Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 38

 

    2018 оны 01 сарын 19 өдөр

       Дугаар 153/ШШ2018/00038

                   Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 4-12 тоотод оршин суух, ПЭ67083009 дугаарын регистртэй, Магнай овогт Чунагийн Ганчимэгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мандалбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Ганчимэг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Чунаг овогтой Ганчимэг миний бие 1967 онд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд МХЗЭ-ийн илгээлтээр Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл, Зэрэг сумын эхэн бригадад эцэг, эх, эгчийн хамт 1982 оноос 1987 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малчин, саальчинаар ажилласан. Тухайн үед ажиллаж байсан Зэрэг сумын эхэн багийн дарга, ня-бо нар миний малчин, саальчнаар ажиллаж байсан тухай хөдөлмөрийн дэвтэр нээлгүй орхиж, миний цалин хөлсийг эцэг, эх, эгчийн цалин хөлстэй хамтруулан бодож олгодог байсан. Миний тухайн үед /1982-1987 оны 3 дугаар сарын 20-ныг хүртэл/ Зэрэг сумын эхэн бригадад малчин, саальчнаар ажиллаж байсан жил тооцогдохгүй хохирч байна. Иймд миний 1982 оноос 1987 оны 3 дугаар сарын 20-ныг хүртэл хугацаанд Ховд аймгийн Зэрэг сумын эхэн бригадад малчин, саальчнаар ажиллаж байсан хугацааг тогтоож шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мандалбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Ганчимэг нь 1982 оноос 1987 оны 3 дугаар сарын 20-ныг хүртэл хугацаанд Ховд аймгийн Зэрэг сумын эхэн бригадад малчин, саальчнаар ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Ч.Ганчимэг нь 1982 оноос 1987 оны 3 дугаар сарын 20-ныг хүртэл хугацаанд Ховд аймгийн Зэрэг сумын эхэн бригадад малчин, саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ч.Ганчимэг нь 1982 оноос 1987 оны 3 дугаар сарын 20-ныг хүртэл хугацаанд Ховд аймгийн Зэрэг сумын эхэн бригадад малчин, саальчнаар ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1568 тоот албан бичиг, 70 дугаар дансны хуулбарын хамт,

- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1089 тоот албан бичиг, 70 дугаар дансны хуулбарын хамт,

- Хүсэлт гаргагч Ч.Ганчимэгийн 1982 онд авахуулсан гэрэл зураг,

- Хүсэлт гаргагч Ч.Ганчимэгийн 1986 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн диплом,

-Гэрч Ч.Дамдинсүрэнгийн ...Би 1959 онд төрсөн. 1967 онд Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1976 онд төгссөн. Улмаар 1976 оноос 1978 оныг хүртэл Баян-Өлгий аймгийн Барилгын ТМС-д сантехникч мэргэжилээр төгссөн. 1978 онд цэргийн албанд татагдаж 1982 онд цэргээс халагдсан. Тэгээд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1982 оноос 1990 оныг хүртэл сантехикчээр ажиллаж байсан. Ч.Ганчимэг нь Ховд аймгийн Зэрэг суманд 8 жилийн дунд сургуулийг төгсөж Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд эцэг эхийн хамт малчнаар ажиллаж эхэлсэн. Ч.Ганчимэг нь 1982 оноос эхлэн ажиллаж эхэлсэн. 1990 оныг хүртэл тасралтгүй малчнаар ажиллаж байсан. Ч.Ганчимэгийн эцгийн Чунаг, ээжийг нь Хачин гэдэг байсан. Ховд аймгийн Зэрэг суманд насаараа мал маллаж байсан хүмүүс байгаа юм. Бид хамтдаа олон жил айл хөрш, нэг нутаг усных явсан. Ч.Ганчимэг нь хэдэн онд гэр бүл болсон гэдгийг сайн мэдэхгүй байна. Нөхөр нь Сандуйжав гэдэг хүн байдаг.... гэх гэрчийн мэдүүлэг,

-Гэрч Н.Чимэд-Очирын ...Би 1949 онд төрсөн. 1958 оноос 1962 оныг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуульд сурсан. 1962 оноос 1992 оныг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. Ч.Ганчимэг нь Ховд аймгийн Зэрэг суманд 8 жилийн дунд сургуулийг төгсөж Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Ч.Ганчимэг нь 1982 оноос эхлэн эцэг эхийн хамт малчнаар 1987 оныг хүртэл ажиллаж байсан. Ч.Ганчимэг нь 1987 оныг хүртэл тасралтгүй малчнаар ажиллаж байсан. Ч.Ганчимэгийн эцгийн Чунаг, ээжийг нь Хачин гэдэг байсан. Ховд аймгийн Зэрэг суманд насаараа мал маллаж байсан хүмүүс байгаа юм. Бид хамтдаа олон жил айл хөрш, нэг нутаг усных явсан... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ч.Ганчимэгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Магнай овогт Чунагийн Ганчимэгийг 1982 оноос 1987 оны 3 дугаар сарын 20-ныг хүртэл хугацаанд Ховд аймгийн Зэрэг сумын эхэн бригадад малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Ч.Ганчимэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.ОЮУН-ЭРДЭНЭ