Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2022/0618

 

 

 

 

 

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн

Ё.Л-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гуравдагч этгээд “А О” ХХК-ийн төлөөлөгч Ц.О

Нэхэмжлэлийн шаардлага: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ё.Л-ийн өмчлөлд улсын бүртгэлийн Y-2206029524 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж хаягт байрлах 44в байрнаас 1, 5, 6, 51 тоот орон сууцыг салгаж “А О” ХХК-ийн нэрээр Y-2206075188, Y-2206075201, Y-2206075207, Y-2206075208 дугаарт бүртгэснийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, “А О” ХХК болон “Х банк” ХХК-ийн хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний 4 бүртгэлийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 382 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, өмгөөлөгч Б.М

Хариуцагч О.О, өмгөөлөгч Б.Ч

Гуравдагч этгээд “А О” ХХК-ийн төлөөлөгч Ц.О, өмгөөлөгч Б.Г

Гуравдагч этгээд “Х банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2021/0801/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ё.Л-оос Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч О.О-д холбогдуулан

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ё.Л-ийн өмчлөлд улсын бүртгэлийн Y-2206029524 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж хаягт байрлах 44в байрнаас 1, 5, 6, 51 тоот орон сууцыг салгаж “А О” ХХК-ийн нэрээр Y-2206075188, Y-2206075201, Y-2206075207, Y-2206075208 дугаарт бүртгэснийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, “А О” ХХК болон “Х банк” ХХК-ийн хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний 4 бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

            2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 382 дугаар шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, 20 дугаар зүйлийн 20.1.8, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3-д заасныг тус тус баримтлан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ё.Л-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, эрхийн улсын бүртгэлийн Y-2206029524 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж хаягт байрлах 44в байрнаас 1, 5, 6, 51 тоот орон сууцыг салгаж “А О” ХХК-ийн нэрээр Y-2206075188, Y-2206075201, Y-2206075207, Y-2206075208 дугаарт бүртгэсэн бүртгэлүүд, 44в байрны 1, 5, 6, тоот орон сууцуудыг “А О” ХХК болон “Х банк” ХХК-ийн хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний барьцаанд бүртгэсэн бүртгэлүүдийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд “А О” ХХК-ийн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            3.1. Манай компани нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ё.Л-оос  4 373 000 000 төгрөгийн санхүүжилтийг авч цаашид санхүүжилт хийх боломжгүй болсон тул манай компанийн зүгээс 44в байрны 3-12 давхар, 70 хувийн гүйцэтгэлтэй, нийт 4373 м.кв талбайтай дутуу барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өмчлөх эрх шилжүүлэн өгсөн байдаг.

            3.2. Үүний дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ё.Л нь 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлтдээ “Иргэн Ё.Л миний бие нь Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 44в тоот хаягт байршилтай 4373 м.кв Улсын бүртгэлийн дугаар 000437424 /Y-2206029524/ талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг болно. Уг үл хөдлөх хөрөнгийн 4 дүгээр давхраас 13 дугаар давхар хүртэлх энгийн орон сууцны зориулалттай, давхар тус бүртээ 5 айлтай, нийт 39 айлын, нийт 3280 м.кв үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Ё.Л миний нэр дээр гаргаж өгнө үү” гэж дурдсанаас үзэхэд анхнаасаа нэхэмжлэгч нь 44В байрны 4-13 давхрыг өмчилсөн, 1-3, 14-15 давхрууд нь “А О” ХХК-ийн өмчлөлд хамаарна гэдгийг хүлээн зөвшөөрч байсныг нотолж байгаа билээ.

            3.3. Дээрхээс үзвэл манай компанийн өмчлөлийн 30 хувьд хамаарах талбайг анхнаасаа өмчлөх үндэслэлгүй байсан нь тогтоогдож байхад шүүхээс өмчлөх эрх шилжсэн эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл манай компани өөрийн 30 хувьд хамаарах орон сууцыг өмчлөхөд нэхэмжлэгчээс зөвшөөрөл авах шаардлагагүй юм.

            3.4. Уг Алтаргана хотхон нь нэг суурьтай, нэг зургаар баригдсан 3 ижил барилга бөгөөд эскиз зургийн дагуу 18м*24м хэмжээтэй нийт 15 давхар үүнээс В1 давхар нь авто зогсоол, 1-2 давхар нь үйлчилгээ, 3-15 давхар буюу нийт 13 давхар нь орон сууц бөгөөд нийт талбай нь 5616 м.кв талбайтай барилга юм.

            3.5. Ийнхүү 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөх эрхийг шилжүүлснээс хойш манай компани өөрийн хөрөнгө оруулалтаар уг дутуу барилгыг гүйцээн барьж 100 хувийн гүйцэтгэлтэй болгосон бөгөөд нэхэмжлэгчийн тухайд өөрийн өмчлөлийн 70 хувьд хамаарах орон сууцыг өмчлөх ёстой байтал түүнээсээ хэтрүүлэн манай компанийн өмчлөлийн 30 хувьд хамаарах талбайг өмчилсөн байгаа билээ.

            3.6. Маргаж буй Y-2206075208, Y-2206075201, Y-2206075207, Y-2206075188 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхүүд нь “А О” ХХК-ийн өмчлөлд анх удаа бүртгэгдсэн бөгөөд ийнхүү дээрх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх удаа “А О” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэл нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан зохицуулалтын дагуу хийгдсэн бүртгэл билээ. Манай компанийн хувьд дээрх маргаан бүхий байрны 30 хувийн өмчлөгч болохоо хангалттай нотолсон бөгөөд Улсын комиссын акт болон бусад баримтаар 30 хувийн өмчлөгч болох нь хангалттай нотлогдож байхад шүүхээс маргаан бүхий 44В байр нь бүхэлдээ 100 хувь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ё.Л-ийн өмчлөлийн эд хөрөнгө мэтээр дүгнээд дээрх Y-2206075208, Y-2206075201, Y-2206075207, Y-2206075188 дугаартай 4 бүртгэл нь анх удаа бүртгэгдсэн бүртгэл биш өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн үйл ажиллагаа гэж үзэж Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн дагуу зохицуулагдана гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

            3.7. Учир нь дээрх 4 орон сууц нь өмнө нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ё.Л-ийн өмчлөлд өмнө нь огт бүртгэгдэж байгаагүй тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан зохицуулалт хамаарахгүй юм. Ийм байхад шүүхээс хуулийг буруу хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй юм.

            3.8. Мөн шүүхээс нэхэмжлэгчийн өмчлөлийн Y-2206029524 дугаартай бүртгэл хүчинтэй байгаа бөгөөд уг бүртгэлийг хаагаагүй байгаа учир 1, 5, 6, 51 тоот орон сууцуудын хувьд өмнө нь бүртгэгдсэн хүчинтэй бүртгэл байхад дахин бүртгэсэн гэж үзэхээр байна гэсэн нь үндэслэлгүй юм.

            3.9. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ё.Л-ийн хувьд өмчлөх эрхтэй болох нь нотлогдож байгаа гэж Y-2206029524 дугаартай гэрчилгээгээр уг барилгын 70 хувьд хамаарах талбайг өмчлөх эрхтэй бөгөөд уг эрхэд хамаарах орон сууцуудыг тоот тоотоор нь салган өөрийн өмчлөлд бүртгүүлсэн бөгөөд 44В байранд хамаарах 58 ширхэг орон сууцаас 54 ширхэг орон сууцыг өмчлөлдөө бүртгүүлсэн нь харин ч манай компанийн өмчлөлд 30 хувьд хамаарах талбайг өмчилсөн. Шүүхээс энэ талаар огт дүгнэлт хийлгүйгээр 70 хувийн гүйцэтгэлтэй дутуу барилгын өмчлөх эрхийг 100 хувьд хамаарах мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

            3.10. Уг барилга нь 2017 онд улсын комиссоор орж байнгын ашиглалтад орсон байхад 2016 онд улсын комисс хүлээж аваагүй барилгыг тоот тоотоор салгаж нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэснээс энэхүү маргаан үүссэн бөгөөд ийнхүү бүртгэхдээ барилгын захиалагч 30 хувийн өмчлөгч “А О” XXK-иас зөвшөөрөл аваагүй хирнээ, маргаж буй 4 орон сууцыг өмчлөх эрхтэй болохоо нотолсон улсын комиссын акт холбогдох бусад баримтыг гарган өмчлөх эрхээ анх удаа бүртгүүлэхэд 70 хувийн өмчлөгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ё.Л-оос зөвшөөрөл авах ёстой гэж үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шүүхээс дээрх нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

3.11. Гуравдагч этгээдийн зүгээс Алтаргана хотхоныг нийтдээ 22 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан бөгөөд үүнээс нэхэмжлэгч 4 373 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд уг хөрөнгө оруулалтын хариуд нийт 3 блок барилгын нэг блокын 70 хувийг өмчлөхөөр харилцан тохиролцсон байхад шүүхээс энэ талаар дүгнэлт хийхгүйгээр шууд 1 блок барилгыг бүхэлд нь нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ё.Л-ийн өмчлөлийн барилга мэтээр дүгнэсэн нь гуравдагч этгээдийн өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

3.12. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс 70 хувийн гүйцэтгэлтэй дутуу барилгын өмчлөх эрхийг шилжүүлж авснаас хойш нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй бөгөөд тэр талаар нотолж чадахгүй бөгөөд манай компани өөрийн хөрөнгөөр гүйцээн барьж, ашиглалтад оруулсан байгаа тул 30 хувийг өмчлөх нь хууль болоод шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.

3.13. Уг 3 блок барилгын 1 блок барилгыг ойролцоогоор 7 тэрбум гаран төгрөгийн хөрөнгө оруулалтаар босгосон байхад шүүхээс энэ байдлыг харгалзахгүйгээр нэхэмжлэгч 4 373 000 000 төгрөгөөр 100 хувь барьж ашиглалтад оруулсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

3.14. Шүүхийн шийдвэрт 44В байрны эскиз зураг болон “Б А” ХХК-ийн үйлдсэн талбайн хэмжээ тооцсон зургуудыг зөрүүтэй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ асуудал нь тусгай мэдлэгийн хүрээнд тогтоогдох асуудал бөгөөд үүнийг шүүх өөрийн санаачилгаар, шинжээчийн дүгнэлтээр тогтоох шаардлагатай байхад энэ ажиллагааг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, бодит байдалд 44В байр хэдэн м.кв талбайтай болохыг тогтоогоогүй байж эскиз зураг хэмжилт хийсэн зургууд зөрүүтэй гэж үзэж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 382 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:      

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ё.Л-оос Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч О.О-д холбогдуулан “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ё.Л-ийн өмчлөлд улсын бүртгэлийн Y-2206029524 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж хаягт байрлах 44в байрнаас 1, 5, 6, 51 тоот орон сууцыг салгаж “А О” ХХК-ийн нэрээр Y-2206075188, Y-2206075201, Y-2206075207, Y-2206075208 дугаарт бүртгэснийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, “А О” ХХК болон “Хас банк” ХХК-ийн хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний 4 бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.2. Анх маргаан бүхий Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 44в байрыг “А О” ХХК-иас 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт “40 хувийн гүйцэтгэлтэйгээр дуусаагүй барилгын гэрчилгээ олгуулах”-аар хүсэлт гаргасны дагуу 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1296 м.кв талбайтай, Орон сууцны зориулалттай, 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг “А О” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029524 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000293915 дугаар гэрчилгээг олгожээ.

2.3. Гуравдагч этгээд “А О” ХХК-иас 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 76 дугаар албан бичгээр “...Орон сууцны зориулалттай барилга нь 15 каркас цутгалтын ажил бүрэн дуусаж, гадна ханын өрлөг, шаврын ажил 10 дугаар давхар хүртлээ бүрэн хийгдэж дууссан байдалтайгаар нэмж 3077 м.кв талбай бүхий барилгын угсралтын ажил нэмэгдэж хийгдсэн, дотор дулаан, цахилгаан, цэвэр бохир усны болон агааржуулалтын систем нь хийгдсэн, холбоо дохиолол, агааржуулалтын үндсэн шугам сүлжээний монтажийн ажлууд дууссан мөн бүх цонхнуудыг суулгахад бэлэн байдалтайгаар захиалагдан ирсэн. Иймд “А О” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа 40 хувийн гүйцэтгэлтэй барилгын ажил 70 гаруй хувьтай хийгдсэн тул үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэж гэрчилгээг 4373 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй гэсэн нэмэлтээр бүртгүүлэх”-ээр Хан-Уул дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүсэлт гаргасан байна.

2.4. Үүний дагуу 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр маргаан бүхий Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 44в тоот хаягт байрлах 4373 м.кв байрыг 70 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000336775 дугаар гэрчилгээг олгожээ.

2.5. Нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ё.Л болон гуравдагч этгээд “А О” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-гээр дээрх 70 хувийн гүйцэтгэлтэй Хан-Уул дүүрэг, 30 дугаар хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж 44в тоот хаягт байрлах 4373 м.кв байрыг нэхэмжлэгч Ё.Л-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцож, улмаар 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаар албан бичгээр “... 44в блокын 3-15 давхруудын орон сууцны зориулалттай 4373 м.кв талбайтай Ү-2206029524 дугаартай, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн 000336775 дугаар гэрчилгээтэй хөрөнгийг Е20543493 регистрийн дугаартай, ӨМӨЗО-ын Баяннуур хотын Батлан хамгаалалт хотхоны 5-4 тоот хаягт байрлах БНХАУ-ын иргэн Ё.Л-д хамтран ажиллах гэрээ №1-ын 3.2.2 заалтын дагуу 3897.6 м.кв гэснийг үл хөдлөх хөрөнгийн дээрх гэрчилгээний дагуу 4373 м.кв болгон шилжүүлж өгнө үү” гэх хүсэлтийг “А О” ХХК-иас Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст гаргасан байна.

2.6. Ийнхүү 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029524 дугаартай 4373 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг нэхэмжлэгч Ё.Л-ийн нэр дээр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000437424 дугаар гэрчилгээг олгожээ.

2.7. Дээрх үйл баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Ё.Л-ийн өмчлөлд шилжүүлсэн 44в байрны 4373 м.кв талбайг орон сууцны тоотоор тодорхойлоогүй бөгөөд Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1598 дугаар албан бичгээс үзэхэд нэхэмжлэгч Ё.Л-оос Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2018 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д зааснаар мэдүүлэг гаргагч улсын бүртгэлийг хаах тухай өргөдөл, хүсэлт холбогдох нотлох баримт гаргаагүй буюу эрхийн улсын бүртгэлийн Ү-2209029524 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг хаагаагүй болох нь тогтоогдож байна.

2.8. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцаас 1, 5, 6, 51 тоот хаягт байрлах орон сууцуудыг гуравдагч этгээд “А О” ХХК-ийн өмчлөлд бүртгэж, гэрчилгээ олгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2.9. Учир нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2018 оны/-ийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол гэрээ, хэлцлийн эх хувийг хувийн хэрэгт хавсаргана” гэж хуульчилсан бөгөөд хариуцагчаас маргаан бүхий 44в байрны 1, 5, 6, 51 тоот хаягт байрлах орон сууцуудыг “А О” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэхдээ өмчлөгч Ё.Л-оос дээрх орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж буй эсэх талаар тодруулах шаардлагатай байжээ.

2.10. Тодруулбал, 44в блокод давхар нэмж баригдаагүй, барилгын нийт талбайн хэмжээ өөрчлөгдөөгүй, өмчлөгчөөс үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ шилжүүлэхээр хүсэлт, нотлох баримт гаргаагүй, өөрийн нэр дээрх улсын бүртгэлийг хаах эсхүл бусдын өмчлөлд шилжүүлэх хүсэлт гаргаагүй байгаа энэ тохиолдолд “А О” ХХК-ийг өмчлөгчөөр анх удаа бүртгүүлэх тухай мэдүүлэг гаргасан гэж үзэж, 44в хаягт байрлах 1, 5, 6, 51 тоот орон сууцуудыг гуравдагч этгээд “А О” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж бүртгэсэн нь хуульд нийцээгүй байх тул “А О” ХХК-ийн “манай компани өөрийн 30 хувьд хамаарах орон сууцыг өмчлөхөд нэхэмжлэгчээс зөвшөөрөл авах шаардлагагүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

           

Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 382 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                  Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧ                                                                  Г.БИЛГҮҮН