Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 303

 

М.Цэцгээгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн, гуравдагч этгээд Г.Отгонбилэгийн өмгөөлөгч Д.Очирваань нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 170 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2016/0413 дугаар магадалалтай, М.Цэцгээгийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Нэхэмжлэгч М.Цэцгээгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2011 оны А/121 дүгээр захирамж, 0349253 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон Нийслэлийн Засаг даргын 2011 оны 625 дугаар захирамжийн Б.Дэлгэрцэцэгт холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 625 дугаар захирамжийн Б.Дэлгэрцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 170 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын  тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 32 дугаар зүйлийн 32.2, 32.5, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйл, 31 дүгээр зүйлийн 31.1.4-д заасныг тус тус баримтлан тухайн хэргийн нөхцөл байдлыг тодруулан захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2011 оны А/121 дүгээр, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 625 дугаар захирамжуудын иргэн Б.Дэлгэрцэцэгт холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2016/0413 дугаар магадалалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 170 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т зааснаар иргэн Б.Дэлгэрцэцэгт эзэмшүүлэх газрын хэмжээ, байршлыг шинэчлэн тогтоохдоо Газрын тухай хууль болон холбогдох норм, стандартад заасан шаардлагын /шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 60 хоногийн дотор/ дагуу иргэн М.Цэцгээгийн орц, гарцыг бүрэн чөлөөлж, шүүхийн энэ шийдвэрийг биелүүлэхийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад даалгаж, шинээр акт гарснаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/121, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 625 дугаар захирамжуудын Б.Дэлгэрцэцэгт холбогдох хэсгийн үйлчлэл дуусгавар болохыг мэдэгдсүгэй. гэсэн 2 дахь заалтыг нэмж, 2 дахь заалтыг 3 болгон өөрчилж, үлдэх хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангалгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч тал нь нэхэмжлэгчийн хуульд заасан газар өмчлөх эрхийг хууль зөрчиж, хөндсөн байхад анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчид уг асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээг олгож, маргаан бүхий актын холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь нэхэмжпэгчийн эрх ашгийг хөндөхийн сацуу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-д заасныг буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.

Гуравдагч этгээд Б.Дэлгэрцэцэгт М.Цэцгээгийн өмчлөлийн хашааны орц гарц бүхий хаалганы урд талын хэсгийг эзэмших эрх олгохдоо хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь Б.Дэлгэрцэцэгийн хүсэлтийг үндэслэсэн байдаг боловч тус хүсэлтэд “Батномгон нь хашааныхаа талыг төрсөн охин Дэлгэрцэцэгийн нэр дээр газрын гэрчилгээ олгоход татгалзах зүйлгүй” гэх агуулгыг буюу өөрсдийн амьдардаг хашаагаа хувааж авах тухай агуулга бүхий байдаг. Өөрөөр хэлбэл “хуучин хашааны газраа 2 хувааж авья” гэсэн хүсэлтийг шийдвэрлэхдээ нэхэмжпэгч М.Цэцгээгийн өмчлөлийн газрын орц, гарц бүхий үүдний хэсэг дэх “Шинэ газар буюу нийтийн эзэмшлийн талбай”-д шинээр газар олголт хийсэн.

Б.Дэлгэрцэцэг нь тус газрыг 2011 онд эзэмших эрхтэй болсон боловч тус газраа зориулалтын дагуу 4 жил ашиглаагүй, тус газар дээр хашаа ч зоогоогүй байж байгаад 2015 онд гуравдагч этгээд Б.Отгонбилэгт 3 сая төгрөгөөр зарж, харин Б.Отгонбилэг нь 219 м.кв- газраас 115 м.кв хэсэгт нь хашаа барьсан бөгөөд ийнхүү хашаа барьж эхэлсэн үеэс шүүхийн асуудал хэргийн оролцогч нарын хооронд үүсч өнөөдрийн ийм байдалд хүрсэн.

 Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэх заалтыг зөрчиж, Чингэлтэй дүүргийн 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй бусдын өмчлөлийн газрын орц, гарцыг хаасан газарт “шинээр газар” олгох шийдвэр гаргасан. Учир нь Чингэлтэй дүүргийн өмч, газрын харилцааны албанаас “Чингэлтэй дүүргийн 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-г хавтаст хэрэгт нотлох баримтаар тус газраас татуулсан бөгөөд тухайн төлөвлөгөөнд 2011 оны Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт зөвхөн 2 газарт л шинээр газар олгох талаар тусгагдсан байсан.

Мөн хариуцагч нь гуравдагч этгээд Б.Дэлгэрцэцэгт шинээр газар олгохдоо “Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй, бусдад эзэмшүүлж, өмчлүүлж болохоор заагаагүй газар” газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дах заалтыг зөрчсөн.

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дараах газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана.”, 6.2.2-д “хот, тосгон, бусад суурины эдэлбэрийн газар”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам зэрэг газар хамаарна” гэжээ.

Хашааны хаалгыг буюу урд талын нүүрний хэсгийг төв замаас хаагаад хашаа барьчихаар 1043 тоот хашааны хаалга бусад этгээдэд харагдахаа больсон. Ийнхүү нэхэмжпэгчийн эрх, ашиг бодит амьдралд зөрчигдсөөр байхад хариуцагч болон гуравдагч этгээд нь ашиг хонжоо олж, хууль зөрчсөн үйлдэл гаргасан байхад хариуцагчид энэхүү асуудлыг буюу хууль бус шийдвэрийг хуулийн болгож зөвтгөх, шийдвэрлэх эрх хэмжээ олгосон нь өөрөө үндэслэлгүй болно.

Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Маргаан  бүхий захиргааны актын биелэлтийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлүүлэхээр шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах хэрэгт  ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн бүрдүүлээгүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, бүрдэл дутуу баримтад дүгнэлт хийсэн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй нь буруу болжээ. 

Нэхэмжлэгч М.Цэцгээ нь “...орц, гарц хаагдсан,...шинээр хашаа босгосоноор нүүрэн талын хашаа байхаа больж, эдийн засгийн үнэлгээ буурсан ..., төлөвлөгдөөгүй газарт газар эзэмшүүлсэн...” гэх үндэслэлээр Б.Дэлгэрцэцэгт холбогдох Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2011 оны А/121 дүгээр захирамж, 0349253 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон Нийслэлийн Засаг даргын 625 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

 Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, захиргааны байгууллагаас гуравдагч этгээд Б.Дэлгэрцэцэгт маргаж буй байршилд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахад Газрын тухай хуулийн 31, 32 дугаар зүйлд заасан шаардлага хэрхэн хангагдсан нь тодорхой бус, үүнийг шүүх шалгаагүй байна.

Тодруулбал, хэрэгт Б.Дэлгэрцэцэгийн эцэг Т.Батномгоны нэр дээр 1992 оны 06 дугаар сарын 02-ны өдөр олгогдсон “Сбр-16 дугаар хороо хашаанд зориулан 300 м.кв газар” гэх үнэмлэх,  Б.Дэлгэрцэцэгээс “...”Батномгон нь хашааныхаа талыг төрсөн охин Б.Дэлгэрцэцэгийн нэр дээр газрын гэрчилгээ олгоход татгалзах зүйлгүй...” хэмээн  Чингэлтэй дүүргийн газрын албанд 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр бичсэн өргөдлөөс өөр түүний газар эзэмших тухай хүсэлтээ  хэрхэн гаргаж байсантай холбоотой нотлох баримт үгүй байна. Мөн уг өргөдлийн дор “иргэн Б.Дэлгэрцэцэг Б.20.1042А тоотод амьдардаг тул өргөдлййг уламжлав” хэмээн Засаг дарга цохолт хийжээ.

Эндээс үзвэл Б.Дэлгэрцэцэгт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн 20-1042А байршилд 219 м.кв газрыг эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/121 дүгээр захирамж гаргахаас өмнө Б.Дэлгэрцэцэг нь тухайн 1042а гэх байршилд өмнө нь амьдарч байсан гэж ойлгогдохоор бөгөөд энэ газар нь түүний эцэг Батномгоны 1992 оноос хойш эзэмшиж байгаа газар мөн эсэх нь эргэлзээтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт “...Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн 20-1042 тоот хашааны газар нь Нийслэлийн Засаг даргын 2005 оны 155 дугаар захирамжаар өмчлөгдсөн байна....” гэж дурдагдсан байх бөгөөд энэ нь хэнд хамааралтай захирамж болох нь мөн ойлгомжгүй байна.

Б.Дэлгэрцэцэгийн хүсэлт болгон,  одоо эзэмшиж байгаа газар нь дээрх 1042 тоот хашааны байрлалтай хамааралтай эсэхийг тогтооход дээрх захирамжийг шүүх нотлох баримтаар авч үзэх нь зайлшгүй чухал, энэ нь маргаан бүхий захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөхөд ач холбогдолтой  гэж үзнэ.

Мөн гуравдагч этгээд Б.Дэлгэрцэцэг нь “...эвдрэл элэгдэлд орж ашиглалтгүй болсон газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээж авсан...” гэж тайлбарлажээ. Гэтэл шүүх энэ талаар хариуцагчаас тодруулаагүй байна. 

 Тухайн эвдрэлд орсон гэх /маргаж буй захирамжаар эзэмшиж байгаа/ газар нь түүний анх эзэмшихээр хүсэлт болгосон дагуу эцгийх нь хашааны тал, эсвэл огт өөр байршил болохыг шалгаж тогтоон, эцгийнх нь хашааны тал бол хүсэлт болгосон 300 м,кв-ын тал хэмжээнээс илүү буюу 219 м,кв газар олгосон үндэслэл,  харин өөр байршил бол ямар баримтыг үндэслэж тухайн газрыг ззэмшүүлэхээр шийдвэрлэсэнийг шалгах шаардлагатай юм.

Захиргааны хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу хэргийн үйл баримттай хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх нь шүүхийн үүрэг ба шүүх шаардлагатай нотлох баримтыг өөрөө бүрдүүлсний эцэст маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл болон захиргааны байгууллагын захиргааны акт гаргах үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх, захиргааны акт гаргах нөхцөл байдал тодорхой байсан эсэхийг  дүгнэх нь зөв юм.  

 Тодруулбал, захиргааны акт гаргасан  захиргааны байгууллагын үйл ажиллагаа тодорхой бус байгаа  нь нотлох баримт хангалттай  тогтоогдсон, үүний улмаас тухайн акт  хууль ёсны эсэхийг шууд дүгнэх боломжгүй нөхцөлд шүүхээс Захиргааны хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д заасан шийдвэрийг гаргах учиртай.

Шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэнгийн гомдол үндэслэлтэй, харин түүний гомдолд дурдсанаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хяналтын шатны шүүх эцсийн шийдвэр гаргах боломжгүй гэж үзлээ.

Иймээс анхан болон давж заалдах шатны шүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2016 оны 03  дугаар сарын 09-ний өдрийн 170 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2016/0413 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                            Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Л. АТАРЦЭЦЭГ