Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 1152

 

С.Ганзоригийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/00788 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Ганзоригийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Вайт мүүд лайт” ХХК, М.Гүррагчаа нарт холбогдох

 

Автомашинд учруулсан хохиролд 1 239 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч “Вайт мүүд лайт” ХХК-ийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн  төлөөлөгч Т.Энхбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Ганзоригийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дулмаагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: С.Ганзориг нь 29-17 УБТ дугаартай Марк 2 загварын автомашиныг эзэмшдэг бөгөөд Д.Дулмаа нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Дарь-Эхийн уулзварын зүүн замд уг автомашиныг жолоодон явж байхад Д.Карго загварын 72-67 УНН дугаартай автомашины жолооч М.Гүррагчаа нь хойноос мөргөж, автомашинд 1 239 500 төгрөгийн хохирол учруулсан. Түүнээс хойш миний тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлоо өдийг хүртэл барагдуулахгүй байх тул “Вайт мүүд лайт” ХХК болон М.Гүррагчаа нараас 1 239 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Гүррагчаагийн шүүхэд гаргасан тайлбарт: Би 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Дарь-Эхийн уулзвар руу зүүнээс баруун тийш Д.Карго маркын 72-67 УНН дугаартай автомашиныг жолоодон хөдөлгөөнд оролцож явсан.

Сансарын колонкийн автобусны буудал орчмоос эхлээд тоормосны хэвийн үйл ажиллагаа доголдож, машинаа зогсоох гэж оролдсон боловч зогсоож чадалгүй уулзвар дээр зогсож байсан 29-17 УБТ дугаартай Марк 2 загварын автомашины араас мөргөж гэмтэл учруулсан.

Замын ачаалал их, хурд багатай явсан боловч 3 тонн ачаатай, уруу зам байсан учир зогсох ямар ч боломжгүй байсан. Уг автомашин нь “Вайт мүүд лайт” ХХК-ийн эзэмшлийн автомашин бөгөөд тус компанийн ажлыг гүйцэтгэж явсан. Автомашины даатгалын хугацаа дууссан, бүрэн бус байсан. Миний бие одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр 3 хүүхийн хамт амьдардаг бөгөөд уг ослын хохирлыг барагдуулах боломжгүй тул нийт хохирлыг “Вайт мүүд лайт” ХХК-иас гаргуулж өгнө үү. Цаашдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй, намайг байхгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

              Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч “Вайт мүүд лайт” ХХК-иас 1 239 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ганзоригт олгож, нэхэмжлэлээс хариуцагч М.Гүррагчаад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 300 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Вайт мүүд лайт” ХХК-иас 34 300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ганзоригт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Вайт мүүд лайт” ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хариуцагч М.Гүррагчаа нь хурдаа тохируулаагүй, тормосны замын урт 15 метр хүртэл тормослон дугуйны мөр гарган 45-50 миллийн хурдтайгаар явж осол гарган, өөрийн явж байсан эгнээнд бус хажуугийн замын 2 эгнээнд байсан автомашинуудыг зэрэг дашраар нь мөргөн хохирол учруулсан. Энэ нь хариуцагч М.Гүррагчаагийн Замын хөдөлгөөний дүрэм баримтлаагүй, техникийн аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцох үүргээ биелүүлээгүйг харуулж байна. Гэтэл шүүх М.Гүррагчаад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

“Вайт мүүд лайт” ХХК-иас 1 239 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ганзоригт олгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь  шүүх нэхэмжилж буй хохирлын мөнгийг бодит бус, хэт үндэслэлгүйгээр танил талын хүрээнд тогтоосон дүгнэлтийг үндэслэж шийдвэрээ гаргасан. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шйтны шүүхийн 2017.03.07-ны өдрийг 101/ШШ2017/00788 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч С.Ганзориг нь хариуцагч “Вайт мүүд лайт” ХХК болон М.Гүррагчаа нарт холбогдуулан зам тээврийн ослын улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1 239 500 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх дүүргийн нутаг 1 хороо, Дарь эхийн уулзварын орчимд “Daewoo” маркийн 72-67 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Гүррагчаа нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 18 цаг 20 минутын үед уг уулзварын зүүн замаар зорчихдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-т “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэж заасныг зөрчсөний улмаас 29-17 УБТ дугаартай “Toyota mark-2”  загварын автомашины араас мөргөж зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас С.Ганзоригийн эзэмшлийн дээрх автомашинд 1 239 500 төгрөгийн хохирол учирсан болох нь  2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Замын цагдаагийн ослын акт болон шийтгэвэр, “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1293 дугаар Автомашин техникийн үнэлгээний тайлан зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

“Daewoo Cargo” загварын 72-67 УНН улсын дугаартай ачааны автомашиныг жолоодож явсан жолооч М.Гүррагчаа зам тээврийн осол гаргаснаас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар 19 200 төгрөгөөр торгож захиргааны хариуцлага хүлээлгэсэн, түүний гэм буруутай болохыг тогтоосон шийдвэр хүчин төгөлдөр байх тул хариуцагч М.Гүррагчааг бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан буруутай гэж үзнэ.

 

Түүнчлэн “Daewoo Cargo” загварын 72-67 УНН улсын дугаартай ачааны автомашин нь “Вайт мүүд лайт” ХХК-ийн өмч бөгөөд уг тээврийн хэрэгслийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө М.Гүррагчаад шилжүүлэн өгсөн болох нь тээврийн хэрэгслэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбараар нотлогджээ./хх-9/

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “... бусдын эд хөрөнгөд хууль бусаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “... бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус зааснаар хариуцагч “Вайт мүүд лайт” ХХК, М.Гүррагчаа нар нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг давхар хамтран хариуцан төлөх үндэслэлтэй юм.

 

Хохирлын хэмжээг тогтоосон дүгнэлтийг эс зөвшөөрч дахин дүгнэлт гаргуулах болон техник бүрэн бус байсан талаар хариуцагч нар хүсэлт гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ “Вайт мүүд лайт” ХХК-ийн төлөөлөгч “...хохирлын үнэлгээ хэт өндөр” гэж, М.Гүррагчаа “ ...тээврийн хэрэгслийн даатгалын хугацаа дууссан, бүрэн бус байсан“ гэж тус тус тайлбарласан байх боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.

 

Шүүх гэм хорын хохирол учруулсан этгээдийн гэм буруу, нэхэмжлэгчийн автомашинд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх хэмжээг хэрэгт авагдсан баримтад тулгуурлан шийдвэрлэсэн байгааг буруутгах, хохирол бодит бус, хэт өндөр, үндэслэлгүйгээр танил талын хүрээнд тогтоосон гэх хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй болно.

 

Иймд нэхэмжлэгч С.Ганзориг нь өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлоо осол гарах үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан буруутай этгээд М.Гүррагчаа болон уг тээврийн хэрэгслийн өмчлөгч “Вайт мүүд лайт” ХХК нараас шаардах эрхтэй бөгөөд эрх бүхий байгууллагаас тогтоосон хохирол болох 1 239 500 төгрөгийг дээрх хариуцагч нарт хуваан хариуцуулах хууль зүйн үндэслэлтэй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасан зохицуулалтад тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчид учирсан хохирол 1 239 500 төгрөгийг 50 хувиар тооцож хариуцагч байгууллагаас 619 750 төгрөг, хариуцагч М.Гүррагчаагаас 619 750 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/00788 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Вайт мүүд лайт” ХХК-иас 619 750 төгрөг, хариуцагч М.Гүррагчаагаас 619 750 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Ганзоригт олгосугай” гэж,

2 дахь заалтын “34 300” гэснийг “19 242” гэж “төгрөг” гэснийг “төгрөгийг, М.Гүррагчаагаас 19 242 төгрөгийг” гэж тус тус нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                                    ШҮҮГЧИД                     Т.ТУЯА

                                                                           

                                                                                          Б.НАРМАНДАХ