Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2022/0093/З |
Дугаар | 221/МА2022/0636 |
Огноо | 2022-09-30 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2022/0636
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З
Нэхэмжлэлийн шаардлага: ХҮ-018077 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосныг бүртгэсэн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн бүртгэл хууль бус болохыг тогтоож, уг тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн олгохыг даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 526 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн
Хэргийн индекс: 128/2022/0093/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “С” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “XV-018077 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг бүртгэсэн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн бүртгэл хууль бус болохыг тогтоож, уг тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн олгохыг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 526 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “С” ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 277 дугаар шийдвэрээр 3 жилийн хугацаатай Булган аймгийн Гурванбулаг сумын Их агьт нэртэй газарт байрлах 6044.22 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-018077 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмших эрхтэй болсон.
3.2. Булган аймгийн Гурванбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 12/25 дугаар “Сумын зарим газрыг орон нутгийн хамгаалалтад авах тухай” тогтоолоор манай тусгай зөвшөөрөлд хамаарах газар нутгийг тусгай хамгаалалтад 15 жилийн хугацаатай авсан.
3.3. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “... нөхөн төлбөрийг нэг жилийн дотор төлнө”, 14.6-д “Нөхөн төлбөрийг ... төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй” гэж тус тус зааснаар Булган аймгийн Гурванбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал “С” ХХК-д нөхөн төлбөр төлөөгүй учир тусгай хамгаалалтад авсан хугацаа дуусгавар болсон.
3.4. Өөрөөр хэлбэл, орон нутгийн иргэдийн хурлын тусгай хамгаалалтад авсан 15 жилийн хугацаа дуусах, 1 жил тусгай хамгаалалтад байж нөхөн төлбөр өгөөгүй учир дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар тусгай зөвшөөрөл сэргэх нь мөн адил тусгай хамгаалалтад байсан хугацаа дуусах зохицуулалтад хамаарахаар байна.
3.5. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д “Энэ хуулийн 13.5, 14.8-д заасны дагуу чөлөөлөгдсөн талбайг урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан этгээдэд үргэлжлүүлэн эзэмшүүлэхдээ тусгай зөвшөөрлийн хугацааг тусгай хэрэгцээ, нөөцөд байсан хугацаагаар сунгаж тооцно” гэж зааснаар Булган аймгийн Гурванбулаг сумын Их агьт газарт байрлах 6044.22 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-018077 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр дуусах байтал хариуцагчийн зүгээс 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн бүртгэлээр дуусгавар болгосныг бүртгэсэн нь хууль бус байна.
3.6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч байгууллагыг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө сунгуулах хүсэлтээ гаргаагүй учир хариуцагчийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн XV-018077 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болсныг бүртгэсэн хууль зүйн үндэслэлтэй гэжээ.
3.7. Манай тохиолдолд хугацаа сунгуулах хүсэлтийг хариуцагч байгууллагад гаргасан эсэхэд маргаагүй харин хуульд заасан хугацаагаар сунгаж эзэмшүүлэх зохицуулалтыг хэрэглэж бидний тусгай зөвшөөрөл эзэмших хугацааг 2019 онд дуусгаагүй талаар маргасан болно.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 526 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “С” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “XV-018077 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосныг бүртгэсэн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн бүртгэл хууль бус болохыг тогтоож, уг тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.2. Анх нэхэмжлэгч “С” ХХК-д Булган аймгийн Гурванбулаг сумын “Их агит” нэртэй газарт 6044.22 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-018077 дугаар тусгай зөвшөөрлийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаатайгаар олгожээ.
2.3 Дээрх хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай бүхий газрыг Булган аймгийн Гурванбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 12/25 дугаар тогтоолоор орон нутгийн нутгийн тусгай хэрэгцээнд авсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэж заасны дагуу Гурванбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэхэмжлэгчид нөхөн олговрыг төлөхөөр байна.
2.4. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хуульд заасан 1 жилийн дотор нэхэмжлэгч компанид нөхөх олговрыг олгоогүй, нэхэмжлэгч компаниас Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг дарга болон тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан 6 222 830 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 277 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.
2.5. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч компани хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хайгуулын ажил үргэлжлүүлэн явуулах эрхтэй байсан бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар болж, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл, хуульд заасан баримтуудыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байх тул хариуцагчаас 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн системд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсныг бүртгэсэн нь зөв байна.
2.6. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “тусгай хэрэгцээнд байсан 1 жилийн хугацааг сунгаж олгохоор ашигт малтмалын хайгуулын XV-018077 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр дуусах байтал хариуцагчийн зүгээс 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсныг бүртгэсэн нь хууль бус, нөгөөтээгүүр Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8, 14.9-д зааснаар хугацааг нөхөн олгох үндэслэлтэй” гэж тайлбарлан маргажээ.
2.7. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д “Энэ хуулийн 14.2-т зааснаар тогтоосон газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол төрийн захиргааны байгууллага энэ тухай нийтэд мэдээлэх бөгөөд урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд ийнхүү мэдээлснээс хойш 1 сарын дотор хүсэлт гаргавал тэрээр тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжид авах давуу эрх эдэлнэ”, 14.9-д “Энэ хуулийн 13.5, 14.8-д заасны дагуу чөлөөлөгдсөн талбайг урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан этгээдэд үргэлжлүүлэн эзэмшүүлэхдээ тусгай зөвшөөрлийн хугацааг тусгай хэрэгцээ, нөөцөд байсан хугацаагаар сунгаж тооцно” гэж тус тус хуульчилсан бөгөөд дээрх хуулийн зохицуулалт нь маргааны энэ тохиолдолд хамаарахааргүй байна.
2.8. Тодруулбал, тухайн тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан тохиолдолд өмнө эзэмшиж байсан этгээд давуу эрхээр эзэмших боломж олгосон, үргэлжлүүлэн эзэмших тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг тусгай хэрэгцээнд байсан хугацаагаар сунгаж тооцохоор зохицуулжээ.
2.9. Нэхэмжлэгч компанийн тухайд, түүний эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбай нь тусгай хэрэгцээнд авсан хугацаа дууссан үндэслэлээр чөлөөлөгдөөгүй төдийгүй Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр дуусахаас 1 сарын өмнө буюу 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дотор хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг холбогдох баримтын хамт төрийн захиргааны төв байгууллагад гаргах эрх нь нээлттэй байсан боловч ийнхүү хугацаа сунгуулах өргөдөл гаргаагүй байгаа энэ тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусгавар болсныг бүртгэсэн хариуцагчийн үйл ажиллагааг буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 526 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН