| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2019/0854/ |
| Дугаар | 2021/ШЦТ/55 |
| Огноо | 2021-01-14 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/55
2021 01 14 2021/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Г.Ууганбаатар,
шүүгдэгч А.Э , түүний өмгөөлөгч Г.Баасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овгийн А.Э од холбогдох эрүүгийн 1910002850503 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Хатгин овгийн А.Э , 1972 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Зотол мандал ХХК-ны захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, охин, хүү, зээ нарын хамт Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо, 43-4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч А.Э нь 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Зуун билэг дунд сургуулийн 201 тоот өрөөнд байрлах “Стар Кредит” банк бус санхүүгийн байгууллага дотор иргэн Ж.Ганхуягаас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 58 дугаар байрны 63 тоотод байрлах 2 өрөө 51.61 м2 байрыг 90.000.000 төгрөгөөр бодож, байрны гэрчилгээ гарсны дараа зээлд хамруулж, үлдэгдэл төлбөрөө авна гэж итгүүлэн, байрны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан залилж, 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч А.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2019 оны 10 дугаар сарын 8-ны яллах дүгнэлтэд өөрчлөлт ороогүй байна. Хохирогч тал зарим мэдүүлгээ буруу өгснөө хүлээн зөвшөөрсөн. Улсын Дээд Шүүхийн тогтоолтой танилцсаны дараа санал гаргаж “...мөнгөө гүйцээж өгөөд байраа авъя...” гэсэн. Энэ талаар бид ойлголцсон. Ганзориг нь А.Э байрыг бусдад зарж 60.000.000 төгрөгийн ашигтай ажилласан гэсэн мэдүүлэг нь худал байсан нь төрийн банкны баримтаар нотлогдсон. Ганхуягаас мөнгө аваагүй гэдэг нь мөн нотлогдсон. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт мөн байгаа. Улсын яллагч яллах дүгнэлтэд огт уулзаж харж байгаагүй Ганхуягаас мөнгө авсан гэж бичсэн байна. Хэргийн товч агуулга доторх үйл явдал огт болоогүй. Ганхуягийг би сүүлд таньдаг болсон. Дагиймаад би өөрийн хөрөнгөө ашиглуулсан нь миний эрх. Хохирогч талд 60.000.000 төгрөгөө өгөөд байраа авах бүрэн боломж байсан. Хохирогч саяхныг хүртэл байраа аваагүй байж байгаад байрны элэгдэл хорогдолд 5.000.000 төгрөг тооцож 25.000.000 төгрөг авсан. Янжинлхам нь байрны гэрээг төлбөр тооцооны бичиггүй болсон гэсэн хуурамч бичиг үйлдэн шилжүүлж авсан нь нотлогдсон. Би бусдыг залилах гэмт хэрэг үйлдээгүй. Хохирогч тал мөнгөний маргааныг шийдвэрлүүлэх гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргахад энэ нь эрүүгийн гэмт болсон талаар надад хэлсэн. Мөнгийг бэлнээр болон дансаар шилжүүлсэн баримт байхгүй. 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн шүүхийн тогтоолд дурдсан үйл ажиллагааг прокурор хийгээгүй. Хохирогч бид гурвын хооронд хохирсон зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд олон Бумдарь, Бат-Эрдэнэ, Төрийн банкийг төлөөлж Гантулга мэдүүлэг өгсөн. Гэтэл Гантулгын мэдүүлгийг хавтаст хэрэгт хавсаргаагүй. Хохирогч тал намайг байраа зараагүй харин хадам эгчдээ байрны гэрчилгээгээ ашиглуулж байсан талаар мэдсэн. Төрийн банк зээлийг олгохдоо гуравдагч этгээдийн нэр дээр их хэмжээний зээл гаргах боломжгүй учраас миний нэр дээр байгаа байрны гэрчилгээг Дагиймаагийн нэр дээр шилжүүлэх юм бол зээл гарах боломжтой гэсэн үндэслэл нь мөн нотлогдсон. Энэ иргэний маргаан бөгөөд үл ойлголцлоос болж үүссэн гэж бодож байна. Төрийн банкнаас ирүүлсэн албан бичигт би зараагүй гэдэг нь тодорхой харагдана. Ганхуягтай би ямар нэгэн байдлаар харилцаагүй. Энэ хэрэгт хохирогчоор оролцохгүй гэдгээ хэлсэн байхад нь хүчээр хохирогч болгосон. Ганзориг 60.000.000 өгч байрыг худалдаж авъя. Амьдарсан хугацааныхаа мөнгийг хасуулаад болчих байх гэж ярилцсан утасны харилцан ярианы бичлэг байгаа. Шаардлагатай гэж үзвэл би үүнийг хэрэгт хавсаргаж өгнө. Ганзориг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэлээс шийдвэр гүйцэтгэгч ирэхэд байр хураагдах гэж байгаа талаар мэдсэн гэдэг. Дагиймаа нь энэ 30.000.000 төгрөгтэй хамааралгүйгээр өмнө нь байсан 18.000.000 төгрөгийн асуудлаар тухайн байранд очиход андуурч цагдаагийн байгууллагад мэдэгдсэн талаар тайлбарласан. Энэ байртай холбоотой ямар ч авлага байхгүй, байрыг худалдах барьцаалах зэрэг асуудал байхгүй. Би одоо байраа суллаж авсан. Ганзориг 60.000.000 төгрөг яагаад төлөхгүй байсан бэ гэхээр байрны гэрчилгээ гараагүй тул мөнгө өгөхгүй гэдэг байдлаар хандсан байна лээ. Тэдний талд байрны гэрчилгээ гарах боломжтой байсан. Шинэ дэлхий ХХК-ны Алтанхуяг нь манай барилгын гүйцэтгэгч компани. Ордер гаргах эрхтэй хүн биш, зөвхөн гэрээг шилжүүлсэн. Би энэ талаар хавтаст хэрэгт холбогдох баримтаа өгсөн. Би үүнийг Иргэний журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 5/,
Хохирогч Ж.Ганзориг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Эрдэнэцогт гэх хүнийг нэг нутгийн хүн гэдгээр нь танина. ...Би Эрдэнэцогтын байрыг яагаад авах болсон бэ гэвэл Эрдэнэцогт миний машинд суугаад Дундговь аймаг руу явсан юм. Замдаа Эрдэнэцогт ах нэг том зээл авах гээд байгаа юм, тэгээд нисэхэд нэг байр ашиглалтанд орж байгаа бөгөөд тэрийгээ зарчихвал зээл бүтэх гээд байна. Хамгийн гол нь надаас ордер нь гараагүй байрыг хэн ч авахгүй байна, мөн уг баригдсан байрыг улсын комисс хүлээж авахгүй байгаа. Харин чи уг байрыг худалдаж аваад ахдаа тус болооч, надад итгээд авчих би байрны ордерийг гаргаж өгнө, найдвартай гэж хэлсэн. ...Тэгээд дараа нь Улаанбаатар хотод ирсний дараа өөрөө надтай холбогдоод миний байрыг авчих тэгэх үү гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би таны байрны урдхан талд баригдаж байгаа Буянт-Ухаа-1 хорооллыг сонирхож үзсэн, метр квадрат нь 1.280.000 төгрөгийн үнэтэй, гэтэл таны байр арай үнэтэй байна гэж хэлсэн чинь өөрөө надад худалдах нөхцлөө амаар танилцуулсан. Юу вэ гэвэл миний байр бол 51.61 м2 талбайтай 2 өрөөтэй. Би 1 м2-г нь 1.800.000 төгрөгөөр үнэлнэ, тэгэхээр 92 сая орчим болно, хоёулаа тэгшлээд 50 сая төгрөгөөр тохиръё, тэгэхээр чи надад урьдчилгаа 30 хувьд нь 30.000.000 төгрөг өгчих. Би одоо Стар кредит ББСБ-д 25.000.000 төгрөгийн өртэй байгаа, барьцаанд нь байр тавьчихсан байгаа, тэрийг яаралтай суллах хэрэгтэй байна, тэгээд цаашаа өөр нилээд их хэмжээний зээл авахад ашиглах хэрэгтэй байна. харин байрны ордер гарах хүртэл чамаас нэг ч төгрөг нэхэхгүй, ордер гарсны дараа би чамайг ипотекийн 8 хувийн зээлэнд хамруулж өгөөд банкнаас үлдсэн 53.000.000 төгрөгийг гаргуулж авна гэж хэлсэн. ...Тэгээд ах дүү нартайгаа ярьж байгаад 30.000.000 төгрөгийг бүрдүүлэхээр болоод миний төрсөн дүү Ж.Ганхуяг 25.000.000 төгрөг гаргаад, би өөрөөсөө 5 сая төгрөг гаргаад өгсөн. Тэгээд би А.Э ын өгсөн дансруу нь шилжүүлсэн. ...Эрдэнэцогт анх хэлэхдээ би нисэхэд баригдсан байранд захиалга өгөөд орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан, одоо тэр гэрээг таны нэр дээр шилжүүлэн өгнө гэж хэлсэн. Гэхдээ тэр дор нь шилжүүлээгүй бараг 1 жилийн дараа буюу 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Эрдэнэцогт өөрөө албан бичиг хийж өгөөд гэрээгээ шилжүүлсэн. ...Тэр гэрээг өөрийн төрсөн дүү Ж.Янжилхамын нэр дээр шилжүүлсэн. Дүүгийнхээ нэр дээр шилжүүлсний учир нь бид нар анх байр авахаар ярилцаж байх үед дүү Янжинлхам нэр дээр зээлгүй байгаа, дээрээс нь аав, ээжтэй хамт амьдрах учраас үлдсэн зээлээ ипотекийн зээл гарсаны дараа төлөөд явна гэж тохирсон байсан учраас дүүгийнхээ нэр дээр гэрээ байгуулахаар болсон. Тэгээд байранд ороод хэсэг хугацаанд амьдарсан. Шинэ дэлхий ХХК-аас байрны ордер гаргаж өгөх ёстой байтал удаад байсан. Гэтэл гэнэт Төрийн банкнаас хүмүүс ирээд энэ байр зээлийн барьцаанд хураагдсан, 65.000.000 төгрөгийн зээл аваад зээлээ эргээд төлөгдөөгүй ураас хураагдаж байгаа, одоо зээл нь 80 орчим сая төгрөг болсон. Зээл аваад нэг ч удаа мөнгөө төлөөгүй байна гэж манай дүү Янжинлхамд хэлсэн байсан. Мөн удалгүй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүмүүс ирээд битүүмжлэх тогтоол өгөөд явсан байсан. Би тэр үед Хөх хотод явж байсан бөгөөд ирээд Эрдэнэцогтын гэрт нь очсон. Намайг очиход эхнэртэйгээ хоёулаа байж байсан. Би болсон асуудлын талаар хэлээд юу болоод байгаа талаар асуутал байрны ордер гараад тэрийг хүнд тус болох гээд эхнэрийнхээ эгчийн нэр дээр шилжүүлж өгсөн, тэр банкны барьцаанд тавиад зээл авсан ч эргэж төлж чадахгүй байгаа юм байна, гэхдээ ямарч асуудалгүй ээ би тэр мөнгийг нь төлөх асуудлыг шийднэ гэж хэлсэн. ...Эрдэнэцогт байрны ордер гарсан гэж надад нэг ч удаа хэлээгүй, мэдээгүй байхад гэв гэнэт ордероо аль хэдийн нэр дээрээ гаргаад тэрийг өөр хүний нэр дээр шилжүүлээд надаас 30.000.000 төгрөг, банкнаас 60.000.000 төгрөгийг авсан байна...” гэх мэдүүлэг /1-р хх 8-9/,
Хохирогч Ж.Ганхуяг нь мөрдөн шалгах ажиллагааы үед мэдүүлэхдээ: “...Манай ах Ганзориг нутгийн ах байрыг нь аваач, одоохондоо ордер гараагүй байна, ордер гараагүй байрыг хэн ч авахгүй байна, надад итгээд авчих гэхдээ эхлээд 30 хувийг нь өгчих үлдсэн мөнгийг нь ордер гарсаны дараа авна тэр болтол ямарч мөнгө төгрөг нэхэхгүй. Мөн ордер гарсаны дараа Эрдэнэцогт ах ипотекийн 8 хувийн зээлэнд хамруулж өгнө гэнэ тэр байранд аав, ээжийг оруулах уу гэхээр нь зөвшөөрөөд би өөрөөсөө 25.000.000 төгрөг гаргаад, ах Ганзориг 5.000.000 төгрөг гаргаад дээрх мөнгийг нь өгсөн, сүүлд нь асуухад хамт банк бус санхүүгийн байгууллага дээр очоод зээлийг нь дарсан гэж байсан. Харин 5.000.000 төгрөгийг Эрдэнэцогтын дансруу шилжүүлсэн. ...Уг нь манай ах Эрдэнэцогттой 2015 оны 03 дугаар сард ярьж тохироод мөнгө өгсөн, тэгтэл нөгөө хүн нь Шинэ дэлхий ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээгээ манай нэр дээр шилжүүлж өгнө гэж хэлээд бараг нэг жил өнгөрсөн...” гэх мэдүүлэг /1-р хх 12-13/,
Гэрч Ж.Янжинлхам нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай төрсөн ах Ганзориг надад Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 58-63 тоот 2 өрөө байрны түлхүүрийг 2015 оны 3 дугаар сард өгсөн. Энэ байранд та нар аав, ээжтэй хамт амьдарна, байр авлаа гэж хэлсэн. Ахын хэлснээр байранд 2015 оны 6 дугаар сарын үед нүүж орсон. Хүн амьдраагүй шинэ байр байсан. Дараа нь бараг жилийн дараа манай ах надад Зотол мандал ХХК гэсэн толгойтой, доороо тамгатай А.Э гэх хүний гарын үсэгтэй албан бичиг өгсөн. Мөн А4 хэмжээтэй бичгийн цаасанд хар өнгийн балаар манай компанийн танай компанитай бартерийн худалдаагаар Хан-Уул дүүргийн нисэх орчим баригдсан орон сууцнаас 2 өрөө байрыг авахаар гэрээ байгуулж авсан билээ. Уг байрыг Ж.Ганзоригт шилжүүлэн өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн бичигтэй цаастай хамт өгсөн. Тэр бичгийг Эрдэнэцогт гэдэг энэ байрыг надад зарсан хүн бичиж өгсөн. Чи Шинэ дэлхий ХХК-тай очоод гэрээ байгуул гэснээр Алтанхуяг гэх захиралтай нь уулзаад 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байр захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Гэтэл саяхан манайд Төрийн банкнаас хүмүүс ирээд энэ байр зээлийн барьцаанд хураагдана, зээл авсан хүн зээлээ төлөөгүй гэж хэлсэн. Бид нар өөрсдөө мэдээгүй байхад байрны ордер аль хэдийнээ өөр хүний нэр дээр шилжсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 21/,
Гэрч Л.Алтанхуяг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Шинэ дэлхий ХХК-ны захирлаар ажилладаг, манайх 1997 онд байгуулагдсан, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Болсон асуудлын талаар гэвэл 2014 онд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 12 давхар 89 айлын орон сууцны барилга бариад 2015 оны сүүл үеэр бариж дуусгасан. Дээрх барилгыг барих явцад манай нутгийн дүү Эрдэнэцогт налтай өөрөө ирж уулзаад би Орчлон констракшинд барилгын материал нийлүүдэг юм. Танай баригдаж байгаа барилга дээр бүргэд хаалга, паркетан шал нийлүүлэе төлбөрийн бартерийн шугмаар авъя гэж хэлсэн. Тэгхээр нь би Эрдэнэцогтыг ажил хэргийн шугамаар угаасаа таньж мэддэг байсан, дээрээс нь манай нутгийн дүү болохоор зөвшөөрөөд материалыг нь авахаар болоод хоорондоо 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр №14-07 дугаартай орон сууц захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулсан. ...Би орон сууц ашиглалтанд орсоны дараа байрны ордерыг түүний нэр дээр шилжүүлэхээр болсон. Тэгтэл Эрдэнэцогт 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр №0812 дугаартай “Зотолмандал ХХК” гэсэн албан бланканд “манай компани нь танай компанитай бартерийн худалдаагаар Хан-Уул дүүргийн нисэх орчимд баригдсан орон сууцнаас 2 өрөө сайрыг авахаар гэрээ байгуулж авсан билээ. Уг байрыг Жамбалсамбуу овогтой Янжинлхамд шилжүүлж өгөхийг зөвшөөрч байна. Төлбөр тооцооны асуудал дууссан болно” гэж гараараа бичээд “Зотол Мандал ХХК”-ны тамгыг дараад, Эрдэнэцогт өөрөө гарын үсэг зураад баталгаажуулсан албан тоот ирүүлсэн. Тэгтэл удалгүй Эрдэнэцогт надруу яриад наад миний байранд орно гэсэн хүмүүс надад мөнгөө өгөөгүй, тийм учраас та надад байрны ордероо гаргаж өг гэж хэлсэн. Тэгхээр нь чи юу яриад байгаа юм бэ чи өөрөө албан тоот бичээд утсаар яриад энэ хүн рүү байрыг шилжүүл, тооцоо дууссан гэсэн биз дээ гэж хэлсэн чинь үгүй тийм юм байхгүй наад хүмүүс чинь надад 30.000.000 төгрөг өгсөн. Үүнээс 25.000.000 төгрөгийг миний авсан зээлийг хааж өгсөн, харин 5.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Цаан нь дахиад 60.000.000 төгрөг өгөх ёстой байсан хэдий ч өгөөгүй учраас би байрны ордер авмаар байна гэх хэлхээр нь тэгвэр чи надтай чимий хүсэлтээр гэрээ байгуулсан Янжинлхам гэх хүнийг уулзуул, наад хүнээ олоод өг, тэр хүнтэй байгуулсан гэрээ яах болж байна гэж хэлсэн чинь наад хүүхэд чинь одоо Бээжин рүү сургуульд явсан, байхгүй байгаа гэж хэлсэн. ...Тэгээд би Эрдэнэцогттой үл ойлголцох асуудал үүсээд байж байтал нэг мэдэхэд Эрдэнэцогт намайг шүүхэд өгсөн. Намайг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс дуудаад шүүх хурал болсон. Хурал дээр Эрдэнэцогт угаасаа манайд хэлсэнээрээ бараагаа нийлүүлсэн юм чинь гэж бодоод нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд хэргийг хэрэгсэхгүй болоод шийдэгдсэн. Ингээд шүүгчийн захирамж гарсан учир би аргагүй байдалд ороод ордерийг нь Эрдэнэцогтын нэр дээр гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх 23-24/,
Гэрч Г.Дагиймаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 58 дугаар байрны 9 дүгээр давхарын 63 тоотод байрлах манай хүргэн А.Э ын 2 өрөө байрыг 2018 оны 2 дугаар сарын 10-ны үед өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Шилжүүлэн авах болсон шалтгаан нь Эрдэнэцогтын эхнэр Нансалмаа миний төрсөн дүү бөгөөд дүүдээ эгч нь банкнаас зээл авах гэсэн чинь заавал барьцаа хөрөнгө хэрэгтэй гээд байна барьцаанд тавьчих үл хөдлөх хөрөнгө байна уу гэж асуусан чинь ямар ч гэсэн нөхөртэйгээ ярья гэж хэлсэн. Би эхлээд дүүтэйгээ ганцаарчлан уулзсан. Нансалмаагийн овог минийхээс өөр байгаагийн шалтгаан нь бага байхад хүүхэдгүй эхнэр, нөхөр 2 үрчилж авсан. ...Эрдэнэцогт дээрх нисэхэд байрлалтай 2 өрөө байрыг миний нэр дээр шилжүүлж өгсөн. Байраа шилжүүлж өгөөд тэрний маргааш нь банкны зээл гарсан юм. Тэгээд би 60.000.000 төгрөгийг зээлээ аваад хүнд өртэй бйасан учраас өглөгөө өгөөд дууссан...” гэх мэдүүлэг /1-р хх 29-32/,
Гэрч А.Нансалмаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай эгч Даагиймаа нисэхийн байраа түр өгөөч банкнаас зээл аваад хувийн бизнестээ хөрөнгө оруулах хэрэгтэй байна гэсэн. Манай эгч хувиараа машины тос билүү тиймэрхүү юм зардаг хоёр ч газар лангуу ажиллуулж байсан бөгөөд тэрэндээ хөрөнгө оруулалт хийнэ гэж хэслэн. Тэгээд нисэхийн байрны ордерийг эгчийн нэр дээр шилжүүлж өгөөд Төрийн банкнаас байр барьцаалж зээл авсан. Хэдэн төгрөгийг зээл авсан эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 34-35/,
Хохирогч Ж.Ганзориг болон гэрч А.Э нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 37-39/,
Гэрч Ж.Янжинлхам болон гэрч Л.Алтанхуяг нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 40-41/,
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №ХУ-219-344 дүгээр тайланд: “...Үнэлэгдэж буй хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 58 дугаар байрны 63 тоотод байрлах 2 өрөө 51.61 м2 талбайтай орон сууц нь зах зээлийн хандлагаар тооцсоныг 100 хувйн ач холбогдолтойд тооцон 2015 оны байдлаар нийт 87.737.000 төгрөгөөр, 2019 оны байдлаар 70.729.159 төгрөгөөр тус тус үнэлэгдлээ...” гэх тайлан /1-р хх 45-56/,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 7/2153 тоот албан бичиг /1-р хх 74/,
Зотолмандал ХХК-тай байгуулсан Хас банкны зээлийн гэрээ, дансны хуулга /хх 76-88/,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/01780 дугаар захирамжийн хуулбар /хх 90-91/,
Төрийн банкны 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 19/1190 тоот албан бичиг /хх 93/,
Стар кредит ББСБ-ын 2019 оны 02 сарын 21-ний өдрийн 2019/30 тоот албан бичиг, зээлийг гэрээний хуулбар /хх 95-99/,
Шүүгдэгч А.Э ын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх 107-109/,
Дундговь аймгийн Зотолмандал ХХК-н Шинэ дэлхий ХХК-д гэсэн хоосон бланкны хуулбар /хх 112/,
Манай компани танай компанитай бартерийн худалдаагаар Хан-Уул дүүргийн нисэх орчимд баригдсан орон сууцнаас 2 өрөө байрыг авахаар гэрээ байгуулан авсан билээ. Уг байрыг Жамбалсамбуу овогтой Ганзоригт шилжүүлж өгөхийг зөвшөөрч байна гэсэн гар бичвэр /хх 113/,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх 114-116/,
Шинэ дэлхий ХХК болон иргэн Ж.Янжинлхам нарын хооронд байгуулсан “Шинэ дэлхий ХХК-ны Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “89” айлын шинэ орон сууцны хорооллын барилгын ажил захиалгаар гүйцэтгэх тухай 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №15-65 дугаар гэрээ” /хх 117-119/,
Хохирогч Ж.Ганзориг нь мөрдөн шалгах ажиллагаанд дахин мэдүүлэхдээ: “...Эрдэнэцогт нь анх надад хэлэхдээ ордер гараагүй байрыг хүн барьцаанд авахгүй юм байна. Чи ахдаа туслаад урьдчилгаа 30 сая төгрөг өгөөд миний байрыг авчих, байрны ордер гарах хүртэл 2 жил орчмын хугацаа байна. Ордер гарсаны дараа ипотекийн зээлд хамруулж өгье. Тэгээд би үлдэгдэл мөнгө авья гэсэн. Тухайн үед бэлэн мөнгө байгаагүй болохоор дүү нартайгаа ярилцаад зээлэнд хамруулж өгнө гэсэн болохоор урьдчилгаа мөнгөө өгөөд байр авахыг зөвшөөрч орсон.Нэг жил орчмын дараа гэрээ шилжүүлэхийг Эрдэнэцогт нь зөвшөөрөөд компани албан хоосон бланк дээр гарын үсгээ зураад тэмдэг дараад, мөн нэг цаасан дээр “манай компани танай компанитай бартерийн худалдаагаар Хан-уул дүүргийн нисэх орчимд баригдсан орон сууцнаас 2 өрөө байрыг авахаар гэрээ байгуулан авсан билээ уг байрыг Жамбал самбуу овогтой Ганзоригийн нэр дээр шилжүүлж өгөхийг зөвшөөрч байна” гэсэн бичиг хийж өгсөн. Тэгэхээр нь би дүү Янжинлхамд чи Эрдэнэцогт ахтайгаа ярилцаад гэрээгээ өөрийн нэр шилжүүлээд авчих гэж хэлсэн. Би Эрдэнэцогттой утсаар яриад зээлийг гэрээг дүү Янжинлхамын нэр дээр гаргаж өг гэдгийг хэлж байсан. Анх байр авахдаа урьдчилгаа 30 сая төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг гэрчилгээ гарсаны дараа ипотекийн зээлд хамруулаад үлдэгдэл мөнгийг нь өгөхөөр тохирсон.Дараа нь Шинэдэлхий ХХК-тай дүү Янжинлхамын нэр дээр гэрээ хийгдсэн байсан болохоор дүүгийн нэр дээр гарна гэж бодож байсан. Гэтэл Эрдэнэцогт нь бид нарт хэлэхгүйгээр байрны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргаад бусдад шилжүүлж барьцаанд тавьсан байсан. Бид нар гэрчилгээ гарсан гэдгийг шүүхийн шийдвэрээс манай гэрт хүн ирэх хүртэл мэдээгүй байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-122/,
Хохирогч Ж.Ганхуяг нь мөрдөн шалгах ажиллагааны үед дахин мэдүүлэхдээ: “...Манай дүүгийн нэр дээр гэрчилгээ гарсны дараа Эрдэнэцогт 8 хувийн зээлд хамруулж өгөөд үлдэгдэл төлбөрөө авах байсан. Шүүхийн шийдвэр, Төрийн банкнаас аавын гэрт хүн ирэхэд гэрчилгээ гараад барьцаанд тавигдсан гэдгийг мэдсэн. Тэгээд Эрдэнэцогт ахтай яриад юу болоод байгаа юм бэ гэхэд тайван байж бай удахгүй зохицуулчих байх...” гэх мэдүүлэг /2-р хх-123/,
Гэрч Ж.Янжинлхам нь мөрдөн шалгах ажиллагааны үед дахин мэдүүлэхдээ: “...Ямар учраас өөрийнхөө нэр дээр бичсэнийг тодорхой санахгүй байна. Байрны гэрчилгээ миний нэр дээр гаргах гэж хийсэн байх. Миний ойлгосоноор урьдчилгаа мөнгө өгөөд үлдэгдлийг 8 хувийн зээлээр авна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /2-р хх-134/,
Шүүгдэгч А.Э нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Дагиймаа манай эхнэрийн төрсөн эгч байгаа юм. Дагиймаа эгч би бизнес хийх гэсэн юм туслаач гэсэн. Тэгэхээр нь надад мөнгө байхгүй та түр хэрэглэх юм бол гээд байрны ордероо өгөөд явуулсан. Гэтэл Дагиймаа эгч буцаж ирээд банкнаас зээл авах гэсэн чинь байрны ордер заавал миний нэр дээр байх шаардлагтай гэсний дагуу гэрээ хийж түр шилжүүлж өгсөн. Гэхдээ энэ байрыг Дагиймаад зарсан асуудал байхгүй. Татвар бага төлөхийн тулд гэрээний дүнг 10 сая төгрөгөөр хийж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 208-209/,
Гэрч Д.Одгэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...А.Э нь манайхаас анх зээл авахдаа ганцаараа ирж байсан. Харин зээлээ хаахдаа манайхаар өмнө нь үйлчлүүлж байсан Ганзориг гэх залуу болон өөр нэг хүнтэй хамт явж байсан. Тухайн залууг би танихгүй, Ганзориг, Эрдэнэцогт нарыг танина...” гэх мэдүүлэг /1-р хх 210/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх 203/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 2-р хх 136/, Дундговь аймгийн Зотолмандал ХХК-ны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 08 дугаар албан тоот /1-р хх 138/, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000602317 дугаар гэрчилгээний хуулбар /1-р хх 133/, Шинэ дэлхий ХХК-тай холбогдох баримтууд /1-р хх 168-177/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.Э нь 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Зуун билэг дунд сургуулийн 201 тоот өрөөнд байрлах “Стар Кредит” банк бус санхүүгийн байгууллага дотор иргэн Ж.Ганхуягаас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 58 дугаар байрны 63 тоотод байрлах 2 өрөө 51.61 м2 байрыг 90.000.000 төгрөгөөр бодож, байрны гэрчилгээ гарсны дараа зээлд хамруулж, үлдэгдэл төлбөрөө авна гэж итгүүлэн, байрны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан залилж, 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, хохирогч Ж.Ганзоригийн “...Эрдэнэцогт байрны ордер гарсан гэж надад нэг ч удаа хэлээгүй, мэдээгүй байхад гэв гэнэт ордероо аль хэдийн нэр дээрээ гаргаад тэрийг өөр хүний нэр дээр шилжүүлээд надаас 30.000.000 төгрөг, банкнаас 60.000.000 төгрөгийг авсан байна...” гэх мэдүүлэг /хх 8-9/, хохирогч Ж.Ганхуягийн “...Эрдэнэцогт ах ипотекийн 8 хувийн зээлэнд хамруулж өгнө гэнэ тэр байранд аав, ээжийг оруулах уу гэхээр нь зөвшөөрөөд би өөрөөсөө 25.000.000 төгрөг гаргаад, ах Ганзориг 5.000.000 төгрөг гаргаад дээрх мөнгийг нь өгсөн, сүүлд нь асуухад хамт банк бус санхүүгийн байгууллага дээр очоод зээлийг нь дарсан гэж байсан. Харин 5.000.000 төгрөгийг Эрдэнэцогтын данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх 12-13/, гэрч Ж.Янжинлхамын “...Тэр бичгийг Эрдэнэцогт гэдэг энэ байрыг надад зарсан хүн бичиж өгсөн. Чи Шинэ дэлхий ХХК-тай очоод гэрээ байгуул гэснээр Алтанхуяг гэх захиралтай нь уулзаад 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байр захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Гэтэл саяхан манайд Төрийн банкнаас хүмүүс ирээд энэ байр зээлийн барьцаанд хураагдана, зээл авсан хүн зээлээ төлөөгүй гэж хэлсэн. Бид нар өөрсдөө мэдээгүй байхад байрны ордер аль хэдийнээ өөр хүний нэр дээр шилжсэн байсан...” гэх мэдүүлэг /хх 21/, гэрч Л.Алтанхуягийн “...Тэгээд би Эрдэнэцогттой үл ойлголцох асуудал үүсээд байж байтал нэг мэдэхэд Эрдэнэцогт намайг шүүхэд өгсөн. Намайг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс дуудаад шүүх хурал болсон. Хурал дээр Эрдэнэцогт угаасаа манайд хэлснээрээ бараагаа нийлүүлсэн юм чинь гэж бодоод нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд хэргийг хэрэгсэхгүй болоод шийдэгдсэн. Ингээд шүүгчийн захирамж гарсан учир би аргагүй байдалд ороод ордерыг нь Эрдэнэцогтын нэр дээр гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх 23-24/, гэрч Г.Дагиймаагийн “...Эрдэнэцогт дээрх нисэхэд байрлалтай 2 өрөө байрыг миний нэр дээр шилжүүлж өгсөн. Байраа шилжүүлж өгөөд тэрний маргааш нь банкны зээл гарсан юм. Тэгээд би 60.000.000 төгрөгийг зээлээ аваад хүнд өртэй байсан учраас өглөгөө өгөөд дууссан...” гэх мэдүүлэг /хх 29-32/, Хохирогч Ж.Ганзориг болон гэрч А.Э нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 37-39/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №ХУ-219-344 дүгээр “...Үнэлэгдэж буй хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 58 дугаар байрны 63 тоотод байрлах 2 өрөө 51.61 м2 талбайтай орон сууц нь зах зээлийн хандлагаар тооцсоныг 100 хувйн ач холбогдолтойд тооцон 2015 оны байдлаар нийт 87.737.000 төгрөгөөр, 2019 оны байдлаар 70.729.159 төгрөгөөр тус тус үнэлэгдлээ...” гэх тайлан /1-р хх 45-56/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 7/2153 тоот албан бичиг /1-р хх 74/, Зотолмандал ХХК-тай байгуулсан Хас банкны зээлийн гэрээ, дансны хуулга /хх 76-88/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/01780 дугаар захирамжийн хуулбар /хх 90-91/, Төрийн банкны 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 19/1190 тоот албан бичиг /хх 93/, Стар кредит ББСБ-ын 2019 оны 02 сарын 21-ний өдрийн 2019/30 тоот албан бичиг, зээлийг гэрээний хуулбар /хх 95-99/, шүүгдэгч А.Э ын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх 107-109/, Дундговь аймгийн Зотолмандал ХХК-н Шинэ дэлхий ХХК-д гэсэн хоосон бланкны хуулбар /хх 112/, Манай компани танай компанитай бартерийн худалдаагаар Хан-Уул дүүргийн нисэх орчимд баригдсан орон сууцнаас 2 өрөө байрыг авахаар гэрээ байгуулан авсан билээ. Уг байрыг Жамбалсамбуу овогтой Ганзоригт шилжүүлж өгөхийг зөвшөөрч байна гэсэн гар бичвэр /хх 113/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх 114-116/, Шинэ дэлхий ХХК болон иргэн Ж.Янжинлхам нарын хооронд байгуулсан “Шинэ дэлхий ХХК-ны Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “89” айлын шинэ орон сууцны хорооллын барилгын ажил захиалгаар гүйцэтгэх тухай 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №15-65 дугаар гэрээ” /хх 117-119/, хохирогч Ж.Ганзоригийн дахин өгснө “...Эрдэнэцогт нь анх надад хэлэхдээ ордер гараагүй байрыг хүн барьцаанд авахгүй юм байна. Чи ахдаа туслаад урьдчилгаа 30 сая төгрөг өгөөд миний байрыг авчих, байрны ордер гарах хүртэл 2 жил орчмын хугацаа байна. Ордер гарсаны дараа ипотекийн зээлд хамруулж өгье. Тэгээд би үлдэгдэл мөнгө авья гэсэн. Тухайн үед бэлэн мөнгө байгаагүй болохоор дүү нартайгаа ярилцаад зээлэнд хамруулж өгнө гэсэн болохоор урьдчилгаа мөнгөө өгөөд байр авахыг зөвшөөрч орсон. Нэг жил орчмын дараа гэрээ шилжүүлэхийг Эрдэнэцогт нь зөвшөөрөөд компани албан хоосон бланк дээр гарын үсгээ зураад тэмдэг дараад, мөн нэг цаасан дээр “манай компани танай компанитай бартерийн худалдаагаар Хан-уул дүүргийн нисэх орчимд баригдсан орон сууцнаас 2 өрөө байрыг авахаар гэрээ байгуулан авсан билээ уг байрыг Жамбал самбуу овогтой Ганзоригийн нэр дээр шилжүүлж өгөхийг зөвшөөрч байна” гэсэн бичиг хийж өгсөн. Тэгэхээр нь би дүү Янжинлхамд чи Эрдэнэцогт ахтайгаа ярилцаад гэрээгээ өөрийн нэр шилжүүлээд авчих гэж хэлсэн. Би Эрдэнэцогттой утсаар яриад зээлийг гэрээг дүү Янжинлхамын нэр дээр гаргаж өг гэдгийг хэлж байсан. Анх байр авахдаа урьдчилгаа 30 сая төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг гэрчилгээ гарсаны дараа ипотекийн зээлд хамруулаад үлдэгдэл мөнгийг нь өгөхөөр тохирсон.Дараа нь Шинэдэлхий ХХК-тай дүү Янжинлхамын нэр дээр гэрээ хийгдсэн байсан болохоор дүүгийн нэр дээр гарна гэж бодож байсан. Гэтэл Эрдэнэцогт нь бид нарт хэлэхгүйгээр байрны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргаад бусдад шилжүүлж барьцаанд тавьсан байсан. Бид нар гэрчилгээ гарсан гэдгийг шүүхийн шийдвэрээс манай гэрт хүн ирэх хүртэл мэдээгүй байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-122/, хохирогч Ж.Ганхуягийн дахин өгсөн “...Манай дүүгийн нэр дээр гэрчилгээ гарсны дараа Эрдэнэцогт 8 хувийн зээлд хамруулж өгөөд үлдэгдэл төлбөрөө авах байсан. Шүүхийн шийдвэр, Төрийн банкнаас аавын гэрт хүн ирэхэд гэрчилгээ гараад барьцаанд тавигдсан гэдгийг мэдсэн. Тэгээд Эрдэнэцогт ахтай яриад юу болоод байгаа юм бэ гэхэд тайван байж бай удахгүй зохицуулчих байх...” гэх мэдүүлэг /2-р хх-123/, гэрч Ж.Янжинлхамын дахин өгсөн “...Ямар учраас өөрийнхөө нэр дээр бичсэнийг тодорхой санахгүй байна. Байрны гэрчилгээ миний нэр дээр гаргах гэж хийсэн байх. Миний ойлгосоноор урьдчилгаа мөнгө өгөөд үлдэгдлийг 8 хувийн зээлээр авна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /2-р хх-134/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Э ын өмгөөлөгч Г.Баасан нь “...Яллах дүгнэлтэд дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Энэ хэрэг нь иргэний хэрэг маргаан гэж үзэж байгаа. Иймд миний үйлчлүүлэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзэв. Учир нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно...” гэж хуульчилсан байх тул уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй юм.
Хохирогч Ж.Ганхуяг нь “...Миний бие А.Э оос 25 сая төгрөг авч хохирлоо бүрэн барагдуулсан. Иймд ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч А.Э ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүгдэгч А.Э нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх ба шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүх шүүгдэгч А.Э од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 2.450 /хоёр мянга дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.450.000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч А.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 161 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, торгох ялаас хасаж, төлбөл зохих хэмжээг тогтоов.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хатгин овгийн А.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э од 2.450 /хоёр мянга дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.450.000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э ын цагдан хоригдсон нийт 161 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, эдлэх ялаас хасаж төлбөл зохих торгох ялыг 35.000 /гучин таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч А.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э од авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН