Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2021/0704/З |
Дугаар | 221/МА2022/0522 |
Огноо | 2022-07-27 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2022/0522
“И ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т
Нэхэмжлэгч “И” ХХК
Хариуцагч нийслэлийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахгүй байгаа нийслэлийн Засаг даргын үйлдэл хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг нийслэлийн Засаг даргад даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 394 дугаартай
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бадамсүрэн
Хэргийн индекс: 128/2021/0704/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 394 дүгээр шийдвэрээр:
“Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “И” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахгүй байгаа нийслэлийн Засаг даргын үйлдэл хууль бус болохыг тогтоож, “И” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороод байрлах газрын газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгаж” байна.
2. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна.
2.1.“И” ХХК нь нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 679 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны зориулалттай 3200 м.кв газар ашиглах эрхийг иргэн Г.Д-с шилжүүлэн авсан ба, нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 938 дугаар захирамжаар газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгасан байдаг.
2.2.“И ” ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан нөхцөл болзол зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй, “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурал”-аар хэлэлцүүлэн “холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, эс зөвшөөрсөн” шийдвэр гарсан тул нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02-06/1865 дугаар албан бичиг, 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03-06/3049 дүгээр албан бичгүүдээр тус тус газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох мэдэгдэл хүргүүлсэн болно.
2.3.Уг мэдэгдлийг эс зөвшөөрч “И ” ХХК-аас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба үүнтэй холбоотойгоор хариуцагч нийслэлийн Засаг даргын зүгээс газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаагүй байна.
2.4.Иймд дараах үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 394 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч байна.
2.5.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гуравдагч этгээдийн хууль бус үйлдлийг нийслэлийн Засаг даргын хууль бус үйлдэлтэй холбон тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 938 дугаар захирамжаар газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгахдаа “И ” ХХК-д олгосон газар дээр бусдын цахилгаан дэд станц, хогийн сав, автомашины зогсоол бүхий асфальтан зам баригдасны улмаас газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй болохыг хүндэтгэн үзэж 2015 онд газар ашиглах гэрээний хугацааг сунгасан байдаг.
2.6.Ийнхүү хариуцагч зүгээс “И ” ХХК-д тухайн газраа зориулалтын дагуу ашиглах боломжоор хангасан бөгөөд уг үйл явдлаас хойш 7 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглах талаар ямар нэгэн үйл ажиллагаа хийгээгүй ба газар ашиглах хугацаа дуусах болсонтой холбоотойгоор нийслэлийн Засаг даргад хандсан.
Иймд хариуцагчийн үйлдэл хууль бус гэж үзэх боломжгүй ба “И ” ХХК-д Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах газрын газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгасан нь хуульд нийцээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 394 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн, давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж, дүгнэлт өгөх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “И ” ХХК-аас “Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахгүй байгаа нийслэлийн Засаг даргын үйлдэл хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.
3. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/938 дугаар захирамжаар “И ” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах 3200 м.кв, орон сууцны зориулалттай газрын ашиглах эрхийн хугацааг 5 жилээр сунгасан байна.
4. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны “И ” ХХК-д хандсан 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №02-06/3870 дугаар, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №02-06/1865 дугаар, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №03-06/1218 дугаар албан бичгүүдээс үзэхэд нэхэмжлэгч “И ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр сунгахаас татгалзжээ.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.”,
Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж тус тус заасан.
6. Маргаан бүхий газарт очиж хийсэн шүүхийн үзлэг, “Г” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №22/Т/54 дугаар Шинжээчийн дүгнэлт, “И ” ХХК-ийн Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандсан 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хүсэлт, түүнд хавсаргасан фото зургуудаар маргаан бүхий Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах газар дээр “Н ” ХХК-ийн ХТП-3369, ТР-2 630/6 КВА-ын цахилгаан дэд станц, Тарвилан хотхоны оршин суугчдад зориулсан хогийн сав, “Н” ХХК-ийн автомашины зогсоол бүхий асфальтан зам байрлаж байгаа болох нь тогтоогдож байна.
7. Гэтэл анхан шатны шүүхээс уг маргааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох “Н ” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулалгүйгээр “нэхэмжлэгчид олгосон газар дээр бусдын цахилгаан дэд станц, хогийн сав, автомашины зогсоол бүхий асфальтан зам бий болсон нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзэх боломжгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцэхгүй байна.
8. Тодруулбал, “Н ” ХХК-ийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, маргаан бүхий нэхэмжлэгчид олгосон газар дээр бусдын цахилгаан дэд станц, хогийн сав, автомашины зогсоол бүхий асфальтан зам бий болсон гэх нөхцөл байдал нь газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон хүндэтгэн үзэх шалтгаан мөн эсэх талаар дүгнэлт өгч шийдвэрлэх нь зүйтэй.
Эдгээр үндэслэлээр давж заалдах гомдолд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 394 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ