Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 478

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 07 өдөр

      Дугаар 182/ШШ2017/00478

                 Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Хэрлэн сум, 10 дугаар баг, Чойбалсан зочид буудлын 01 тоотод байрлах, “Чойбалсан констракшн” ХХК /РД:3373266/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Холбоочдын гудамж, Төрийн банкны 2 дугаар байр, 3 давхарт байрлах Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Холбоочдын гудамж, Төрийн банкны 2 дугаар байранд байрлах “Жаст Агро” ХХК /РД:2110113/-д холбогдох,

 

2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг цуцалсны улмаас учирсан хохиролд 128,455,056 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа, хариуцагч “Жаст Агро” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Чойбалсан констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн С.Баярмаа  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэг: Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2-д гэрээг цуцалсан бол дэнчин авсан тал дэнчинг буцааж өгөхөөр маш тодорхой зохицуулалтыг хийж өгсөн бөгөөд талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 539/2015БЭХА дугаартай “Дорнод мах маркет ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ” нь 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр цуцлагдсан тул хуулийн дагуу төлсөн дэнчинг буцаан авах эрхтэй.

Гэтэл “Дорнод мах маркет ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ”-ний 11 дүгээр зүйлийн 11.4-д “Худалдан авагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдсан тохиолдолд дэнчин худалдагчид үлдэнэ гэж заасан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байх тул хүчин төгөлдөр бус гэж тооцуулах мөн дэнчинд төлсөн 100,000,000 төгрөгийг гаргуулах хангалттай үндэслэл байна гэж үзэж байна.

Хоёр: “Дорнод мах маркет” ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ нь нийт 96 хоног үйлчилсэн бөгөөд гэрээ цуцалснаас худалдан авагчид учирсан хохиролд Даатгалын гэрээний үлдэгдэл төлбөр /гэрээний хүчинтэй 96 хоногийг хасаж тооцсон/ 11,309,056 төгрөг, тоног төхөөрөмжийн 1,146,000 төгрөгийг нийт 28,455,056 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хариуцагч нь гэрээний төлбөрт төлсөн 20,000,000 төгрөгөөр өөрт учирсан хохирлыг гаргуулан авсан.

2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 539/2015БЭХА дугаартай “Дорнод мах маркет” ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээний 11 дүгээр зүйлийн 11.4-т заасан “Худалдан авагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдсан тохиолдолд дэнчин худалдагчид үлдэнэ” гэснийг хүчин төгөлдөр бусад тооцуулж үндэслэлгүйгээр авсан дэнчингийн 100,000,000 төгрөгийг буцаан гаргуулах,

Гэрээ цуцалснаас худалдан авагчид учирсан хохирол болох Даатгалын гэрээний үлдэгдэл төлбөр /гэрээний хүчинтэй 96 хоногийг хасаж тооцсон/ 11,309 056 төгрөг, тоног төхөөрөмжийн 1,146,000 төгрөг, гэрээний төлбөрөөс 16,000,000 төгрөг нийт 28,455,056 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийнхээ үндэслэл, шаардлагыг тодруулж байна.

Манай компанийн хувьд гэрээнд заасан төлбөрийг “Жаст агро” ХХК-ийн дансанд шилжүүлж байсан учраас Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийг хариуцагчаас чөлөөлж байна.

Ийм учраас “Жаст агро” ХХК-иас нийт 128,455,056 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч “Жаст Агро” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Чойбалсан Констракшн” ХХК болон “Жаст-Arpo” ХХК, Хадгаламж банкны эрх хүлээн авагч нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 539/2015БЭХА дугаартай “Дорнод Max Маркет ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан.

Гэрээгээр “Дорнод Max Маркет” ХХК-ийн нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 8,301,420 ширхэг энгийн хувьцааг 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор багтаан бүрэн төлөх нөхцөлд 3,000,000,000 төгрөг.

2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш бүрэн төлөөгүй нөхцөлд 3,200,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон.

Хувьцааны төлбөрийг төлөх эцсийн хугацааг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр тогтоосон ба гэрээнд төлбөрийг хугацаанаас нь өмнө төлж болох нөхцлийг заасан. Хувьцааг дагаж Компанийн тайлан тэнцэлд байгаа бүх үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүд, эд хөрөнгийн эрхийн хамт гэрээнд заасан нөхцлийн дагуу Худалдан авагчийн эзэмшил, өмчлөлд шилжих бөгөөд тэдгээрийг илүү засч сайжруулах, өөрчлөх нөхцөл шаардахгүйгээр хүлээлцэх өдрийн байдлаар нь авахаар тохиролцсон.

Гэрээнд төлбөрийг хэсэгчлэн төлөх хуваарийг бичгээр тохиролцсон бөгөөд худалдан авагчаас төлбөр төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн учир худалдагчаас 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 938 дугааргай албан бичиг, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай “Гэрээний хэрэгжилтийг биелүүлэх” тухай албан бичгүүдээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх тухай мэдэгдлийг тус тус хүргүүлж байсан бөгөөд Худалдан авагчаас гэрээний зөрчлийг арилгахгүй байсаар 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр гэрээг цуцлах хүсэлтийг гаргасан.

Гэтэл худалдан авагчийн албан бичигт дурьдсан гэрээ цуцлах үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй, тус үндэслэлд худалдагч талаас гэм буруугүй байсан учраас манай зүгээс худалдан авагч гэрээг цаашид үргэлжлүүлэх сонирхолгүй, түүний хөрөнгө оруулагч хамтран ажиллахаас татгалзсан, гэрээний зөрчлийг арилгаагүй зэрэг нөхцлүүдийг харгалзан 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 108 дугаартай албан бичгээр гэрээг цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн.

Үүний дараа талууд 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Дорнод Max Маркет” ХХК-ийн үйлдвэр, эд хөрөнгүүдийг худалдан авагчаас худалдагчид буцаан хүлээлгэн өгч энэ тухай акт үйлдсэн бөгөөд тус өдрөөр гэрээ цуцлагдсан.

Нэгэнт цуцлагдсан гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлага гаргах үндэслэл байхгүй.

Иргэний хуулийн 233 дугаар зуйлийн 233.3-т “Дэнчин тавьсан этгээд үүрэг гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээхээр байвал дэнчинг дэнчин авсан этгээдэд үлдээнэ. Энэ тохиолдолд дэнчин тавигчид учирсан хохирлыг төлөхдөө дэнчинг оролцуулан тооцно” гэж зохицуулсан.

Гэвч нэхэмжлэгчээс Иргэний хуулийн дэнчинг зохицуулсан 233 дугаар зүйлээс зөвхөн ерөнхий ойлголтыг томьёолсон 233.2 дахь хэсгийн зохицуулалтыг салган бусад нарийвчилсан зохицуулалтыг үл хайхран энэхүү шаардлагыг гаргасан байгаа нь үндэслэлгүй байна.

Дэнчин нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйд заасан үүргийн гүйцэтгэлийн хангах аргуудын нэг бөгөөд энэ утгаараа гэрээний талууд дэнчинг анх тавихдаа үүргийн гүйцэтгэлд оруулах, эсэх талаар тохиролцдог ба ийнхүү тохиролцоогүй тохиолдолд дэнчинг буцаан олгохоор 233 дугаар зүйлийн 233.2-д зохицуулсан.

Гэрээний 2.2.1.1-д 100,000,000 төгрөгийг гэрээ байгуулсны нотолгоо, дэнчин болгон төлөхөөр тохироцож уг зүйл, хэсгийн дотор дэнчинг үүргийн гүйцэтгэлд оруулан тооцохоор бичгээр тохиролцсон.

Мөн гэрээний 10.1.6-д худалдан авагч нь гэрээний үг, өгүүлбэр, заалт тус бүртэй уншиж танилцсан түүнээс гарах үр дагаврыг бүрэн ойлгосон болохоо илэрхийлж гэрээний хуудас бүрт гарын үсэг зурж баталгаажуулсан. 

Дэнчин өгөгч нь үүргийн гүйцэтгэлийг хангах үүргээ зөрчсөн байвал түүнийг үүргийн гүйцэтгэлд субьектив байдлаар буруутгах, эсхүл гэм буруутайд тооцох бөгөөд тухайлбал тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж үүргийн гүйцэтгэл хангагдаагүйн хариуцлагыг хүлээж дэнчингээ үүрэг гүйцэтгүүлэгчид үлдээх ёстой.

Гэтэл Хүдалдан авагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдсан болох нь дараах үндэслэлүүдээр нотлогдоно. Үүнд: Гэрээний 2.2-д зааснаар Худалдан авагч нь хувьцааны төлбөрийг дараах эх үүсвэрээр төлөхөөр тохиролцсон.

Үүнд:А: Гэрээний 1.2.4, 1.2.5-д тус тус заасан үл хөдлөх хөрөнгүүдийн нийт хэмжээнд багтсан орон сууцуудаас худалдан борлуулсан орлогоос.

Б: Гэрээний 1.2.4, 1.2.5-д тус тус заасан үл хөдлөх хөрөнгүүдийг банктай зээлэнд хамруулах агуулга бүхий гэрээ хийж гэрээний 1.2.6. 1.2.7-д заасан орон сууцыг худалдан авсан иргэний зээлэнд банкнаас төлөх төлбөрөөс.

В.Гэрээний 1.2.4. 1.2.5-д тус тус заасан үл хөдлөх хөрөнгүүдийг банкинд барьцаалан зээл авах хэлбэрээр.

Г, А, Б, В-д зааснаас бусад санхүүгийн эх үүсвэрээр төлөх.

Худалдан авагчаас Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх санхүүгийн хангалттай эх үүсвэртэй буюу санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн болохоо илэрхийлж гэрээний 10.1.4-д буюу Худалдан авагчаас гаргах баталгаа хэсэгт тусгайлан дурдсан.

Гэрээний 11.2.4-д зааснаар Худалдан авагчийн гаргасан баталгаа нь худал байсан тохиолдолд гэрээнд дурьдсан Худалдагч талаас гэрээг дангаар цуцлах нөхцлийг эрхийг хэрэгжүүлэхээр, гэрээний 10.1.6-д Худалдан авагч нь гэрээний үг, өгүүлбэр, заалт тус бүртэй уншиж танилцсан, түүнээс гарах үр дагаврыг бүрэн ойлгосон болохыг тусгайлан заасан.

Өөрөөр хэлбэл Худалдан авагчаас зөвхөн барьцааны хөрөнгииг худалдан борлуулсан орлогоос гэрээний үнийг төлөхөөр тохиролцоогүй бөгөөд дээр дүрьдсаны дагуу бусад санхүүгиин эх үүсвэрээр төлөх үүргийг хүлээсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүй.

2.Худалдан авагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолын дагуу үүссэн нөхцөл байдал нь гэрээнд заасан давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийг бий болгосон тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь гэрээний 8.1-д заасан давагдашгүй хүчин зүйлд нөлөөлөх төрлүүдийн нэг болох “Төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр” гэдэг нь гэрээний зүйл болох “Дорнод мах маркет” ХХК-ийн хувьцаа, үйлдвэр, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн тухайд төрийн эрх бүхий байгууллагаас тусгайлан гаргасан шийдвэрийн улмаас талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон нөхцөлд хэрэгжих заалт бөгеөд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас гаргасан тогтоол нь Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн барьцаалуулагчаас өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг захиран зарцуулахдаа барьцаалагчаас зөвшөөрөл авах агуулга бүхий заалтуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн агуулгатай бөгөөд тогтоолоор Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг зогсоох эсэх талаар шийдвэрлээгүй. 

Арилжааны банкууд нь өөрсдийн эрхийн хүрээнд орон сууцны ипотекийн зээлийг зогсоогоогүй дотоод бичиг баримтуудад өөрчлөлт хийсэн байдал нь төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрт хамаарахгүй юм.

3.Нэхэмжлэгч талаас гэрээгээр хүлээсэн үүргийг шударгаар биелүүлж чадах санхүүгийн эх үүсвэртэй гэж баталгаа гаргаж, гэрээний зүйлийг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хооронд хугацаанд өөрийн эзэмшилд байлгаж гэрээний дагуу үүрэг хүлээж худалдагч талын гэрээний зүйлийг бусдад худалдах, орлого олох боломжийг алдагдуулсан.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн худалдагч буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж зааснаар Ийнхүү дэнчинг хохиролд оруулан тооцсон нь хохирлын хамгийн бага хэмжээг урьдчилан тогтоож байгаа хэлбэр бөгөөд үүн дээр нэмж талууд гэрээ цуцлагдах үед төлөгдсөн байсан төлбөрийн 20 хувийг нэмж хохиролд тооцохоор гэрээнд тохиролцсон байсан.

4. Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.4-д зааснаар дэнчин авагч буюу худалдагч талаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдсан тохиолдолд дэнчинг буцаан олгох зохицуулалттай ба уг гэрээний тухайд худалдагч талаас аливаа байдлаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл байхгүй болно.

Гэрээний 2.1.3-д зааснаар компанийн хөрөнгүүдийг байгаа байдлаар буюу хүлээлцэх өдрийн байдлаар нь хүлээлгэн өгөх, хүлээн авахаар тохиролцсон. Гэрээ байгуулахаас өмнө худалдан авагчийн зүгээс хөрөнгө оруулагчийн хамтаар үйлдвэрийн барилга, эд хөрөнгийн байдалтай газар дээр нь биечлэн танилцсаны үндсэн дээр цаашид ашиглах, засвар, сайжруулалт хийх, уг зардлыг санхүүжүүлэх боломжтой гэж гэрээг байгуулсан.

Гэрээний 4.1.2-д зааснаар хавсралтад дурьдсан хөрөнгүүдэд биет байдлын доголдол илэрсэн тохиолдолд худалдагчаас нуун дарагдуулснаас бусад тохиолдолд Худалдагч тал хариуцлага хүлээхгүй байхаар тохиролцсон.

Үйлдвэрийн хөрөнгүүдийн тухайд гэрээг байгуулахаас өмнө газар дээр нь танилцах явцад болон үйлдвэрийг хүлээлцэх явцад ил байсан ба Худалдагч талаас бодит байдлыг нуун дарагдуулсан зүйлгүй.

Иймд хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардаж байгаа “2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 539/2015БЭХА дугаартай “Дорнод мах маркет ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ”-ний 11 дүгээр зүйлийн 11.4-дэх хэсэг нь хуулиин хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй, хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчээс гэрээ цуцлагдснаар худалдан авагч хариуцлага хүлээхгүй гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Тус гэрээ нь байгуулагдсан өдрөөс хойш буюу 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс худалдагч талаас гэрээг цуцлах хүртэл хугацаа буюу 2016 оны 02 сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж талуудын хооронд үүрэг үүссэн байсан нь компанийн үйлдвэр, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлж байсан, худалдан авагчаас гэрээний төлбөрийг төлж байсан үйл баримтуудаар тогтоогдоно.

Иймд энэ тохиолдолд гэрээг цуцлах хүртэл хугацаанд талуудын нөгөө талын өмнө хүлээсэн үүргийн гүйцэтгэлүүд хэвээр үлдэх бөгөөд энэхүү үүргийн гүйцэтгэлийг харилцан буцааж өгөх үндэслэлгүй.

“Дорнод мах маркет ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ”-ний 2.1.1-д “Cap бүр төлөх 100,000,000 төгрөгөөс доошгүй төлөх төлбөрийг төлөхдөө 100,000,000 төгрөгт хүргээгүй бол тус дүнгээс дутсан үнийн дүнгээс тооцон тус төлбөрийг бүрэн гүйцээж төлөх өдрийг хүртэл хугацаанд хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө” гэж тохиролцсон.

Худалдагчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бөгөөд харин худалдан авагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул үүрэг биелүүлээгүй талаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гэрээнд бичгээр зааж тохиролцсон алдангийг төлүүлэх үндэслэлтэй.

Худалдан авагчаас гэрээгээр хүлээсэн хуваарьт төлбөрийг хугацаандаа төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийт 35,400,000 төгрөгийн алданги хуримтлагдсан.

Нэхэмжлэгчээс гэрээ цуцлагдснаар худалдан авагч хариуцлага хүлээхгүй гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Гэрээгээр талууд биенийхээ өмнө үүрэг хүлээж, гэрээ 96 хоног хэрэгжсэн, үйлдвэрийг эзэмшилд өгсөн байгаа тул хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдэж үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэж ойлгодог тул буцаан өгөх үндэслэлгүй.

Худалдан авагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдсан тул Худалдагчаас нийт 35,400,000 төгрөгийн хуримтлагдсан алдангаас дараах үүргийн гүйцэтгэлийг суутган тооцож үлдэх 6,944,589 төгрөгийн алдангийг төлүүлэхээс татгалзаж цаашдын төлбөр тооцоог дуусгавар болгосон. Үүнд: Төлөгдсөн хуваарьт төлбөрийн үлдэгдэл 16,000,000 төгрөг, худалдан авагчийн үйлдвэрийн даатгалын төлбөрт төлсөн төлбөрөөс буцаах 11.309,056  төгрөгийн үлдэгдэл, хангамжийн материалд зарцуулсан 1,146,355 төгрөг нийт 28,455,411 төгрөг болсон.

Гэрээ цуцалснаас учирсан хохирлыг хэрхэн зохицуулах талаар Иргэний хуулийн 227.1, 227.2-т тодорхой заасан бөгөөд худалдагч талын буруугаас гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Чойбалсан констракшн” ХХК нь хариуцагч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон “Жаст Агро” ХХК-иудад холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний 11.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж дэнчинд төлсөн 100,000,000 төгрөгийг гаргуулах, гэрээ цуцалсанаас учирсан хохирол болох даатгалын гэрээний үлдэгдэл төлбөр 11,309,056 төгрөг, тоног төхөөрөмжийн зардал 1,146,000 төгрөг, гэрээний төлбөр 16,000,000 төгрөг, нийт 128,455,056 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

 

Шүүх хуралдааны явцад Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийг хариуцагчаас чөлөөлсөн болно.

 

Хариуцагч “Жаст агро” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч, “Жаст агро” ХХК болон “Чойбалсан констракшн” ХХК-иудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 539/2015БЭХА дугаартай “Дорнод Max Маркет” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээр Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь “Дорнод мах маркет” ХХК-ийн 8,301,420 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий энгийн хувьцааг төлбөр төлөх хугацаанаас хамаарч 2016 оны 01 дүгээр сарын 31-ний дотор бүрэн төлөх нөхцөлд 3,000,000,000 /гурван тэрбум/ төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш бүрэн төлөөгүй бол 3,200,000,000 /гурван тэрбум хоёр зуун сая/ төгрөгөөр худалдах, төлбөр төлөх эцсийн хугацааг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байхаар харилцан тохиролцжээ.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлд “Компанийн хөрөнгийг эзэмших, ашиглах, өмчлөх эрх шилжих” тухай худалдагч болон худалдан авагч талууд тохиролцсон байх бөгөөд уг гэрээний 4.2.4-т “хүлээлцэх акт үйлдсэн нь худалдан авагчид компанийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгүүдийг захиран зарцуулах эрхийг олгохгүй”,

 

4.2.7-д “Энэ гэрээний 2.2.1.1-д заасан төлбөр төлөгдөж хөрөнгийг актаар хүлээлгэн өгсөн үеэс худалдан авагчид хөдлөх, үл хөдлөх хөрөнгүүдийг ашиглах эрх үүсэх буюу үйлдвэрлэл явуулах зардлыг хариуцах, ашиг олох, үр шимийг хүртэх эрх нээгдэнэ”,

 

4.3.1-д “Энэ зүйлд заасан хөдлөх, үл хөдлөх хөрөнгүүдийг өмчлөх эрх нь гэрээний 2.1.1-д заасан төлбөр бүрэн хэмжээгээр худалдагч талд төлөгдөж, Компанийн хувьцааг худалдан авагчийн нэр дээр шилжүүлснээр шилжинэ”,

 

5.1-д “энэ гэрээний дагуу “Хүлээлцэх акт” үйлдэх үеэс эхлэн компанийн бизнесийн үйл ажиллагааг худалдан авагч хариуцан хэрэгжүүлнэ. Худалдагчаас компанийн эд хөрөнгө, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг эзэмших, ашиглаж байгаа байдалд компанийн гүйцэтгэх захирлаар дамжуулан өөрийн хяналтыг хэрэгжүүлнэ. Гүйцэтгэх захиралд компанийн тамга, тэмдэг хадгалагдах ба гүйцэтгэх захирал нь хувьцааны өмчлөл бүрэн шилжих хугацаагаар Худалдагчийн удирдлагад ажиллана”,

 

11.3-т “гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн даруй худалдагч нь Компанийн байранд саадгүйгээр нэвтэрч, Компанийн бичиг баримт, хөрөнгийг “Хүлээлцэх акт” үйлдэн буцаан хүлээн авна. Уг хүлээлцэх актад худалдан авагч талын төлөөлөгч гарын үсэг зураагүй нь ирээдүйд үүсэх үр дагавар, худалдагчид учруулсан хохирлыг төлөх үүргээс худалдан авагчийг чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус тохиролцжээ.

 

            Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 539/2015БЭХА дугаартай “Дорнод Max Маркет” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээний дээрх агуулгаас үзэхэд талуудын хооронд “Зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4-т “худалдагч гэрээ болон дагалдах бичиг баримтын хувийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрээний талууд болох нэхэмжлэгч Чойбалсан констракшн ХХК,  “Жаст Агро” ХХК болон Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн төлөөлөгчдийг байлцуулан “Дорнод мах маркет” ХХК-ийн эзэмшилд байсан ган резарваур, харуулын байр, цутгамал бетон зам, талбай, салбар төмөр зам, төмөр замын ачааны тавцан, мал хүлээн авах хэсгийн том тавцан, машинаас мал буулгах тавцан зэрэг нийт 320 нэр төрлийн эд хөрөнгийг, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр цахилгааны өрөө, худалдааны цэг, урд гараж, “Тансаг” дэлгүүр гэх мэт нийт 35 төрлийн эд хөрөнгүүд буюу “Жаст Агро” ХХК-ийн Дорнод Мах Маркет ХХК-ийн хөрөнгө хүлээлцсэн акт, талууд эд зүйлс хүлээлгэн өгч хүлээн авсан тэмдэглэл үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулжээ. /1 дүгээр хавтасны 119-124 х, 125-126 х/

 

Мөн дээрх гэрээг дагалдаж талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 543/2015БЭХА дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” байгуулагдаж, нэхэмжлэгч “Чойбалсан констаркшн” ХХК-иас Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 77 тоот 2239 м.кв, 78 тоот 3240 м.кв талбайтай  орон сууцны зориулалттай барилгууд, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Жаст-ойл ШТС-ын хойно байрлах 540 м.кв талбайтай агуулах, гаражийн зориулалттай барилга, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, 8 дугаар цэцэрлэгийн зүүн урд байрлалтай худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 3375 м.кв талбайтай газар эзэмших эрх зэргийг барьцаалсан болох нь зохигчдын гаргасан тайлбар, барьцааны гэрээ, барьцаалбарууд зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтасны 135-141 х/

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7 дугаар зүйлд гэрээ дуусгавар болох үндэслэлийг заасан байх бөгөөд 7.1.1-д “худалдан авагч нь хувьцааны төлбөрийг бүрэн төлж дуусган Компанийг 100 хувь эзэмшиж буй талаар Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулж Улсын бүртгэлд бүртгэгдсэн”,

7.1.2-т “Талууд харилцан тохиролцож гэрээг цуцалсан”,

7.1.3-т “Гэрээнд заасан нөхцлөөр худалдагчаас дангаар” цуцлахаар,

...худалдагч талын санаачлагаар гэрээг цуцлах нөхцлийг гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2-т “гэрээний 2.2.1.1-д заасан төлбөрийг хуанлийн 5 хоног, сар бүр 100,000,000 төгрөгөөс дээш төлбөр төлөх үүргээ 2 удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй”,

11.2.3-т гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх зөрчлийг арилгах талаар худалдагчаас мэдэгдэл хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зөрчлийг арилгаагүй 14 хоногийн хугацаа өнгөрсөн” бол гэрээг цуцлахаар тус тус тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 15-нд Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид хандаж “Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбогдуулан Арилжааны банкуудад үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүх төрлийн гэрээ зогсоосноос гэрээний дагуу төлбөр хийхэд хүндрэл учраад байна. Иймд “гэрээний 8.1-д гэрээний аль нэг тал давагдашгүй хүчин зүйл ...нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болно” гэсэн заалтыг харгалзан үзэж боломжтой бол гэрээний хугацааг түр хугацаагаар зогсоож өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргажээ.

 

Хариуцагч “Жаст агро” ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 03-01/511 албан бичгээр “...хүсэлтийг хүлээн авах боломжгүй байгаагаа илэрхийлж, ... гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээнд заасны дагуу санхүүгийн бусад эх үүсвэрүүдээр хуваарьт төлбөрийг төлөхийг мэдэгдэж байна” гэсэн хариуг хүргүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “...хөргөлтийн цехийн барилга болон эхлэн боловсруулах цехийн барилгын хийцэд гарсан ноцтой эвдрэл, гэмтэл нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэж үзэж гэрээ цуцлах хүсэлтийг Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид хүргүүлжээ.

 

Хариуцагч “Жаст агро” ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05-01/526 дугаартай албан бичгээр “...худалдан авагч талын санаачлагаар гэрээг цуцлах үндэслэл бүрдээгүй ... гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн талаар мэдэгдлийг хүргүүлсэн боловч зөрчлийг арилгаагүй ... гэсэн үндэслэлээр худалдагч талаас гэрээг цуцалж байгаагаа мэдэгджээ. /1 дүгээр хавтасны 17 х/

 

Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1-д “гэрээнд оролцогч нэг тал нь гэрээ байгуулсны нотлогоо болгон нөгөө талдаа төлбөл зохих төлбөрт оролцуулан урьдчилан өгсөн мөнгийг дэнчин гэнэ”, 233.2-д “Гэрээг цуцалсан, эсхүл дэнчин тавигч тал нь үүргээ гүйцэтгэхдээ үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулаагүй бол үүрэг гүйцэтгэж дууссаны дараа дэнчин авсан тал нь дэнчинг буцааж өгнө” гэж тус тус заасан.

 

Талуудын байгуулсан гэрээний 2.2.1.1-д “100,000,000 төгрөгийг гэрээ байгуулсаны нотолгоо, дэнчин болгон гэрээний талууд гарын үсэг зурж тэмдэг дарснаас хойш хуанлийн 2 хоногийн дотор төлнө /худалдан авагч гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд дэнчинг үүргийн гүйцэтгэлд оруулан тооцно/ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 100,000,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-нд мөн 20,000,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 05-нд нийт 120,000,000 төгрөгийг “Жаст агро” ХХК-ийн дансанд төлсөн талаар зохигч маргаагүй.

 

Нэхэмжлэгч “Чойбалсан констракшн” ХХК-иас гэрээний төлбөрт шилжүүлсэн 120,000,000 төгрөгийг хариуцагч “Жаст агро” ХХК нь “Хадгаламж банк” ХХК-д эргэлийн хөрөнгийнхөө зээлд шилжүүлсэн гэж тайлбарласан ба энэ нь хэрэгт авагдсан “Зээлийн дансны хуулга”-аар тогтоогдож байна. /1 дүгээр хавтасны 50 х/

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2-т “гэрээг цуцалсан, эсхүл дэнчин тавигч тал нь үүргээ гүйцэтгэхдээ үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулаагүй бол үүрэг гүйцэтгэж дууссаны дараа дэнчин авсан тал нь дэнчинг буцааж өгнө” гэсэн нарийвчилсан зохицуулалт байхад хариуцагч гэрээндээ дэнчинг өөртөө үлдээхээр заасан нь үндэслэлгүй гэж үзэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж шаардлага гаргасан.

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.3-т “дэнчин тавьсан этгээд үүрэг гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээлгэхээр байвал дэнчинг дэнчин авсан этгээдэд үлдээнэ. Энэ тохиолдолд дэнчин авагчид учирсан хохирлыг төлөхдөө дэнчинг оролцуулан тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Гэвч талууд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 539/2015БЭХА дугаартай “Дорнод Max Маркет” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг цуцалсан талаар маргаагүй учраас энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй юм.

 

Хариуцагч “Жаст Агро” ХХК болон Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 10С1500131 дугаартай 15,345,002.04 төгрөгийг даатгалын гэрээг “Соёмбо даатгал” ХХК-тай байгуулж, уг гэрээгээр “Дорнод мах маркет” ХХК-ийн барилга, байгууламж, электрон тоног төхөөрөмжийг даатгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч Чойбалсан констракшн ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.10-т зааснаар уг даатгалын зүйлийг үргэлжлүүлэн даатгуулж, хураамжийг хариуцах үүрэг хүлээсэн байна.

 

Гэрээ цуцлагдсаны улмаас талууд 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Дорнод Мах Маркет” ХХК-ийн хөрөнгө хүлээлцсэн акт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл үйлдэж, барьцаалсан эд хөрөнгө болон түүнийг өмчлөх эзэмших эрхийн бичгийн эх хувийг хүлээлгэн өгсөн актыг тус тус үйлджээ. /1 дүгээр хавтасны 127-134 х/

 

 Энэ нь талууд эд хөрөнгийг актаар хүлээлгэн өгч хүлээн авсан хэдий ч гэрээний 4.2.7, 4.3.1-д зааснаар худалдагч талын өмчлөлд байсан болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д “зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Талууд гэрээгээр хүлээсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу үйлдвэрийн даатгалын төлбөрт 15,345,002 төгрөгийг төлсөн байх бөгөөд үүнээс үйлдвэрийг эзэмшилдээ байлгасан 96 хоногийн төлбөрт ногдох хэсгийн төлбөр /15,345,002 төгрөг : 365 хоног = 40,041 төгрөг х 96 хоног =4,035,946/-ийг суутгаж, 11,309,056 төгрөг, мөн гэрээний төлбөрт төлсөн 20,000,000 төгрөгөөс /20,000,000 х 20 % = 4,000,000 төгрөг/ 20  хувийг суутгуулж, 16,000,000 төгрөг, тоног төхөөрөмжийн зардал 1,146,000 төгрөг, нийт 28,455,056 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-т “Энэ хуулийн 264.1-д заасан тохиолдолд худалдагч нь учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй” гэж зааснаар худалдагч нь гэрээний төлбөрт нэхэмжлэгч талаас төлсөн 20,000,000 төгрөгийн 20 хувь буюу 4,000,000 төгрөг, үйлдвэрийг 96 хоног эзэмшилдээ байлгасан хугацааны төлбөрт 4,035,936 төгрөгийг /42,041 х 96 хоног = 4,035,936 төгрөг/ суутган авсныг буруутгах боломжгүй юм.

 

Ийм учраас хариуцагч “Жаст арго” ХХК-иас 128,445,056 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Чойбалсан констракшн” ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.2-т зааснаар хариуцагч “Жаст Агро” ХХК-иас 128,455,056 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Чойбалсан Констракшн" ХХК-д олгосугай.

 

2.Нэхэмжлэгч нь Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийг хамтран хариуцагчаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар “Жаст Агро” ХХК-иас 800,300 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Чойбалсан Констракшн” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 800,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                  Х.ДАШДЭЧМАА