээр нэмэгдсэн. Ийнхүү дүрэмд өөрчлөлт оруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т заасантай зөрчилдөж байна. ГТХЗНТ-ийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1/32 тоот бичгээр И.Банзрагчийг Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд томилохоор хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нь АТГ-т хүргүүлэхэд 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05/2086 тоотоор Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод “эрх зүйч, төмөр замын ашиглалтын инженер төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, төрийн байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байх” гэж заасан байхад И.Б нь шаардлагыг хангаагүй тул шаардлагад нийцсэн этгээдийг нэр дэвшүүлэн томилохыг анхаарна уу” гэсэн. Дүрэм, зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан АТГ руу 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 05/3169 тоот албан бичгийг хавсралттай нь явуулахад 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр мөн шаардлагыг хангаагүй талаар анхааруулсан. И.Б нь “Мандах бүртгэл” дээд сургуулийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр төгссөн, 2011-2017 онд “Тяньши” ХХК-ийн менежерээр ажиллаж байсан. Тэрээр Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтыг нягтлан бодогч мэргэжилтэй, бизнесийн удирдлагаар мэргэшсэн, улсад 5-аас доошгүй жил ажилласан байх” гэж нэр дэвшигчийн боловсрол, ажилласан туршлагад тохируулан дахин боловсруулж баталсан. Гэтэл тухайн ажлын байрны тодорхойлолтын “Б чиг үүрэг”, “Ажлын байрны гол үйл ажиллагаа” хэсгийн 1,2,3,4 дүгээр үндсэн зорилтын хүрээнд нягтлан бодогч мэргэжил нь тухайн албан тушаалын чиг үүрэгт хамааралгүй юм. Дээр дурдсан зөрчлүүд нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бий болгосон” гэж дүгнэсэн. Энэ талаар И.Б мэдэж байсан, ажлын байрны шаардлага хангахааргүй хүн гэдэг нь АТГ-ын албан бичгээр нотлогдоно. Тухайн хүний мэргэжил таарахгүй, төрийн алба мэргэшсэн байх ёстой тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулсны хөлс нь нэхэмжлэгч шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зүйн туслалцаа авч өөрийн хүсэл зоригийн дагуу эд хөрөнгөөсөө гаргаж буй зардал ба Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасан “хохирол” гэдэгт хамаарахгүй тул өмгөөлөгчийн зардал нэхэмжилсэн нь үндэслэлгүй, өмгөөллийн хөлсийг ямар ч нөхцөлд хохиролд тооцохгүй. Иргэний болон холбогдох хуульд ч өмгөөллийн хөлсийг нэхэмжлэх эрх зүйн зохицуулалт үгүй. Иргэн өмгөөлөгч авах эрхтэй боловч үүрэгтэй биш гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч байгууллагын захирлын Б/04 тоот тушаалыг хүчингүй болгож, И.Б-ийг /РД:ЗП85051911/ Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв улсын төсөвт үйлдвэрийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговорт 11 796 907 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар 2018 оны оны 4 дүгээр сараас хойшхи хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 222 586 төгрөгийг орлогоос гаргуулж, буцаан олгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 203 700 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т "талууд харилцан тохирсон" бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор нарийвчлан зохицуулж өгсөн байдаг. Энэхүү хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагчтай харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж нэхэмжлэгч И.Б нь ажлаас чөлөөлөгдөж өөр ажилд тухайн өдрөө орсон байдаг. Анхан шатны шүүх дээрх хууль зүйн үндэслэлийг шийдвэртээ “Харилцан тохиролцсон гэдгийг талууд хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн байх, уг тохиролцооны дагуу ажил олгогч шийдвэр гаргахыг ойлгох ба хариуцагчаас энэ талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй, татгалзлын үндэслэлээ нотлохгүй байна." гэсэн өөрт олгогдоогүй эрх хэмжээгээр хуулийг тайлбарлаж, зөвлөсөн шинжтэй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Гэтэл 1999 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн хүчин төгөлдөр хэрэгжиж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д "талууд харилцан тохирсон," гэж хуульчилсанаас өөрөөр талууд бичгээр болон бичгээр хийхгүй байхаар тохиролцох, эсхүл бичгээр харилцан тохиролцсоныг л зөвшөөрөхөөр зохицуулсан хуулийн нарийвчилсан зохицуулалт, тайлбар, зөвлөмж байхгүй.

Учир нь дээрх зохицуулалт нь шууд утгаараа талуудад харилцан тохирсон, тохироогүй гэдгээ бичгээр болон үйлдлээр нотлох үгүйсгэх боломжийг олгосон зохицуулалт юм. Анхан шатны шүүх энэхүү зохицуулалтыг 2 талын хүсэл зориг гэдгийг анхаарч үзээгүй, хэргийн үйл баримт, цаг хугацаа зэрэгт бсдитоор үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд хариуцагчийн зүгээс гомдолтой байна. Нэхэмжлэгч И.Б нь хариуцагчтай харилцан тохиролцсон гэдэг нь түүний хэд хэдэн үйлдлээр тогтоогддог. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоос 2 хоногийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлээ хариуцагч “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв" УТҮГ-т огт ирээгүй, холбоо бариагүй, өөрөө ирж тушаалаа аваагүй хүн ирүүлж авсан, хариуцагчийн томилсон "Хос Зам" сургалтын төвийн захирлаар шинэ ажилд орсон, тухайн ажлынхаа цалин хөлсийг авч байсан, цалин хөлсөө зарцуулсан зэргээр хангалттай нотлогддог. Энэ тухайд ч нэхэмжлэгч маргаддаггүй.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 001/ХТ2018/01604 дугаар тогтоолын хянавал хэсэгт "Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаалд "ажилтантай харилцан тохиролцсон" гэх үндэслэлийн талаар талууд нотолсон болон үгүйсгэсэн баримтыг хангалттай гаргаагүй байгаа нь учир дутагдалтай болсныг тэмдэглэх нь зүйтэй." гэж үзэн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Анхан шатны дээрх Улсын Дээд шүүхийн анхаарвал зохих асуудлыг нэхэмжлэгч талаас тодруулалгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч И.Б нь хариуцагчтай харилцан тохиролцоогүй гэдгээ илэрхийлсэн санал хүсэлт гомдол, тодорхой үйлдэл зэргийг хийлгүйгээр тодорхой хугацааны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Ийнхүү нэхэмжлэл гаргахдаа ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гэж маргадаг. Нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэл түүний ажилдаа огт ирээгүй, өөр ажилд томилогдсон, тухайн ажлынхаа цалин хөлсийг авч захиран зарцуулсан зэрэг өөрийнх нь тайлбараар бүхэлдээ няцаагддаг. Ажил олгогчийн санаачилгаар бус хөдөлмөрийн гэрээний хоёр талын хүсэл зоригийн илэрхийллээр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон талаар анхан шатны шүүх дүгнэж чадаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай харилцан тохиролцоогүйг нотлох бичгийн болон бусад арга хэрэгслээр олж авсан үйл баримт хэрэгт тогтоогдоггүй. Энэ талаар нэхэмжлэгч зүгээс гаргаж өгсөн нотлох баримт ч байдаггүй. Учир нь анхнаасаа талууд харилцан тохиролцсон учраас нэхэмжлэгч ийм баримт ч гаргаж өгөх боломжгүй. Харин хариуцагчийн татгалзлын үндэслэл нь нэхэмжлэгч И.Б-ийн тайлбар, үйлдэл зэргээр хангалттай нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх нэг талыг барьж нэхэмжлэгч И.Б-ийн хариуцагчтай харилцан тохиролцоогүй гэж маргаж байгаа дээр эрх зүйн дүгнэлт хийгээгүй, харилцан тохиролцоогүй гэдгийг нь тогтоолгүй бусад нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч И.Б нь хариуцагч ГТХЗНТ УТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахаар шаардсанаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9 039 569 төгрөг гаргуулах, өмгөөллийн хөлс 3 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч өмгөөллийн хөлс 3 000 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзжээ.

 

            Нэхэмжлэгч И.Б нь хариуцагч байгууллагын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд туршилтын 2 сарын хугацаагаар томилогдож, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв УТҮГазрын захирлын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/31 тоот тушаалаар үндсэн ажилтнаар томилогдон ажиллаж байсан ба ажил олгогчийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/104 тоот тушаалаар түүнийг үүрэгт ажлаас чөлөөлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.                                                                                        /хх-25, 33, 49 дах тал/

 

              Хариуцагч байгууллага нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/104 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв УТҮГазрын дүрмийн 6.8, хөдөлмөрийн дотоод журмын 4.11-т заасныг баримталсан байх ба ажилтантай харилцан тохиролцсон гэх үндэслэлийг заажээ.

                                                                                                                               /хх-49 дэх тал/

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т талууд харилцан тохирсон бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор заасан ба хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө талууд харилцан тохиролцсон гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул түүний татгалзлыг үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

            Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг. Гэвч И.Б-ийн “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв УТҮГазрын захирлын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/104 тоот тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгыг агуулаагүй, нэхэмжлэлийн бие даасан шаардлага болохгүй, харин ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл болох тул шийдвэрлэх шаардлагагүй бөгөөд анхан шатны шүүх дээрх тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь илүүц боловч шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл болохгүй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй, ашиг сонирхлын зөрчилтэй, сахилгын зөрчил удаа дараа гаргасан, талууд тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэх хариуцагчийн тайлбар нь тушаалын үндэслэл болоогүй. Мөн нэхэмжлэгч уг тайлбарыг үгүйсгэжээ. Иймд хариуцагчийн баримтаар нотолж мэтгэлцээгүй энэ асуудлаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв УТҮГазрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11 796 907 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч ГТХЗНТ УТҮГ-т даалгаж хэргийг шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч өмгөөллийн хөлс 3 000 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан талаар анхан шатны шүүх дүгнээгүй нь буруу боловч шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл болохгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/00643 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.ОТГОНЦЭЦЭГ      

 

                                                                                   

                          ШҮҮГЧИД                                         Ч.ЦЭНД

 

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ