Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 181/2017/03611/И |
Дугаар | 001/ХТ2018/01275 |
Огноо | 2018-09-27 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2018/01275
“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/00415 дугаар шийдвэр
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 891 дүгээр магадлалтай
“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Б.А, Д.М нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 95 074 246.58 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамирын хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.А, Д.М нар нь 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус банктай 13/100 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, 87 500 000 төгрөгийн зээлийг 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн зориулалтаар авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол 21 байр, 24 тоотод байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч Б.А, Д.М нар өнөөдрийн байдлаар үндсэн зээлээс 82 754 696.20 төгрөг, зээлийн хүүнээс 10 266 291.98 төгрөг нэмэгдүүлсэн хүүнээс 2 053 258.40 төгрөг тус тус төлөөгүй ба 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс хойш зээлийн төлөлтийг бүрэн хийлгүй нийт 570 хоног хугацаа хэтрүүлэн “К” ХХК болон Б.А, Д.М нарын хооронд байгуулсан №13/100 тоот Зээлийн гэрээний 8.3.1, 8.3.2, 8.3.3, 8.3.10, 8.3.11 дэх заалтуудыг тус тус зөрчин банкийг хохироосоор байна. Иймд үндсэн зээл 82 754 696.20 төгрөг, зээлийн үндсэн хүү 10 266 291.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 053 258.40 төгрөг гаргуулж өгнө үү. Зээлээ төлөхгүй бол зээлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205029102 тоот дугаартай хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Мын орон сууцыг ипотекийн зээл авахад нь батлан даагчаар Б.А гарын үсэг зурсан. Гэтэл Мөнх-Одын зээл төлөгдөөгүй гэх асуудлаас Элбэг их дэлгүүрийн урд байрлах Кны салбарын эдийн засагч дуудаж та батлан даагчаар гарын үсэг зурсан учир төлбөрийг төлөх үүрэг хүлээж байгаа, хэрэв барьцаат байрыг худалдан борлуулж банкийг хохиролгүй болгоход татгалзах зүйлгүй гэж бичиг хийж өгөхгүй бол таныг зээлийн хэтрэлтэй хар дансанд оруулж цааш явуулна, та ямар нэг зээл авч чадахгүй гэж тулган шаардсан. Тэгээд Сүхбаатар дүүргийн шүүхэд гэж хаяглуулж авсан. Тиймээс өмнөх тайлбар нь миний хүсэлт зоригийн тайлбар биш. Д.М болон түүний нөхөр Т.Сандагдорж нар бүх эд хөрөнгөө үйлдвэрт оруулж үйл ажиллагаа эхлүүлэх үедээ бусдад залилуулж хохирсон ба цагдаагийн байгууллага болон Баянзүрх дүүргийн шүүхээс эхнээсээ шийдвэр гарч байгаа. Тиймээс эд хөрөнгөө бусдад алдсанаас болж хэсэг хугацаанд төлбөрөө хийгээгүй нь нотлох баримтаар нотлогдоно. Цаашид үйлдвэрээ авч ажиллуулан зээлээ төлж барагдуулах боломж байгаа тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/00415 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.А, Д.М нараас нийт 95 074 246,58 төгрөгийг гаргуулж “К” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Б.А, Д.М нар шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205029102 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 21 дүгээр байрны 24 тоотод байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /70200+633322/ 703 522 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А, Д.М нараас улсын тэмдэгтийн хураамж 703 522 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “К” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 891 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/00415 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч нараас төлсөн 704 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн.
Гэрээгээр зээлийн хугацааг 20 жилээр бөгөөд эргэн төлөлтөө хэвийн төлж явсан. Гэтэл гэр бүлийн бизнес буюу амьдралын эх үүсвэр болсон компаниа төмрийн үйлдвэрийн хамт бусдад залилуулж зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүсч банктай уулзаж ойлголцож явсаар ирсэн. Гэрээний 8.3.3-т төлбөр хугацаандаа гүйцэтгээгүй бол 60 хоног хэтрүүлсэн гэж зааснаар зээлийн гэрээг дуусгавар болгосон нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д заасантай нийцсэн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн эргэн төлөлтийн хугацааг 570 хоног хэтэрсэн гэх боловч энэ хугацаанд гэрээнээс татгалзсан талаар мэдэгдэж байгаагүй, харин ч бидний эд хөрөнгөө залилуулсан, шүүхэд хандсан гэх нотлох баримтуудыг авч үзэж боломжоороо төлөлтөө хийж байхаар тохирч явж байсан. Бид шүүхэд үүнтэй холбоотой баримтуудыг ч гаргаж өгсөн байгаа. Тиймээс гэрээний үйлчлэл хэвийн гэж үзэж байгаа. Бидний зүгээс зээлийн төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нотлох баримтуудыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэх, мөн гэрээний 9.1-д заасан “амьдралд гарсан онцгой нөхцөл байдал бий болсон тохиолдолд” хариуцлагаас чөлөөлөгдөнө гэсэн үндэслэлээр гэрээний үйлчлэл хэвийн үйлчилж төлөгдөөгүй хугацааны эргэн төлөлтийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох буюу өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
“К” ХХК нь хариуцагч Б.А, Д.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 95 074 246.58 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, гэрээний хугацаа дуусах болоогүй, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлбөр төлөх гэрээний үүрэг зөрчигдсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчдын хооронд 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр №13/100 дугаартай “Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ” тус тус байгуулагдсан, “Зээлийн гэрээ”-ний дагуу зээлдүүлэгч 87 500 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч зээлийг авч, эргэн төлөх хуваарийн дагуу төлбөрийг төлж байсан үйл баримт тогтоогдсон, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр “К” ХХК гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1., 225 дугаар зүйлийн 225.2., 226 дугаар зүйлийн 226.1.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх заалтыг зөрчөөгүй, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 115 дугаар зүйлийн 115.2.1., 116 дугаар зүйлийн 116.3.-т нийцсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Талуудын хооронд байгуулсан “Зээлийн гэрээ”-ний банкны зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарьт зааснаар зээлдэгч нь банкны зээл, хүүгийн төлбөрийг сар бүр тодорхой хэмжээгээр төлөх үүрэг хүлээсэн боловч 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс хойш нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 570 хоногийн хугацаанд зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй үйл баримт тогтоогджээ.
Дээрх зөрчил нь талуудын хооронд байгуулагдсан “Зээлийн гэрээ”-ний Наймдугаар зүйлийн 8.3.1., 8.3.2., 8.3.3., Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 225.2.-т заасан гэрээг цуцлах үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь хууль зөрчөөгүй байна.
Хариуцагчаас “...хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй үндэслэлээ баримтаар нотлосон, цаашид зээлийн төлбөрийг үргэлжлүүлэн төлөх боломжтой, урт хугацааны зээлийн хувьд дээрх зөрчил ялимгүй зөрчилд тооцогдоно...” гэх үндэслэлээр шийдвэр магадлалыг эс зөвшөөрсөн боловч хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэргийг шийдвэрлэсэн тул гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон Тогтоох нь :
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/00415 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 891 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамирын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамирын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 704 000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД