Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 788

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 07 өдөр

  Дугаар 101/ШШ2017/00788

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Ганболд, Н.Сарангүн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 1 хороолол, 13 а байр 23 тоот хаягт оршин суух Сүхбаатарын Ганзоригийн /ЧЕ87091814/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 37 байр 1 тоот хаягт оршин байх Вайт мүүд лайт ХХК /5237459/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Өлгий 19-265 тоот хаягт оршин суух Мэндсайханы Гүррагчаа /УЭ81060617/ нарт холбогдох,

Автомашинд учруулсан хохиролд 1,239,500 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Дулмаа, иргэдийн төлөөлөгчөөр Б.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ганзориг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Д.Дулмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Ганзориг миний бие 29-17 УБТ дугаартай марк 2 загварын автомашиныг эзэмшдэг.

Д.Дулмаа нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Дарь-Эхийн уулзварын зүүн замд 29-17 УБТ дугаартай марк 2 автомашиныг жолоодон явж байхад Д.Карго загварын 72-67 УНН дугаартай автомашины жолооч М.Гүррагчаа нь 29-17 УБТ дугаартай марк 2 автомашины хойноос мөргөж, автомашинд 1,239,500 төгрөгийн хохирол учруулсан.

Түүнээс хойш миний тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлоо өдийг хүртэл барагдуулахгүй байх тул Вайт Мүүд лайт ХХК, М.Гүррагчаа нараас 1,239,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Гүррагчаа шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Дарь-Эхийн уулзвар руу зүүнээс баруун тийш Д.Карго загварын 72-67 УНН дугаартай автомашиныг жолоодон хөдөлгөөнд оролцож явсан.

Сансарын колонкийн автобусны буудал орчмоос эхлээд тоормосны хэвийн үйл ажиллагаа доголдож, машинаа зогсоох гэж оролдсон боловч зогсоож чадалгүй уулзвар дээр зогсож байсан 29-17 УБТ дугаартай марк 2 загварын автомашины араас мөргөж гэмтэл учруулсан.

Замын ачаалал их байсан учир хурд багатай явж байсан боловч 3 тонн ачаатай, уруу зам байсан учир зогсох ямар ч боломжгүй байсан. Уг автомашин нь Вайт мүүд лайт ХХК-ийн эзэмшлийн автомашин бөгөөд тус компанийн ажлыг гүйцэтгэж явсан.

Автомашины даатгалын хугацаа дууссан, бүрэн бус байсан.

Миний бие одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр 3 хүүхийн хамт амьдардаг бөгөөд уг ослын хохирлыг барагдуулах боломжгүй тул нийт хохирлыг Вайт мүүд лайт ХХК-иас гаргуулж өгнө үү.

Цаашдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй, намайг байхгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ганзориг, хариуцагч Вайт мүүд лайт ХХК, М.Гүррагчаа нарт холбогдуулан автомашинд учруулсан хохиролд 1,239,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох Замын цагдаагийн газрын “Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал”, Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэвэр, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зэрэг баримтаар 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хариуцагч Вайт мүүд лайт ХХК-ийн эзэмшлийн Dаеwоо Cаrgо загварын 72-67 УНН улсын дугаартай ачааны автомашиныг жолоодож явсан жолооч М.Гүррагчаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 дэх заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэгч С.Ганзоригийн өмчлөлийн Toyota mark-2 загварын 29-17 УБТ улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргажээ.

            Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн автомашинд учирсан хохирлыг Dаеwоо Cаrgо загварын 72-67 УНН улсын дугаартай ачааны автомашины өмчлөгч болох хариуцагч Вайт мүүд лайт ХХК, жолооч М.Гүррагчаа нараас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хууль, дүрэм зөрчиж бусдын эд хөрөнгөд хууль бусаар хохирол учруулсан бол тухайн этгээд уг хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй, нэхэмжлэгч мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т зааснаар өөрт учирсан хохирлоо уг тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч өөрийн автомашинд учирсан хохирлын үнэлгээг Хөрөнгө эстимэйт ХХК-иар тогтоолгосон байх бөгөөд тус компанийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1293 тоот хөрөнгийн үнэлгээний тайлангаар нэхэмжлэгчийн автомашинд 1,239,500 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Мөн Вайт мүүд лайт ХХК-ийн эзэмшлийн Dаеwоо Cаrgо загварын 72-67 УНН улсын дугаартай ачааны автомашиныг жолоодож явсан жолооч М.Гүррагчаа зам тээврийн осол гаргасан буруутай болох нь тогтоогдсон тул Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар 19,200 төгрөгөөр торгож захиргааны хариуцлага хүлээлгэсэн байх тул хариуцагч М.Гүррагчаа зам тээврийн осол гаргаж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан буруутай байна.

Хариуцагч Вайт мүүд лайт ХХК Dаеwоо Cаrgо загварын 72-67 УНН улсын дугаартай ачааны автомашины өмчлөгч болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдож байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан ба уг тээврийн хэрэгслийг өмчлөгч Вайт мүүд лайт ХХК, нэхэмжлэгч С.Ганзоригт учирсан хохирлыг хариуцах үндэслэлтэй бөгөөд хариуцагч М.Гүррагчаад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иймд хариуцагч Вайт мүүд лайт ХХК-иас 1,239,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ганзоригт олгож, нэхэмжлэлээс хариуцагч М.Гүррагчаад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Вайт мүүд лайт ХХК-иас 1,239,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ганзоригт олгож, нэхэмжлэлээс хариуцагч М.Гүррагчаад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,300 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Вайт мүүд лайт ХХК-иас 34,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ганзоригт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй бол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЭНЭБИШ

 

 

                 ШҮҮГЧИД                                      Д.ГАНБОЛД

 

 

                                                                        Н.САРАНГҮН