Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 250

 

Б.Г т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          Прокурор Ц.Дагвадорж,

          Шүүгдэгч Б.Г ийн өмгөөлөгч А.Ганзориг,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Саранчимэг,

          Хохирогч Д.Баяндолгор,

          Нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г ийн өмгөөлөгч А.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Г т холбогдох эрүүгийн 1703 0000 10106 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Б.Г, 1992 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 10 айлын 2 дугаар гудамжны 16А тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/,

 

Б.Г  нь согтуурсан үедээ  2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 18 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын замд, Баяндөхөмийн 24 дүгээр гудамжны 103 тоот хашааны урд замд “Даевоо-Тоска” загварын 34-42 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 9.1 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчсөний улмаас зорчигч С.М-гийн амь нас хохирч, зорчигч А.А , явган зорчигч Д.Баяндолгор нарын эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол, Т.Баасанжавын хашааг мөргөж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Б.Г ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Г ийг авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ буюу замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар Б.Г ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Г т  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Г  цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Г оос 6.697.266 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Саранчимэгт, 99.600 төгрөгийг хохирогч А.А гийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнхзаяад, 1.252.500 төгрөгийг хохирогч Д.Баяндолгорт, 1.547.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Т.Баасанжавт тус тус гаргуулан олгож, хохирогч А.А  цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.Г ийн 01609449 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны өмчлөгч “Антима” ХХК-д буцаан олгож, Б.Г ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа хугацааг тоолохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Г ийн өмгөөлөгч А.Ганзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 1. Б.Г  нь 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 18 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын зам, Баяндөхөмийн 24 дүгээр гудамжны 103 тоот хашааны урд замд “Даевоо Тоска” загварын 34-42 УНЛ, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас зорчигч С.М-гийн амь нас хохирч, зорчигч А.А , явган зорчигч Д.Баяндолгор нарын эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол, Д.Баасанжавын хашааг мөргөж, 1.500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар зүйлчлэгдэн Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дэлгэрмаа 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 278 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг харьяалалын дагуу Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

2. Б.Г  нь яллагдагч Э.Төгөлдөртэй бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Ард Аюушийн 1-1 тоот хашааны орчим иргэн Т.Баяртогтохтой маргалдан бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэн, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Намдаг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 375 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяалалын дагуу Баянгол дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хэргийг нэгтгэж хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Хуульд заасан үндэслэлээр гаргасан шүүхийн харьяалалтай холбоотой хүсэлтийг хэлэлцэхгүйгээр тухайн хуулийг ноцтой зөрчин, 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр гэм буруугийн хурлыг товлон зарлаж хуралдаанаар 74 дугаартай шүүхийн шийтгэх тогтоол гаргасан.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэгэнт гэм буруугийн хурлыг товлон зарласан байх тул нэгтгэх боломжгүй гэж үзэн хурлыг 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хойшлуулсан. Улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх товлосон цагтаа шүүх хуралдаанаа эхлүүлсэн боловч хохирогч болоод түүний өмгөөлөгч болон яллагдагч Б.Г  нар ирээгүй тул шүүх хуралдааныг мөн 2018 оны 1 дгээр сарын 31-ний өдөр хүртэл хойшлуулсан.

Иймд нэг шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болоогүй байхад өөр шүүхээс тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн үйлдэлд нь шийтгэн ял нэмж нэгтгэж болохгүй юм. Б.Г т  хэд хэдэн шийтгэх тогтоолоор гэмт хэрэгт нь ял оногдуулахад эрх зүйн байдал дордож, сөргөөр нөлөөлөх хандлагатай байна.

Б.Г ийн гэмт хэргийн үйлдлүүдийн хувьд бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд гэм буруугийн болон ялын асуудлыг нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна ...” гэв.

 

Хохирогч С.М-гийн хууль ёсны төлөөлөгч Т.Саранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гомдолтой байна, хохирол төлбөр төлөөгүй ...” гэв.

 

Хохирогч Д.Баяндолгор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирол барагдуулаагүй тул гомдолтой байна ...” гэв.

 

Прокурор Ц.Дагвадорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Тээврийн прокурорын газраас Б.Г ийг согтуурсан үедээ 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 18 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын замд, Баяндөхөмийн 24 дүгээр гудамжны 103 тоот хашааны урд замд “Даевоо-Тоска” загварын 34-42 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 9.1 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчсөний улмаас зорчигч С.М-гийн амь нас хохирч, зорчигч А.А , явган зорчигч Д.Баяндолгор нарын эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол, Т.Баасанжавын хашааг мөргөж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г т холбогдох хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулжээ.

Хэргийн материалыг судлан үзэхэд шүүгдэгч Б.Г  нь 2017 оны 9 дүгээр сарын 2-ны шөнө Э.Төгөлдөртэй бүлэглэн иргэн Т.Баяртогтохыг зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Баянгол дүүргийн прокурорын газраас 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 5341 тоот Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол гаргаж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. /хх-195/

 

Б.Г ийн холбогдсон бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулсан, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тухай хоёр хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хоёр шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нэгтгэх боломжгүй байна.

 

Учир нь гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “... Ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд энэ зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна” гэж тодорхой хуульчилсан байсан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан тул Б.Г ийн хоёр дахь гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэн ял шийтгэл оногдуулсан тохиолдолд оногдуулах ялуудыг нэгтгэхэд дээр дурдсан аргыг хэрэглэх боломжгүй юм.

 

Түүнчлэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан байна.

 

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй орхигдуулжээ.

Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй бөгөөд тус тусдаа мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр хянан шийдвэрлэгдэн, хоёр өөр шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд ялуудыг нэгтгэх журмыг хуульчлан тодорхойлоогүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй бөгөөд эрхгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Г т холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Г т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧИД                                           М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ