Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 1165

 

 

 

 

 

Ч.Болортуулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2017/00586 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Болортуулын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Болорчулуун

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ч.Болортуул нь 2013 оноос Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт ажиллаж эхэлсэн. Ажил олгогч, ажилтаны хооронд 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 16/11 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, захиргаа удирдлагын хэлтсийн хууль, эрх зүйн албанд хууль зүйн мэргэжилтэний ажил үүргээ гүйцэтгэж байсан.

Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /ОНӨААТҮГ/-ын дарга Ц.Ариунбаяраас ажлын байрыг цомхотгох талаар мэдэгдэл ирсэн. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Ч.Болортуултай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, өөр ажлын байранд шилжүүлсэн. Хуулийн мэргэжилтэн албан тушаалаас Барилга захиалагчийн хэлтсийн Техникийн зөвлөлийн үйл ажиллагаа, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаалд шилжүүлсэн байдаг. Ажил олгогчийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/118 тоот тушаалыг хууль бус гэж үзэж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү.

Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн ажиллаж байсан хуулийн мэргэжилтэний ажлын байр хасагдаагүй, “хуулийн мэргэжилтэн” гэх ажил албан тушаалын нэр нь “хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн” гэж өөрчлөгдсөн. Тухайн ажлын байранд өөр хүн авч ажиллуулж байгаа. Иймд нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр байхгүй болсон гэдгийг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийг өөр ажил, ажлын байранд шилжүүлэхдээ тохиролцоогүй. Өөрөөр хэлбэл эрх зүйч мэргэжилтэй хүний хийж болох ажил албан тушаалд шилжүүлэх байсан. Барилга захиалагчийн хэлтсийн техникийн зөвлөлийн үйл ажиллагаа, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн гэх ажил албан тушаал нь нэхэмжлэгчийн мэргэжилтэй огт хамааралгүй.

Иймд хууль бус тушаал гаргасан гэж үзэж байгаа тул С.Болортуулыг хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэний ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газар ОНӨААТҮГазар шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 5/23 тушаалаар Ч.Болортуулыг даргын туслахын ажилд, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/65 дугаар тушаалаар Захиргаа удирдлагын хэлтсийн хууль, эрх зүйн албанд хууль зүйн мэргэжилтнээр томилон ажиллуулсан. Манай байгууллагын бүтэц, орон тооны дээд хязгаарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч тогтоодог. 2016 онд 2 удаа газрын бүтцийг шинэчлэн баталсан.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/395 тоот захирамжаар манай орон тоог 91 хүний бүтэцтэй байхаар баталсан. Захиргаа, удирдлагын хэлтэс нь 27 хүний орон тоотой байхаар баталсан. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/688 захирамжаар байгууллагын бүтэц, орон тооны дээд хязгаарыг 80 хүнтэй байхаар, захиргааны хэлтэс 7 хүний бүрэлдэхүүнтэй байхаар баталсан. Захиргаа удирдлагын хэлтэс болон түүний бүрэлдэхүүнд байсан хууль эрх зүйн алба, харилцагчийн үйлчилгээний алба нь татан буугдсан. Дээрх батлагдсан  орон тооны хязгаарт багтаан бүтэц, орон тооны өөрчлөлт хийсэн.

Ч.Болортуул нь хуулийн албанд томилогдон ажиллахдаа ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг хангаагүй, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тушаалыг тус албаны дарга с.Цэрэнсодном гэдэг хүн гаргасан байдаг. Тус хуулийн мэргэжилтэний ажлын байранд тавигдах шаардлага нь эрх зүйч мэргэжилтэй, мэргэжлээрээ нэгээс доошгүй жил ажилласан байхыг шаардсан байдаг. Даргын туслах хийж байсан Ч.Болортуул ажлын байрны шаардлага хангаагүй байхад нь хуулийн мэргэжилтэний ажилд томилон ажиллуулсан байдаг. Бүтэц, орон тоо шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Ч.Болортуулд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заасны дагуу 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 5/1465 тоот албан мэдэгдлээр мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр гэрээг цуцлаж, дуусгавар болгож байгааг мэдэгдсэн.

Ч.Болортуулын ажлын байр байхгүй болсон ч гэсэн түүнд захиргааны зүгээс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/168 дугаар тушаалаар Барилга захиалагчийн хэлтэст техникийн зөвлөлийн үйл ажиллагаа, дотоод ажил хариуцсан ажилтнаар томилсон. Захиргааны зүгээс ажлын байраар хангасан боловч, Ч.Болортуул нь зөвшөөрөөгүй, энэ ажлын саналыг хүлээн аваагүй.

Иймд Ч.Болортуултай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь холбогдох хууль тогооомийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Болортуулыг Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газар /ОНӨААТҮГ/-ын хуулийн мэргэжилтэн /хуучин/-ий ажилд эгүүлэн тогтоож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ч.Болортуулын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газар /ОНӨААТҮГ/-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч Ч.Болортуул нь 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 16/11 дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, Захиргаа удирдлагын хэлтсийн хууль, эрх зүйн албанд хуулийн мэргэжилтэний ажилд ажиллаж байсан. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн "Зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар шинэчлэн батлах" тухай А/688 захирамжийн дагуу бүтэц орон тоо шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Захиргаа удирдлагын хэлтсийн хууль, эрх зүйн албанд хуулийн мэргэжилтнээр ажиллаж байсан Ч.Болортуулд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 5/1465 тоот албан мэдэгдлээр мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр гэрээг цуцлаж, дуусгавар болгож байгааг мэдэгдсэн.

Хэдийгээр Ч.Болортуулын ажлын байр байхгүй болсон ч түүнд 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/168 дугаар тушаалаар Барилга захиалагчийн хэлтэст техникийн зөвлөлийн үйл ажиллагаа, дотоод ажил хариуцсан ажилтнаар томилж байгууллагын зүгээс өөр ажлын байраар хангасан боловч Ч.Болортуул нь зөвшөөрөөгүй, энэ ажлын саналыг хүлээж аваагүй.

Шүүх дээрх маргаан бүхий нэхэмжлэлийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Шинэ бүтцээр хууль, дотоод хяналтын алба, хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан, хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн байхыг шаардсан. Ч.Болортуулын хувьд дээрх шаардлагыг хангахгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр гэрээг цуцлаж, дуусгавар болгож байгааг мэдэгдсэн байхад анхаарч үзээгүй.

Анхан шатны шүүхийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн заалтуудыг ноцтой зөрчиж гаргасан шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь заалттай нийцээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү .

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Болорчулуун нь хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/65 тоот тушаалаар Ч.Болортуулыг захиргаа удирдлагын хэлтсийн хууль, эрх зүйн албанд хуулийн мэргэжилтнээр томилсон үйл баримтын талаар талууд маргаангүй байна.

 

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/688 захирамжаар зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн баталсантай холбогдуулан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/66 тоот тушаалаар ажлаас чөлөөлөх албан хаагчдын нэрсийг баталжээ. Тус газрын нэгж хэлтсийн орон тоо ажлын байрны бүтэц, зохион байгуулалттай холбоотой орон тоо хасагдсан гэх үндэслэл зааж ажилтан Ч.Болортуултай байгуулсан хөдөлмөрийг гэрээг дуусгавар болж байгаа тухай 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн мэдэгдлийг ажилтанд 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээлгэн өгсөн байна.

 

Мэдэгдэл хүлээлгэн өгсөн хэдий ч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн харилцааг цуцалж дуусгавар болгоогүй байх тул орон тоо цөөрсөн, хасагдсан үндэслэлээр ажилтныг ажлаас халагдсан гэж үзэхгүй юм.

 

Ажил олгогч нь Ч.Болортуулыг Барилга захиалагчийн хэлтэст Техникийн зөвлөлийн үйл ажиллагаа, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилжээ. Ийнхүү ажил олгогчийн зүгээс ажилтнаас зөвшөөрөл авалгүй түүнийг өөр ажил, албан тушаалд шилжүүлснийг ажилтны эрхийг зөрчсөн гэж үзнэ. Түүнчлэн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/168 тоот тушаал нь өмнө нь эрхэлж байсан албан тушаал, хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгох үндэслэл болохгүй юм.

 

            Түүнчлэн ажилтныг өөр ажилд шилжүүлснээр түүний хөдөлмөрийн нөхцөл өөрчлөгдөж байгаа учраас ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу бололцооны дагуу өөр ажил олж өгөх талаар талууд зөвшилцөөгүй болох нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Ч.Болортуулын хөдөлмөрийн гэрээний асуудлаар хийсэн уулзалтын тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

            Нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/688 захирамжаар зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн баталсантай холбогдуулан “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/66 тоот тушаал гаргаж, хуулийн мэргэжилтэн гэх албан тушаал нь хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн гэж нэршлийн хувьд өөрчлөгдсөн болох нь ажлын байрны тодорхойлолт, зохигдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Ч.Болортуул нь мэргэжлийн хувьд шаардлага хангахгүй байсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ.

 

Ажлын байрны нэр өөрчлөгдсөн боловч тухайн мэргэжлийн чиг үүрэг тухайн байгууллагад байгаа болох нь тогтоогдож орон тоо хассан нь бодитой болоогүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэл бий болоогүй байхад ажил албан тушаалыг нь өөрчилсөн нь буруу байна.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар өмнөх ажил албан тушаалд нь эгүүлэн томилсон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй зохицуулалт баримталсан байгааг залруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2017/00586 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “128.2.1” гэснийг “128.1.2” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

       ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА