Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2018/01289

 

  А.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож,  Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00060 дугаар шийдвэр

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00038 дугаар магадлалтай

А.Аын нэхэмжлэлтэй

Т.Над холбогдох

А.Аын хууль ёсоор эзэмшиж буй өвөлжөөний орчимд иргэн Т.Нын зөвшөөрөлгүй барьсан 30 метрийн хэмжээтэй хашаа, 10х9 метрийн хэмжээтэй өвлийн сууцыг албадан нүүлгэх тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сейтхожа, түүний өмгөөлөгч Я.Съездын нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.А би Жийн өвөлжөөний зориулалттай 700 м.кв талбай бүхий газрыг Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-ний дагуу шилжүүлэн авснаар Буянт сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/32 дугаар захирамжаар тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай өвөлжөөний газрыг миний эзэмшилд 40 жилийн хугацаагаар олгож, улмаар сумын газрын даамал Р.Төхөөнөөс 000683821 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Багийн малчид өвөлжөө, хаваржааны бэлчээрийн зааг тогтоох асуудлыг хэлэлцэж Буянт сумын 3 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоолоор ойр хавийн бэлчээрийн зааг тогтоох асуудлыг сумын Засаг даргад уламжилсан. Улмаар сумын малчдад өвөлжөө, хаваржааны бэлчээрийг хуваарилан эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж малчдын бэлчээрийн заагийг тогтоож, зурагжуулсан. Тухайн үед Буянт сумын Өмнө-гол багийн Түймэр идсэн өтөг хэмээх газар дахь өвөлжөөний орчмоос 8 га газрыг өвөлжөөний бэлчээрийн зориулалтаар эзэмшиж ашиглахыг надад зөвшөөрч сумын Засаг дарга гэрчилгээ олгосон. Малчин бид өвөлжөө, хаваржааны орчмын бэлчээрт амьжиргаа залгуулах хэдэн малаа бэлчээж амьдардаг. Газрын гарц муутай энэ үед хооронд нь км хүрэхгүй миний эзэмшлийн өвөлжөөний бэлчээрт дөнгөж 150 метрийн зайтай газарт Т.Н гэгч 2016 оны 8 дугаар сарын сүүлээр өвөлжөө барихаар болж ачаагаа ачиж ирээд буулгаж байхад энэ газарт надад гэрчилгээ байгаа, энэ газарт бууж болохгүй шүү гэж хэлсэн. Энэ талаар сумын Засаг дарга болон сумын газрын даамал нарт мэдэгдэхэд сумын цагдаагийн ажилтан н.Тилекберген, газрын даамал Р.Төхөөн, Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч н.Хибатай, сумын байгаль орчны хяналтын байцаагч н.Алтангэрэл нарын комиссын бүрэлдэхүүн 2016 оны 10 дугаар сарын дунд үед тухайн маргаан бүхий нутаг дэвсгэрт газар дээр нь ирж шалгаж, улмаар миний газарт хэмжилт хийж надад танд ямар нэгэн асуудал байхгүй, та газраа чөлөөтэй ашиглаж болно, харин Б.Нурболаттай бид нар өөрсдөө ярих болно гээд явсан. Дараа нь сумын Засаг даргад 2017 оны 4 дүгээр сард өргөдөл гаргасан боловч асуудлыг шийдвэрлэх болно гэсэн амаар хариу өгдөг боловч ямар нэгэн дорвитой хариу өгөөгүй болно. Т.Н нь миний өвөлжөөний ойролцоо надад эзэмшүүлсэн бэлчээрт шинээр өвөлжөө барьж, оршин сууж байгаа нь үндэслэлгүй бөгөөд ямар нэгэн газар эзэмших болон бэлчээр ашиглах эрхийн гэрчилгээ байхгүй болохыг дурдаж байна. Тиймээс ямар ч зөвшөөрөлгүйгээр дураараа өвөлжиж, малын бэлчээрт саад учруулж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Зүй нь, багийн нутаг дэвсгэрт хаваржаа, өвөлжөө барих асуудлыг багийн Иргэдийн нийтийн хурлаас малчдыг оролцуулан хэлэлцэн шийдвэрлэж тогтоол гаргаж улмаар Засаг дарга газар эзэмшүүлэх захирамж гаргах учиртай. Гэтэл манай багийн Иргэдийн нийтийн хурлаас болон Засаг даргаас Т.Над өвөлжөө барих зөвшөөрөл олгоогүй тул бэлчээрийн даац хэтэрсэн энэ үед ямар нэгэн зохих зөвшөөрөлгүйгээр өвөлжиж байна. Иймд Т.Нын зөвшөөрөлгүй барьсан хашаа, байшинг албадан нүүлгэж шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад: Баян-Өлгий аймгийн Буянт суманд оршин суудаг Адилын Айжарых би тус шүүхэд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн Т.Нын зөвшөөрөлгүй барьсан хашаа байшинг албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргасан. Одоо А.А миний хууль ёсоор эзэмшиж буй өвөлжөөний орчимд иргэн Т.Нын зөвшөөрөлгүй барьсан 30 метрийн хэмжээтэй хашаа, 10x9 метрийн өвлийн сууцыг албадан буулгах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.Н миний бие тус аймгийн Булган суманд оршин сууж байгаад Буянт сумын 3 дугаар багийн харьяат Батчулууны Батмөнхийн хүсэлтээр түүний малыг маллаж өгөхөөр болж 2013 оны 9 дүгээр сард гэр бүлийн хамт нүүж ирсэн. Тухайн үед иргэн Б.Батмөнх нь өөрийн эзэмшлийн газарт байшин барьж өгсөн ба миний бие гэр бүлийн хамт тэнд амьдарч байгаа болно. 2017 оны 4 дүгээр сарын үед иргэн С.Сейтхожа гэх иргэн манай газрын зэргэлдээ газарт буусан ба энэ бол миний эзэмшлийн газар, та нар зайлцгаа гэх мэтээр дарамт үзүүлж эхэлсэн. Бид тэвчиж чадалгүй Буянт сумын захиргаанаас энэ талаар асуухад тухайн газрыг нэгэн 9 настай хүүд эзэмшүүлсэн байсан. Б.Батмөнх үүнийг мэдмэгцээ зохих газарт гомдол гаргасан. Гэвч удалгүй С.Сейтхожа нь "энэ газар одоо миний эхнэрийн газар болсон, одоо та нар хурдан зайлаарай! Та нар намайг яаж ч чадахгүй, миний ард хүчтэй хүмүүс байгаа" гэх мэтээр элдвээр заналхийлж сүрдүүлж эхэлсэн. Б.Батмөнх надад хэлэхдээ: "тэд нарыг битгий тоо, энэ газар миний өвөг дээдсээс үлдсэн газар, зохих зөвшөөрлүүд нь байгаа" гэж хэлсэн. Тэгээд би тайвширсан. Гэвч 2016 оны 11 сард С.Сейтхожа нь надтай өш хонзон санаж миний хүүхдийг газрын асуудлаас болж ямар ч үндэслэлгүйгээр зодсон асуудал гаргасан ба энэ нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 тоот шийтгэх тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн болно. Хуульд зааснаар Монгол улсын иргэн зохих зөвшөөрлийн үндсэн дээр газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй. Түүнчлэн Монгол улсын иргэн эх орныхоо нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих эрхтэй. Гэвч нэхэмжлэгч болон түүний нөхөр хууль бусаар бидний эрх чөлөөнд ийнхүү халдаж байна. С.Сейтхожа болон түүний эхнэр А.А нар энэхүү газрыг хууль бусаар эзэмшиж байгаа ба бид үүнийг цаашид хүчингүй болгуулахаар зохих газарт нь хандана. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00060 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Аын хууль ёсоор эзэмшиж буй өвөлжөөний орчимд иргэн Т.Нын зөвшөөрөлгүй барьсан 30 метрийн хэмжээтэй хашаа, 10х9 метрийн өвлийн сууцыг албадан буулгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00038 дугаар магадлалаар:  Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00060 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх тухайн маргааныг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийг буруу хэрэглэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж тухайлбал хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, зөвхөн хариуцагч талаас гаргаж өгсөн эргэлзээтэй нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон явдалд гомдолтой байна.

Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А\32 дугаартай захирамжаар тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай 000504201 дугаартай 700м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Сейтхожагын Жупарбекийн өвөлжөөний зориулалттай газар эзэмших эрхийг БЙ90081608 РД-тай Найман овогт Адилын Айжарыхт өвөлжөөний зориулалтаар нь 40 жилийн хугацаатай эзэмшүүлэн үүнтэй холбогдуулан газрын эрхээ бусдад шилжүүлсэн С.Жупарбекийн 000504201 дугаартай эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, сумын Засаг даргын захирамжийг үндэслэж 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр А.Ат Буянт сумын Өмнөгол багийн “Түймэр идсэн өтөг” гэдэг газарт өвөлжөөний зориулалтаар ашиглуулахаар буюу хашаа, байшин барихаар 700 м.кв газрыг 40 жилийн хугацаатай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 000683821 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, мөн өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан нөхцөл байдал тогтоогдсон юм

Нэхэмжлэгч А.Аын өвөлжиж буй газрын орчмын бэлчээрийн газрыг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т заасны дагуу 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус Өмнөгол багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэн 04 тоот тогтоолоор тус багийн “Шарнуур” малчдын бүлгийн 23 хот айлын

46 өрхөд бэлчээр ашиглуулах гэрээ байгуулахыг дэмжиж, уг тогтоолыг Сумын Засаг дарга хүргүүлж, сумын Засаг дарга ба А.Аын нөхөр С.Сейтхожа нь бэлчээр ашиглах гэрээ хийсэн нь иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байсан нөхцөл байдлыг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “..хариуцагч Т.Н нь уг газарт тус багийн иргэн Б.Батмөнхийн барьж өгсөн хашаа хороонд түүний хүсэлтээр эсгийг гэрээр байрлаж түүний малыг маллаж байгаад сүүлд эсгий гэр урагдаж хуучирч суух боломжгүй болон тул өөрийн зардлаар өвлийн сууц барьж сууж байгаа ба миний өвөлжөөний газар биш Б.Батмөнхийн эцэг Р.Батчулууны газар бөгөөд түүний эхнэр Н.Бадамсүрэн нарын зөвшөөрлөөр сууж байгаа гэж маргаж үүнтэй холбогдуулан 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Буянт сумын Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 38 тоот захирамжийг үндэслэн 500 м.кв газрыг 60 жилийн хугацаатай Өмнөгол багийн Хүрдэтийн амны хонд гэх газарт хашаа байшин барих зориулалтаар Р.Батчулуунд 0198709 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ болон тус сумын Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 38 дугаартай захирамж, түүний хавсралт БЙ56123003 регистрийн дугаартай Н.Бадамсүрэн, БЙ 77091610 регистрийн дугаартай Батчулууны Батмөнх нарын “Т.Нын амьдарч байгаа өвөлжөөний зориулалттай барьсан байшин болох доорх газар нь хүү бид хоёрын” гэсэн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Д.Бахытын “Буянт сумын 3 дугаар багийн иргэн Т.Н нь Б.Батмөнхийн эзэмшилтэй газарт тус иргэний зөвшөөрөлтэй эхнэр, хүүхдүүдийн хамт амьдарч байгаа нь үнэн бөгөөд тэрээр 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нүүж ирсэн” гэх тодорхойлолт, дээрх бэлчээр ашиглах гэрээг үндэслэж Буянт сумын Засаг дарга Т.Мэндсүрэн болон газрын даамал Р.Төхөөн нар нь Шарнуурын хүрдэтийн амны өвөлжөөнөөс Батчулууны Батмөнхөд 150 га бэлчээр ашиглах гэрээ байгуулж гэрчилгээ олгосон зэрэг нотлох баримтыг гаргаж өгчээ. Тус сумын иргэн Р.Батчулуун Өмнөгол багийн Хүртэдийн амны хондоос нэхэмжлэгчийн Түймэр идсэн өтөг хүртэлх газрын хоорондын зай 1000 метр болох нь шүүхэд гэрчээр асуугдсан газрын даамал байсан Р.Төхөөний мэдүүлэг болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн Түймэр идсэн өтөг гэх газраас хариуцагчийн сууж байсан хашаа хороо байшин хүртэлх хоорондох зай 517 м гарч байгаа. Мөн Р.Батчулууны Өмнөгол багийн Хүртэдийн амны хондоос түүний хүү Б.Батчулууны Батмөнхөд 150 га ашиглах гэрчилгээ, Буянт сумын газрын асуудал хариуцсан Өлгий сумын газрын даамал Т.Зангарын тодорхойлт зэрэг бичгийн нотлох баримтаас дүгнэхэд хариуцагчийн өвөлжиж байгаа газар нь тус багийн иргэн Б.Батмөнхийн эцэг Р.Батчулууны өвөлжөөний газар байна гэж шүүх үзлээ” гэжээ. Анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлт нь Газрын тухай хуулийн 27.4 Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 38 дугаар зүйл. Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх 38.1. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хооронд явагдана, 38.2. Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд даарах баримт бичгийг хавсаргана: 38.2.1. нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, 38.2.2. эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо: 38.2.3. хураамж төлсөн тухай баримт 39.3. Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараах зүйлүүдийг тодруулна: 38.3.1. энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх: 38.3.2. шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх: 38.3.3. эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх. 38.4. Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйл. Газар эзэмших эрх дуусгавар болох 39.1. Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно. 39.1.2. газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан. Газрын тухай хуулийн 30 дугаар зүйл. Газар эзэмшүүлэх хугацаа 30.2. Газар эзэмшигч нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрын үргэлжүүлэн эзэмипж болно“ гэж заасан заалтуудыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байгаа явдалд гомдолтой байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлээ Р.Батчлууны эзэмшиж байсан газрыг түүний хүү Б.Батмөнх, Н.Бадамсүрэн нар хууль ёсоор шилжүүлж авсэн, Б.Батмөнх, Н.Бадамсүрэн нар уг газрыг Т.Над шилжүүлсэн нь гэж дурдсан нь хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзэж байна. Энэ нь Газрын тухай хуулийн 30.2, 38.1, 38.2, 38.2.1, 38.2.2, 38.2.2, 38.2.3, 38.3, 38.3.1, 38.3.3, 38.3.3, 38.4, 39.1, 39.1.2 дахь хэсгийг тус тус ноцтой зөрчиж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын ЗДТГ-ын газрын даамлаар ажиллаж байсан гэч Р.Төхөөний мэдүүлгийг үнэлээгүй явдалд гомдолтой байна. Гэрч Р.Төхөөн маргаан бүхий газарт үүссэн бодит байдлыг дэлгэрэнгүй мэдүүлэг өгч гэрчилсэн байдаг юм.

Иргэн Т.Н нь С.Сейтхожагын өвөлжөөнөөс 335 м газарт дур мэдэн өелийн сууц, хашаа барьж, олон зуун тооны мал бэлчээрүүлж байгаа нь С.Сейтжхожагын айлын олон тооны малыг чөлөөтэй бэлчээрт гарган бэлчээр ашиглах эрхэд саад хийж байгаа бодит нөхцөл байдлыг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 130\ШШ2018\00060 дугаартай шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 212\МА2018\00038 тоот магадлалын хууль зүйн үндсийг хянан үзээд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүйд тооцон нэхэмжлэгч А.Аын нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхив.

Т.Нын зөвшөөрөлгүйгээр барьсан хашаа, байшинг албадан нүүлгэж, эзэмшил бүхий газраа чөлөөлүүлэхийг хүссэн А.Аын нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн анхан  болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч А.А нь Буянт сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/32 захирамжаар тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай өвөлжөөний газрыг 40 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй, түүний эзэмшлийн газарт Т.Н нь 2016 оны 08 дугаар сарын сүүлээр зөвшөөрөлгүй байшин барьж дураараа өвөлжиж, малын бэлчээрт саад учруулж байгаа үндэслэлээр өөрийн эзэмшил газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардлага гаргажээ.

 Хариуцагч Т.Н нэхэмжлэлийг татгалзаж, “...Батмөнх нь өөрийн эзэмшил газарт байшин барьж өгсөн гэсэн ба түүний хүсэлтээр малыг нь маллаж энд амьдарч байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох  баримт, маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зурагт үндэслэн хариуцагчийн хашаа, байшин барьсан газар нэхэмжлэгчийн эзэмшил газарт хамаарахгүй, түүний эзэмших эрхийг зөрчсөн, хязгаарласан, малын бэлчээр ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болсон, бэлчээрийн даац хэтэрсэн гэж үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1.-д нийцжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул түүний газар эзэмших эрх хууль зөрчсөн эсэх нь энэ хэргийн маргаанд хамааралгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч  нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00060 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00038 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сейтхожа, түүний өмгөөлөгч Я.Съездын нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сейтхожагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                  Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                            Х.ЭРДЭНЭСУВД