Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/06

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т  даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,

орчуулагч, хэлмэрч Е,

улсын яллагч Ө,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Х,

шүүгдэгчийн өмгөөлөгч А,

шүүгдэгч Р  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р д холбогдох эрүүгийн 2013********** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1957 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ц суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Ц сумын 6 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Р , РД:БЛ******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р нь Байгалийн ургамлын тухай хууль, түүнд нийцүүлэн Байгаль орчныг хамгаалах төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмыг тус тус зөрчиж, 2020 оны 9 дүгээр сарын эхээр Баян-Өлгий аймгийн Ц сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, “Харгай салаа” гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаартай, “Жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтын 168-д заасан ховор ургамлын жагсаалтанд орсон Алтайн сонгиныг зохих зөвшөөрөлгүйгээр 111.75 килограммыг түүж, бэлтгэн хадгалж, Баян-Өлгий аймгийн Өлгий сум руу тээвэрлэн хүргүүлж, байгаль экологид 5.587.500 төгрөгийн бодит хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч - иргэний нэхэмжлэгч нараас гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Р аас мэдүүлэхдээ: Хэлэх зүйл байхгүй. Хэргээ хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Х гаас мэдүүлэхдээ: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчиж, ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр их хэмжээгээр сонгино бэлтгэсэн. Рахат нь ахуйн амьдралын талаар сайн мэдэж байна. Ядуу амьдралтай. Тиймээс хохирлыг заавал нөхөн төлүүлэх биш бодит хохирлыг төлүүлж өгөхийг хүсэж байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

Хоёр: Эрүүгийн 2013********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Х н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 101-102 дугаар хуудас/,

2. Шинжээч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Ж ын 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №8 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 31-34 дүгээр хуудас/,

3. Гэрч Д  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/,

4. Шинжээч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/,

5. Гэрч Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

6. 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас/,

7. 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 7-11 дүгээр хуудас/,

8. Яллагдагч Р ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Р ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Р ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар санал дүгнэлт гаргасан байх ба шүүгдэгч Р   нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний өмгөөлөгч А ээс шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Р нь Байгалийн ургамлын тухай хууль, түүнд нийцүүлэн Байгаль орчныг хамгаалах төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмыг тус тус зөрчиж, 2020 оны 9 дүгээр сарын эхээр Баян-Өлгий аймгийн Ц сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, “Харгай салаа” гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаартай, “Жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтын 168-д заасан ховор ургамлын жагсаалтанд орсон Алтайн сонгиныг зохих зөвшөөрөлгүйгээр 111.75 килограммыг түүж, бэлтгэн хадгалж, Баян-Өлгий аймгийн Өлгий сум руу тээвэрлэн хүргүүлж, байгаль экологид 5.587.500 төгрөгийн бодит хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

- 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 7-11 дүгээр хуудас/,

- 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Иргэн И аас хураан авсан сонгино нь улаан өнгийн 5 шуудай сонгино байна. Уг шуудайтай сонгинуудыг 1-ээс 5 хүртэл дугаарлаж шуудай тус бүрийг хиллэж үзэхэд 1 дүгээр шуудай 22.95 кг, 2 дахь шуудай 24.15 кг, 3 дахь шуудай 26.05 кг, 4 дэх шуудай 23.10 кг, 5 дахь шуудай 15.5 кг, нийт 111.75 кг сонгино байв” /хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц сумын 6 дугаар багийн иргэн Р  нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын 168-д зааснаар ховор ургамлын жагсаалтанд орсон Алтайн сонгиныг зохих зөвшөөрөлгүйгээр их хэмжээгээр түүж бэлтгэж ургамалд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Ц сумын 6 дугаар багийн иргэн Р  нь 111.75 кг сонгино түүж бэлтгэсэн. Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаар тогтоолоор Алтайн сонгины Экологи эдийн засгийн үнэлгээ нь 1 кг нь 50.000 төгрөг байхаар зааж өгсөн байдаг. Байгал орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-д ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна гэж заасан байдаг.

2020 онд Ц сумаас ховор ургамлын жагсаалтад Алтайн сонгиныг ахуйн хэрэглээний журмаар түүж, бэлтгэх зөвшөөрөл авсан иргэн байхгүй. Ц сумын 6 дугаар багийн иргэн Р  нь 2020 онд Ц сумаас ховор ургамлын жагсаалтанд орсон Алтайн сонгиныг ахуйн хэрэглээний журмаар түүж, бэлтгэх зөвшөөрөл аваагүй юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 101-102 дугаар хуудас/,

- Шинжээч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Ж ын 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №8 дугаартай “...Цагдаагийн газарт хураагдсан ургамал нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан ховор ургамлын жагсаалтанд болон Монгол Улсын ургамлын улаан номд орсон Алтайн сонгино байна. Монгол Улсын Байгаль, орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаар тогтоолоор Алтайн сонгины экологи эдийн засгийн үнэлгээ нь 1 кг нь 50.000 төгрөг байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-34 дүгээр хуудас/,

- Гэрч Д  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед миний бие аймгийн төв рүү явах үл таних залууг авахаар манай сумын Сейл гэдэг хүний гэрийн ойролцоох гудамжнаас очиж авсан. Энэ үед уг залуу миний машинд ачаагаа өөрөө ачиж машинд ороод суусан. Тэрээр миний бие бусад хүмүүсээ машиндаа суулгаж аваад аймгийн төв рүү орж ирээд Зайд сургуулийн ойролцоо явж байхад цагдаа нар зогсоогоод миний бичиг болон тээвэрлэж явсан ачааг шалгасан. Энэ үед цагдаа нар энэ шуудайтай сонгино хэний сонгино бэ гэхэд миний машинд суусан үл таних залуу миний миний сонгино гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/

- Шинжээч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар бүлгийн 12 дугаар зүйлд ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр ашиглаж болно. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/166 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмын 4 дэх хэсэгт нөөцийг ашиглах дээд хэмжээний талаар зааж өгсөн байдаг. Алтайн сонгино нь байгалийн ховор ургамалд орох бөгөөд ховор ургамлыг ахуйн зориулалтаар ашиглахад үндэс, үндэслэг ишийг 2 килограмм хүртэл хэмжээгээр ашиглах ба тухайн орон нутгийн Засаг даргаас ашиглах зөвшөөрөл авна" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/,

- Гэрч Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай сумын нутаг дэвсгэрээс энэ жил буюу 2020 онд Алтайн сонгино түүж, бэлтгэх зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгж байгууллага байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/

- Яллагдагч Р ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие тус аймгийн Ц сумын 6 дугаар багийн иргэн юм. Манай гэр Ц сумын Харгай салаагийн ам гэх газарт 2020 оны 9 дүгээр сарын эхний долоо хоногт нүүж ирсэн юм. Тэрээр тухайн газарт нүүж ирээд 9 дүгээр сарын 10-ны үеэр өглөө эрт гэрээсээ гараад манай гэрийн хажуу талд байдаг Харгай салаагийн уулнаас өглөөний 08 цагаас оройн 17 цаг хүртэл 50 кг-ийн ууттай гурилын цагаан шуудайгаар 2 шуудай сонгино түүж бэлтгэж гэр лүүгээ үүрч хүргэсэн юм. Тэрээр түүж бэлтгэсэн сонгиноо гэрийн гадна талд авч ирээд асгаж, буцаагаад шар улаан өнгөтэй 5 уутанд хийгээд тавьсан юм. Тэрээр хэд хоногийн дараа манай хүү болох И  нь Улаанбаатар хот руу сургуульдаа явахаар болоод аймгийн Ц сумын төвөөс аймгийн төв рүү орох үед нь миний бие хүү И т ууттай 5 шуудай сонгиныг өгөөд “аймгийн төвд очоод хүргэн Н ийн гэрт үлдээчих” гэж хэлээд явуулсан юм. Тухайн үед миний хүү Ц сумын Д  гэх жолоочийн фургон маркийн тээврийн хэрэгслээр явсан юм. Миний бие аймгийн төвд байх хамаатнууддаа хувааж өгөхөөр түүж бэлтгэсэн юм. Миний бие ойролцоогоор 100 килограмм орчим сонгино түүж бэлтгэсэн. Тухайн түүсэн сонгиныг хэмжиж үзээгүй 20 килограммын 5 уутанд хуваагаад хийсэн юм.

Миний бие Харгай салаа гэх газраас түүж, бэлтгэсэн сонгиныг ганцаараа түүж, бэлтгэсэн юм. Надтай хамт ямар нэгэн хүн хамт яваагүй. Тухайн жолооч нь манай сумын жолооч байсан гэхдээ зүгээр л таксинд явдаг жолооч юм. Миний хүү үүнд ямар ч хамаагүй миний бие сумын таксины жолоочийн машинд тавьж өгч явуулсан. Тухайн үед миний хүү аймгийн төв рүү сургуульдаа явахаар явсан юм. Миний бие хуулийн мэдлэг дутмаг асуудлаас болоод сонгино түүж болохгүй гэдгийг мэдээгүй юм. Хэрвээ мэдэж байсан бол сонгино түүхгүй байсан юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна" гэх /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн хуурай газар, усны бүх зүйлийн гуурст ургамал, хөвд, замаг, хаг, мөөг болон бичил биетнээс ургамлын сан бүрдэнэ.”, 2 дахь хэсэгт “Ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан дараахь байдлаар ангилна: 2/ховор;”, 4 дэх хэсэгт “Ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна. Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална.” гэж хуульчилжээ.

Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаартай, Жагсаалт батлах тухай /Ховор ургамлын жагсаалт/ тогтоолын хавсралтын 168 дугаарт Алтайн сонгиныг ховор ургамлын жагсаалтад оруулсан байна.

Байгалийн ургамлын тухай хуулийн 12 дугаар зүйлд “Иргэн ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр ашиглаж болно.”, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/166 дугаартай, “Журам батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-ын 4 дэх хэсэгт нөөцийг ашиглах дээд хэмжээг заасан бөгөөд Алтайн сонгино нь байгалийн ховор ургамалд хамаарах тул уг ургамлыг ахуйн зориулалтаар нэг удаа ашиглахад үндэс, үндэслэг ишийг 2 кг хүртэл хэмжээгээр ашиглах ба тухай орон нутгийн эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл /эрхийн бичиг/ авахаар зохицуулжээ.

Шүүгдэгч Р нь Байгалийн ургамлын тухай хууль, түүнд нийцүүлэн Байгаль орчныг хамгаалах төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмыг тус тус зөрчиж, 2020 оны 9 дүгээр сарын эхээр Баян-Өлгий аймгийн Ц сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, “Харгай салаа” гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаартай, “Жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтын 168-д заасан ховор ургамлын жагсаалтад орсон Алтайн сонгиныг зохих зөвшөөрөлгүйгээр 111.75 килограммыг түүж, бэлтгэн хадгалж, Баян-Өлгий аймгийн Өлгий сум руу тээвэрлэн хүргүүлж, байгаль экологид 5.587.500 төгрөгийн бодит хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэж “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Р ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

Мөн тухайн гэмт хэрэг гарахад шүүгдэгч Р ын гэм буруугийн шууд санаа, шунахайн сэдэлт нь нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/282 дугаартай, “Экологи эдийн засгийн үнэлгээ батлах тухай” тушаалын хавсралтад зааснаар 1 кг Алтайн сонгины экологи эдийн засгийн үнэлгээг 50.000 төгрөгөөр тогтоосон байна.

Шүүгдэгч Р ын зохих зөвшөөрөлгүйгээр 111.75 кг ховор ургамал болох Алтай сонгино түүж, бэлтгэсэн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 5.587.500 төгрөгийн бодит хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэхүү учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3/ “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу 5 дахин нэмэгдүүлэн тооцоход 111.75 кг Алтайн сонгино х 50.000 төгрөг х 5= 27.937.500 төгрөг байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд шүүгдэгч Р аас бодит хохирол 5.587.500 төгрөг гаргуулахыг хүссэн нь хуулийн үндэслэлгүй гэж дүгнэлээ.   

Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч Р аас ургамлын аймагт учруулсан хохирлын нөхөн төлбөрт 27.937.500 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 5 шуудай Алтайн сонгиныг хичнээн кг болохыг хэмжиж үзэхэд хатаж хуурайшиж 98.8 кг гарсан нь хохирлын хэмжээг тооцоход нөлөөлөхгүй болно.  

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Мөн шүүгдэгч Р  урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүгдэгч Р ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Р ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан 5.400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч Р  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4.Бусад асуудлаар.

Энэ хэрэгт шүүгдэгч Р  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч Р ын эзэмшлийн 5 тооны саалийн үнээг битүүмжлэх тухай Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 5/66 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, иргэн Д  эзэмшлийн Уаз фургон загварын 82** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэмжиж үзэхэд 98.8 кг гарсан Алтайн сонгиныг хурааж, хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Р ын гэмт хэрэг үйлдэхэд буюу 111.75 кг Алтайн сонгиныг Баян-Өлгий аймгийн Ц сумаас Өлгий сум руу тээвэрлэхэд ашигласан Уаз фургон загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 5.000.000 төгрөгийг шүүгдэгч Р ын хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.  

Шүүгдэгч Р ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Р ыг зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р ыг 5.400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч Р аас ургамлын аймагт учруулсан хохирлын нөхөн төлбөрт 27.937.500 /хорин долоон сая есөн зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Р  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р ын эзэмшлийн 5 тооны саалийн үнээг битүүмжлэх тухай Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 5/66 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж,  иргэн Д эзэмшлийн Уаз фургон загварын 82** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн шүүгдэгч Р ын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 98.8 кг Алтайн сонгиныг хурааж хохирол нөхөн төлөхөд зарцуулах, мөн шүүгдэгч Р ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Уаз фургон загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 5.000.000 (таван сая) төгрөгийг шүүгдэгч Р ын хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж улсын орлого тус тус болгосугай. 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Р ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Р ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ