Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01664

 

Х гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/00759 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1377 дугаар магадлалтай,

            Х гийн нэхэмжлэлтэй,

            “С ” ХХК-д холбогдох

           Илүү төлсөн талбайн үнэ 20,223 ам.доллар буюу 45,451,596 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Э.Уянгасайхан, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Х  нь 2008 оны 07 сарын 21-ний өдөр худалдаа үйлчилгээ барилгын захиалагч “С ” ХХК-тай хөрөнгө оруулах гэрээ байгуулсан. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар нийт 73.46 м.кв талбайд хөрөнгө оруулалт хийх, 1 м.кв талбайн үнэ 1890 ам.доллар байхаар тохиролцсон ба энэ гэрээгээр хариуцагч нь барилгыг 2009 оны 2 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр болсон. Анхны гэрээгээр нийтийн эзэмшлийн талбай м.кв-ын хэмжээнд ороогүй. Харин сүүлд 2013 онд өөрчлөлт оруулахад нийтийн эзэмшлийн талбайг нэмсэн байсан. Нэхэмжлэгч нь талбайгаа анхнаасаа захиалж бариулсан. Пийс тауэр нь тухайн үед босоогүй, баригдаж байсан гэдэг нь нийтэд илэрхий үйл баримт юм. Ингээд бид 5 удаагийн төлөлтөөр талбайн үнийг бүрэн төлж дуусгаж, 2013 онд талбайгаа хүлээн авсан. Энэ үед хэн аль нь хэмжилт хийгээгүй. Тэгээд 2013 оны 12 сарын 16-ны өдөр 13/151 албан бичгээр улсын бүртгэлийн газарт хандаж, нэхэмжлэгчийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ 2013 оны 07 сарын 21-ний өдөр гарсан, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2015 онд хөрш талбай эзэмшигч нар талбайдаа хэмжилт хийлгэж, дутуу байна гэж яригдаж эхэлсний улмаас бид 2015 онд “Хот Айл” ХХК-д хандаж талбайн хэмжилт хийлгэхэд талбай 62.76 м.кв буюу 10.7 м.кв-аар дутсан, гэрээнд заасан хэмжээндээ хүрэхгүй байна. Өөрөөр хэлбэл, бидний анхны тохиролцоонд нийтийн эзэмшлийн талбай орохгүйгээр 73.46 м.кв байсан бол 2013 оны нэмэлт өөрчлөлтөөр нийтийн эзэмшлийн талбайг оруулсан. Үүнийг тухайн үед Х гийн ээж мэдээгүй, гарын үсэг зурсан. Хэдийгээр хууль мэдэхгүй байх нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй хэдий ч нийтийн эзэмшлийн талбайг хувь хүн өмчлөх боломжгүй юм. Талбайн хэмжээг дутуу гэдгийг мэдсэнээс хойш нэхэмжлэгчийн ээж Б.Отгонбаяр нь итгэмжлэлийн үндсэн дээр “С ” ХХК-д удаа дараа хандаж байсан. Бид шаардлага гаргах эрхээ алдаагүй, хөөн хэлэлцэх хугацаандаа байна. “С ” ХХК нь мөнгийг буцаан өгнө гэж амаар хэлдэг боловч өгдөггүй. Хариуцагч нь “Хот айл” ХХК-ийн хэмжилтийг зөвшөөрөхгүй шүүхээр шинжээч томилуулсан бөгөөд шүүхээс томилогдсон шинжээч “Уран-Асар” ХХК нь талбайн хэмжээг үйлчилгээний хэсгийн цэвэр талбай 62.22 м.кв, нийтийн эзэмшлийн талбай 14.05 м.кв, нийт талбай 76.27 м.кв гэж тогтоосон. Ерөнхийдөө манай хэмжилтээс зөрүү их гараагүй учир бид анхны хэмжилт буюу “Хот айл” ХХК-ийн хэмжилтийг үндэслэн “С ” ХХК-иас дутуу талбай болох 10.7 м.кв талбайн үнэ 20,223 ам.доллар буюу 45,451,596 төгрөгийг нэхэмжилж байна. 1 м.кв талбайн үнэ 1890 ам.доллар, валютын ханшийг 2016 оны 09 сарын 21-ний өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханш болох 2 247.52 төгрөгөөр тооцсон гэжээ.

 

Хариуцагч байгууллагын шүүхэд гаргасан тайлбарт: “С ” ХХК нь Х тай 2008 оны 07 сарын 21-ний өдөр худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Уг гэрээний 1.1-д “Пийс Тауэр” оффис үйлчилгээний зориулалттай барилгын 2 дугаар давхрын 203 тоот, 73.6 м.кв /нийтийн эзэмшлийн/ талбайг гэрээнд заасан нөхцөлөөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 73.6 м.кв талбайг Х д хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн. Х  нь гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, гэрээнд гарын үсэг зурсан. Анхны гэрээнд нийтийн эзэмшлийн талбай ороогүй байсан. Харин сүүлд 2013 онд гэрээнд өөрчлөлт оруулж нийтийн эзэмшлийн талбайг нэмсэн, үүнийг нэхэмжлэгч өөрөө зөвшөөрч гарын үсгээ зурсан. 2013 онд талбайгаа хүлээн авч өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан байдаг. Өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан өдрөөс хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Нэхэмжлэгч нь талбайг хүлээн авахдаа хэмжилт хийн авах ёстой байсан. Гэтэл ийм үйлдэл хийгээгүй, хүлээн авснаас хойш 2 жил ашиглаж, үйл ажиллагаа явуулсны дараа 2015 онд хөрш талбай эзэмшигч нарын мэдээллийн дагуу хэмжилт хийлгэн талбайг дутуу байсан, энэ үеэс мэдсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан 6 сарын дотор гомдлын шаардлагаа гаргах боломжтой байхад гараагүй, энэ эрхээ алдсан. Тэгээд ч талбайн зөрүү нь мэдэх боломжгүй далд доголдол биш юм. Манайд талбайн зөрүү байгаа талаар шаардлага гаргаж байсан зүйл байхгүй, энэ талаараа нэхэмжлэгч нотлоогүй. Нөгөө талаар уг харилцааг худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж дүгнэвэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан. Нэхэмжлэгч нь талбайн зөрүүг нэхэмжлэхдээ “Хот айл” ХХК-ийн хэмжилтийг үндэслэдэг. Бид үүнийг зөвшөөрөхгүй шинжээч томилуулсан. Шүүхээс томилогдсон “Уран-Асар” ХХК-ийн дүгнэлтээр үйлчилгээний хэсгийн цэвэр талбай 62.22 м.кв, нийтийн эзэмшлийн талбай 14.05 м.кв, нийт талбай 76.27 м.кв гэж тогтоосон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шаардаж байгаа 62.76 м.кв нь 62.22 м.кв болж багассан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                               

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/00759 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.4-т зааснаар “С ” ХХК-нд холбогдох илүү төлсөн талбайн үнэ болох 20,223 ам.доллар буюу 45,451,596 төгрөг гаргуулах тухай Х гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х гаас тэмдэгтийн хураамжид төлсөн 385,210 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, түүнээс 150,000 төгрөгийг гаргуулж шинжээчээр ажилласан “Уран-Асар” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

                       

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1377 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/00759 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргалын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1377 дугаар магадлалыг эс зөвшөөрч, доорх үндэслэлээр гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т Ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол шаардлага гаргах эрхээ алдахаар зохицуулсан. Гэтэл давж заалдах шатны шүүх “Хариуцагч доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх боловч нэхэмжлэгч нь тухайн үедээ буюу үйл ажиллагаа явуулж эхэлсэн үеэс талбайн хэмжээ зөрүүтэй талаар мэдэх боломжтой байсан” гэжээ. Ажил гүйцэтгэх гэрээнд мэдэх боломжтой гэдэг зохицуулалт байхгүй тул давж заалдах шатны шүүх хуулийн энэ зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Талуудын хооронд хийсэн гэрээний нэмэлт өөрчлөлтөд нийтийн эзэмшлийн талбайн хамт 73.46 м.кв болно гэж заасан тул нэхэмжлэгч анхнаасаа өрөөний талбай дутуу гэдгийг мэдэж байсан гэж дүгнэжээ. Гэтэл хариуцагчаас энэ талбайн үнийг та төлсөн, та өмчлөх эрхтэй гэж хүлээлгэж өгсөн нийтийн эзэмшлийн талбай байхгүй, улсын бүртгэлд ийм бүртгэл хийлгээгүй. Хэдийгээр гэрээнд нийтийн эзэмшлийн талбайн хамт гэж бичигдсэн боловч хариуцагчаас тухайн үеийн УБЕГ-ын ЭХЭБГ-т 2013-12-16-ны 13/151 дугаартай албан бичгээр өгсөн хүсэлтэд 203 тоот 73.46 м.кв талбайг Х гийн нэр дээр бүртгэн авна уу гэж хандсан байдаг. Уг хүсэлтэд хавсарган өгсөн 203 тоот өрөөний дэвсгэр зурагт мөн 73.46 м.кв гэж тэмдэглэсэн. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-т зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг үнэн зөв байхаар зохицуулсан ба бүртгэлд хавсарган өгсөн дэвсгэр зурагт 203 тоот өрөө нь нийтийн эзэмшлийн талбай орохгүйгээр 73.46 м.кв байхаар, мөн ҮХЭХӨЭУБГэрчилгээнд 203 тоот өрөө нь дангаараа 73.46 м.кв талбайтай хөрөнгө гэж тэмдэглэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь улсын бүртгэлд зөвхөн 203 тоот өрөөг 73.46 м.кв талбайтай гэж Х гийн нэр дээр шилжүүлж, бүртгэл хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд Х  мөн адил захиалан бариулсан 203 тоот өрөө нь дангаараа 73.46 м.кв гэж ойлгож хүлээн авсан. Энэ 203 тоот өрөөний дэвсгэр зураг нь “Хот айл” болон “Уран асар” ХХК-ийн хэмжилтийн тайланд хавсаргасан өрөөний тодорхойлолт дэвсгэр зурагтай яг тохирч байгаа. Эдгээр хэмжилтээр 203 тоот өрөө нь 62.22- 62.76 м.кв байгаа юм. Ийм учир давж заалдах шатны шүүхийн магадлал нь үндэслэлгүй болохыг хариуцагчаас улсын бүртгэлд гаргаж өгсөн баримтаар нотлогддог. Нөгөө талаар БНбД 31-03-03-ын Заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 2-т Барилгын ашигтай талбай нь тухайн барилгын өрөө тасалгаа, танхим, тагт, хөлийн өрөөний талбайн нийлбэр байна гээд шатны хонгил, цахилгаан шатны нүх, дотор задгай шат, хонгил, пандусын талбай орохгүй гэжээ. Мөн хавсралтын 3-т нь хонгил, тамбур, хүзүүвч, шатны хонгил, цахилгаан шатны нүх, дотор задгай шат, инженерийн тоног төхөөрөмжийн өрөөнөөс бусад өрөө тасалгааны нийлбэрийг барилгын тооцоот талбай гэнэ. Энэхүү норм ба дүрмийн зохицуулалтаар шатны эргэх талбай буюу нийтийн эзэмшлийн талбайг нэхэмжлэгч өөрийн өмчлөлд авах ямар ч боломжгүй юм. Талуудын хооронд хийсэн шинэ гэрээний нийтийн эзэмшлийн талбайн хамт гэсэн зохицуулалт нь барилгын норм дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөн тул түүнийг шүүх үнэлэх шаардлагагүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээний үүргийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Х  хариуцагч “С ” ХХК-д холбогдуулан илүү төлсөн талбайн үнэ 20,223 ам.доллар буюу 45,451,596 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, талбайг анх хүлээн авахдаа хэмжиж авах ёстой байсан, талбайн зөрүү нь далд биш ил доголдол, энэ талаар хуульд заасан гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэж маргажээ.

2008 оны 07 дугаар сарын 21-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-гээр гүйцэтгэгч нь захиалагчид оффис, үйлчилгээний зориулалттай 73.46 м.кв талбайг 2013 оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгөх, захиалагч нь хөрөнгө оруулалтад 138 839,4 ам.долларыг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон.

Нэхэмжлэгч дээрх гэрээний дагуу  нийт 138,384 ам.доллар төлсөн,  хариуцагч нь үйлчилгээний объектыг 2013 оны 07 сарын 24-ний өдөр ашиглалтад оруулж, маргаан бүхий талбайг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, Х  нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020809 дугаарт бүртгэгдэн 000291548 тоот гэрчилгээг 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр авч, үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.  

Гэрээний зүйл нь ашиглалтад орсон, бэлэн болсон талбай бус, харин ирээдүйд бий болох эд хөрөнгө буюу ажлын үр дүн байх бөгөөд гэрээний агуулга болон гэрээ хэрэгжсэн явц, талуудын тайлбар зэргээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “Хот Айл” ХХК-ийн 2015 оны 02 сарын 06-ны өдрийн талбайн хэмжилтийн зургаар гэрээнд дагуу заасан 73.46 м.кв талбайгаас 10.7 м.кв-аар дутсан тул илүү төлсөн талбайн үнэ шаардсан гэж тайлбарласан, хариуцагч талаас шүүхэд хүсэлт гаргасан, шүүх “Уран-Асар” ХХК-ийг шинжээчээр томилж, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтээр талбайн хэмжээг үйлчилгээний хэсгийн цэвэр талбай 62.22 м.кв, нийтийн эзэмшлийн талбай 14.05 м.кв, нийт талбай 76.27 м.кв болохыг тогтоожээ.

Хариуцагч нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх боловч нэхэмжлэгч нь тухайн үедээ буюу 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн үеэс талбайн хэмжээ зөрүүтэй талаар мэдэх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Зохигчдын хооронд хийгдсэн “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-нд 2013 онд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хариуцагч нь нэхэмжлэгчид нийтийн эзэмшлийн талбайн хамт 73.46 м.кв талбайг шилжүүлэхээр тусгасан, энэ хэрэгт гэрээнд Х гаас 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр олгосон итгэмжлэлийн дагуу ээж Б.Отгонбаяр гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болжээ. 

Иймээс нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хүлээж авсан даруйд хариуцагчид хүсэлт гаргаагүй тул доголдлын талаар шаардах эрхээ алдсан тухай шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт нийцсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/00759 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1377 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.             2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргалын хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 385,210.00  /гурван зуун наян таван мянга хоёр зуун арав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЦАГААНЦООЖ

                                  ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН