Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 592

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “НБ” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаар шийдвэрийн “НБ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.АМ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай актын 1 дэх хэсгийн 25-т заасан “НБ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Манай компани Ашигт малтмалын тухай хуульд заасан шаардлагуудад нийцүүлэн ашигт малтмал эрэх, хайх тусгай тусгай зөвшөөрлийг хүссэн тухай өргөдөлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан. Тухайн өргөдлийг Кадастрын хэлтсийн дарга хүлээн авч, холбогдох аймаг сумын нутгийн захиргааны байгууллагаас дэмжихгүй санал ирсэн тул тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан. Д аймгийн Засаг дарга 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1-**36 тоот албан бичиг ирүүлсэн болохыг баримт бичгүүдтэй танилцах явцад мэдсэн. Тус албан бичигт “...өргөдлийн талбай нь тариалангийн бүс газар, тариалангийн компаниудын эзэмшил газартай давхцалтай тул дэмжихгүй...” гэсэн байсан. 

Ашигт малтмалын тухай хуулийн тухайн үед хүчин төгөлдөр байсан 19 дүгээр зүйлийн 19.5-т татгалзах үндэслэлүүдийг зохицуулсан байдаг. Д аймгийн Засаг даргын 1-**36 тоот албан бичгийн тариалангийн бүс газар, тариалангийн компаниудын эзэмшил газартай давхцалтай гэсэн үндэслэл нь хуульд заасан татгалзах үндэслэл биш юм. Өөрөөр хэлбэл хуульд заасан татгалзах үндэслэл бүрдээгүй байхад татгалзсан, тус татгалзалд үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр нь хууль бус захиргааны акт болохыг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.АМ 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хууль журмын дагуу шалгаж, шийдвэрлэсэн. Хүсэлтийг шийдвэрлэсэн үйл ажиллагааг дэлгэрэнгүй тайлбарлая. Нэхэмжлэгч “НБ” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Д аймгийн Х сумын нутагт байрлах Ц нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг NE-****20 дугаарт бүртгэж авсан. Өргөдлийн материалыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасан хуулийн шаардлага хангасан эсэхийг хянан тухайн үед хүчин төгөлдөр байсан 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан ажиллагааг гүйцэтгэсэн. Кадастрын хэлтэс өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн тухайн үед хүчин төгөлдөр байсан 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-д заасан шүүлт хийж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн мөн хуулийн 19.3-т заасны дагуу санал авах мэдэгдлийг Д аймгийн Засаг даргад 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүргүүлсэн. Д аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01-**36 тоот албан бичгээр NE-****20 тоот өргөдөлд дурьдсан солбицол бүхий талбай нь тариалангийн бүс газар, тариалангийн компаниудын эзэмшил газартай давхцалтай тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэсэн санал ирүүлсэн. Орон нутгаас дэмжихгүй гэсэн санал ирсэн тул түүнд үндэслэн татгалзаж шийдвэрлэсэн. Д аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх Д аймгийн Засаг даргын саналыг хүчингүй болгосноор Засаг даргыг дэмжсэн санал гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 19.6-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж... ” гэж заасны дагуу Засаг дарга дэмжихгүй санал ирүүлсэн байхад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга эерэг үйлчлэл бүхий захиргааны акт гаргах боломжгүй. Ашигт малтмалын тухай хуулийн  11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5 дах хэсэгт заасантай нийцэж байгаа тул хуульд нийцсэн үндэслэл бүхий захиргааны акт юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаар шийдвэрийн “НБ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

            Хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Д аймгийн Х сумын нутаг дахь “Ц” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргаж, Кадастрын хэлтэс тус өргөдөлд санал авах мэдэгдлийг Д аймгийн Засаг даргад 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 6/9530 дугаар албан бичгээр хүргүүлж, Д аймгийн Засаг даргаас 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1-**36 дугаар албан бичгээр NE-****20 тоот өргөдөлд дурдсан солбицол бүхий талбай нь тариалангийн бүс газар, тариалангийн компаниудын эзэмшил газартай давхцалтай тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн саналыг ирүүлсэн тул “НБ” ХХК-д Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 407 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн үйл баримт болжээ. 

          Нэхэмжлэгч тал “... тариалангийн бүс газар, тариалангийн компаниудын эзэмшил газартай давхцалтай гэсэн үндэслэл нь хуульд заасан татгалзах үндэслэл биш гэж, харин хариуцагч тал “... NE-****20 тоот өргөдлийн талбайд тус аймгийн Засаг даргаас “дэмжихгүй” гэсэн санал ирснийг үндэслэн шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй” гэж тус тус маргаж байгаа болно. 

         Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар дүгнэлээ.

            “НБ” ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст /хуучин нэрээр/ 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Д аймгийн Х сумын нутаг дахь “Ц” нэртэй 2344.46 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гарган NE-****20 дугаарт бүртгүүлж, Кадастрын хэлтсээс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудсаар хянагдаж, тухайн аймгийн Засаг даргын санал авах мэдэгдэл гаргахаар шийдвэрлэсэн үйл баримтад талууд маргаагүй болно. 

            Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” 407 дугаар шийдвэрийн холбогдох хэсгээр “НБ” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тус аймгийн Засаг даргын “дэмжихгүй” санал ирсэн тул  тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ. 

             Д аймгийн Засаг даргын 2015 оны 12 дүгээр сарын 17-ны өдрийн 1-**36 дугаартай албан бичгээр Ашигт малтмалын газарт “тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал” ирүүлж, NE-****20 дугаарт бүртгэгдсэн өргөдлийн талбайд “дэмжихгүй” гэсэн санал ирүүлж, үндэслэлээ сумын тариалангийн бүс газар, тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжийн эзэмшил газартай давхцалтай гэж тайлбарлажээ. 

        Д аймгийн Засаг даргын “дэмжихгүй” саналын тухайд Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтэс нь дотоод зааварт заасан хууль зүйн үндэслэлгүй “дэмжихгүй” санал гэж үзээгүй бөгөөд энэ саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргаж мэдэгдлийг хүргүүлсэн. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “... татгалзсан хариу өгч болно” гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай мэдэгдлийг төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг хэлэх бөгөөд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын 4 дүгээр зүйлийн 4.5-д “Аймаг, нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй “дэмжихгүй” санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, эхний жилийн төлбөр төлөх мэдэгдлийн төслийг боловсруулан, хяналтын хуудсанд тэмдэглэгээ хийж эрх зүйн шүүлт хийлгэсний дараа кадастрын асуудал хариуцсан нэгжийн даргын гаргасан шийдвэрийн дагуу мэдэгдлийг өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулан хүлээлгэн өгнө” гэж заасан байна. 

Хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Д аймгийн Засаг даргын “дэмжихгүй” саналыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосон боловч тухайн үйл баримт болох үед хүчин төгөлдөр байсан болохыг дурьдах нь зүйтэй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж зааснаас үзвэл аймаг, нийслэлийн Засаг даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсвэл дэмжихгүй талаарх санал нь тухайн тусгай зөвшөөрлийг олгоход тавигдах үндсэн нөхцөл, шаардлагуудын нэг болохоор байна.

          Д аймгийн Засаг даргын ирүүлсэн “дэмжихгүй” саналыг тухайд Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтэс нь  дотоод зааварт заасан хууль зүйн үндэслэлгүй “дэмжихгүй” санал гэж үзээгүй бөгөөд энэ саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргаж, мэдэгдлийг нэхэмжлэгч хүргүүлсэн байна.           

Хариуцагчийн дээрх татгалзал нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 19 дүгээр зүйлийн 19.3-д “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана”,19.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ”, 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасныг зөрчөөгүй байна.

      Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт “Засаг даргын дэмжихгүй гэсэн санал нь хууль зүйн үндэслэлгүй бол Кадастрын хэлтэс хайгуулын тусгай зөвшөөрөл олгох”-оор заасан боловч хариуцагч нь Засаг даргын “дэмжихгүй” саналыг үндэслэн нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ. 

          Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Засаг даргаас ирүүлсэн “дэмжихгүй” гэсэн саналыг хууль бус болохыг тогтоосон хэдий ч тухай үед уг санал хүчин төгөлдөр байсан болохыг дурьдах нь зүйтэй. 

          Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орсон өөрчлөлтөөр тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно”, тус хуулийн 19 дүгээр зүйл буюу “өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа”-г  бүхэлд нь хүчингүй болгосон  байх тул  хариуцагчийн  хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй байна. 

Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг өргөдлийн журмаар олгодог байсныг хүчингүй болгож, зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгохоор заасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангасан тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх хэрхэн сэргэх нь тодорхой бус байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ.

Харин тус өргөдлийн талбайнуудад сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгохоор зарлагдсан тохиолдолд нэхэмжлэгч компанийн оролцох эрх нээлттэй болно.   

     

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Ашигт малтмалын тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1, 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг баримтлан “НБ” ХХК-ийн нэхэмжлэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн 407 дугаар шийдвэрийн “НБ“ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

           

 

 

ШҮҮГЧ                         Д.ЧАНЦАЛНЯМ