Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 14

 

Р.Оюунаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч С.Өмирбек, ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 153/ШШ2017/00152 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багт оршин суух Мэндбаярынхан овогт Рэнзэнгийн Оюунаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлэгт холбогдох иргэний хэргийг хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Би Говь-Алтай аймгийн АУДСургуулийг төгсөөд 1982 оноос 2016 оны 12 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн Дуут, Чандмань, Зэрэг сумуудад эх баригч, бага эмч, дүн бүртгэгч эмчээр ажиллаж байсан ба энэ хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлгийн эрхлэгч М.Отгончимэг нь намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөллөө. Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4-д заасан үндэслэл нь дүн бүртгэгч бага эмчийн байнгын орон тоонд ажиллаж байсан миний ажлын байранд хамааралгүй заалт юм. Хаанаас ямар байгууллага шаардсан нь тодорхой бус юм. Ховд аймгийн засаг даргын төсвийн шууд захирагч, байгууллагын дарга, захирал, эрхлэгч менежер нарт хүргүүлсэн чиглэлийг надад танилцуулсан. Чиглэлийн 2.-д хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар хүргүүлсэн байна. Би 1963 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 55 нас хүрэх байтал Хөдөлмөрийн тухай хуулийн болон түүнтэй нийцүүлэн гаргасан Улсын дээд шүүхийн тогтоолыг зөрчин миний хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчсөнд гомдолтой байна. Иймд Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн Б/09 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, дүн бүртгэгч бага эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Ховд аймгийн Зэрэг сумын эмнэлгийн дүн бүртгэгч, бага эмчээр ажиллаж байсан Р.Оюунаа тэтгэвэртээ гарах тухай хүсэлтээ илэрхийлэн, тэтгэмжээ төсөвт суулгуулсан. Тэтгэмж төсөвт суулгуулах асуудал нь эрхлэгч эмчээс шалтгаалахгүй тэтгэвэрт гарах ажилтан нь хүсэлтээ илэрхийлсэн байх шаардлагатай байдаг бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын эхээр Р.Оюунаагийн тэтгэмж төсөвт суусан байсан. Гэтэл нас нь болоход 10 гаруй хоног дутуу байсан тул тухайн үед тэтгэмжээ авч чадалгүй түр хойшлуулсан. Р.Оюунаа тэтгэвэрт гарах тухай хүсэлтээ илэрхийлсэн тул тухайн ажлын байранд ажиллах хүнийг төрийн зардлаар сургаж мэргэшүүлэх шаардлагатай байсан тул хүнээ сонгож Эрүүл мэндийн газарт нэрийг нь өгч сургалтад суулгасан. Гэтэл Г.Оюундэлгэр нь дүн бүртгэгч Р.Оюунаа нь тэтгэвэрт гарах гэж байгаа талаар мэдсэн гээд уг орон тоонд ажиллах талаар хүсэлт гаргасан бөгөөд үүнийгээ хугацаа хожимдуулан илэрхийлснээс болж энэ нь хэрэгжих ямар ч боломжгүй гэсэн хариуг өгсөн.

 Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 153/ШШ2017/00152 дугаар шийдвэрээр:” 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлгийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Р.Оюунааг Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлгийн дүн бүртгэгч, бага эмчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Оюунаад ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2 941 878 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлгээс гаргуулан олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговор 2 941 878 /хоёр сая есөн зуун дөчин нэгэн мянга найман зуун далан найм/ төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нөхөн төлөхийг хариуцагч Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлэгт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Зэрэг сумын Хүн эмнэлэгээс 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, 2 941 878 /хоёр сая есөн зуун дөчин нэгэн мянга найман зуун далан найм/ төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 62 020 /жаран хоёр мянга хорь/ төгрөг нийт 132 220 /нэг зуун гучин хоёр мянга хоёр зуун хорь/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугайгэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:  Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Р.Оюунаа тэтгэвэртээ гарах тухай хүсэлтээ илэрхийлэн, тэтгэмжээ төсөвт суулгуулсан юм. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон гэрчүүдийн мэдүүлгээр Р.Оюунаа нь тэтгэвэртээ гарах хүсэлтээ өөрийн сайн дураар илэрхийлсэн байдаг бөгөөд Ховд аймгийн Эрүүл мэндийн газарт гаргасан өргөдлөөр тэтгэмжээ хойшлуулах хүсэлтээ илэрхийлсэн утга бүхий түүний гаргасан өргөдлөөр нотлогдож байна. Р.Оюунаа нь тэтгэвэрт гарах ямар ч хүсэл сонирхол байгаагүй мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тэтгэмж авах хүмүүсийн жагсаалтыг Эрүүл мэндийн газраас нэрсийг нь баталгаажуулан зохих журмын дагуу уламжилдаг бөгөөд эрүүл мэндийн газарт тэтгэмжээ хойшлуулах талаар гаргасан өргөдлөөр түүний хүсэлт гаргаж байсан нь нотлогдож байгаа бөгөөд энэ баримтыг шүүх яагаад үнэлээгүй нь ойлгомжгүй байна. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Р.Оюунаагийн тэтгэмж нь төсөвт нэгэнт суусан тул журмын дагуу тэтгэмж авах эрх үүсгэхийн тулд Р.Оюунааг ажлаас чөлөөлсөн тушаал гарган түүнийг тэтгэвэрт гаргасан болно.

Анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д заасныг тайлбарлахдаа тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн зохицуулалтаар 55 насанд хүрсэн эмэгтэй тэтгэвэр тогтоолгох эрхтэй байхаар заасан зохицуулалтыг орхигдуулсан гэж үзэж байна. Түүнчлэн хариуцагч байгууллагын тайлбарлаад байгаа удирдах дээд байгууллагаас чиглэл өгсөн талаарх баримт нь зөвхөн Р.Оюунаагийн асуудлаар чиглэл өгсөн бус нийт тэтгэврийн насанд хүрсэн хүмүүсийн асуудлаар ирсэн чиглэл байсан бөгөөд энэ асуудлыг шүүхэд нотлох шаардлагагүй гэж үзэж байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг баримталсан нь Р.Оюунаагийн тэтгэвэртээ гарч тэтгэмжээ авах хүсэлтийг ажил олгогч илэрхийлсэн гэдэг утгыг хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд тайлбарласан боловч шүүх яагаад хуулийн шаардлага хангаагүй гэж үзсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Р.Оюунаагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн   шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар үйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.            

Нэхэмжлэгч Р.Оюун нь “Зэрэг сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн Б/09 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Зэрэг сумын хүн эмнэлгийн дүн бүртгэгч бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай” шаардлагыг Зэрэг сумын Хүн эмнэлэгт  холбогдуулан гаргажээ.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

Ажил олгогч нь 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн Б/09 дугаартай “Р.Оюунааг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтуудыг үндэслэн Р.Оюунааг өндөр насны тэтгэвэрт гарч байгаа гэх үндэслэлээр 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дүн бүртгэгч бага эмчийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Ажилтан нь Зэрэг сумын  Хүн эмнэлгийн эрхлэгч намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн,Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д заасан үндэслэл нь дүн бүртгэгч бага эмчийн байнгын орон тоонд ажиллаж байсан миний ажиллаж байгаа ажлын байранд  хамааралгүй заалт юм.Ховд аймгийн Засаг даргын төсвийн шууд захирагч, байгууллагын дарга, захирал, эрхлэгч менежер нарт хүргүүлсэн чиглэлийг надад танилцуулсан Чиглэлийн 2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар  цуцлахаар байсан. Би 55 нас хүрч байхад миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчлөө гэж тайлбарлажээ.

Ажил олгогч нь дүн бүртгэгч бага эмчээр ажиллаж байсан Р.Оюунаа нь тэтгэвэрт гарах хүсэлтээ илэрхийлэн, тэтгэмжээ төсөвт оруулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан байна.

Хэрэгт ажил олгогч нь ажилтны тайлбарыг үгүйсгэж хэргийн 42-47 дугаар хуудас дахь бичгийн баримтуудыг ирүүлжээ. Ажил олгогчийн шүүхэд ирүүлсэн баримтуудыг судалбал ажилтан тэтгэвэрт гарах хүсэлтээ ажил олгогчид бичгээр илэрхийлсэн, түүний хуулийн дагуу авах тэтгэмж нь төсөвт орсон гэх үйл баримт тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл ажилтан тэтгэвэрт гарах хүсэлтээ бичгээр тухайн байгууллагадаа гаргасан.

Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд зааснаар түүний авах тэтгэмж нь Зэрэг сумын  Хүн эмнэлгийн төсөвт ороогүй байна. Ажил олгогч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж, гаргаж өгөөгүй байна.

             Анхан шатны шүүх хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй  байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Улсын Дээд шүүхийн тогтоолыг нэрлэн зааж хэрэглэсэн нь Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүгч хараат бус байж,  гагцхүү хуульд захирагдана”  гэх   зарчимд нийцэхгүй байгаа тэмдэглэх нь зүйтэй байна.

            Хуульд зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1.  Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 153/ШШ2017/00152 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч тал давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.НЯМБАЯР

 

 

                               ШҮҮГЧИД                                 С.ӨМИРБЕК

 

                                  

                                                                                              Н.ТУЯА