Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 212/МА2018/00038

 

А.А-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

        

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00060 дугаар шийдвэртэй,

 

А.А-ын нэхэмжлэлтэй, Т.Н-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан, орчуулагч А.Еркегүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                Нэхэмжлэлийн шаардлага: А.А-ын хууль ёсоор эзэмшиж буй өвөлжөөний орчимд иргэн Т.Н-ын зөвшөөрөлгүй барьсан 30 метрийн хэмжээтэй хашаа, 10х9 метрийн хэмжээтэй өвлийн сууцыг албадан нүүлгэх тухай.

 

                Нэхэмжлэлд: “А.А би С.Ж-ийн өвөлжөөний зориулалттай 700 м.кв талбай бүхий газрыг “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-ний дагуу шилжүүлэн авснаар Б сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/32 дугаар захирамжаар тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай өвөлжөөний газрыг миний эзэмшилд 40 жилийн хугацаагаар олгож, улмаар сумын газрын даамал Р.Т-өөс 000683821 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Багийн малчид өвөлжөө, хаваржааны бэлчээрийн зааг тогтоох асуудлыг хэлэлцэж Б сумын 3 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоолоор ойр хавийн бэлчээрийн зааг тогтоох асуудлыг сумын Засаг даргад уламжилсан. Улмаар сумын малчдад өвөлжөө, хаваржааны бэлчээрийг хуваарилан эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж малчдын бэлчээрийн заагийг тогтоож, зурагжуулсан. Тухайн үед Б сумын Өмнө-гол багийн “Түймэр идсэн өтөг” хэмээх газар дахь өвөлжөөний орчмоос 8 га газрыг өвөлжөөний бэлчээрийн зориулалтаар эзэмшиж ашиглахыг надад зөвшөөрч сумын Засаг дарга гэрчилгээ олгосон. Малчин бид өвөлжөө, хаваржааны орчмын бэлчээрт амьжиргаа залгуулах хэдэн малаа бэлчээж амьдардаг. Газрын гарц муутай энэ үед хооронд нь км хүрэхгүй миний эзэмшлийн өвөлжөөний бэлчээрт дөнгөж 150 метрийн зайтай газарт Т.Н гэгч 2016 оны 8 дугаар сарын сүүлээр өвөлжөө барихаар болж ачаагаа ачиж ирээд буулгаж байхад энэ газарт надад гэрчилгээ байгаа, энэ газарт бууж болохгүй шүү гэж хэлсэн. Энэ талаар сумын Засаг дарга болон сумын газрын даамал нарт мэдэгдэхэд сумын цагдаагийн ажилтан Т, газрын даамал Р.Т, Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Х, сумын байгаль орчны хяналтын байцаагч А нарын комиссын бүрэлдэхүүн 2016 оны 10 дугаар сарын дунд үед тухайн маргаан бүхий нутаг дэвсгэрт газар дээр нь ирж шалгаж, улмаар миний газарт хэмжилт хийж надад танд ямар нэгэн асуудал байхгүй, та газраа чөлөөтэй ашиглаж болно, харин Т.Н-тай бид нар өөрсдөө ярих болно гээд явсан. Дараа нь сумын Засаг даргад 2017 оны 4 дүгээр сард өргөдөл гаргасан боловч асуудлыг шийдвэрлэх болно гэсэн амаар хариу өгдөг боловч ямар нэгэн дорвитой хариу өгөөгүй болно. Т.Н нь миний өвөлжөөний ойролцоо надад эзэмшүүлсэн бэлчээрт шинээр өвөлжөө барьж, оршин сууж байгаа нь үндэслэлгүй бөгөөд ямар нэгэн газар эзэмших болон бэлчээр ашиглах эрхийн гэрчилгээ байхгүй болохыг дурдаж байна. Тиймээс ямар ч зөвшөөрөлгүйгээр дураараа өвөлжиж, малын бэлчээрт саад учруулж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Зүй нь, багийн нутаг дэвсгэрт хаваржаа, өвөлжөө барих асуудлыг багийн Иргэдийн нийтийн хурлаас малчдыг оролцуулан хэлэлцэн шийдвэрлэж тогтоол гаргаж улмаар Засаг дарга газар эзэмшүүлэх захирамж гаргах учиртай. Гэтэл манай багийн Иргэдийн нийтийн хурлаас болон Засаг даргаас Т.Н-ад өвөлжөө барих зөвшөөрөл олгоогүй тул бэлчээрийн даац хэтэрсэн энэ үед ямар нэгэн зохих зөвшөөрөлгүйгээр өвөлжиж байна. Иймд Т.Н-ын зөвшөөрөлгүй барьсан хашаа, байшинг албадан нүүлгэж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.   

 

Нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад: “Баян-Өлгий аймгийн Б суманд оршин суудаг А.А би тус шүүхэд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн “Т.Н-ын зөвшөөрөлгүй барьсан хашаа байшинг албадан нүүлгэх тухай” нэхэмжлэл гаргасан. Одоо А.А миний хууль ёсоор эзэмшиж буй өвөлжөөний орчимд иргэн Т.Н-ын зөвшөөрөлгүй барьсан 30 метрийн хэмжээтэй хашаа, 10x9 метрийн өвлийн сууцыг албадан буулгах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Т.Н миний бие тус аймгийн Булган суманд оршин сууж байгаад Б сумын 3 дугаар багийн харьяат Б.Б-ын хүсэлтээр түүний малыг маллаж өгөхөөр болж 2013 оны 9 дүгээр сард гэр бүлийн хамт нүүж ирсэн. Тухайн үед иргэн Б.Б нь өөрийн эзэмшлийн газарт байшин барьж өгсөн ба миний бие гэр бүлийн хамт тэнд амьдарч байгаа болно. 2017 оны 4 дүгээр сарын үед иргэн С.С гэх иргэн манай газрын зэргэлдээ газарт буусан ба “энэ бол миний эзэмшлийн газар, та нар зайлцгаа” гэх мэтээр дарамт үзүүлж эхэлсэн. Бид тэвчиж чадалгүй Б сумын захиргаанаас энэ талаар асуухад тухайн газрыг нэгэн 9 настай хүүд эзэмшүүлсэн байсан. Б.Б үүнийг мэдмэгцээ зохих газарт гомдол гаргасан. Гэвч удалгүй С.С нь "энэ газар одоо миний эхнэрийн газар болсон, одоо та нар хурдан зайлаарай! Та нар намайг яаж ч чадахгүй, миний ард хүчтэй хүмүүс байгаа" гэх мэтээр элдвээр заналхийлж сүрдүүлж эхэлсэн. Б.Б надад хэлэхдээ: "тэд нарыг битгий тоо, энэ газар миний өвөг дээдсээс үлдсэн газар, зохих зөвшөөрлүүд нь байгаа" гэж хэлсэн. Тэгээд би тайвширсан. Гэвч 2016 оны 11 сард С.С нь надтай өш хонзон санаж миний хүүхдийг газрын асуудлаас болж ямар ч үндэслэлгүйгээр зодсон асуудал гаргасан ба энэ нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 тоот шийтгэх тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн болно. Хуульд зааснаар Монгол улсын иргэн зохих зөвшөөрлийн үндсэн дээр газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй. Түүнчлэн Монгол улсын иргэн эх орныхоо нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих эрхтэй. Гэвч нэхэмжлэгч болон түүний нөхөр хууль бусаар бидний эрх чөлөөнд ийнхүү халдаж байна. С.С болон түүний эхнэр А.А нар энэхүү газрыг хууль бусаар эзэмшиж байгаа ба бид үүнийг цаашид хүчингүй болгуулахаар зохих газарт нь хандана. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

               

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00060 дугаар шийдвэрээр:

 

“1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.А-ын хууль ёсоор эзэмшиж буй өвөлжөөний орчимд иргэн Т.Н-ын зөвшөөрөлгүй барьсан 30 метрийн хэмжээтэй хашаа, 10х9 метрийн өвлийн сууцыг албадан буулгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 130\ШШ2018\00060 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх маргааныг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийг буруу хэрэглэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж тухайлбал хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж чадаагүй, зөвхөн хариуцагч талаас гаргаж өгсөн эргэлзээтэй нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон явдалд гомдолтой байна. Үүнд:

 

1. Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А\32 дугаартай захирамжаар тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай 000504201 дугаартай 700 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээтэй С.Ж-ийн өвөлжөөний зориулалттай газар эзэмших эрхийг А.А-д зориулалтаар нь 40 жилийн хугацаатай эзэмшүүлж үүнтэй холбогдуулан газрын эрхээ шилжүүлсэн С.Ж-ийн 000504201 дугаартай эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, уг Засаг даргын захирамжийг үндэслэж 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр А.А-д Б сумын Өмнөгол багийн “Түймэр идсэн өтөг” гэдэг газарт өвөлжөөний зориулалтаар ашиглахаар хашаа, байшин барихаар 700 м.кв газрыг 40 жилийн хугацаатай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 000683821 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, мөн өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байдал болон нэхэмжлэгч А.А-ын өвөлжиж буй газрын орчмын бэлчээрийн газрыг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т заасны дагуу 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус Өмнөгол багийн иргэдийн Нийтийн хурлаар хэлэлцэж 04 тоот тогтоолоор тус багийн “Шарнуур” малчдын бүлгийн 23 хот айлын 46 өрхөд бэлчээр ашиглуулах гэрээ байгуулахыг дэмжиж, уг тогтоолыг Сумын Засаг даргад хүргүүлж, сумын Засаг дарга ба А.А-ын нөхөр С.С нь бэлчээр ашиглах гэрээ хийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байдлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “..бичгийн нотлох баримтаас дүгнэхэд хариуцагчийн өвөлжиж байгаа газар нь тус багийн иргэн Б.Б-ийн эцэг Р.Б-ийн өвөлжөөний газар байна гэж шүүх үзлээ” гэжээ. Анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлт нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.2.1, 38.2.2, 38.2.3, 39.3, 38.3.1, 38.3.2, 38.3.3, 38.4, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.2,  30 дугаар зүйлийн 30.2 дахь заалтуудыг зөрчсөнийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байгаа явдалд гомдолтой байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ “Р.Б-ны эзэмшиж байсан газрыг түүний хүү Б.Б, Н.Б нар хууль ёсоор шилжүүлж авсан, Б.Б, Н.Б нар уг газрыг Т.Н-д шилжүүлсэн нь...” гэж дурдсан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна. Энэ нь Газрын тухай хуулийн 30.2, 38.1, 38.2, 38.2.1, 38.2.2, 38.2.2, 38.2.3, 38.3, 38.3.1, 38.3.3, 38.3.3, 38.4, 39.1, 39.1.2 дахь хэсгийг тус тус ноцтой зөрчиж байна. Түүнчлэн анхан шатны шүүх Б сумын ЗДТГ-ын газрын даамлаар ажиллаж байсан гэрч Р.Т-ий мэдүүлгийг үнэлээгүй явдалд гомдолтой байна.

 

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 130\ШШ2018\00060 дугаартай шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан үзээд хүчингүйд тооцон нэхэмжлэгч А.А-ын нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна. 

 

            Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Т.Н-д холбогдуулан Баян-Өлгий аймгийн Б сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өвөлжөөний орчимд иргэн Т.Н-ын зөвшөөрөлгүй барьсан 30 метрийн хэмжээтэй хашаа, 10х9 метрийн  хэмжээтэй өвлийн сууцыг албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч “миний өвөлжөөний газар биш, Б.Б-ийн эцэг Р.Б-ны газар бөгөөд түүний эхнэр Н.Б нарын зөвшөөрлөөр оршин сууж байгаа” гэж маргажээ.

 

Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/32 дугаартай захирамж, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн газар эзэмшүүлэх гэрээ, 000683821 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч А.А нь Баян-Өлгий аймгийн Б сумын Өмнөгол багийн “Түймэр идсэн өтөг” гэдэг газарт өвөлжөөний хашаа байшин барих зориулалттай 700м.кв газрыг 40 жилийн хугацаатай эзэмшдэг, тус сумын Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 38 дугаар захирамж, түүний хавсралт, 0198709 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр иргэн Р.Б нь Б сумын Өмнөгол багийн “Хүрдэтийн амны хонд” гэх газарт хашаа байшин барих, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 0,05 га газрыг 60 жилийн хугацаатайгаар эзэмшдэг үйл баримтууд тус тус тогтоогджээ.

           

Түүнчлэн нэхэмжлэгч А.А-ын Б сумын Өмнөгол багийн “Түймэр идсэн өтөг” гэх газарт өвөлжөөний хашаа байшин барих зориулалттай 700 м.кв газраас хариуцагчийн барьсан гэх хашаа хороо, байшин хоорондох зай нь 517 метр, мөн нэхэмжлэгчийн бэлчээр ашиглах гэрчилгээгээр олгосон 8 га газраас хариуцагчийн барьсан гэх хашаа хороо, байшин хоорондох зай нь 335 метр болох нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тухайн маргаан бүхий газарт шүүхээс үзлэг хийсэн тухай тэмдэглэл, схем зургаар нотлогдсон байна. Иймээс нэхэмжлэгчийн дээрх талбай бүхий газар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь хариуцагч Т.Наас ямар нэгэн байдлаар саад учруулсан, газар эзэмших эрхийг нь хязгаарласан, зөрчсөн, малын бэлчээр ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болсон үйл баримт тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар нэхэмжлэгч А.А-ын хууль ёсоор эзэмшиж буй өвөлжөөний орчимд иргэн Т.Нын зөвшөөрөлгүй барьсан гэх 30 метрийн хэмжээтэй хашаа, 10х9 метрийн хэмжээтэй өвлийн сууцыг албадан нүүлгэх тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

           

Нэхэмжлэгч А.А нь Б сумын Засаг дарга Т.Мэндсүрэн, газрын даамал Р.Т нартай байгуулсан гэрээний үндсэн дээр тус сумын Өмнөгол багийн “Түймэр идсэн өтөг” гэх газарт бэлчээрийн зориулалтаар 8 га газрыг /1178 хонин толгой малын даацтай/ ашигладаг нь баримтаар болон зохигч нарын тайлбараар тогтоогджээ. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1-д хуульд өөрөөр заагаагүй бол бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглахаар заасан бөгөөд нэхэмжлэгчийн ашиглаж байгаа 8 га бэлчээрийн газарт хариуцагчийн өвөлжиж байгаа газар нь давхцаагүй болох нь хэргийн газрын үзлэг, схем зургаар тогтоогдож байна. Харин нэхэмжлэлийн үндэслэл болсон бэлчээрийн даац хэтэрсэн гэх үйл баримт баримтаар тогтоогдохгүй байх тул А.А-ын нэхэмжлэл үндэслэлгүй.

           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар тэдгээрийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00060 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                       

С.ӨМИРБЕК