Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01663

 
 

                                            

 


С ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

    Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 536 дугаар шийдвэр,

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 67 дугаар магадлалтай,

   С ын нэхэмжлэлтэй,

            Б , Г  нарт холбогдох

            69 400 847 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

       2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хийгдсэн 01 тоот гэрээний нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С а, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагч Б , Г , хариуцагч нарын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, О.Батсүх, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би Булган аймгийн Орхон сумын Ар мэргэн хэмээх газарт 0,99 м.кв газар эзэмшдэг бөгөөд манай эзэмшлийн зэргэлдээ газарт хөрш Ж.Энхцоожийн хувийн орон сууцыг барьж байсан Б  гэх хүн 2015 оны 3 сард над руу залгаад “Би сүүлийн үеийн технологиор сэргээгдэх эрчим хүч ашиглан халаалтаа шийддэг байшин барьдаг хүн байна, ийм технологиор танай хөршийн байшинг барьж байгаа, маш богино хугацаанд түлхүүр гардуулах нөхцөлөөр чанартай байшин барина, танайх газар дээрээ байшин бариулах уу” гэж санал тавихад нь Б  болон түүний эхнэр Г тэй уулзахаар тохирч барьж байгаа байшинг нь очиж үз гэж маш их итгэл, үнэмшил төрүүлөн ярихаар нь эхнэр бид 2 барилгын нийт өртгийг 120,000,000 төгрөгөөр тохирсон. Ажил эхлэх урьдчилгаа 50 хувийг төл гэсэн тул тэдэнд барилгын 50 хувь болох 60,000,000 төгрөгийг эхний ээлжид төлсөн. Барилгын суурь тавигдаж торх босч эхэлмэгц барилгын нийт өртгийн 30 хувийг нэмж төлөхийг дахин шаардсан тул манай эхнэр Дэлгэрмаа 36,000,000 төгрөгийг нэмж өгсөн. Үүний дараа нэмэлт ажлын хөлс гэж тэдэнд нэмж нийт 5,000,000 төгрөгийг бас өгсөн. Дээрх байдлаар миний бие нь барилгын нийт өртгийн 80 хувьтай тэнцэх 96,000,000 төгрөг, нэмэлт ажлын хөлс гэж 5,000,000 төгрөг нийт 101,000,000 төгрөгийг Б ийн шаардсаны дагуу төлсөн боловч байшингийн цутгалтыг хийгээд, дээврийг хагас дутуу хийж, дээврийн төмрийн урд талыг хийгээд, хойд талыг нь хийгээгүй, хаалгагүй, цонхгүй, байшингийн урд талынх нь шавардлагыг хийлгүйгээр ажлаа хаяад 2015 оны 8 сараас хойш алга болсон. Энэ өдрөөс хойш Б , Г  нар нь биднээс зугтах болж, бид 4 удаа хаягаар нь очиход гэртээ байхгүй, утсаар нь залгахаар утсаа авдаггүй, бараг бүтэн жилийн турш хөөцөлдөж байж 2016 оны 5 сард арайхийж олж уулзахад барилгыг чинь 2016 оны зундаа багтааж гүйцээж барьж өгнө гэж амлаж гэрээний хугацааг сунгаж нэмэлт гэрээ байгуулсан. Нэмэлт гэрээг 2016 оны 05 сарын 21-ний өдөр байгуулж, уг нэмэлт гэрээгээр Г  нэмэгдэж түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлөөр гэрээний хугацааг 2016 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл сунгасан. Гэтэл Б , Г  нар нь нэмэлт гэрээгээр тохирсон хугацаанд барилгыг барьж дуусгах үүргээ дахин биелүүлээгүй, барилга нэг жилийн өмнөх орхисон байдлаараа байгаа. Нэмэлт гэрээ хийснээс хойш утсаа авахгүй, гэрийн хаягаар нь очиход хаалгаа тайлж өгдөггүй ийнхүү 2 дахь жилдээ биднийг дахин чирэгдүүлж, хохироож байгаа ба цаашид барилгын ажлыг дуусгах талаар ямар нэгэн үр дүн гарахгүй нь илт болсон тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т зааснаар Б , Г  нараас дараах үндэслэлээр 47,860,000 төгрөг нэхэмжилж байна. 1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.2-т зааснаар гэрээт хугацаанд үүрэг гүйцэтгүүлэгч талаас нийт 101,000,000 төгрөг төлсөн боловч үүрэг гүйцэтгэгч нь 70,000,000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн байх тул илүү төлсөн 31,000,000 төгрөг, 2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын хооронд байгуулсан Нэмэлт гэрээний 1.2, 3.1.2-т заасныг баримтлан гүйцэтгэх ёстой 54,000,000 төгрөгийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувиар тооцон, 2016 оны 08 сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл 60 хоногийн хугацаанд нийт 16,200,000 төгрөгийн алданги, 3.Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч нь ажлаа дутуу орхиж явсны улмаас Орхон, Дархан-Уул аймгийн хооронд Б , Г  нартай уулзахаар ирж буцсан шатахууны зардал 660,000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд Б , Г  нараас нийт 47,860,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн шавардаагүй орхисон гадна талын хөөсөнцөр нь удаан хугацааны явцад бутарч унаж эхэлсэн. Мөн дутуу орхисон дээврийн мод нь нар салхинд гандаж муудсан, дотор хана нуралт өгсөн, гадна дотор хана тэгш бус далий тул дахин засах шаардлагатай байгаа болно гэжээ.

Хариуцагч Б , Г  нарын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Миний бие болоод нөхөр Б  бид иргэн С ын барилгыг барьж өгөхөөр урьдчилгаа болгон 101,000,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна. Мөн 2016.05.21-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж, хийгдсэн ажлыг 70,000,000 төгрөгийн гүйцэтгэлтэй, 31,000,000 төгрөгийн ажил хийгдээгүй байна. Бид 3 сард нэхэмжлэгч нартай уулзсан. С атай уулзахаас өмнө Энхцоожийн байшинг бариад дуусч байсан. Би нэхэмжлэгч С аас 101,000,000 төгрөг авсан. Би С ын байшинг барихаас гадна Эрдэнэтийн төвд өөр хүний барилга дээр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Гэтэл Эрдэнэтийн төвд барьж байсан төлбөрөө хийгээгүй барилгын гүйцэтгэл болон С ын байшингийн гүйцэтгэл хоёр давхцаж Эрээн хотоос ирэх материал саатсан. Энэ бол 25,000,000 төгрөгийн асуудал. Би төлсөөр байгаад 8,000,000 төгрөг үлдсэн. Эрээн хотоос ирэх материал нь 8,000,000 төгрөг байсан. Би энэ талаар нэмэлт гэрээ байгуулах үед ярьж байсан. Энэ мөнгийг төлбөл материалаа авах боломжтой. С ын байшингийн хувьд торх бүтэн босч, дээврийн ажил дутуу байсан. Байгаа материалаа ашиглавал ажил дуусах боломжтой байсан. Нэхэмжлэгч тал Энхцэцэг бид хоёртой зөвшилцөөд 8,000,000 төгрөг өгье гэсэн боловч 8,000,000 төгрөгөөс гадна ажилчдын цалин хөлсний асуудал тулгарсан. Мөн давхар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд над дээр 15,000,000 төгрөгийн өр үүсч данс хаагдсан тул нэхэмжлэгч С ын байшинг дуусгах боломжгүй болсон. Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дээр 15,000,000 төгрөгөөс 500,000 төгрөгийн төлөлт хийсэн. Энэ байдал 2 жил үргэлжилсэн. 2017.08.24-ний өдөр зөөврийн халаагуур хийх техникийг боловсруулж патент авч, санхүүгийн эх үүсвэртэй болсон тул С ын байшинг барьж дуусгах боломжтой болсон. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. 79,000,000 төгрөгийн гүйцэтгэл хийгдээд 30 хувийн үлдэгдлээ аваад ажлаа хийх гэж байгаад ажил зогссон. Дутуу хийсэн зүйлээ бид нэмэлт хөрөнгө шаардахгүйгээр өөрсдөө хийх боломжтой. Тэгэхээр 79,000,000 төгрөгийн ажил хийгдсэн. Бохирын шугамын гаргалгаа, дотор сантехникийн шугам, гараашаас машин угаалгын шугам зэрэг бүгд суусан байхад шинжээчийн дүгнэлтэд огт тусгаагүй. Техникийн нөхцөл өгч байж шийддэг шийдлийн дагуу шинжээчийн дүгнэлтээ гаргасан байсан тул шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэмэлт гэрээ байгуулахдаа энэ байдлаар ярилцсан. Барилга дууссаны дараа 24,000,000 төгрөгийн төлбөр хийгдэж, барилгыг хүлээлгэн өгөх ёстой байсан. 101,000,000 төгрөгөөс 79,000,000 төгрөгийг хасаад 22,000,000 төгрөг үлдэнэ. Би 30,000,000 төгрөгийг буцааж өгөх боломжтой. Ажлын төсөл байхгүй учраас шинжээчийн дүгнэлт гарах боломжгүй байсан гэжээ.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад: Зохигчдын 2016 оны 05 сарын 21-ний өдөр байгуулсан Нэмэлт гэрээ-ний 3.1.2-т “Гүйцэтгэгч тал нь барилгын энэ гэрээний 2.1-т заасан хугацаанд түлхүүр гардуулж өгөх нөхцөлөөр хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй бол талууд харилцан тохиролцож барилгын зураг төслийн дагуу дутуу баригдсан хэсэгт үнэлгээ тогтоох буюу эсвэл хөндлөнгийн мэргэжилтнээр үнэлгээ тогтоолгож, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож гүйцэтгэгч тал алданги төлнө.” гэж заасныг баримтлан нэхэмжлэгч талаас цаашид барилгыг гүйцээж барихад хэдэн төгрөг зарцуулагдах талаар мэргэжлийн байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргасныг шүүх хангаж, “Арлын Ам” ХХК-ийг томилж шинжээчийн дүгнэлт гаргасан. Барилга угсралтын “Арлын Ам” ХХК-ийн гаргасан дүгнэлтээр маргаан бүхий амины орон сууцанд 49,760,133 төгрөгийн ажил хийгдсэн, цаашид 77,480,819 төгрөгийн ажил хийгдэж байж нийт 127,480,819 төгрөгийн төсөвт өртгөөр манай байшинг барьж дуусгах тухай дүгнэлт гарсан байна. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.2-т зааснаар “Хохирогч эрхээ сэргээлгэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдэд тодорхой хугацаа тогтоож болох бөгөөд энэ хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол мөнгөөр гүйцэтгэхийг шаардаж болно.” гэж заасныг баримтлан гэрээт хугацаанд үүрэг гүйцэтгүүлэгч талаас нийт 101,000,000 төгрөг төлсөн боловч үүрэг гүйцэтгэгч нь 49,760,133 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн байх тул илүү төлсөн 51,239,867 төгрөгийг нэхэмжилж байна. Шинжээчийн дүгнэлтээр 77,480,867 төгрөгийн ажил дутуу буюу нийт 127,480,819 төгрөгийн төсөвт өртгөөр барилга баригдаж дуусахаар дүгнэсэн боловч талууд Нэмэлт гэрээ байгуулахдаа барилгын төсөвт өртгийг 125,000,000 төгрөгөнд багтааж барихаар харилцан тохиролцсон тул 125,000,000 төгрөгөөс орон сууцанд хийгдсэн 49,760,133 төгрөгийг хасаж, цаашид барилгыг гүйцээж барихад шаардагдах 75,239,867 төгрөгийн үнийн дүнгээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д талуудын хооронд байгуулсан Нэмэлт гэрээ-ний 1.2, 3.1.2-т заасныг тус тус баримтлан хоног тутамд 0,5 хувиар тооцон, 2016 оны 08 сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 сарын 01-ний өдөр хүртэлх 120 хоногийн хугацаанд нийт 45,143,920 төгрөгийн алданги нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б , Г  нарын шүүхэд гаргасан нэмэлт тайлбарт: Бид С ын нэхэмжилж байгаа 92,143,787 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь бид барилгын ажлын гүйцэтгэлийг нүүр нүүрээ харж суугаад нэг бүрчлэн тооцож 70,000,000 төгрөг болсныг хүлээн зөвшөөрч тооцоо нийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэтэл 2015.05.21-ний өдөр өмгөөлөгчдийн холбооны дарга Батжаргал хуулиар нэр сүрээ далайлган нэмэлт гэрээ гэгчийг хийгээд үүнийхээ дагуу алданги тооцож 16,200,000 төгрөг нэхэмжилж байсан бол одоо хууль зөрчиж хийсэн шинжээчийн дүгнэлт юм. Мөн барилгын ажил гүйцэтгэх нэмэлт гэрээг 2015 оны 05 сарын 21-ний өдөр хийсэн нь Иргэний хуулийн 56.2.1-д зааснаар дүр үзүүлэн хийсэн гэрээ гэж үзэж байгаа тул хүчин төгөлдөр бус бөгөөд өмнө нэхэмжилсэн 47,800,000 төгрөгөөс алданги гэх 16,200,000 төгрөг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс С ын нэхэмжилсэн 92,143,787 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин С аас авсан санхүүжилтийн үлдэгдэл 31,097,032 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлийг баримтлан дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нийт 75,054,256 төгрөгийг дараах 5 үндэслэлээр нэхэмжилж байна. Үүнд:

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан гэрээт хугацаанд үүрэг гүйцэтгүүлэгч талаас нийт 101,000,000 төгрөг төлсөн боловч үүрэг гүйцэтгэгч нь 69,163,439 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн байх тул илүү төлсөн 31,836,561 төгрөгийг нэхэмжилж байна.

2. Шинжээчийн дүгнэлтээр 49,823,473 төгрөгийн ажил дутуу буюу нийт 118,981,912 төгрөгийн төсөвт өртгөөр барилга баригдаж дуусахаар дүгнэсэн байх тул 118,981,912 төгрөгөөс орон сууцанд хийгдсэн 69,163,439 төгрөгийг хасаж, цаашид барилгыг гүйцээж барихад шаардагдах 49,823,473 төгрөгийн үнийн дүнгээс тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232 дугаар зүйлийн 232.4, талуудын хооронд байгуулсан Нэмэлт гэрээ-ний 1.2, 3.1.2-т заасныг тус тус баримтлан нийт 24,911,736 төгрөгийн алданги нэхэмжилж байна.

3. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т заасныг болон хуулийн бусад зохицуулалтыг баримтлан дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Шинжээчийн дүгнэлт дээрх хүснэгтийн тооцооллоос харахад хариуцагч нь ханын ажил хийхдээ 140,620 төгрөгийг цалингийн үргүй зардал, дээврийн ажлыг хийхдээ нийт 3,416,753 төгрөгийг материал, тээвэр, цалингийн үргүй зардлыг тус тус гаргасан буюу нийт 3,557,373 төгрөгийн үргүй зардлыг гаргасан байна. Иймд хариуцагч нь барилгын ажлыг гүйцэтгэхдээ чанарын доголдолтой ажил гүйцэтгэсний улмаас нэхэмжлэгч талд 3,557,373 төгрөгийг үргүй зардал гаргасан байх ба эдгээр ажлыг дахин хийх шаардлага тулгарч байгаа тул Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7, 352 дугаар зүйлийн 352.2.1, 352.2.3-д заасныг тус тус баримтлан 3,557,373 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. НДШ, ЭМД-ын шимтгэл, инженер техникийн ажилтны цалин, нэмэгдэл цалин нийлээд 5,663,509 төгрөгийн цалингийн зардал барилга барих явцад гараагүй тул хариуцагчийн үндэслэлгүй хөрөнгөжсөн 5,663,509 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

4. НДШ, ЭМД-ын шимтгэл 1,536,697 төгрөг бөгөөд инженер техникийн ажилтны цалин 1,542,140 төгрөг, нэмэгдэл цалин 3,356,423 төгрөг, ажлын багаж, хувцас, хэрэгсэл 1,899,917 төгрөг буюу нийт 8,335,177 төгрөг нь нэхэмжлэгчийн хариуцагчид шилжүүлсэн мөнгөн дүнд орж байгаа тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан 8,335,177 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

5. Үүрэг гүйцэтгэгч нь ажлаа гүйцээлгүй хаяж явсны улмаас Орхон, Дархан-Уул аймгийн хооронд Б , Г  нартай уулзахаар ирж, буцсан болон шүүхэд ирж буцсан шатахууны зардал 760,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б , Г  нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: Иргэн Б , Г  бид иргэн С ын өөрийн эзэмшлийн Орхон аймгийн Ар мэргэн гэх газар нутагт 2 давхар амины орон сууц барьж өгөхөөр тохиролцож 2015 оны 3 сард барилга угсралтын гэрээ хийж графикийн дагуу 101,000,000 төгрөгийн санхүүжилт авсан. Уг санхүүжилтээр суурийн блок болон бохирын ажил, барилгын бүтээцийн ажлыг хийж материал болон, ажлын хөлс, тээвэр зарцуулалтад зарцуулан дуусгасан. 2015 оны 8 сард тухайн үед барилгын материалын болон ажиллах хүчний үнийн өсөлт, эдийн засгийн хямрал зэргээс шалтгаалан бидний төлөвлөсөн санхүү нь уг барилгад хүрэлцэхгүйгээс болж барилгын ажил зогсож улмаар удаан хугацаагаар үргэлжлээгүй. Ингээд барилга захиалагч бидний хооронд маргаан үүсч нилээд удсан. Гэтэл С а, Дэлгэрмаа нар 2016 оны 05 сарын 21-ний өдөр 22 цагийн орчимд нэг газар уулзахаар дуудсан. Гэтэл өмгөөлөгч П.Батжаргал биднийг яагаад барилгыг нь барьж дуусгахгүй байгаа талаар ярилцаж, бид учир байдлаа ч бас хэлсэн. Бид барилгад орсон материал ажлын хөлс тээвэр зарцуулалтын тооцоог нэг бүрчлэн гаргаж өгөхөд тээвэр зарцуулалт, хоол хүнсийг та нар зарцуулах ёстой гэж хасаад 79,000,000 төгрөгийн зардал тооцоо гарсан. Гэтэл П.Батжаргал Нэмэлт гэрээ хийх санал тавьж, бид гэрээг хийхгүй гэтэл биднийг дарамталж байгаад Нэмэлт гэрээг хийлгэсэн. Бид уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С а сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлд ор үндэсгүй худал зүйлийг бичсэн байна. Г , Б  нар нь өөрсдөө 2016 оны 8 сард дуусгана гэж гуйж хугацаа өгөх хүсэлт гаргасны дагуу энэхүү гэрээг байгуулсан. Уг гэрээнд Б , Г  нарын санал бүрэн тусгагдсан тул энэхүү гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү. Бид хариуцагч талын хэлж байгаагаар 31,000,000 төгрөгийн ажил үлдсэн гэж тохиролцсон. Гэхдээ хариуцагч нар алга болоод зугтаасан учраас ажлыг чанаржуулахын тулд нэмэлт гэрээндээ алданги тооцохоор тохиролцсон. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэмэлт гэрээг байгуулахдаа хариуцагч нарыг айлган сүрдүүлээгүй. Өмнө нь бид тохиролцсон. Хариуцагч нар өөрсдөө тооцоогоо гаргасан. Бид хүнээр бодуулсан гээд хийгдсэн ажлын үнийг 70,000,000 төгрөг болгоё гэж хэлсэн. Хариуцагч нарын хариуцлагыг нь өндөржүүлье гэж алдангийн талаар гэрээнд тусгасан. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгч С ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г , Б  нараас дараах 5 үндэслэлээр нийт 69,400,847 төгрөгийн төлбөрийг нэхэмжилж байна. Үүнд:

1. Би 2015 онд Өлзийхутагтай гэрээ хийсэн. Өлзийхутаг над руу утсаар залгаад сүүлийн үеийн байшин захиалгаар барина. Би танай хөршийн байрыг барьж байгаа, танайх байшин бариулах саналаа өгч болно гэсэн санал тавьсан. Тэгээд би Өлзийхутагийн барьж байгаа барилгыг очиж үзсэн. Гэрээ байгуулах үед Өлзийхутаг төлбөрөө бэлнээр хийгээд орон сууцыг барихад шаардлагатай бүх материал зардлыг манай талаас гаргана, орон сууц 2018.08.05-ны өдөр бэлэн болж, байрны түлхүүрээ гардуулан өгнө гэж надад итгэл үнэмшил төрүүлсэн. Барилгын ажил эхлэхэд Өлзийхутагт урьдчилгаа төлбөрийн 50 хувийг шилжүүлсэн. Үлдсэн төлбөрийн 50 хувиас 30 хувийг Өлзийхутаг бэлнээр өгчих гэсэн учраас бэлнээр өгсөн. Маргаан бүхий амины орон сууцад 69,163,439 төгрөг зарцуулагдсан ба цаашид барилгыг гүйцээж барихад хувь хүнээр бариулах тохиолдолд 49,823,473 төгрөгийн зардал шаардлагатай ба нийт 118,986,912 төгрөгийн төсөвт өртгөөр манай байшинг барьж дуусгах тухай дүгнэлт гарсан байна. Хэрэв барилгын компаниар бариулж дуусгасан тохиолдолд 73,806,166 төгрөг нэмж зарцуулах шаардлагатай байсан. Манай талаас 101,000,000 төгрөг Өлзийхутагт төлсөн боловч Өлзийхутаг нь 69,163,439 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байх тул илүү төлсөн 31,836,561 төгрөгийг нэхэмжилж байна.

2. Шинжээчийн дүгнэлтээр 49,823,473 төгрөгийн ажил дутуу буюу нийт 118,981,912 төгрөгийн төсөвт өртгөөр барилга баригдаж дуусахаар дүгнэсэн байх тул 118,981,912 төгрөгөөс орон сууцад хийгдсэн 69,163,439 төгрөгийг хасаад цаашид барилгыг гүйцээж барихад шаардагдах 49,823,473 төгрөгийн үнийн дүнгээс тооцож, нийт 24,911,736 төгрөгийн алданги нэхэмжилж байна.

3. Шинжээчийн дүгнэлтийн хүснэгтийн тооцооллоос харахад хариуцагч нь ханын ажил хийхдээ 140,620 төгрөгийн, дээврийн ажлыг хийхдээ нийт 3,416,753 төгрөгийн материал, тээвэр, цалингийн үргүй зардлыг гаргасан буюу нийт 3,557,373 төгрөгийн үргүй зардал гаргасныг нэхэмжилж байна. Ханыг дахин өрөхөд орох материалын болон тээврийн зардал ороогүй болно.        

4. НДШ, ЭМДШ-ийг огт төлөөгүй бөгөөд инженер техникийн ажилтан ажиллуулаагүй ба багаж хэрэгсэлд огт зарлага гаргаагүй, нэмэгдэл цалин өгөх нь байтугай үндсэн цалингаа ч барилга барьсан хүмүүстээ өгөөгүй зугтсан байдаг. Иймд НДШ, ЭМД шимтгэл 1,536,697 төгрөг, инженер техникийн ажилтны цалин 1,542,140 төгрөг, нэмэгдэл цалин 3,356,423 төгрөг, ажлын багаж, хувцас хэрэгсэл 1,899,917 төгрөг буюу нийт 8,335,177 төгрөг нь манай талаас хариуцагчид шилжүүлсэн мөнгөн дүнд орж байгаа тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж дээрх 8,335,177 төгрөгийг гаргуулах,

5. Үүрэг гүйцэтгэгч нь ажлаа гүйцэтгээгүй орхиж явсны улмаас бид Орхон, Дархан-Уул аймгийн хооронд Б , Г  нартай уулзахаар ирж, буцсан шатахууны зардал 760,000 төгрөгийг тус тус Б , Г  нараас нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргалын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би Г , Б  нарт анх 101 сая төгрөгийг өгсөн. Дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Үүрэг гүйцэтгүүлэгч талаас 101 сая төгрөгийг үүрэг гүйцэтгэгчид төлсөн боловч үүрэг гүйцэтгэгч нь 69,163,439 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн байх тул илүү төлсөн 31,836,561 төгрөг, Шинжээчийн дүгнэлтээр 49,823,473 төгрөгийн ажил дутуу буюу нийт 118,981,912 төгрөгийн төсөвт өртгөөр барилга баригдаж дуусахаар дүгнэсэн байдаг. Тэгэхээр цаашид барилгыг гүйцээж барихад шаардагдах 49,823,473 төгрөгийн үнийн дүнгээс тооцож, нийт 24,941,736 төгрөгийн алданги, хариуцагч нь барилгын ажил гүйцэтгэхдээ чанарын доголдолтой ажил гүйцэтгэсний улмаас нэхэмжлэгч талд 3,577,373 төгрөгийн үргүй зардал гаргасан байх ба эдгээр ажлыг дахин хийх шаардлага тулгарч байх тул хариуцагчаас 3,577,373 төгрөгийг гаргуулах, НДШ, ЭМД-ын шимтгэл 1,536,697 төгрөг, инженер техникийн ажилтны цалин 1,542,140 төгрөг, нэмэгдэл цалин 3,356,423 төгрөг, ажлын багаж хэрэгсэл, хувцас, 1,899,917 төгрөг буюу нийлээд 8,335,177 төгрөг нь Өлзийхутаг руу шилжүүлсэн мөнгөн дүнд орж байгаа тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж 8,335,177 төгрөгийг гаргуулах, шатахууны зардал 760,000 төгрөг нийт 69,450,847 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тайлбартаа огноо алдаатай бичсэн байсан. Энэ техникийн шинжтэй алдаа учраас залруулга хийх боломжтой гэж үзэж байна. 31,836,561 төгрөг нь С ын амины орон сууцыг барих барилгын ажлын төсөвт зарцуулагдаагүй. Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад 31,836,561 төгрөгийг тодорхой тусгасан. 31,836,561 төгрөгийг хариуцагч нар төлөхийг хүлээн зөвшөөрсөн учраас 31,836,561 төгрөгийн асуудалд тайлбар хэлэх шаардлагагүй байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж тодорхой заасан. С ын захиалгаар барилга баригдах үед гүйцэтгэгч талаас шаардагдах төлбөрийг нэхэмжилсэн. С а, Б т барилга барихад шаардлагатай төлбөрийг өгсөн. Тиймээс гэрээнд заасан 96 сая төгрөг бидэнд өгсөн гэсэн тайлбарыг хариуцагч тал гаргах шаардлагагүй. 101 сая төгрөгөөс 69,163,439 төгрөгийн барилгын ажил хийгдэж, цаашид барилгыг дуусахад шаардлагатай төсөвт 49,823,373 төгрөг шаардлагатай гэж шинжээчийн дүгнэлтээр гарсан. Тэгэхээр 49,823,373 төгрөгийн төлбөрөөс хоног тутам 0,5 хувийн алданги 24,911,736 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.6-т зааснаар нэхэмжилсэн. С а, Б , Г  нарын хооронд хийсэн нэмэлт гэрээний утгаас харахад хариуцагч нарт хүч хэрэглэж гэрээ хийсэн зүйл харагддаггүй. Тиймээс талуудын хооронд хийсэн нэмэлт гэрээний дагуу тогтоосон хугацаанд Б , Г  нар С ад алданги төлөх ёстой. Өөрөөр хэлбэл, гэрээнд заасан хугацаанд барилгын ажил явагдахгүй болсон тохиолдолд үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан хариуцлага хүлээнэ гэж тодорхой тусгасан. 3,557,373 төгрөгийн үргүй зардал гаргасныг нэхэмжилсэн. Шинжээчийг шүүх хуралдаанд гэрчээр асуухад тодорхой болно. 17,406,590 төгрөгийн ажиллах хүчний нийт зардал гэж тооцсон тооцооноос харахад 8,335,177 төгрөг нь зарцуулагдах ёстой зүйлдээ зарцуулагдаагүй байна. Үүнийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар хариуцагч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж, Б , Г  нараас гаргуулна. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлсөн гэх нотлох баримт хэрэгт байхгүй. Ажлын хувцас, багаж хэрэгсэл авсан гэсэн баримтыг шүүхэд гаргаж өгч байгаа боловч хариуцагчид шүүхэд гаргасан анхны тайлбартаа Цоож гэдэг хүнтэй тооцоо нийлж тооцоог гаргасан гэсэн байдаг. Өнөөдөр шүүх хуралдаанд тооцоо нийлсэн гэх баримтыг гаргаж өгч байгаа нь ямар шалтгаантай байсан, нотлох баримтын шаардлага хангасан эсэхийг шүүх анхаарах байх. Тиймээс хариуцагч нарын 8,335,177 төгрөгийг төлөхгүй гэх тайлбар үндэслэлгүй байна. 760,000 төгрөгийн хувьд 2015 оны 8 сараас эхлэн өнөөдрийг хүртэл С а олон удаа нааш, цааш явсан. Харин ч Давж заалдах шатны шүүх хурал орсноос хойших замын болон бусад зардлаа нэхэмжлээгүй. Тиймээс 760,000 төгрөгийг хариуцагч Б , Г  нараас гаргуулах хуулийн үндэслэл байна гэжээ.

Хариуцагч Б ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай талаас 6-10 сарын хугацаанд барилгын ажлыг дуусгаж өгч болно. Хэрэв нэхэмжлэгч тал манай саналыг хүлээн авбал эвлэрэхэд бэлэн байна. Үлдсэн барилгыг бариулахгүй гэх тохиолдолд үлдэх 31,836,561 төгрөгийг манай талаас нэхэмжлэгчид буцаан өгөх боломжтой байна гэжээ.

Хариуцагч Г ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2015 онд С ын амины орон сууцыг барьж өгөхөөр Б тай гэрээ хийсэн байдаг. С а, Б  нарыг гэрээ хийхэд би оролцоогүй. С аас мөнгө авсан, өгсөн асуудалд маргах зүйлгүй. С аас гэрээний дагуу 96 сая төгрөгийг авсан. С а, бидний хооронд байгуулсагдсан нэмэлт гэрээгээр 5 сая төгрөгийг С аас авсан. Нэмэлт гэрээгээр өгсөн 5 сая төгрөгийг инженер техникийн ажилчдын цалин, нэмэгдэл цалин гэж тооцож өгсөн. С аас нийт 101 сая төгрөг авснаас гүйцэтгэсэн ажлын 69,163,439 төгрөгийг хасаад үлдэх 31,836,561 төгрөгийг манай талаас төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч тал тухайн барилгыг цаашид барьж дуусахад 49,823,473 төгрөгийн зардал гарна гэж яриад байна. Бид С аас 101 сая төгрөг авсан болохоос 118,986,912 төгрөгийг аваагүй. С а өөрөөс нь огт аваагүй мөнгийг бодож, хүүнд 24,911,736 төгрөгийн алданги тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 31,836,561 төгрөгөөс хоног тутам 0,5 хувийн алданги тооцлоо гэхэд 15,918,280 төгрөгийн алданги болж байна. Гэтэл С а нь 49,823,373 төгрөгөөс алданги бодож 24,911,736 төгрөг болж, зөрүү үүсээд байгаа юм. 101 сая төгрөгөөс С а, Б  нарын хооронд байгуулагдсан гэрээнд тусгагдсан дүн нь 96 сая төгрөг. Хэрэв гэрээнд тусгагдсан 96 сая төгрөгөөс С ын нэхэмжлээд байгаа мөнгөн дүнг тооцоод үзвэл нэхэмжлэлийн шаардлага буурна. Нэмэлт ажлын гэрээнд тусгагдсан 5 сая төгрөгөөс алданги тооцоогүй байж бидний огт аваагүй үнийн дүнд алданги тооцоод байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 101 сая төгрөгөөс гүйцэтгэсэн ажлыг хийхэд гарсан зардал 69,163,439 төгрөгөөс тооцох, гэрээнд тусгагдсан 96 төгрөгөөс гүйцэтгэсэн ажлын зардал 69,163,439 төгрөгийг хасаад тооцоо бодохоор өөр дүн гарна. 3,557,373 төгрөгийн үргүй зардал гаргасан гэж яриад байна. Шинжээч ханыг өрөхдөө шалны шороог сайтар шахаагүйн улмаас цууралт үүссэн байна гэсэн дүгнэлт гаргасан байсан. 3,577,373 төгрөгийн үргүй зардал гаргасан гэж нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх хуралдаанд шинжээч гэрчээр мэдүүлэг өгөх учраас гэрчээс тодруулж байгаад тайлбараа гаргана. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 8,335,177 төгрөгийг нэхэмжилж байна. С а хуулийн этгээд биш хувь хүн учраас татвар төлөхгүй гэсэн тайлбар гаргаад байна. Гэтэл бид хувь хүний орлогын албан татвар төлсөн. Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 1,536,697 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. С ын амины орон сууцыг барихад 18-20 ажиллах хүч авч ажиллуулсан. Тиймээс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн татварыг хасах үндэслэл байхгүй. Барилгын суурийг тавих ажлаас эхлэн инженер техникийн ажилтан ажиллуулсан. Инженер техникийн ажилтан барилгыг барьж байгаа ажилчдад шаардлагатай үед хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байсан. Барилгыг барьж байгаа ажилчдад өгч байсан 5,600,000 төгрөгийн цалинг тавиагүй гэж байна. Гэтэл бид ажилчдад цалинг өгч байсан. Цалин тавьж байсан гэдгийг нотлох зорилгоор тооцоо нийлсэн баримтаа хэрэгт нотлох баримтаар өгсөн. Мөн ажлын багаж, хувцас хэрэгсэл 1,899,917 төгрөг тооцоонд орсон. Барилга барих тохиолдолд хувцас хэрэгсэл, багаж зайлшгүй шаардлагатай. Тиймээс 1,899,917 төгрөгийг төлөхгүй. Шатахууны зардал 760,000 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргахад 760,000 төгрөгийг нэхэмжилсэн байсан. Тухайн үед 760,000 төгрөгийг нэхэмжилж байхад 4 удаагийн үйлдлээр нааш, цааш явсан байсан. Тэгэхээр 760,000 төгрөг болох ямар ч боломж байхгүй. С а тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн зардлаа ирсэн, очсон унааны зардалд оруулаад байна. Манай талаас шүүх хуралдаанд ирж, очсон гэх тодорхой унааны зардлыг төлөхөд татгалзахгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд 96,000,000 төгрөгөөс 69,163,439 төгрөгийг хасаад үлдэх 26,836,561 төгрөгийн зөрүү төлбөрийг хүлээн зөвшөөрнө. С атай байгуулсан нэмэлт гэрээг хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.                                               

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 536 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 344 дүгэр зүйлийн 344.1, 355 дугаар зүйлийн 355.2.2-д зааснаар хариуцагч Г , Б  нараас 31,836,561 төгрөг, алданги 15,918,485 төгрөг, доголдол арилгахтай холбоотой зардалд 3,557,373 төгрөг, нэмэгдэл цалин 3,356,423 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 1,536,697 төгрөг тус тус гаргуулан С ад олгож, 16,551,731 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хийгдсэн 01 тоот гэрээний нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч Б , Г  нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тушаасан 397,250 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тушаасан 246,418 төгрөг, хариуцагчаас 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн тушаасан 59,270 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 56,205,539 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж болох 438,978 төгрөгийг хариуцагч Б , Г  нараас гаргуулж нэхэмжлэгч С ад олгож шийдвэрлэжээ.                      

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 67 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 536 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... хариуцагч Г , Б  нараас 31,836,561 төгрөг, алданги 15,918,485 төгрөг, доголдол арилгахтай холбоотой зардалд 3,557,373 төгрөг, нэмэгдэл цалин 3,356,423 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 1,536,697 төгрөг тус тус гаргуулан С ад олгож, 16,551,731 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “...хариуцагч Г , Б  нараас 43,387,439 төгрөг гаргуулж С ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,063,408 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “... нэхэмжлэлийн шаардлага хангагдсан дүн болох 56,205,539 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж болох 438,978 төгрөгийг...” гэснийг “нэхэмжлэлийн шаардлагыг хангагдсан дүн болох 43,387,439 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж болох 374,978 төгрөгийг” гэж, 4 дэх заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар нэхэмжлэгч С аас шинжээчийн зардал 1,600,000 төгрөг гаргуулан” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 56.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч С аас шинжээчийн зардалд 608,000 төгрөг, хариуцагч Г , Б  нараас шинжээчийн зардалд 992,000 төгрөгийг тус тус гаргуулан Барилгын төсөвчдийн холбоонд олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Хариуцагч Г ээс уг мөнгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч Г ийг тухайн төлбөрийг төлж барагдуулахаар шийдвэрлэсэн нь талуудын хооронд байгуулсан 2015 оны 06 сарын 17-ны өдрийн 04 тоот гэрээнд ямар үүрэгтэй оролцсон болохыг шүүх анхааралгүй гагцхүү сүүлд байгуулагдсан нэмэлт гэрээнд зааснаар түүнээс төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд үндсэн гэрээнд эрх, үүрэг хариуцлагыг тусгаагүй нөхцөлд нэмэлт гэрээгээр үүрэг хүлээсэн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч нарын гаргасан “... 2016 оны 05 сарын 21-ний өдөр хийгдсэн 01 тоот гэрээний нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс “... айлган сүрдүүлсэн болох нь тогтоогдохгүй байна...” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь гэрээний нэмэлт хийх үед нэхэмжлэгч нь өөрийгөө өмгөөлөгчдийн холбооны дарга, иргэн С ын өмгөөлөгч гэж танилцуулсан П.Батжаргал гэх хүний хамт бидэнтэй уулзсан. Тухайн үед бид өмгөөлөгчгүй огт гэрээ хийхгүй тэгээд ч нэмэлт гэрээний алдангийн заалт ямар учиртай юм бэ гэж асуухад "... та нар залилан хийсэн, шоронд хорино гээд баахан хуулийн заалт уншиж мөнгө төгрөг идэж шамшигдуулсан, танай нөхөр залилангийн хэргээр дор хаяж 5 жилийн ял авна шүү” гэж өмгөөлөгч П.Батжаргал нь дарамталж, айлган сүрдүүлж аргагүй байдалд оруулж байгаад зуруулсан. Нэхэмжлэгч нь хуулийн мэдлэгтэй өмгөөлөгчийн хамт хууран мэхэлж, айлган сүрдүүлж байж гэрээнд гарын үсэг зуруулсан болохоос бодит байдал дээр бидэнд өндөр алданги тооцсон уг гэрээнд гарын үсэг зурах хүсэл зориг байгаагүй. /гэрч Дэлгэрмаагийн мэдүүлгээр нотлогдож байгааг шүүх анхаарч үзээгүй /Тиймээс алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавтаст хэрэгт улсын тэргүүлэх төсөвчин Б.Батчулууны гаргасан үнэлгээгээр барилгын ажлын гүйцэтгэлийн нийт үнэлгээг 100,501,162 төгрөг байхаар тогтоосон. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Учир нь нийт 120,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэхээр тохиролцсоны 15 хувь нь /18,000,000 төг/ ашиг байхаар дүгнэлт гаргасныг анхаараагүй байна. Уг дүгнэлтэд дурдсанаар хийж гүйцэтгэвэл зохих нийт ажлын үнэлгээ 120,000,000 – 18,000,000/ашиг/ = 102,000,000 /гүйцэтгэвэл зохих үүрэг/ төгрөг болно. Учир нь ашгийг хийж гүйцэтгэвэл зохих ажил гэж үзэх боломжгүй юм. Мөн шинжээч нийт 87,255,741 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж дүгнэсэн атал анхан шатны шүүх 69,236,768 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн гэж дүгнэсэн. Үүнийг давж заалдах шатны шүүх ч анзаарч хэлэлцээгүй. Нийт хүлээн авсан 101,000,000 төгрөгөөс / Шинжээчийн 2018 оны 3-р сарын 12-ны өдрийн дүгнэлтэд тусгагдсан/ хийж гүйцэтгэсэн ажлын дүн болох 87,255,741 төгрөгийг хасахаар 13,744,259 төгрөгийг буцаан төлөх үүрэг үүсч байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, Г т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 13,744,259 төгрөгийг хариуцагч Б аас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.                                    

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий болжээ. 

Нэхэмжлэгч С а нь хариуцагч Б , Г  нарт холбогдуулан “...нэмэлт гэрээгээр тохирсон хугацаанд барилгыг барьж дуусгах үүргээ дахин биелүүлээгүй  тул  илүү төлсөн 31,000,000 төгрөг, алданги, бусад зардал нийт 69,400,847 төгрөг гаргуулна” гэсэн шаардлага гаргасан. 

Хариуцагч нар “2016.05.21-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж, хийгдсэн ажлыг 70,000,000 төгрөгийн гүйцэтгэлтэй, 31,000,000 төгрөгийн ажил хийгдээгүй байна гэсэн, 30,000,000 төгрөгийг буцааж өгөх боломжтой, харин зохигчдын хооронд хийгдсэн “2016.05.21-ний өдөр нэмэлт гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг шаардлага гаргаж, маргажээ.

2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч С а, хариуцагч Б  нарын хооронд байгуулагдсан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр 129.9 м.кв талбайтай 2 давхар байшин болон 21.6 м.кв талбай бүхий гарааш болон барилгын гаднах тохижилтыг 120,000,000 төгрөгт багтаан барьж өгөхөөр тохиролцсон байх бөгөөд байшин барих материалын болон ажиллах хүчний зардал хөлс нь гэрээнд заасан хэмжээнд багтсан, талууд энэ тухайд маргаагүй байна.

Талууд гэрээний хугацааг 2015 оны 04 дүгээр сарын 08-аас хойш 2015 оны 08 дугаар сарын 08 хүртэл 120 хоног байхаар тохирсон ч ажил гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь бүрэн гүйцэтгээгүйгээс талууд нэмэлт хугацаа болон гэрээний хариуцлагыг нэмэгдүүлэх талаар нэмж тохиролцож, 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нэмэлт гэрээг байгуулжээ.

Дээрх нэмэлт гэрээгээр 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлийг тохиролцсон, түүнчлэн үүргээ биелүүлээгүй тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон, түүнчлэн гэрээний хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Г  хамтран ажил гүйцэтгэгч болсон байна.

 Талууд дээрх нэмэлт гэрээг хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж хийсэн буюу хэлцлийн нөхцөл, агуулга нь хуульд харшлаагүй тул “дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж хүчин төгөлдөр бусд тооцуулах” сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч нар баримтаар нотолж чадаагүй, үндэслэл нь тодорхойгүй байх тул хоёр шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг зөрчөөгүй.

Иймээс нэхэмжлэгч нь нэмэлт гэрээний нөхцөлөөр хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, шилжүүлсэн төлбөрөөс ажлын гүйцэтгэлд зарцуулагдаагүй хэсгийг буцааж авах, хохирол төлүүлэх талаар шаардлага гаргажээ.

 Хоёр талын гэрээнд үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах үндэслэл болох бөгөөд зөрчлийг арилгуулахаар захиалагч тал нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч үр дүн гараагүй, талууд нэмэлт гэрээ байгуулах үед хийсэн ажлын өртгийг 54,000,000 төгрөгөөр тохиролцсон хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг хэмжээнд маргаж, шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасан байна.

Шүүхээс томилогдсон шинжээч хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг 69,163,439 төгрөг гэж дүгнэлт гаргажээ.

Талууд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс бодогдох алданги болон хүлээлгэн өгсөн барилгын доголдлыг арилгахад гарах зардал, ажлын нэмэгдэл хөлс, ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлөхөд зарцуулах мөнгө зэрэг шинжээчийн үнэлгээгээр тодорхойлогдсон зардлын төрөл түүний үндэслэл болон хэмжээний талаар маргасан.

Захиалагч тал гэрээгээр 120,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсоноос 101,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэгч талд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх хариуцагч Г , Б  нараас 31,836,561 төгрөг, алданги 15,918,485 төгрөг, доголдол арилгахтай холбоотой зардалд 3,557,373 төгрөг, нэмэгдэл цалин 3,356,423 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 1,536,697 төгрөг, нийт 56,205,539 төгрөг гаргуулан С ад олгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх хариуцагч нараас 43,387,439 төгрөг гаргуулж С ад олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Зохигчдын байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг тохиролцоогүй байх тул алдангийг нэмэлт гэрээгээр хүлээсэн үүрэг гүйцэтгэх хугацаа хожимдуулсан үеэс тооцох нь зөв юм.

Шинжээчийн дүгнэлтээр гүйцэтгэсэн үүргийн доголдлыг арилгахад 3,557,373 төгрөг, ажиллах хүчний нэмэлт зардалд 3,356,423 төгрөг, үүнд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд ажил олгогчоос төлөх 1,536,697 төгрөгийн зардал тус тус  гарахаар үнэлснийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй, энэ тухай талуудын харилцан мэтгэлцсэн тайлбарууд нь баримтаар нотлогдохгүй тул доголдлыг арилгах зардлыг хариуцагчаас гаргуулж, харин нэмэгдэл ажлын хөлс болон даатгалын шимтгэлтэй холбоотой  шаардлагуудыг  хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг буруу хэрэглэж шинжээчийн зардлыг нэг талд хариуцуулсныг давж заалдах шатны шүүхээс залруулсан нь үндэслэл бүхий юм.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй нэмэлт гэрээнд хариуцагч  Г  хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон нь хууль зөрчөөгүй, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул       “Г  нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй” гэсэн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй, маргааны үйл баримтад Иргэний хуулийн гэрээний үүргийн эрх зүйн зохицуулалтыг хэрэглэсэн байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин магадлалын тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон үнийн дүнд бичлэгийн алдаа гаргасныг хяналтын шатны шүүхээс залруулна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 67 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын “26,063,408” гэснийг “26,013,408” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Хариуцагч нарын хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 375,000 /гурван зуун далан таван мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЦАГААНЦООЖ

                                  ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН