Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2018/0094/З |
Дугаар | 636 |
Огноо | 2018-10-15 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 636
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.А
Хариуцагч: Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр
Нэхэмжлэлийн шаардлага: “Стандарт хэмжил зүйн газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/119 дугаар тушаалаар Б.Ад сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг хүчингүй болгож, тус тушаал гаргахаас өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, Стандарт хэмжил зүйн газрын даргын ёс зүйн хорооны 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг илт хууль бус акт болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, ХО.Б, Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.А миний бие нь Стандарт хэмжил зүйн газар ажиллаж байсан. 2004 оноос 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Стандарт хэмжил зүйн газар ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн байдлаар Төрийн албаны хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчин арга хэмжээ авахуулж байгаагүй. 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Стандарт хэмжил зүйн газрын дарга н.Гантөмөрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Надад ёс зүйн хариуцлага тооцсон. Би ёс зүйн хороонд өргөдөл өгсөн бөгөөд 12 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан. Энэ хурал дээр би тодорхой хэдэн хүмүүсийг нэрлэсэн бөгөөд энэ хүмүүсийн гомдлыг авч хэлэлцсэн. Үйлдвэрчний эвлэлийн энэ асуудалд гомдолтой байна. Б.А гэдэг хүн албан тушаалаа ашиглаж чадахгүй, манлайлалгүй байна гэдэг байдлаар энэ арга хэмжээг авсан гэж ойлгосон. 2015 оны 01 сараас хойш Стандарт хэмжил зүйн газрын Хэмжил зүй баталгаажуулалтын газрын даргаар ажилласан. Энэ хугацаанд төрийн албан хаагч учраас хуулийн дагуу үр дүнгийн гэрээ байгуулж, мөн 12 сардаа ажлынхаа тайланг дүгнүүлж, үнэлгээгээ авч ажилласан. Би 2015, 2016, 2017 онд А үнэлгээтэй дүгнэгдсэн. Тэгээд 2017 оны 12 сард ажлын манлайлал байхгүй, ажлаа хийж чадахгүй гэсэн үндэслэлээр халагдсан.
Ийм учраас энэ тушаалыг үл зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол бичсэн. Төрийн албаны зөвлөлөөс Б.А гэдэг хүнийг ямар шалтгаанаар ажлаас халсан, түүнийхээ дүгнэлтийг ирүүлнэ үү гэсэн боловч Стандарт хэмжил зүйн газраас шаардсан өдөр ирүүлээгүй учраас та Захиргааны хэргийн шүүхэд хандана уу гэсэн албан бичгийг авсан. Үүний дагуу Захиргааны хэргийн шүүхэд хандсан” гэв.
Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Уг үйл явдал 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлсэн. Б.А нь тухайн байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын албан тушаалыг давхар хийдэг. Тухайн байгууллагад шударга бус хүмүүсийн талаар удирдлагадаа хэлж чадахгүй хүмүүс Б.Ад мэдээлэл өгч байсан. Үүнтэй холбоотойгоор Б.А 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Авилгатай тэмцэх газар, Монгол Улсын Шадар Сайдад гомдол гаргасан. Тэгээд 11 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн Б.Аг зохион байгуулалттай дарамталсан. 10 хоногийн дотор 10 гаруй хүн өргөдөл бичсэн. Энэ хүмүүс яагаад Б.А ёс зүйгүй ажиллаж байсан бол, яагаад 1 сар, 2 сар, 4 сард өргөдөл өгсөн. Тэгээд гэнэт Б.Агийн эсрэг 10 гаруй хүн ёс зүй гэсэн. Ёс зүйн хороо нотлох баримтад тулгуурлаж шийдвэр гаргадаг. Ямар нотлох баримтаар шийдвэр гаргасан бэ гэхээр хүмүүсийн өгсөн өргөдлөөр шийдвэрлэсэн. Тэгэхээр хүмүүсийн өгсөн өргөдөл нотлох баримт болсон юм уу?
Хэдэн хүмүүс нийлж н.Гантөмөр дарга ёс зүй гэж халах юм уу ийм байдлаар халах ёстой юм уу ямар ч нотлох баримт байхгүй Б.Аг ёс зүй тэр хүмүүсийг ялгаварлан гадуурхсан, дарамталсан нотлох баримт байхгүй. Хэдэн хүмүүсийн Б.А гэдэг хүн ёс зүйгүй, дарамталсан гэсэн утгатай хуулбарласан дууриасан гомдол байдаг.
Ууганбаярын ахалсан ажлын хэсэг Б.Аг манлайлалгүй байна гэж тайлбарлаж байна. Мөн ялгаагүй хамт олноос нь хэдэн хүмүүс санал асуулга нууцаар авсан гэж байгаа. Өнөөдөр тэр эргээд яаж солигдсон байх вэ гэхээр энэ хүн орон байранд очиж юм хийчхээд төв байрандаа авч очсон хэн юу гэж бичсэн ямар нэр, гарын үсэг байхгүй, хэний бичсэн зүйлийг юугаар сольсныг мэдэхгүй. Өнөөдөр ийм байдлаар төрийн албыг явуулдаг болсон байна. Стандарт хэмжил зүйн газар ямар нэгэн байдлаар дээд байгууллагад гомдол гаргасан хүнийг халах ажиллагаа явагддаг болсон. 11 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Шадар Сайд албан бичиг явуулсан байдаг. Үүнийгээ хууль хяналтын байгууллагад шалгуулж энэ асуудлаа тодруулаачээ гэж байгаад Б.Аг ёс зүйн хороо авч хэлэлцээд халсан. Уг нь ёс зүйн дүрэмд Б.Аг шалгаж нотлох ёстой байхад Б.Аг ажлаас халсан. Б.Агийн Үйлдвэрчний хорооны албан бичиг байгаа Үйлдвэрчний хорооны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхөө боль гэж удирдлагад хандсан гол утга нь юм. Стандарт хэмжил зүйн газар яаж хөндлөнгөөс оролцдог вэ гэхээр ёс зүйн хороогоор Үйлдвэрчний эвлэлийн хороог авч хэлэлцэж байна. Тэр албан бичгийг Б.А гэдэг Хэмжил зүйн газрын дарга бичээгүй. Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга бичсэн юм. Тэгэхээр Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын асуудлыг ёс зүйн хорооны хүмүүс нь сууж байгаад авч хэлэлцдэг болсон байна. Иймээс Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүд нь авч хэлэлцэх ёстой. Энэ талаар Б.А өөрөө гомдол гаргаж Үйлдвэрчний эвлэлийн төв байгууллагын хяналтын зөвлөлд хандсан. Үйлдвэрчний эвлэлийн төв байгууллагын хяналтын зөвлөлийн тайлбар дүгнэлт байдаг. Б.А гэдэг хүн өөрөө аль ч хуулийн этгээд рүү шаардлага гаргах эрхтэй” гэв.
Гурав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ёс зүйн хороонд 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүмүүс өргөдөл гомдол өгсөн. Иймээс тухайн зөрчил хэзээ гаргасан бэ гэдэг асуудал яригдана. Хүнийг ажлаас халахын тулд ёс зүйн хорооны дүгнэлт гаргуулах дахин ажлын хэсэг байгуулж дүгнэлт хийх, хяналт шалгалтын дүгнэлт ёс зүйн хорооны дүгнэлтийг хэлэлцэж байна. Төрийн албаны зөвлөлийн баталсан дүрэмд Ёс зүйн хороо дүгнэлтээ гаргаж даргадаа танилцуулдаг. Үүнээс харахаар Стандарт хэмжил зүйн газар хүнийг халахын тулд санал асуулга явуулж байна. Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах 1995 он, 1997 оны журам байдаг. 1997 оны журам хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Уг журамд сахилгын шийтгэл ногдуулж аливаа дүгнэлт гаргаж байвал төрийн албан хаагчийг өөрийг нь оролцуулж гомдолтой танилцах тайлбар гаргах эрхийг өгч байж асуудлыг хэлэлцдэг. Уг журамд зөрчил гаргаснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй. Тэгэхээр 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 3 хоногийн хугацаанд дарга нь зохион байгуулж үүнийг ингэж өг гэж хүмүүс хуралдсан болгож хүн харахад хэлбэрийн хувьд хууль тогтоомж зөрчөөгүй байдлаар харагдуулсан асуудал юм. Тэгэхээр энэ зөрчлүүд хэзээ гарсан, хэзээ доромжилсон вэ гэж шийдэх байтал чи удирдан манлайлах чадваргүй гэсэн.
Үр дүнгийн гэрээгээрээ өмнө нь Б.Аг 2 жилийн хугацаанд А үнэлгээтэй дүгнэсэн байдаг. Тэгэхээр 12 дугаар сарын 01-ний өдөр үр дүнгийн гэрээг дүгнэдэг асуудал биш. Харин үр дүнгийн гэрээгээр жилийн ажлаа дүгнүүлдэг. Иймээс Б.Аг зохион байгуулалттайгаар хүмүүсийн өргөдлийг өгүүлдэг ажилтнаас олон өргөдөл ирсэн болгодог. Тийм учраас нөгөө хүмүүс нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бүгд өргөдлөө өгсөн. Б.Аг удирдан манлайлах чадваргүй гэж нэг хоногийн дотор асуудлыг шийдсэн. Иймээс энэ бүгд зохион байгуулалттай харагдаж байна.
Тушаалд удаа дараа зөрчсөн гэж ёс зүйн хорооны дүгнэлт гаргахын тулд заавал төрийн албанаас баримталсан журмын дагуу өргөдөл гомдол нь ёс зүйн хороонд албан ёсоор ирж хянаж шалгадаг асуудал байдаг. Гэтэл гэнэт Б.Ад сахилгын шийтгэл оногдуулах ёс зүйн хороотой гэдгээ санаж эхэлдэг. Ёс зүйн хорооны өргөдөл гомдол шийдвэрлэдэг хүлээж авч бүртгэдэг зүйл байхгүй. Журмаараа ёс зүйн хороо гомдлыг хүлээж авч зөрчлийн бүртгэж авдаг.
Төрийн албаны ёс зүйн дүрмийн 26 дугаар зүйлийн 26.1-д “... сахилгын шийтгэлийг аль нэгэн ногдуулах тухай шийдвэр гаргана гэж заасан. Б.Ад аль үндэслэлээр сахилгын шийтгэлд ногдуулах вэ гэж асуухад хариулаагүй. Харин н.Гантөмөр шийдсэн гэсэн. Сонсох ажиллагаанд уг тушаалыг гаргах гэж байна Б.А үүнд тайлбар өг гэдэг зүйлийг хэлэх ёстой. Түүнээс биш чамд сахилгын шийтгэл ногдуулна гэж яриад байдаг. 1995 он, 1997 оны сахилгын шийтгэл ногдуулах дараалал гэж заасан байдаг. Үүнд албан хаагчид танилцуулна тухайн тушаалтай танилцаад тайлбар гаргах эрхийн өгдөг. Үүний дагуу шийтгэл ногдуулдаг. Сонсох ажиллагаанд ийм зүйл байхгүй байна. Б.Ад 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д төрийн захиргааны албан хаагч сахилгын шийтгэл ногдуулах үндэс болно гэж заасан. Сахилгын шийтгэлийг тухайн албан хаагчийг харъяалсан нэгжийн удирдлагын саналыг үндэслэн түүнийг ажилд томилсон албан хаагч шийтгэл ногдуулна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримттай танилцаж нэмэлт тайлбар хийх дахин шалгалт явуулахыг шаардах эрхийг нь хангах ёстой зүйл сонсох ажиллагаанд байхгүй. Сонсох ажиллагаанд уг тушаалтай холбоотой асуудлыг тайлбарлаж өгөөгүй.
Тушаалд албан хаагчийн ирүүлсэн саналыг үндэслэн гэж байгаа. Тэгэхээр уг тушаал хууль бус юм. Мөн албан хаагчдын саналыг үндэслэж ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг томилдог. Тушаал гаргах эрх зүйн үндэслэл мөн хөдөлмөрийн дотоод журам бол байгууллагын мөрдөх уг хөдөлмөрийн журам дээр сахилгын шийтгэл ногдуулахдаа ийм ийм зүйлийг баримтална гэж тайлбарлаж өгсөн. Ёс зүйн хороо нь илт хууль бус учраас ёс зүйн хорооны шийдвэрийг илт хууль гэж үзсэн юм.
Үйлдвэрчний эвлэлийн хорооны шаардлага хүргүүлсний төлөө Б.Ад сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй. Үйлдвэрчний эвлэлийн хорооны албан бичигтэй холбоотой асуудалд тусдаа зохицуулалт бий болохоос биш. Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Ад биш юм. Б.Атай холбоотой асуудал ярихгүй төрийн албан хаагчийн хувьд ёс зүй ярьж байна. Тэгэхээр тушаал нь өөрөө хууль бус тийм учраас сонсох ажиллагаа хийгдээгүй аливаа дүгнэлтээ Б.Ад танилцуулаагүй. Иймээс Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг баримталсан нь тогтоогдохгүй байгаа. Тийм учраас тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-д үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн Үйлдвэрчний эвлэлийн хорооны сонгуульт ажлын өөрийн болон сонгосон хамт олныхоо зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх захиргааны санаачлагаар ажлаас халах түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулахыг хориглоно гэж заасан. Уг тушаал гарах эрхзүйн процедурын хувьд үндэслэл болгож байгаа асуудлыг зөрчсөн байгаа учраас тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Стандарт хэмжил зүйн газрын дэргэдэх ёс зүйн хороо Б.Ад холбогдуулан гаргасан гомдлыг 2018 оны 12 дугаар сарын 29, 30-ны 2 өдөр бүрэлдэхүүнээрээ хуралдаж дүгнэлтийг гаргасан. Хэмжил зүй баталгаажуулалтын газрын дарга Б.А нь хамт ажиллагсдаа үндэслэлгүйгээр гүтгэсэн, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хэд хэдэн бланкыг өөрт байгаа боломжоо ашиглаж, бусад тэргүүлэгч нартайгаа зөвшилцөлгүйгээр бланк ашиглаж бусад албан хаагчийнхаа нэр төрд халдсан гэж үзсэн. Холбогдох бусад хүмүүсээс тайлбар авч дүгнэлтээ гаргасан. Стандарт хэмжил зүйн хүрээлэнгийн даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтанд оролцохдоо удирдах албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг үл биелүүлж Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байсан. Төрийн албаны зөвлөлөөс 2017 оны 11 сарын 1269 тоот албан бичгээр хариу ирсэн. Уг албан бичигт удирдах дээд албан тушаалтныхаа үүргийг зөрчсөн гэсэн.
Мөн Тамгын газрын хүний нөөцийн ахлах мэргэжилтэн П.Долгормаагийн гаргасан гомдолд дурдсан хүний утаснаас хүний нэр барьж мессэж бичсэн асуудал байсан. Үүнийгээ Б.А хүлээн зөвшөөрсөн гэж үздэг. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа өөрөө 1 жилийн өмнө болсон гэж үздэг. Өмнө нь удаа дараа зөрчил гаргасан гэж дүгнэсэн. Иймд ёс зүйн хорооны дүгнэлт гаргаж Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасан сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэж дүгнэлт гаргасан” гэв.
Тав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Стандарт хэмжил зүйн газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А347 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Стандарт хэмжил зүйн газрын зохион байгуулалтын бүх нэгжүүдэд хяналт шалгалт үнэлгээ хийсэн. Энэхүү шалгалт нь тухайн нэгжийн үр дүнгийн гэрээний биелэлт, ажлын цаг ашиглалт, албан бичгийн шийдвэрлэлт, удирдлагын манлайлал гэх мэт нэгжүүдэд адилхан удирдамжаар хяналт шинжилгээ хийсэн. Үүний үр дүнд удирдлагын манлайллыг Стандарт хэмжил зүйн газрын тухайн нэгжид ажиллаж байгаа албан хаагчаас нэр тавилгүйгээр бодит үнэн байдал удирдлагын манлайлал ямар төвшинд байна вэ гэдэгт санал хүсэлт явуулсан. Үүнд эерэг болон сөрөг хандлагыг илэрхийлж санал асуулга явуулахад дийлэнх нь удирдан манлайлж чадахгүй байна гэж санал дүгнэлт өгсөн. Мөн ажлаа сайжруулахын тулд юу шаардлагатай гэхэд 12 албан хаагч удирдлагыг солих шаардлагатай гэсэн гомдлыг гаргасан. Хэмжил зүй баталгаажуулалтын газрын дарга Б.Атай холбоотой гомдлыг Стандарт тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга н.Өнөржаргал, Старетагиийн бодлого төлөвлөлт дотоод аудитын газрын дарга н.Ням-Эрдэнэ, Тамгын газрын хүний нөөцийн ахлах мэргэжилтэн П.Долгормаа, Хэмжих хэрэгслийн шалгах баталгаажуулалтын ахлах мэргэжилтэн зэрэг албан хаагчид Б.Аг солих шаардлагатай ёс зүй үйлдлийг удаа дараа гаргасан гэж гомдол ирүүлсэн. Тэгээд Стандарт хэмжил зүйн газрын А/347 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг дүгнэлт гаргаж, Б.Аг албан хаагчтайгаа тэгш бус харьцдаг, Төрийн албаны ёс зүйд үл нийцэх үйлдлийг удаа дараа гаргасан байна гэж энэ нь санал асуулгын дүнгээс харагдсан. Ийм учраас Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулахыг агентлагийн даргад санал болгосон гэв. Стандарт хэмжил зүйн газрын дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооноос албан шаардлага Стандарт хэмжил зүйн газар болон Монгол Улсын Шадар Сайдын ажлын алба, Үйлдвэрчний эвлэлийн хороо шаардлага хүргүүлэхдээ хүний нэр, төр алдар хүнд, ажил хэргийг гутаасан илтэд гүжирдсэн хүнийг доромжилсон, ажлын байрны дарамт үзүүлдэг гэж гүтгэсэн байдаг. Ёс зүйн хорооны хуралдаан дээр яригдсан Хэмжих хэрэгслийн шалгах баталгаажуулалтын газрын ахлах мэргэжилтэн н.Галбадрахын эзэмшдэг өөрийнх утаснаас н.Болормаа гэдэг хүн рүү хүрээд ир саунд байна гэсэн үл ойлголцлыг бий болгосон. Мөн Стандарт тохирлын үнэлгээний бодлогын газрын даргатай дуу дүрс бичлэгийг хийлгэх гэж Тамгын газрын жолоочид мөнгө амласан. Ингээд илтэд гүжирдсэн мэдээллийг гаргаж, ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргасан. Үүний дагуу Стандарт хэмжил зүйн газрын А/347 дугаар тушаал үнэн бодитой байгаа эсэх, ёс зүйн хорооны дүгнэлт эцсийнх бөгөөд хөндлөнгөөс дахиж Стандарт хэмжил зүйн газрын даргын 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/353 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийн дүгнэлтээр тус газрын дэд дарга н.Билгүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгаа. Өөрөөр хэлбэл Хяналт шинжилгээний дүгнэлт болон ёс зүйн хорооны дүгнэлт үнэн бодитой эсэх баримт нотолгоонд тулгуурласан байна уу гэдэгт тусад нь ажлын хэсэг хөндлөнгөөс үзүүлж, үүнээс гарсан дүгнэлтүүд нь үндэслэлтэй, сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж дүгнэлт гаргасан. Агентлагийн даргад сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Энэ үндэслэлүүд нь Стандарт хэмжил зүйн газрын даргын Б/119 тушаал гаргасан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэв.
Зургаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХО.Б 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сахилгын шийтгэл ногдуулах тухай Стандарт хэмжил зүйн газрын даргын 2012 оны 01 тоот тушаал болон 01 сарын Б/119 дүгээр тушаал нь ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэсэн юм. Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэхдээ 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Өнөржаргал, Старетагиийн бодлого төлөвлөлт дотоод аудитын газрын дарга н.Ням-Эрдэнэ, Хэмжил зүйн хүрээлэнгийн даргын н.Даваасүрэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн өргөдөл, Тамгын газрын ахлах мэргэжилтэн П.Долгормаагийн 2017 оны 11дүгээр сарын 20-ны өдрийн өргөдөл, Хэмжих хэрэгслийн шалгах баталгаажуулалтын ахлах мэргэжилтэн н.Галбаатарын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн өргөдөл, Хэмжил зүйн газрын шалгалтын ахлах мэргэжилтэн н.Гэлэгжамцын 2017 оны 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн өргөдөл, Хэмжил зүйн дотоод ажлын мэргэжилтэн н.Батсүх, н.Баяржаргал, н.Батмэнд , н.Батзориг, н.Байгалмаа нарын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн өргөдлүүдийг үндэслэж ёс зүйн хорооны хурал болсон. Энэ хурал дээр Төрийн албан хаагчийн ёс зүйн үйлдлийг зөрчсөн Б.Агийн үйлдлийн талаар хэлэлцсэн. Б.А ёс зүйн хуралд өөрийнхөө байр суурийг илэрхийлж өөрөө сонсох ажиллагаа хийхэд биечлэн оролцсон. Б.А нь ёс зүйн хороонд гомдол гаргахдаа Үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагааны өмнөөс иргэн Б.А гомдол гаргасан гэсэн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ илт хууль бус захиргааны акт болохыг тооцуулах гэж нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль гэж байдаг. Уг хууль нь 1991 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулийн зорилго нь хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой хууль ёсны ашиг сонирхлыг хамтран хамгаалахад зориулагдсан Үйлдвэрчний эвлэлийн байгууллага үйл ажиллагааг тодорхойлсон. Тэгэхээр уг хуулийн зорилтын эсрэгээр Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын баланкыг хууль бусаар ашигласан гэж үзэж байна. Хамтын ажил түүний ашиг сонирхлыг хамгаалах тухай ямар нэгэн үг, өгүүлбэр байхгүй. Зөвхөн Б.А гэдэг хүн өөрийнхөө байр суурьнаас бичсэн зүйлийг Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын самбарт байршуулсан бусдын нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан ёс зүй үйлдэл юм. Өөрөөр хэлбэл Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн зорилтыг зөрчин баланкыг хууль бусаар ашиглаж байгаа үйлдэл байна. Тухайн Стандарт хэмжил зүйн газрын нийт ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн хамтын ашиг сонирхлыг зөрчсөн ямар нэгэн үйлдлийн талаар мэдээлэл шаардлага байхгүй. Энэ тохиолдолд Үйлдвэрчний эвлэлийн албан баланкыг ашиглах нь хориотой байдаг. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь хамтын эвлэлийн байгууллага юм. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч хамтын шийдвэрийн ийм баримтуудыг Үйлдвэрчний эвлэлийн самбарт байршуулж мэдээлсэн талаар ямар нэгэн өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Энэ нь Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын баланкыг хувийн ашиг сонирхолд ашиглаж байгаа ёс зүйгүй үйлдэл гэж ёс зүйн хорооны дүгнэлт гарсан. Үүний дараа Стандарт хэмжил зүйн газрын даргын 347 дугаар тушаалаар хийсэн хяналт шинжилгээний үнэлгээний газрын хийсэн дүгнэлт байдаг. Уг дүгнэлтийг үндэслэл болгосон бөгөөд ямар нэгэн байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй учраас энэ нь хүчин төгөлдөр гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Энэ 2 дүгнэлт бодиттой байгаа эсэхэд дахиад шалгалт буюу сонсох ажиллагаа тухайн үйл процесс гарсан дүгнэлтүүдийг А/455 дугаар тушаалаар хийсэн ажлын хэсэг дүгнэж шийдвэр гаргасан. Б/119 дугаар тушаал нь Засгийн газрын агентлагийн эрхзүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4-т заасныг баримталсан. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.5, мөн 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.3 баримталсан ёс зүйн дүрмийн зохих зүйл заалтуудыг зөв хэрэглэсэн байна гэж үзэж байна. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хууль зүйн болон хууль хэрэглээний ямар нэгэн алдаа байхгүй. Тушаалыг гаргахдаа шийдвэрээ бие даасан 3 дүгнэлтийг үндэслэж сахилгын шийтгэл ногдуулах тушаал гаргасан. Уг тушаалыг 2 дүгнэлтийг нь нэхэмжлэгч хуульзүйн үндэслэлтэй хүчин төгөлдөр гэж үзэж гаргасан байна гэж ойлгож байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй яагаад гэхээр тухайн асуудлыг шийдсэн тодорхой нэг асуудлыг шийдвэрлэх зорилготой 3 дүгнэлт хуулийн дагуу хүчин төгөлдөр байгаа учраас энэ тушаалыг үндэслэн гарсан сахилгын шийтгэл гаргасан тушаал хууль зүйн үндэслэлтэй байна. Ёс зүйн хорооны дүгнэлтийг илт хууль бус захиргааны акт гэж сүүлд нэхэмжлэлийн шаардлагадаа нэмэгдүүлсэн байсан. Гэтэл илт хууль бус захиргааны актад хамаарахгүй яагаад гэхээр маргаан бүхий захиргааны актад хамаарах ёстой. Б.Ад тухайн үед ёс зүйн хорооны дүгнэлтийг мэдэгдсэн ёс зүйн хорооны дүгнэлтэд ёс зүйн дүрэмд заасан хугацааны дотор гомдол гаргаагүй. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 07 сард гаргасан нь нэгэнт дүгнэлтэд гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэсэн хариу өгсөн. Энэ нь тухайн хүн эрхээ эдлэх боломжийг хуулиар олгосон. Өөрөөр хэлбэл ёс зүйн хорооны дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Энэ эрхийг Б.А хэтрүүлж хэрэглэсэн энэ дүгнэлтэд гомдол гаргах боломжгүй болохоороо ёс зүйн хорооны дүгнэлтийг илт хууль захиргааны актад тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Зөвхөн шүүх болон хариуцагч талыг төөрөгдүүлэх зорилгоор үндэслэлгүй нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Маргаан бүхий захиргааны актад Б.А нь эрх эдлэх гомдол гаргах хуулийн хугацаагаа хэтрүүлсэн байгаа учраас нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Уг хэрэг маргааныг харахаар 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн тушаалыг 2018 оны 01 сард гаргасан нэхэмжлэл юм. Одоо 10 сар гарсан явж байна энэ хүртэл хугацаанд ямар нэгэн байдлаар уг тушаалыг хүчингүй болгуулахыг тулд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах замаар санаатай маргааныг удаашруулах зорилготой үйл ажиллагаа явуулж байна. Иймээс уг маргааныг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/119 дүгээр тушаалаар Б.Ад сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож тус тушаал гарахаас өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах” гэж тодорхойлж байгаад “Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Ёс зүйн хорооны 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг илт хууль бус акт болохыг тогтоолгох” гэж нэмэгдүүлжээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд “Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын газрын дарга Б.Аг Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Ёс зүйн хорооны 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж үүнийг үндэслэн, тус газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/119 дүгээр тушаалаар төрийн албанд нэг жилийн хугацаатайгаар эргэж орох эрхгүйгээр халсан” үйл баримт болжээ.
Нэхэмжлэгч тал “... Шударгаар ажил хөдөлмөрөө хийж төрийн албаны баталгаагаар хангагдаж ажиллаж байсан албан хаагч намайг зохиомлоор хэрэгт унагаж, зохион байгуулалттайгаар ажлаас халсан” гэж, хариуцагч тал “Б.А нь Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын газрын даргаар ажиллаж байхдаа төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчиж, төрийн албаны ёс зүйн дутагдал гаргасан тул түүний гаргасан ёс зүйн зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан нь холбогдох хуулийг зөрчөөгүй” гэж маргаж байгаа болно.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараах байдлаар дүгнэлээ.
1. “Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Ёс зүйн хорооны 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг илт хууль бус акт болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Стандарт, хэмжил зүйн газрын дэд дарга Б.Билгүүн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/347 дугаар тушаалаар Стратегийн бодлого төлөвлөлт, дотоод аудитын газрын 2017 оны төлөвлөгөөг үндэслэн Стандарт, хэмжил зүйн газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, нэгжийн удирдлагын манлайлал, ажилтан албан хаагчдын үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний биелэлт, ажлын цаг ашиглалт, гүйцэтгэл, үр дүнг тодорхойлох хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн удирдамж, төлөвлөгөөг хавсралтаар баталжээ.
Дээрх ажлын хэсгийн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тухай илтгэх хуудасны 8 дугаарт Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын газарт үнэлгээ хийсэн мэдээлэл, дүгнэлт, зөвлөмжийг тусгажээ. Үүнд: тус газрын 2017 оны үр дүнгийн гэрээний хэрэгжилт нь хангалтгүй, удаашралтай гэж, ажлын цаг ашиглалт цагийн бүртгэлийн программаас мэдээллийг татах боломжгүй гэж, албан бичгийн шийдвэрлэлт Стандарт, хэмжил зүйн газрын даргын тушаалаар батлагдсан шийдвэр бичиг хэргийн хяналтын журмын хэрэгжилт хангалтгүй гэж, удирдлагын манлайлал эерэг болон сөрөг хандалгыг илэрхийлсэн хариулт бүхий санал асуулгад 23 албан хаагч хамрагдаж, удирдлагын манлайлах чадвар,ёс зүйн хэм хэмжээг хангаж байгаа талаарх асуулгад ханган ажиллаж чадаж байна гэх хариулт 82, хангалтгүй гэсэн хариулт 125, нээлттэй нэг асуултанд удирдлагын манлайлах чадвар хангалтгүй, солих шаардлагатай гэж 12 албан хаагч санал, 6 албан хаагч нэгжийн удирлдагатай холбоотой гомдол өгсөн гэж, орлогын гүйцэтгэл, төвлөрүүлэлтийн байдал массын хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын орлого 17,7 сая төгрөгөөр тасарч, 2,3 сая төгрөгийн орлого дансанд ороогүй, нэмэлт орлого 5,4 сая төгрөгөөр тасарсан гэжээ.
Мөн зөвлөмж хэсгийн гуравдугаарт нэр бүхий таван албан хаагчдаас Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын газрын дарга Б.Ад холбогдуулан гаргасан гомдол нь Төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбогдолтой хяналт-үнэлгээ, шинжилгээ хийх хамрах хүрээнд байхгүй учир уг асуудлыг Стандарт, хэмжил зүйн газрын Ёс зүйн хороогоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.
Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/139 дугаар тушаалаар Ёс зүйн хорооны бүрэлдэхүүн болох дарга, гишүүдийг баталж, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг баримталж ажиллахыг үүрэг болгожээ.
Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Ёс зүйн хорооноос 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр дүгнэлт гаргасан байх бөгөөд уг дүгнэлтэд: тус газрын Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын газрын дарга Б.Аг дор дурьдсан ёс зүйн зөрчлүүдийг гаргасан гэжээ.
1. Б.А нь Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрт хандаж тус газрын дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны албан бланк, тэмдэгийг хувийн ашиг сонирхолыг үүднээс баримт нотолгоогүйгээр ашиглан “ ... Стандарт, хэмжил зүйн газрын дарга болон түүний гар хөл болсон зарим удирдлагын зүгээс Үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого хийж байгааг таслан зогсоохыг шаардаж байна” гэсэн утга бүхий 2017 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн А04/17 тоот албан шаардлагыг мэдээллийн самбарт байршуулж хувийг Шадар сайд Ө.Энхтүвшин болон ажилтан, албан хаагчдын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд явуулсан нь төрийн албан хаагчийг илтэд гүжирдсэн, хүний нэр төрд халдаж гутаан доромжилсон үйлдэл гэж үзжээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн Г.Өнөржаргалаас Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны нийт гишүүн, тэргүүлэгч нарт “хуралдаан зарлан хуралдуулж, тайлбар мэдээ хүсэх тухай” гомдолыг тус газрын Тамгын газарт, Стратегийн бодлого, төлөвлөлт дотоод аудитын газрын дарга С.Ням-Эрдэнээс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Стандарт, хэмжил зүйн газрын захиргаанд хандаж гаргасан гомдол, өргөдөл гомдолыг хяналтын карт, 2017 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр тус газрын Ёс зүйн хороонд Д.Дамбасүрэнгээс гаргасан гомдол, Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А04/17 дугаартай Б.Агийн гарын үсэг бүхий шаардлага, мэдээллийн самбарт байршуулсан байдлыг харуулсан фото зураг, тухайн үед Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр ээлжийн амралттай байсныг нотолсон амралтын хуудас, нэхэмжлэгчийн “... тус албан бичгийг бичиж, хуулбарыг явуулсан нь буруу зүйл биш ...” гэсэн тайлбар зэрэг нотлох баримтуудаар Б.Аг албан шаардлага бичсэн болох нь нотлогдоно.
Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар байгууллагын дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хороо нь хөдөлмөрийн харилцаатай холбогдсон нишүүдийнхээ эрх ашгийг хамгаалсан үйл ажиллагаа явуулах эрхтэй болохоос Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга хувийн үзэл бодлыг илэрхийлэхдээ тус хорооны хэвлэмэл хуудас, тэмдэгийг ашиглаж хувийн үзэл бодлоо илэрхийлж, гишүүдийнхээ нэр төр, албан тушаалын нэр хүндийг гутаах үйлдэл хийх эрхгүй бөгөөд Б.А нь энэ үйлдлийг хийснээр Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.5.1-т заасныг зөрчсөн гэснийг буруутгах боломжгүй байна.
2. Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн хүрээлэнгийн даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтаар Д.Дамбасүрэн, А.Галбаатар нарын нэрийг дэвшүүлэн дүгнэлт гаргуулахаар Төрийн албаны зөвлөлд тус газрын даргын 2017 оны 01/924 тоот албан бичгийг явуулсан. Энэ албан бичигт Б.А Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан нь шууд харъяалах дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлээгүй ёс зүйн дүрмийг зөрчсөн гэжээ.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Д.Дамбасүрэнгийн Ёс зүйн хороонд 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан “... Хэмжил зүйн хүрээлэнгийн захирал болох тохиролцоо хийсэн гэсэн агуулга бүхий албан шаардлага гаргаж төрийн албан хаагчийн нэр төрд халдсан ...” гэсэн утга бүхий гомдол, Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182 дугаар тогтоолоор тус газрын Хэмжил зүйн хүрээлэнгийн даргын албан тушаалд Д.Даваасүрэнг нэр дэвшүүлж, Авилгатай тэмцэх газраас 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлэг”-ийг хянаж ирүүлсэн 05/1053 дугаартай албан бичиг, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “... Хэмжил зүйн хүрээлэнгийн даргын албан тушаалын нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийнг байгуулсан А/302 дугаар тушаалд, тус ажлын хэсгийн дүгнэлтээс үзэхэд хамгийн өндөр оноо авсан гурван албан хаагчийн нэг нь Б.А байсан болох нь тогтоогдож байна. Харин Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах журмын 14 дүгээр зүйлд зааснаар “... эрх бүхий этгээд ажлын байранд тавигдах шаардлага хангасан 2-оос доошгүй нэр дэвшигчийг ирүүлнэ” гэж заасны дагуу Д.Дамбасүрэн, А.Галбаатар нарын нэрийг ирүүлсэн болох нь Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1269 дугаартай иргэн Б.Ад ирүүлсэн албан бичгээр нотлогдож байна. Дээрх нотлох баримтуудаар Стандарт, хэмжил зүйн газрын дарга сонгон шалгаруулалтын журмыг зөрчөөгүй болох нь тогтоогдож байгаа боловч зарлагдсан албан тушаалд нэр дэвшигч Б.Аг Төрийн албаны зөвлөлд сонгон шалгаруулалттай холбоотой гомдол гаргасныг “дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелээгүй” гэж үзэх боломжгүй юм. Учир нь Б.А нь нэр дэвшигчийн хувьд сонгон шалгаруулалтад гомдол гаргах эрхтэй байна.
3. Б.А нь ахлах мэргэжилтэн А.Галбадрахын утаснаас хүний нөөцийн ахлах мэргэжилтэн П.Долгормаагийн утасруу “...” мессеж илгээсэн нь хүний нэр төрд бүдүүлэгээр халдаж, төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Б.А нь А.Галбадрахын утаснаас 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр П.Долгормаа руу мессеж бичсэн болох нь Б.Агийн ёс зүйн хорооны хуралд гаргасан тайлбар болон А.Галбадрах, П.Долгормаа нарын Ёс зүйн хороонд гаргасан гомдол зэргээр нотлогдож байгаа хэдий ч 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан зөрчилд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг зөрчсөн байна.
4. Б.А нь өөрийн шууд удирдлаганд байгаа алба хаагч нартай зүй бусаар, тэгш бус харьдаг, дуу дүрсний бичлэг хийлгэх гэж оролдсон, мэдээлэл худалдаж авах зэргээр төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйг зөрчсөн гэжээ.
Б.Агийн дээрх үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох А.Галбадрахын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Стандарт, хэмжил зүйн газрын захиргаанд гаргасан “... шуурхай хуралдааны үеэр богино настай Гантөмөртэйгөө тэр чигтээ явна биз, дур мэдэн зөвшөөрөлгүйгээр томилолтоор явлаа”, мөн “... ширээн дээрх бичиг цаасаа шидлэн дайрч, үүний улмаас бие муудаж эмнэлэгт хүргэгдсэн ...” гэсэн гомдол, Ёс зүйн хороонд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус хэлтсийн мэргэжилтэн Д.Батсүх, Б.Пүрэвтогтох, С.Баяржаргал, Г.Батмэнд, Д.Батзориг, Б.Байгаль нарын гаргасан гомдол, мөн Ёс зүйн хороонд 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ч.Цогтбаатарын гаргасан “... Ариунаа даргаас мөнгө зээлээч гэсэн чинь та Өнөржаргал даргын өрөөнд ороод утсан дээр бичлэг хийж өг утас өгий, нөхөр Эрдэнэсайхан нь Өнөрөө даргын талаар мэдээлэл өг тэгвэл 100,000 төгрөгөөр худалдаж авъя ...” гэсэн гомдол зэргээс үзэхэд Б.А нь Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн болох нь тогтоогдож байна.
Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Ёс зүйн хороо нь дээрх зөрчлүүдийг хянан шийдвэрлэж, дүгнэлт гаргасан нь Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийн хянан шийдвэрлэх журмын 2.1-т “Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан албан тушаалыг эрхэлж байгаа төрийн захиргааны албан хаагч бүхий төрийн байгууллага бүрт төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, түүний үндэслэлийг шалган тогтоож, дүгнэлт гаргах эрх бүхий байнгын, орон тооны бус Ёс зүйн хороо ажиллана”, 2.4-д “Тухайн төрийн байгуулагын төрийн захиргааны албан хаагчийн тоо 10 хүрэхгүй бол Ёс зүйн хороо байгуулахгүй байж болно. Энэ тохиолдолд тухайн төрийн байгуулагын төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл бүхий төрийн байгууллагын Ёс зүйн хороо шалган тогтоож, дүгнэлт гаргана” гэснийг зөрчөөгүй байна.
Аливаа төрийн байгууллагын Ёс зүйн хороо нь тухайн байгууллагынхаа төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, түүний үндэслэлийг шалган тогтоож, дүгнэлт гаргах эрхтэй этгээдийн хувьд тухайн байгууллагын төрийн албан хаагчийн хууль журмыг зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэхүй зэрэг нь ёс зүйн зөрчил мөн эсэхэд дүгнэлт өгөх эрхтэй бөгөөд Ёс зүйн хорооны хяналт шалгалт нь зөвхөн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бусад зөрчил илэрвэл шалгах үүрэгтэй байна.
Мөн нэхэмжлэгч 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Авилгатай тэмцэх газарт гэмт хэргийн талаар мэдээлэл өгөх, гомдол гаргаж Стандарт, хэмжил зүйн газрын дарга болон бусад албан тушаалтнуудыг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, гэмт хэргийг нуун дарагдуулсан, авилга авсан, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэж шалгуулж, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Прокурорын 65 дугаар тогтоолоор дээрх нөхцөл байдлуудыг тогтоогдохгүй байна гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэжээ
Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын газрын дарга Б.А нь Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.3-д “Төрийн захиргааны албан хаагч нь энэхүү дүрмийн 4.1.3-т заасан эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө”, 5.3.1-т “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж ...”, 5.3.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгахыг хориглох”, 5.5.1-д “албан үүргээ хэрэгжүүлэхдээ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх” гэж заасныг зөрчжээ.
Иймд “Б.Аг Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.3.1, 5.3.4, 5.4.4, 5.5.1 дэх заалтуудыг зөрчсөн тул Төрийн албанд нэг жилийн хугацаанд орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулах санал”-ыг уламжилсан Ёс зүйн хорооны дүгнэлт нь холбогдох хууль журамтай нийцсэн байна гэж үзлээ.
Мөн хариуцагчаас 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/355 дугаар тушаалаар “Ёс зүйг хорооны 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дүгнэлт, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/347 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах, хэрэгжилтэнд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг баайгуулж, уг ажлын хэсэг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2017 оны А/347 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүнг, Ёс зүйн хорооны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дүгнэлтийг дахин хэлэлцэж, Хэмжих хэрэгслийг шалган баталгаажуулах газрын дарга Б.Ад сахилгын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчээс “... Б.Ад сахилгын шийтгэл ногдуулахдаа сонсох ажиллагаа хийгээгүй ...” гэж маргажээ. Хавтаст хэрэгт Ёс зүйн хорооны хурлын дүгнэлт, хяналт шинжилгээ-үнэлгээний үр дүнг танилцуулах, ёс зүйн зөрчил гаргасан Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын газрын дарга Б.Ад сахилгын шийтгэл оногдуулах сонсгох хурлыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хийсэн тэмдэглэл байх ба энэ хуралд нэхэмжлэгч өөрөө оролцсон байх ба үүгээр сахилгын шийтгэл ногдуулах сонсгох ажиллагаа хийсэн болох нь тогтоогдож байна.
Хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг “... хөөн хэлэлцэх хугацаа дуусан ...” гэсэн үндэслэлээр маргаж байгаа бөгөөд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүй болно.
Нэхэмжлэгч “Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Ёс зүйн хорооны 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг илт хууль бус акт болохыг тогтоолгох”-ыг хүссэн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “утга агуулгын илэрхий алдаатай, бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар захиргааны акт гаргасан, актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардсан, иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэс байгаагүй, биелүүлэх боломжгүй бол” гэж захиргааны актыг илт хууль бус болох тохиолдлуудыг заажээ. Иймд Ёс зүйн хорооны 2017 оны 01 дүгээр дүгнэлтийг илт хууль бус акт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.
2. “Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/119 дүгээр тушаалаар Б.Ад сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож тус тушаал гарахаас өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийг шаардлагын тухайд: Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/119 дүгээр тушаалаар Баатарсайхан Ариунааг төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчсөн, төрийн албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлээгүй, харъяа дээд шатны хуульд нийцсэн шийдвэрийг үл биелүүлдэг, удирдан манлайлах чадваргүй, өөрийн шууд удирдлаганд ажилладаг албан хаагчидтай тэгш бус харьцдаг тул 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс төрийн албан нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халжээ. Энэхүү тушаалыг гаргахдаа Стандарт, хэмжил зүйн газрын ёс зүйн хорооны 2017 оны 01 дүгээр дүгнэлт, мөн газрын даргын 2017 оны А/347 дугаар тушаалаар байгууллагдсан ажлын хэсгийн хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн дүгнэлт, 2017 оны 11 дүгээр с арын 30-ны өдрийн А/355 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэл болгожээ.
Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “тушаалд залруулга хийх тухай” Б/124 дүгээр тушаалын 1 дэх заалтаар Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/119 дүгээр тушаалын 1 дэх заалтад Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын газрын дарга Б.Агийн овгийг Баатарсайханы гэж ташаарсныг Баатарчулууны гэж залруулсан байна.
Дээрхи тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг үндэслэн төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орорх эрхгүйгээр халсан сахилгын шийтгэл ногдуулсан нь хариуцагч хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээнд гаргасан шийдвэр байна. Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Б. Ариунаа нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” үүргээ биелүүлээгүй болох нь Стандарт, хэмжил зүйн газрын ёс зүйн хорооны 2017 оны 01 дүгээр дүгнэлт, мөн газрын даргын 2017 оны А/347 дугаар тушаалаар байгууллагдсан ажлын хэсгийн хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн дүгнэлт, 2017 оны 11 дүгээр с арын 30-ны өдрийн А/355 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлээр тогтоогдоно.
Нэхэмжлэгч талаас “... төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчсөн, төрийн албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлээгүй, харъяа дээд шатны хуульд нийцсэн шийдвэрийг үл биелүүлдэг, удирдан манлайлах чадваргүй, өөрийн шууд удирдлаганд ажилладаг албан хаагчидтай тэгш бус харьцдаг” гэх үндэслэлүүд нь тодорхой баримтаар тогтоогдоогүй гэх боловч “харъяа дээд шатны хуульд нийцсэн шийдвэрийг үл биелүүлдэг” гэх үндэслэлүүдээс бусад нь албан хаагчдын гомдол, мэдээллийн самбарт тавьсан албан шаардлага, Шадар сайдын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ-2/322 дугаартай албан бичиг, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Прокурорын “ Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 65 дугаартай тогтоол, Б.Ад сахилгын шийтгэл ногдуулах сонсгол хурлын тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Иймээс хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан ... дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэсний дагуу 26.1.3 дахь заалтыг үндэслэн төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсныг хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд гаргасан хууль ёсны акт бөгөөд Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийн хянан шийдвэрлэх журмын 5.1-т “Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөлийн шийдвэр болон Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлгүй төрийн байгууллагын Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн томилох эрх бүхий албан тушаалтан тухайн төрийн захиргааны албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах тухай шийдвэр гаргана” гэснийг зөрчөөгүй гэж үзлээ.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн “Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/119 дүгээр тушаалаар Б.Ад сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож тус тушаал гарахаас өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх”-ийг хүссэн шаардлагуудыг хангах боломжгүй гэж үзлээ.
Мөн нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн Стандарт, хэмжил зүйн газрын даргын зөвлөлийн өргөтгөсөн хурлын ярианы бичлэгийг сонсож бичсэн гэх 16 хуудас тэмдэглэл, тус газрын албан хаагч болох нэр бүхий хүмүүстэй нэхэмжлэгч утсаар ярьсан ярианы бичлэгийг сонсож бичсэн гэх тэмдэглэл 4 хуудас, 2 ширхэг CD бичлэг зэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дуугаар зүйлийн 32.5-д “... хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримт” гэж үзэж нотлох баримаас хасч шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3-д заасныг баримтлан Б.Агийн нэхэмжлэлтэй Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрт холбогдуулан гаргасанаар “Стандарт хэмжил зүйн газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/119 дугаар тушаалаар Б.Ад сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг хүчингүй болгож тус тушаалаас гаргахаас өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, Стандарт хэмжил зүйн газрын даргын ёс зүйн хорооны 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг илт хууль бус акт болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ