Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2018/01290

 

Х.Бы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож,  Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2018/00113 дугаар шийдвэр

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00043 дугаар магадлалтай

Х.Бы нэхэмжлэлтэй

Бд холбогдох

2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл цалингийн зөрүү 577 866 төгрөгийг ажил олгогчийн санхүүгээс гаргуулан, дутуу олгосон цалингийн зөрүүнээс нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгох тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Х.Хайратын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Намайг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 128 тоот шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ж.Аргынбайн нэрэмжит Ед иргэний боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоосон. Ажил олгогч шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс Иргэний боловсролын хичээлийн багшаар ажиллуулахаар 81 тоот тушаал гаргасан. Миний орон тоонд томилогдсон багшийг Иргэний боловсролын багшаас чөлөөлөөгүйгээс болж надад ажил олгогч 9 цагийн хичээл өгснөөр би зохих хэмжээгээр цалин хөлсөөр хохирч байна. Үндсэн багшийн ажилд томилогдсон багш хүн долоо хоногт 19 цагийн хичээл заах журамтай. Иймд Ж.Б миний 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 27-ыг хүртэл үндсэн цалин хөлсний зөрүү 577866 төгрөгийг ажил олгогчийн санхүүгээс гаргуулах, нэхэмжилж буй цалин хөлсөнд ногдох нийгмийн даатгалын шимтгэл Баян-Өлгий аймгийн Эрүүл, мэнд нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгох тухай шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 81 тоот тушаалаар Ж.Быг Иргэний боловсрол-ын хичээлийн багшаар томилж хөдөлмөрийн гэрээ хийхийг Ж.Бд /тушаалын 2 дахь заалт/-аар үүрэг болгосон. Ажлын байранд шинээр томилохдоо ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг хийхийг Ж.Бд, Хөдөлмөрийн гэрээ байгуулахыг 2-3 удаа аж ахуйн нэгжийн ахлагч А.Хауметбек, сургалтын менежер А.Майра нарт даалгасан боловч үл тоомсорлон байгуулаагүй. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1.2, 21.1.3 заалтын дагуу үндсэн цалин, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ батлагдаагүй. Захирал асан А.Майратай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хүчин төгөлдөр биш, үндсэн цалинд тавьсан тоо хэмжээ сургуулийн нягтлан бодогч Д.Зангарын өгсөн тоо хэмжээ хоёр зөрүүтэй. Захирал асан А.Майратай байгуулсан хөдөлмөрийн гэрээний тамга тэмдэг нь хэт тод, А.Майрагийн гарын үсэг мөн эсэх нь тодорхойгүй.

Ж.Бд багшийн үлгэрчилсэн ажлын байрны тодорхойлолтоор захирал баталгаажуулалт хийгээгүй. Мэргэжлийн хяналтын газраас шалгах явцад Ж.Б нь мэргэжлийн бус гэдэг нь тогтоогдож зөрчлийг арилгах албан шаардлага ирсэн. Сургуулийн нягтлан бодогч Д.Зангарын тодорхойлолт нь он сар өдөргүй, хэзээ олгосон нь тодорхой биш. Ж.Б нь хууран мэхэлж авсан гэж Д.Зангар тайлбар өгсөн. Иймд Д.Зангараас тайлбар авах зайлшгүй шаардлагатай байна. Түүнээс гадна Ж.Б нь 7 хоногт 9 цагийн хичээл заадаг. 10 дугаар сард 54 цагийн хичээл зааж 246356 төгрөг бодогдож 24635 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн. Ж.Бы 09,10 дугаар сард авсан цагийн хөлсийг аймгийн Төрийн аудитын газрын аудитор Д.Назгүл шүүхэд хандсан гэсэн тайлбараар илүү бодогдсон цалин хөлсийг түр хугацаагаар суутгах зөрчлийг арилгах акт бичээгүйг дурдсан. Иргэн Ж.Бд 2017 оны 10, 11 дүгээр сард 7 хоногт 9 цагийн хичээл заасан цагийн багшийн сарын 30 цаг ажилласнаар гарсан. Энэхүү 30 цагт ногдох хөлсийг 535286 төгрөгийн жишиг цалинтай цагийн багшийн хувьд ажлын 21 хоногтой сард тооцож үзвэл 535286:168 цаг х 30 цаг = 91242 төгрөг байна. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэлд 9124 төгрөг, ҮЭ-д 3000 төгрөг, ашиг орлогын татварт 8212 төгрөг тус тус суутгаж 70906 төгрөг бэлэн олгосон. Ж.Бы цалинг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалтыг үндэслэн олгож байна. Иймд нэхэмжлэлд дурдсан 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл үндсэн цалин хөлсний зөрүү 577866 төгрөгийг төлөх боломжгүй. Учир нь, Ж.Бы 2017 оны 10,11 сард бодогдсон цагийн хөлсний Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн. Мэдээ тайлан өгөгдсөн болно гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 113 шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1, 61 дүгээр зүйлийн 61.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-ийг тус тус баримтлан 2017 оны 10 дугаар сарын 01-нээс 2017 оны 11 дүгээр сарын 27-ныг хүртэл дутуу олгосон цалингийн зөрүү 577866 (таван зуун далан долоон мянга найман зуун жаран зургаан) төгрөгийг Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч Ботахара Едил овогт Жекейханы Бд олгож,

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1-ийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ботахара Едил овогт Жекейханы Бы 2017 оны 10 дугаар сарын 01-нээс 2017 оны 11 дүгээр сарын 27-ныг хүртэл дутуу олгосон цалингийн зөрүүнээс нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал /Х.Хайрат/-д үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18000 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн санхүүгээс 18000 (арван найман мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бд олгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00043 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2018/000113 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 00113 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 00043 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүйгээр нэг талын ашиг сонирхлын үүднээс үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Ж.Б нь Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Көбешийн төрсөн зээ нь учраас шүүхээс ялгамжтай хандаж хууль бус шийдвэр гаргахад нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид өөрийнх нь хөдөлмөрлөснийхөө төлөөх цалин хөлсийг нь түүнтэй байгуулсан гэрээ болон хийж гүйцэтгэсэн ажил нь тохируулан олгож байгаа боловч үндэслэлгүйгээр илүү цалин хөлс шаардаж байгаа нь үндэслэлгүй. Ж.Б нь дутуу цалин хөлс авч хохирол амслаа, үүнээс болж гэм хор учирсан гэж маргаж нэхэмжлэл гаргаж байгаа боловч шүүгч Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан шийдвэрлэж байгаа явдал нь хуульд нийцэхгүй байна. Харин хөдөлмөрийн тухай хуулийн дагуу шийдвэрлэх гээд байгаа бол ажилтан болон ажил олгогчийн хооронд байгуулсан гэрээний дагуу цалин хөлсний асуудлыг шийдвэрлэх ёстой боловч ямар ч гэрээнд заагаагүй үнийн дүнгээр цалингийн зөрүүг тооцож шийдвэр гаргаж байгаа анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хяналтын шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчөө оролцуулан гомдлын үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлуулах болно. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Х.Б нь Бд холбогдуулан, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүү 577 866 төгрөгийг гаргуулахаар, дутуу олгосон цалингийн зөрүүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 128 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Х.Быг Өлгийн сумын 4 дүгээр сургуулийн иргэний боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоосон, ажил олгогч шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс иргэний боловсролын багшаар ажиллуулахаар 81 тоот тушаал гаргасан боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй үндэслэлээр үндсэн багшийн ажил үүргийг нь гүйцэтгүүлэлгүй, цагийн багшаар ажиллуулж, нэхэмжлэлд дурдсан хугацаанд авах ёстой цалингаас дутуу олгосон үйл баримт тогтоогджээ.

Ажил олгогчийн дээрх үйлдэл Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасан “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тооцоог хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмыг зөрчөөгүй байна.

Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2., 118 дугаар зүйлийн 118.4.-т нийцсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2., 46 дугаар зүйлийн 46.1., 46.2. дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хуульд нийцжээ.

Иймд “...хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй...” гэх хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.- д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2018/00113 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00043 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Х.Хайратын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                  Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                            Х.ЭРДЭНЭСУВД