Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2017/00586

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НХОГ -т холбогдох

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэвэл нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч Ч.Б нь 2009 онд Шихихутаг дээд сургуулийг төгсөж, 2013 оноос НХОГт ажиллаж эхэлсэн.

 ... Ажил олгогч, ажилтаны хооронд 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 16/11 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулж, захиргаа удирдлагын хэлтсийн хууль, эрх зүйн албанд хууль зүйн мэргэжилтэний ажил үүргийг гүйцэтгэхээр болсон. Ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан. Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр НХОГ -ын дарга Ц.Ааас мэдэгдэл хүргүүлсэн.

Уг мэдэгдэлд “Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасны дагуу түүний ажлын байрыг цомхотгож байгаа талаар” мэдэгдсэн. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Ч.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, өөр ажлын байранд шилжүүлсэн. Хуулийн мэргэжилтэн албан тушаалаас барилга захиалагчийн хэлтсийн техникийн зөвлөлийн үйл ажиллагаа, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаалд шилжүүлсэн байдаг. Ажил олгогчийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/118 тоот тушаалыг хууль бус гэж үзэж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

... Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн ажиллаж байсан хуулийн мэргэжилтэний ажлын байр хасагдаагүй, “хуулийн мэргэжилтэн” гэх ажил  албан тушаалын нэр нь “хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн” гэж өөрчлөгдсөн. Тухайн ажлын байранд өөр хүн авч ажиллуулж байгаа. Иймд нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр байхгүй болсон гэдгийг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийг өөр ажил, ажлын байранд шилжүүлэхдээ тохиролцоогүй...

 Хөдөлмөрийн харилцаа нь хувийн эрх зүйн харилцаа юм. Хоорондоо тохиролцож, зөвшилцөж шийдвэрлэх ёстой. Зөвшилцөлгүйгээр өөр ажилд томилсон нь хууль бус байна. Адил чанарын ажил, албан тушаалд шилжлүүлэн ажиллуулах  байсан.  Өөрөөр хэлбэл эрх зүйч мэргэжилтэй хүний хийж болох ажил албан тушаалд шилжүүлэх байсан. Барилга захиалагчийн хэлтсийн техникийн зөвлөлийн үйл ажиллагаа, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн гэх ажил албан тушаал нь  нэхэмжлэгчийн мэргэжилтэй огт хамааралгүй. Иймд хууль бус тушаал гаргасан гэж үзэж байгаа тул С.Болортуулыг хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэний ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч НХОГ газар хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. НХОГын даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 5/23 тушаалаар Ч.Быг даргын туслахын ажилд, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/65 дугаар тушаалаар захиргаа удирдлагын хэлтсийн хууль, эрх зүйн албанд хууль зүйн мэргэжилтнээр томилон ажиллуулсан. Манай байгууллагын бүтэц, орон тооны дээд хязгаарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч тогтоодог. 2016 онд 2 удаа газрын бүтцийг шинэчлэн баталсан.

... Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/395 тоот  захирамжаар 91 хүний бүтэцтэй байхаар баталсан. Захиргаа, удирдлагын хэлтэс нь 27 хүний орон тоотой байхаар баталсан. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/688 захирамжаар байгууллагын бүтэц, орон тооны дээд хязгаарыг 80 хүнтэй байхаар ... захиргааны хэлтэс 7 хүний бүрэлдэхүүнтэй байхаар баталсан. Захиргаа удирдлагын хэлтэс болон түүний бүрэлдэхүүнд байсан хууль эрх зүйн алба, харилцагчийн үйлчилгээний алба нь татан буугдсан. Дээрх батлагдсан  орон тооны хязгаарт багтаан бүтэц, орон тооны өөрчлөлт хийсэн.

Ч.Б нь хуулийн албанд томилогдон ажиллахдаа ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг хангаагүй, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тушаалыг тус албаны дарга с.Цэрэнсодном гэдэг хүн гаргасан байдаг. Тус хуулийн мэргэжилтэний ажлын байранд тавигдах шаардлага, эрх зүйч мэргэжилтэй, мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байхыг шаардсан байдаг. Даргын туслах хийж байсан Ч.Б ажлын байрны шаардлага хангаагүй байхад нь хуулийн мэргэжилтэний ажилд томилон ажиллуулсан байдаг. Бүтэц, орон тоо шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Ч.Бд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 5/1465 тоот албан мэдэгдлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр гэрээг цуцлаж, дуусгавар болгож байгааг мэдэгдсэн.

... Шинэ бүтцээр хууль дотоод хяналтын алба, хуулийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн нь мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан, хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн байх шаардлагыг нэмж оруулсан. Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтнээр Л.Болорчулуун гэдэг хүнийг ажиллуулж байгаа. Л.Болорчулуун ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг “хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн, мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан,” хангасан тул хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байна.

Ч.Бын ажлын байр байхгүй болсон ч гэсэн түүнд захиргааны зүгээс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/168 дугаар тушаалаар барилга захиалагчийн хэлтэст техникийн зөвлөлийн үйл ажиллагаа, дотоод ажил хариуцсан ажилтнаар  томилсон. Захиргааны зүгээс ажлын байраар хангасан боловч, Ч.Б нь зөвшөөрөөгүй, энэ ажлын саналыг хүлээн аваагүй. Энэ тухай уулзаж, хурлын тэмдэглэл хийн санал болгосон ажлын байранд ажиллах, хуулийн асуудал хариуцсан  мэргэжилтэний ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа талаар хэлэхэд,  тэрээр “өөрийн мэргэжлээр ажиллана”, “хэзээ асуудал тавих нь миний эрх” зэргээр тайлбарлаж, хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзсан. Ч.Б нь  энэ ажлыг 1 сар хийсэн мөртлөө “энэ ажлыг хийж чадахгүй”, “хуучин ажлаа хийнэ” гэдгээ удирдлагуудад хэлсэн байдаг. Нотлох баримтаар Нийслэлийн Засаг даргын 2 удаагийн захирамж /бүтэц, орон тоо батлах тухай/, ажлын байрын тодорхойлолт, уулзалтын тэмдэглэл, тушаал зэргийг гаргаж өгсөн байгаа. Иймд Ч.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь холбогдох хууль тогооомийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                                     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч НХОГ-т холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч НХОГ /ОНӨААТҮГ/ нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “ ... НХОГын  бүтэц, орон тоо шинэчлэгдсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн ажлын байр байхгүй болсон. Ажил олгогчийн зүгээс өөр ажлын байраар хангасан нь түүний эрхийг зөрчөөгүй, ... ажиллах нөхцөл, цалин хөлсийг бууруулаагүй ...” гэж тайлбарлаж байгаа болно. /х.х-ийн 22-24 тал/

            Зохигчид нь Ч.Быг ажилд томилсон ажил олгогчийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/168 тоот тушаал хуулийн үндэслэлтэй эсэх асуудлаар маргаж байгаа болно.

            Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзнэ.

 Нэхэмжлэгч Ч.Б нь НХОГын даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/65 дугаар тушаалаар тус газрын захиргаа удирдлагын хэлтсийн хууль эрх зүйн албанд хуулийн мэргэжилтнээр томилогдож ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/65 дугаар тушаал, ажлын байрны тодорхойлолт, НХОГын бүтэц, схем зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 6-10, 46, 59-63 тал/

Нийслэлийн Засаг Даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах” тухай А/688 дугаар захирамж”-ийг үндэслэн 91 байсан орон тоог 80 байхаар шийдвэрлэсний дагуу “НХОГ” ОНӨААТҮГ-ын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “бүтэц, орон тоо зохион байгуулалтын тухай” А/66 тоот тушаал гарч, тус газрын нэгж хэлтсийн орон тоо ажлын байрыг бүтэц, зохион байгуулалтын дагуу шинэчлэн баталж, үүнтэй холбогдуулан зарим ажилтнуудыг орон тоо хасагдан, цөөрч, ажлаас чөлөөлөгдөх албан хаагчдийн нэрсийн жагсаалтыг баталж, хуулийн мэргэжилтэн Ч.Бд орон тоо хасагдсан гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдсэн болох нь зохигчдын тайлбар, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 5/1465 тоот мэдэгдэлийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “ажлаас чөлөөлөх тухай” мэдэгдлийг гардуулж өгсөн болох нь зохигчдын тайлбар, болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 5, 25-26, 88-90 тал/

            Ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан орон тоо хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахад орон тоо хасагдсан, цөөрсөн үйл баримт байхаас гадна, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх хуульд заасан 2 нөхцөл бүрдсэн байна.

Байгууллагын орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэдэг нь тухайн орон тоо, бүтцийг шийдвэрлэх эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан, шийдвэр бодиттой буюу орон тоо хасах, цөөрүүлэх бодит шалтгаан бий болсон байх үйл баримт юм.        

Ажил олгогч, ажилтны хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан аль нэг үндэслэлээр цуцлах эрхтэй боловч, Ч.Быг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргаагүй, харин тус газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/168 дугаар тушаалаар хуулийн ажилтан Ч.Быг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн Барилга захиалагчийн хэлтэст техникийн зөвлөлийн үйл ажиллагаа, дотоод ажил хариуцсан мэргэжилтэнгээр ажиллуулахаар томилжээ. /х.х-ийн 37 тал/

 Ажил олгогч нь орон тоо хасагдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлаж байгаа тухайгаа хуульд заасан хугацаанд мэдэгдсэн боловч, ажлаас чөлөөлөх тушаалыг хуульд заасан хэлбэр, агуулгын хувьд гаргаагүй, ажилтантай харилцан тохиролцоогүй, шууд өөр ажилд шилжүүлснээр, түүний өмнө эрхэлж байсан ажлын байр, гүйцэтгэх үүрэг, цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл өөрчлөгдөж байгаа учраас ажил олгогч, ажилтантай заавал зөвшилцөх шаардлагатай байсан болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна. 

Ийнхүү ажилтнаас зөвшөөрөл авснаар ажилтан уг ажилд ажиллахаас татгалзах, эсхүл гэрээний талууд цалин хөлс, гүйцэтгэх үүрэг зэргийн талаар харилцан зөвшилцөх эсхүл ажилтанд хөдөлмөрийн гэрээгээ цуцлах эрх нээгддэг байна.

Иймд хариуцагч НХОГ /ОНӨААТҮГ/ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.3, 21 дүгээр зүйлийн 21.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.5-д заасан журмыг хэрэгжүүлээгүй өөр ажилд шууд томилсноор нэхэмжлэгч өөрийн хүсээгүй ажлын байранд ажиллаж хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн гэж үзнэ.

            Нийслэлийн Засаг Даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах” тухай А/688 дугаар захирамж”-ийг үндэслэж, НХОГын гүйцэтгэх захирал 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “бүтэц, орон тоо зохион байгуулалтын тухай” А/66 тоот тушаал гаргаж, шинэ бүтцээр бий болсон “хууль дотоод хяналтын алба” нь 5 орон тоотой байх ба “хуулийн мэргэжилтэн” нь “хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн” гэж нэршилийн хувьд өөрчлөгдөж, Ч.Бын ажлын байр хэвээр  байгаа болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар нотлогдож байна. /х.х-ийн 25-26, 88-90 тал/

Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэнтэй холбоотойгоор ажил олгогчийн Б/168 тоот тушаалыг гаргасан гэх боловч уг тушаалын үндэслэлээ нотлоогүй, Ч.Бын ажиллаж байсан хуулийн мэргэжилтэний орон тоо хасагдсан, түүний мэргэжил нь тухайн ажлыг эрхлэхэд мэргэжлийн хувьд ажлын шаардлага хангахгүй байсан гэж үзэх үндэслэл зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

            Иймд нэхэмжлэгч Ч.Быг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн  тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Быг  НХОГ /ОНӨААТҮГ/-ын хуулийн мэргэжилтэн /хуучин/-ий ажилд эгүүлэн тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ч.Бын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч НХОГ /ОНӨААТҮГ/-аас улсын тэмдэгтийн хураамжид тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ                           Ж.ЦЭНГЭЛ