Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 212/МА2018/00043

 

  Ж.Б-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2018/000113 дугаар шийдвэртэй, Ж.Б-ны нэхэмжлэлтэй,  Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгч Ж.Б, хариуцагчийн төлөөлөгч Х.Х, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл цалингийн зөрүү 577866 төгрөгийг ажил олгогчийн санхүүгээс гаргуулан, дутуу олгосон цалингийн зөрүүнээс нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгох тухай.

            Нэхэмжлэлд: “Намайг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 128 тоот шийдвэрээр Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд иргэний боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоосон. Ажил олгогч шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс Иргэний боловсролын хичээлийн багшаар ажиллуулахаар 81 тоот тушаал гаргасан. Миний орон тоонд томилогдсон багшийг Иргэний боловсролын багшаас чөлөөлөөгүйгээс болж надад ажил олгогч 9 цагийн хичээл өгснөөр би зохих хэмжээгээр цалин хөлсөөр хохирч байна. Үндсэн багшийн ажилд томилогдсон багш хүн долоо хоногт 19 цагийн хичээл заах журамтай. Иймд Ж.Б миний 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 27-ыг хүртэл үндсэн цалин хөлсний зөрүү 577866 төгрөгийг ажил олгогчийн санхүүгээс гаргуулах, нэхэмжилж буй цалин хөлсөнд ногдох нийгмийн даатгалын шимтгэл Баян-Өлгий аймгийн Эрүүл, мэнд нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгох тухай шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

            Хариуцагчийн тайлбарт: “2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 81 тоот тушаалаар Ж.Б-ыг “Иргэний боловсрол”-ын хичээлийн багшаар томилж хөдөлмөрийн гэрээ хийхийг Ж.Б-д /тушаалын 2 дахь заалт/-аар үүрэг болгосон. Ажлын байранд шинээр томилохдоо ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг хийхийг Ж.Б-д, Хөдөлмөрийн гэрээ байгуулахыг 2-3 удаа аж ахуйн нэгжийн ахлагч А.Х, сургалтын менежер А.М нарт даалгасан боловч үл тоомсорлон байгуулаагүй. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1.2, 21.1.3 заалтын дагуу үндсэн цалин, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ батлагдаагүй. Захирал асан А.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хүчин төгөлдөр биш, үндсэн цалинд тавьсан тоо хэмжээ сургуулийн нягтлан бодогч Д.З-ын өгсөн тоо хэмжээ хоёр зөрүүтэй. Захирал асан А.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний тамга тэмдэг нь хэт тод, А.М-гийн гарын үсэг мөн эсэх нь тодорхойгүй.

Ж.Б-д багшийн үлгэрчилсэн ажлын байрны тодорхойлолтоор захиралд баталгаажуулалт хийгээгүй. Мэргэжлийн хяналтын газраас шалгах явцад Ж.Б нь мэргэжлийн бус гэдэг нь тогтоогдож зөрчлийг арилгах албан шаардлага ирсэн. Сургуулийн нягтлан бодогч Д.З-ын тодорхойлолт нь он сар өдөргүй хэзээ олгосон нь тодорхой биш. Ж.Б нь хууран мэхэлж авсан гэж Д.Зангар тайлбар өгсөн. Иймд Д.З-аас тайлбар авах зайлшгүй шаардлагатай байна. Түүнээс гадна Ж.Б нь 7 хоногт 9 цагийн хичээл заадаг. 10 дугаар сард 54 цагийн хичээл зааж 246356 төгрөг бодогдож 24635 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн. Ж.Б-ы 09,10  дугаар сард авсан цагийн хөлсийг аймгийн Төрийн аудитын газрын аудитор Д.Н шүүхэд хандсан гэсэн тайлбараар илүү бодогдсон цалин хөлсийг түр хугацаагаар суутгах зөрчлийг арилгах акт бичээгүйг дурдсан. Иргэн Ж.Б-д 2017 оны 10, 11 дүгээр сард 7 хоногт 9 цагийн хичээл заасан цагийн багшийн сарын 30 цаг ажилласнаар гарсан. Энэхүү 30 цагт ногдох хөлсийг 535286 төгрөгийн жишиг цалинтай цагийн багшийн хувьд ажлын 21 хоногтой сард тооцож үзвэл 535286:168 цаг х 30 цаг = 91242 төгрөг байна. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэлд 9124 төгрөг, ҮЭ-д 3000 төгрөг, ашиг орлогын татварт 8212 төгрөг тус тус суутгаж 70906 төгрөг бэлэн олгосон. Ж.Б-ы цалинг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалтыг үндэслэн олгож байна. Иймд нэхэмжлэлд дурдсан 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл үндсэн цалин хөлсний зөрүү 577866 төгрөгийг төлөх боломжгүй. Учир нь, Ж.Б-ы 2017 оны 10,11 сард бодогдсон цагийн хөлсний Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн. Мэдээ тайлан өгөгдсөн болно.” гэжээ.

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 113 шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1, 61 дүгээр зүйлийн 61.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-ийг тус тус баримтлан 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл дутуу олгосон цалингийн зөрүү 577866 төгрөгийг Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч Ж.Б-д олгож,  Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1-ийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ны 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл дутуу олгосон цалингийн зөрүүнээс нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг хариуцагч Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал /Х.Х/-д үүрэг болгож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 00113 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Уг шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүйгээр нэг талын ашиг сонирхлын үүднээс үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн ямар нэгэн заалтыг баримтлахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ бол цалин хөлстэй холбоотой маргаан боловч маргааны төрлийн хувьд Иргэний маргаан билээ. Нэгэнт бусдаас төлбөр, эд хөрөнгө гаргуулах гэж байгаа бол зөвхөн Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлан бусдаас албадан гаргуулан шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл шүүхээс зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан хэргийг шийдвэрлэснээс болж хэргийн нөхцөл байдлыг зөв тогтоож чадаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн авч чадаагүй цалин хөлсний зөрүүг түүнд учирсан гэм хор гэж үзвэл, хариуцагчийн гэм буруугийн асуудлыг зайлшгүй тогтоох ёстой. Тухайлбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.3-т зааснаар хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх хуралдаанд уншиж сонсгох ёстой байсан. Нэгэнт анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулан дүгнэлт гаргуулаагүй учраас хариуцагч намайг шүүгч шууд гэм буруутайд тооцож хариуцлага хүлээлгэж байгаа явдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн явдал болсон. Нэхэмжлэгч Ж.Б нь Хөдөлмөрийн гэрээ байгуулахаас санаатай татгалзаж байсан учраас түүнд ажлыг нь бүрэн хүлээлгэн өгөх боломжгүй байсан. Нэхэмжлэгч Ж.Б-ы цалин хөлсийг 532500 төгрөг гэж шүүхээс тогтоохдоо бодит нөхцөл байдалд үндэслэхгүйгээр хийсвэрээр тогтоосон нь хууль бус болжээ. Иймд Баян-Өлгий аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 113 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ажилласан хугацааны цалингийн зөрүү болох 577866 төгрөгийг ажил олгогчийн санхүүгээс гаргуулан, дутуу олгосон уг цалингийн зөрүүгээс нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгох тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй. Гэтэл хариуцагч Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 81 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал гаргаж Ж.Б-ыг 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тус сургуулийн иргэний боловсролын хичээлийн багшаар томилсон боловч хуулийн хүчин төгөлдөр болсон Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 128 дугаар шийдвэрийг бодитой биелүүлээгүй буюу ажилтанд ажил үүргийг нь бүрэн гүйцэтгүүлээгүй, түүний урьд зааж байсан иргэний боловсролын хичээлийн цагийг бүрэн өгөөгүй /зөвхөн илүү гарсан цаг буюу 9 цагийн хичээл заалгаж түүнд оногдох цалин хөлс олгож байсан/, ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл, журмыг хэрэгжүүлээгүйгээс ажилтны цалин хөлс авах эрх зөрчигдсөн нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

            Анхан шатны шүүх ажилтны нэг сарын хөдөлмөрийн хөлсний хэмжээг 535286 төгрөгөөр тогтоохдоо хэрэгт авагдсан баримтууд болох хөдөлмөрийн гэрээ, санхүүгийн тодорхойлолтод тулгуурласан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд түүнд дутуу олгосон цалингийн зөрүүг хэрэгт авагдсан санхүүгийн анхан шатны баримтуудыг үндэслэж зөв тооцож, ажилтан Ж.Б-ы 2017 оны 10, 11 дүгээр сарын цалингаас дутуу олгосон 577866 төгрөгийг 4 дүгээр сургуулийн санхүүгээс гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 61 дүгээр зүйлийн 61.1-т нийцсэн байна.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу олгосон цалингаас нь тооцож, нөхөн төлөхийг ажил олгогчид үүрэг болгох талаар гаргасан гомдлыг Нийгмийн даатгалын тухай хуулийн холбогдох заалтыг зөв хэрэглэж хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны болжээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Хариуцагчийн давж заалдах гомдол хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2018/000113 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                       

С.ӨМИРБЕК