Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 101/2018/00439/И |
Дугаар | 001/ХТ2018/01248 |
Огноо | 2018-09-25 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2018/01248
Х.Бын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2018/00973 дугаар шийдвэр
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1042 дугаар магадлалтай
Х.Бын нэхэмжлэлтэй
У.Өт холбогдох
10 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоожын хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямцоож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Б нь 2017 оны 4 дүгээр сард У.Өтэй анх танилцаж, уулзсан. Тухайн үед У.Ө нь өөрийгөө Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Байгаль орчны хяналтын ахлах мэргэжилтнээр ажилладаг гэж танилцуулж, мэргэжлийн талаас нь зөвлөгөө өгч, үйл ажиллагааны зардалд 10 000 000 төгрөгийн санхүүжилт оруулчих, улмаар олсон ашгаа хуваах санал тавьсны дагуу түүний нөхрийн Т.Мөнх-Очирын Хаан банк дахь 5133039746 тоот дансанд 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 9 000 000 төгрөг, 22-ны өдөр 600 000 төгрөг тус тус шилжүүлсэн. Мөнгө шилжүүлэхээс өмнө болон дараа Х.Бын хувьд ямар техник, хэрэгслээр олборлолт явуулах, техник, хэрэгсэл байгаа газарт нь очиж үзэх гэсэн боловч танилцуулахгүй байсаар Ховд аймаг руу хувийн ажлаар явах үед Улаанбаатар хотоос техник, хэрэгслээ аваад Сэлэнгэ аймаг руу гарах гэж байгаа талаар мэдэгдсэн.
Ховд аймгаас Улаанбаатар хотод ирсний дараа У.Өтэй утсаар холбогдож, ажлын явцын талаар тодруулахад Сэлэнгэ аймагт олборлолт явуулах ажил бүтэхээ больсон, олборлолт хийх гэж байсан талбай /газар/-г өөр этгээд эзэмшээд биднийг оруулсангүй, Х.З техник, хэрэгслээ аваад Төв аймаг явсан. Чиний мөнгийг удахгүй буцааж өгнө гэсэн. У.Өтэй удаа дараа холбогдож, оруулсан мөнгөө авахыг хүссэн боловч удахгүй өгнө, Х.Згээр төлүүлнэ гэдэг байсан.
Тухайн асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй, иргэний журмаар учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. У.Ө өөрийн нөхөр Т.Мөнх-Очирын ХААН банкны дансны дугаарыг мессэжээр явуулсан байдаг боловч түүний мессэж нь нотлох баримтын шаардлага хангахгүй учраас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, үүний дагуу Х.Б нь санхүүжилт болох 9 600 000 төгрөгийг шилжүүлсэн. Х.Б, У.Ө 2 хамтран ажиллахаар тохиролцсоноос хойш Х.Б, Х.З нар уулзсан.
У.Өээс ирүүлсэн мессэжийн дагуу санхүүжилт болох 9 600 000 төгрөгийг шилжүүлснээр Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д зааснаар У.Өт өмчлөх эрх үүссэн. Хэдийгээр өөрийн дансанд мөнгийг шилжүүлж аваагүй ч нөхөр Т.Мөнх-Очирын дансаар мөнгийг хүлээн авснаар өмчлөх эрх түүнд үүссэнээр тэрээр цааш захиран зарцуулсан. Эдгээр байдлыг үндэслээд У.Өтэй хамтран ажиллахаар тохиролцсон, тэрээр хариуцагч гэдэг нь тогтоогдоно.
Мөн У.Ө тохиролцсон байснаа буцсанаас шалтгаалж, Х.Б нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах зорилгоор өмгөөллийн төлбөрт 1 000 000 төгрөг төлсөн тул У.Өээс хамтран ажиллах гэрээний үүрэгт 9 600 000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд төлсөн 1 000 000 төгрөг, нийт 10 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х.Б нь Дорноговь аймагт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг, төлөвлөгөө тайлангаа батлуулж өгөхөд туслаач гэсэн хүсэлтийг дүү н.Мөнгөн-Эрдэнээр дамжуулан 2016 онд танилцаж байсан. У.Өийн нөхөр Т.Мөнх-Очирын үеэл Х.З нь нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөл бүхий компанитай бөгөөд Сэлэнгэ аймагт нөхөн сэргээлтээр орон нутгаас нь өнгөрсөн жил газар өгсөн, машинаа надад түрээслээч, сайн геологичоос газар заалгаж авах хүсэлтийг тавьсан. Тухайн үед У.Ө нь Х.Бтай холбогдон алтны нөөцтэй, эвдэрсэн газрын координат байгаа юу заагаад өгөөч гэсэн хүсэлтийг утсаар тавихад тэрээр болно гэсэн хариуг өгсөн. Х.Бын өгсөн координатыг Х.Зд өгсөн бөгөөд тухайн газар очиж үзэхэд эрүүл газар боломжгүй юм байна гэж Х.З утсаар хэлсэн. Энэ тухай Х.Бт хэлсэн бөгөөд хамт яваад газраа заагаад өгөөч гэсний дагуу Х.З, Х.Б нар хамт яваад газраа заалгах гэсэн боловч жижиг машин нь халтирч гулгаад байна гээд газраа зааж өгөхгүй Х.Б буцаад явсан байсан.
Х.Б Сэлэнгээс ирсний дараа У.Ө руу яриад нь та нартай хамтарч ажиллая, би сайн газар мэднэ та Х.Зд хэлээд өгөөч гэсэн. Энэ тухай Х.Зд хэлсэн боловч газраа зааж өгөхгүй буцсан нь ийм учиртай байсан юм байна гээд дургүйцээд байсан. Х.Б, Х.З 2 өөрсдөө уулзан хамтран ажиллахаар болж хоёулаа хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сум уруу хамт явж газраа үзээд ирсэн тухай Х.З манай нөхөрт хэлээд машинаа бэлдээрэй гэж хэлсэн байсан.
Х.Б 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр би 10 саяын хөрөнгө оруулалт хийж тоног төхөөрөмжөө, тээвэрлэхээр болсон боловч 9 сая төгрөг л ахаасаа зээллээ гээд Х.З рүү ярьсан гэсэн. Манай нөхөр өөрийн автомашинаа аваад тоног төхөөрөмжийг нь ачихаар Х.Згийн хашаанд хамт байсан бөгөөд Х.З нь карт байхгүй учраас манай нөхрийн данс уруу мөнгөө шилжүүлчих гэж яриад манай нөхрийн 5133039746 тоот Хаан банкны данс уруу 9 000 000 төгрөг шилжүүлсэн байсан.Х.Бын шилжүүлсэн мөнгийг тухайн өдөрт нь Х.Згийн Хаан банкны /5058157380/ данс уруу 8 400 000, 700 000 төгрөг, нийт 9 100 000 төгрөгийг шилжүүлэн, бэлэн 500 000 төгрөгийг өгсөн. У.Өийн нөхрийн ачааны машин 1, түрээсийн 2 шланз дээрээ тоног төхөөрөмжөө ачаад Х.З Сэлэнгэ аймаг уруу явсан. Х.Б нь Ховд аймаг уруу ажлаар явах болсон тул өөрийн геологич эмэгтэйн утасны дугаарыг өгч тосож авна гээд явсан. Т.Мөнх-Очир болон Х.З нь Сэлэнгэ аймгийн Ерөө суманд очоод геологич н.Туяа гэх эмэгтэйтэй уулзаад зааж өгсөн газар нь техникээ аваад очтол тэр газар нь өөр хүний тусгай зөвшөөрөлтэй газар байсан учраас яах учраа олохгүй 2 хоносон бөгөөд түрээслэсэн 2 автомашины шланзны жолооч нар уурлаж мөнгөө нэмж өгөхийг шаардсан байна.
Х.Бын утас холбогдох боломжгүй байсан учраас геологич гэх эмэгтэй энэ газрыг хүнийх байсныг би мэдэхгүй та нар тэр эзэнтэй нь уулз гээд дагуулж очиж уулзуулсан нь үнэхээр зөвшөөрөлтэй хүний газар байсан тул аргагүй буцахаар болж Х.З түрээслэсэн 2 автомашинд тус бүр 1 500 000 төгрөг нэмж төлөн Заамар дахь гэртээ тоног төхөөрөмжөө буулгуулсан байна.
X.Зоригтхүү нь Х.Бын шилжүүлсэн мөнгөөр тоног төхөөрөмжөө ачихаар 2 автомашин түрээслэсэн бөгөөд Х.Бын хөрөнгө оруулалтаар өгсөн мөнгө нь тухайн ажил нь бүтээгүй, зорьсон ажлаа хийж чадаагүйгээс болсон бөгөөд харилцан тохиролцсоноосоо буцаж залилан хийсэн зүйлгүй. Х.З нь манай нөхрийн автомашиныг авч явсан боловч бидэнд нэг ч төгрөг өгөөгүй. Нэгэнт ямар ч ашиг олоогүй буцаад ирсэн хүнээс яаж түрээс нэхэх вэ гээд өнгөрсөн.
Х.Бын шилжүүлсэн мөнгийг У.Өийн нөхөр нь Х.Зд дансаар шилжүүлсэн бөгөөд миний хувьд нэг ч төгрөг аваагүй, манай нөхөр хамтран ажиллаж автомашинаа Х.Зд түрээслэхээр тохиролцсон. Х.Б нь үүнийг мэдэж байгаа бөгөөд Х.Згээс та ядаж хэдэн төгрөг аваад өгөөч гэж байнга утсаар ярьж, мессеж бичдэг байтал яагаад чухам намайг хариуцагчаар татсан нь ойлгомжгүй. Миний хувьд тухайн хүмүүсийг хооронд нь танилцуулсан бөгөөд хүн залилсан зүйлгүй, хүний мөнгө аваагүй учраас хариуцагчаар оролцох боломжгүй гэж үзэж байна.
Иймд Х.Бтай хамтран ажиллахаар тохирсон зүйл байхгүй тул 10 600 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2018/00973 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 476 дугаар зүйлийн 476.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч У.Өээс 10 600 000 төгрөг гаргуулах тухай Х.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 184 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1042 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2018/00973 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184 550 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэргийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүйгээс үүдэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хариуцагчийн буюу арга, зальтай этгээдийн хууль бус үйлдлийг өөгшүүлсэн шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Өмнө нь бичгээр гаргасан давж заалдах гомдолдоо үүссэн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй дурдсан учир энэ удаад зөвхөн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, шалтгаанаа товч тайлбарлая:
1. Шүүх: “... Хэрэгт авагдсан Т.Мөнх-Очирын нэр дээрх ХААН банкны 5133039746 тоот дансны 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн орлогын мэдүүлэг, С.Хишигдоржийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигч, гэрч нарын тайлбар зэргээр нэхэмжлэгч Х.Б нь 9 600 000 төгрөгийг Т.Мөнх-Очирын дансанд шилжүүлсэн...” гэх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа “... тэрээр дээрх мөнгийг Х.Зд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна ...” гэж маргааны үйл баримтыг буруу тодорхойлжээ.
Нэхэмжлэгчийг мөнгө шилжүүлэхээс өмнө хариуцагч би өөрийн дансаар дамжуулан авах боломжгүй байна, манай нөхрийн дансанд мөнгөө шилжүүлчих гээд өөрийн 9191-4300 дугаарын гар утаснаас “5133039746 Munhochir Khaan” гэсэн мессеж /захиа/ нэхэмжлэгчид илгээсэн ба нэхэмжлэгч түүний хэлсэн ёсоор олборлолтын зардлыг өгсөн дансанд нь шилжүүлсэн байдаг. Харин нэхэмжлэгчийн зүгээс гэрч Х.Зд мөнгийг огт шилжүүлээгүй ба 5058157380 тоот данс ч түүнийх мөн эсэх нь тодорхойгүй байдаг болно.
Мөнгийг нэхэмжлэгч хариуцагчид түүний зөвшөөрсөн этгээдээр дамжуулан өгснөөр Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” Мөн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1.-Т “өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр;” эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гэх зохицуулалтаар хариуцагч этгээдийг хүлээн авсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Гэвч талууд тохиролцсоны дагуу Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ашигт малтмал олборлоогүй, цаашид хамтран ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн учир нэхэмжлэгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчид шилжүүлсэн 9,600,000.00 /есөн сая зургаан зуун мянган/ төгрөгөө буцаан гаргуулахаар шаардах эрх үүссэн болно.
2. Шүүх: “...Хариуцагч хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгийг өөрөө авсан буюу авах зорилгоор өөрийн нөхөр Т.Мөнх-Очирын дансанд хийлгүүлсэн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна... хамтран ажиллах гэрээгээр хариуцагч нь ямар нэг үүрэг хүлээсэн гэх үйл баримт тогтоогдохгүй ...гэрээний оролцогч тал гэж үзэх үндэслэл болохгүй юм...”4 гэжээ.
Зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээс үзвэл Х.Б нь У.Өтэй анх хамтарч ажиллахаар тохиролцсон, үүний дараагаар У.Ө гэрч Х.Зг Х.Бтай энэ хүн манай талаас чамтай харилцах хүн хэмээн анх танилцуулсан, мөнгө /олборлолтын зардал/-ыг У.Ө өөрийн нөхрийн дансаар дамжуулан авсан үйл баримт тогтоогддог. Энэ талаар зохигчид магадгүй.
Дээрх нөхцөл байдлаас үзвэл, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1. дэх хэсэгт “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ.” Мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.2. дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид мөнгө шилжүүлэх болсон урьдач нөхцөл нь “...Сэлэнгэ аймгийн Ерөө суманд орших газарт ашигт малтмал олборлож, олсон ашгаа хувааж, хамтран ажиллах...” зорилго байсан. Өөрөөр хэлбэл талуудын хооронд “Хамтран ажиллах гэрээ”-нт үүрэг үүссэн нь нотлогддог.
Мөн тухайн асуудлаар нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид холбогдуулан Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаж, шалгуулахад тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2201 дүгээр “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолоор: “...2017 оны 04 дүгээр сард иргэн Х.Б нь Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт алтны нөөц бүхий газарт хамтарч ажиллахаар У.Өтэй тохирч улмаар түүний нөхөр Мөнх-Очирын Хаан банкны дансанд 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 9 сая төгрөгийг, 2017 оны 6 сарын 24-ний өдөр 600,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн нь ... тогтоогдож байна ... залилах гэмт хэргийн шинжгүй, иргэн Х.Б нь иргэний журмаар учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй, ...” талаар дурдаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд тухайн тогтоол өдгөө хуулийн хүчин төгөлдөр болсон байгаа болно.
3. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрийн тухайд:
Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн “...хууль зүйн туслалцаа авах, ...эрхтэй.” ч уул шүүхэд хандах, мэргэжлийн өмгөөлөгчөөс туслалцаа авах иргэний субъектив эрх нь Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн тохиолдолд хэрэгжих үндэслэлтэй ба аливаа зөрчлөөс үүссэн хохирлыг буруутай этгээдээс гаргуулах нь иргэний эрх зүйн хамгаалалтын агуулгад нийцнэ. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.19., 9.4.4,-т зааснаар Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой ба учруулсан хохирлыг арилгуулах нь иргэний эрхийг хамгаалах аргад хамаардаг билээ. Энэ утгаараа өмгөөллийн хөлс нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3. дахь хэсэгт зааснаар “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал,...-ыг хохиролд тооцно.” гэх зохицуулалтын хүрээнд эрх нь зөрчигдсөн этгээдээс гарч буй эд хөрөнгийн зардал мөн бөгөөд энэхүү эрх зүйн маргааны хувьд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй, тохиролцооноосоо буцаагүй байсан бол нэхэмжлэгч шүүхэд хандах, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах шаардлагагүй байсан тул субъектив эрхээ хэрэгжүүлсний эрх зүйн хохиролтой үр дагаврыг буруутай этгээдэд хариуцуулахыг шаардах эрхтэй болно.
Нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгчийн тухайд хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хариуцагчаа тодорхойлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад хариуцагч, гэрчтэй үгсэн хуйвалдаж шүүхэд худал тайлбар, мэдүүлэг гаргаж, шүүхийг төөрөгдүүлж, өөрт ашигтай шийдвэр гаргуулсан ба шүүх ч гэрчийн мэдүүлгийг үнэлэхдээ гэрчийг тухайн хэрэгт ашиг сонирхлын үүднээс хандаж хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг субъектив илэрхийлж байгааг, хариуцагчтай садан, төрлийн холбоотой, нэгдмэл сонирхолтой, түүний мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай нэгдмэл байдалтай буюу тэдгээрийн дэмжлэгтэйгээр нотлогдож байгаа эсэхийг анхаарахгүй шийдвэрлэж, нэхэмжлэгчийн хариуцагчид шилжүүлсэн олборлолтын зардлыг хэн хариуцах нь тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгээд байна.
Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2018/00973 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 4-ний 1042 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч Х.Б нь “...У.Мтэй ашигт малтмал олборлох ажилд хамтран ажиллахаар, хамтын үйл ажиллагаанд нэхэмжлэгч нь мэргэжлийн талаас нь зөвлөгөө өгч, үйл ажиллагааны зардалд 10 000 000 төгрөгийн санхүүжилт оруулахаар, хариуцагч нь техник хэрэгсэл, ажиллах хүч гаргаж, холбогдох зөвшөөрлийг зохицуулахаар харилцан тохиролцсон. Улмаар үйл ажиллагааны зардал 9 600 000 төгрөгийг хариуцагчийн хүсэлтээр түүний нөхөр Т.Мөнх-Очирын дансанд шилжүүлсэн боловч хамтын үйл ажиллагаа хэрэгжих боломжгүй болсон үндэслэлээр гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн 9 600 000 төгрөгөө буцаан шаардсан ба мөнгө шилжүүлсэн үйлдлээ баримтаар нотлосон байна.
Хариуцагч У.Ө нь “...хамтарч ажиллахаар тохиролцоогүй гэж мэтгэлцэж, харин У.Өийн хүсэлтээр түүний нөхөр Т.Мөнх-Очирын Хаан банкны дансанд нэхэмжлэгчээс шилжүүлсэн 9 600 000 төгрөгийг Х.Згийн дансанд шилжүүлсэн тул хариуцагч биш...” гэж маргажээ.
Хариуцагч нь Т.Мөнх-Очирын дансанд орж ирсэн 9 600 000 төгрөгийг Х.Зд дансаар нь шилжүүлсэн гэж тайлбарлах боловч хөрөнгө шилжүүлсэн гэх данс нь Х.Згийн дансны дугаар болохыг нотлосон баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хуулийн дээрх заалтад заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Иймд талууд хамтран ажиллахаар тохирсон үйл баримт, үйл ажиллагааны зардал, санхүүжилтэд 9 600 000 төгрөг шилжүүлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэстэй байна.
Энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4. дэх заалтад нийцсэнгүй.
Ашигт малтмалын олборлолт хийх боломжгүй болж, хамтран ажиллах гэрээ хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, оруулсан хөрөнгөө буцаан шаардсан нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1., 205 дугаар зүйлийн 205.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй.
Анхан шатны шүүх хуульд заасан энэ үүргээ үндэслэл бүхий хэрэгжүүлээгүй байна.
Тухайлбал, хариуцагч У.Ө, гэрч Х.З нар нь “...хариуцагч У.Өийн утаснаас нэхэмжлэгч Х.Бын утсанд Т.Мөнх-Очирын дансны дугаарыг мессежээр явуулсан” гэх үйл баримтын талаар маргаагүй байхад анхан шатны шүүх талуудын маргаагүй үйл баримтыг тогтоогдоогүй гэж дүгнэсэн, түүнчлэн Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Х.Бын гомдлоор У.Өт холбогдуулан шалгаж, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2201 дугаартай Баянгол дүүргийн Прокурорын газрын Прокурорын тогтоолд заасан “...Х.Б нь У.Өтэй хамтран ажиллахаар тохирч, улмаар түүний нөхөр Мөнх-Очирын дансанд ...9 600 000 төгрөгийг шилжүүлсэн, Х.З нь уг мөнгөнөөс 1 000 000 төгрөгийг авсан нь тогтоогдсон байна..” гэх дүгнэлт, хариуцагчийн болон гэрч Х.Згийн тайлбартай зөрүүтэй байгаад дүгнэлт хийлгүй, гэрч Х.Згийн зөвхөн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгон дүгнэсэн нь шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 118 дугаар зүйлийн 118.4. дэх заалтад нийцээгүй байна.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянахдаа анхан шатны шүүхийн дээрх алдааг засалгүй, шийдвэрийг хэвээр үлдээсэн байх тул давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үүргээ биелүүлээгүй, магадлал 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтыг зөрчсөн гэж үзнэ.
Хяналтын шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хамтран ажиллах гэрээний үүрэгт нэхэмжлэгчээс шилжүүлсэн 9 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэстэй гэж дүгнэв.
Харин хамтран ажиллах гэрээний үүрэг хэрэгжээгүй, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанд хариуцагчийг буруутгах боломжгүй тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2.-т зааснаар өмгөөллийн хөлсөнд нэхэмжилсэн 1 000 000 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1042 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2018/00973 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1., 205 дугаар зүйлийн 205.1., 227 дугаар зүйлийн 227.2.-т зааснаар хариуцагч У.Өээс 9 600 000 төгрөгийг гаргуулан Х.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дахь заалтын “...үлдээсүгэй.” гэснийг “...үлдээж, хариуцагч У.Өээс улсын тэмдэгтийн хураамжид 168 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Х.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 184 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД