Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2022/0588

 

2022.09.01-ний өдөр 221/МА2022/0588

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ГҮТББ-ын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А

Нэхэмжлэгч “М” ГҮТББ

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв

Гуравдагч этгээд М.С

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 530 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, Д.Э, өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, Г.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0384/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М” ГҮТББ-аас шүүхэд хандан “Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 21/2290 дугаар шийдвэр нь эс үйлдэхүй буюу захиргааны акт гаргах ёстой захиргааны байгууллага хуульд заасан эрх хэмжээний хүрээнд гэрчилгээ олгохтой холбоотой захиргааны акт гаргаагүй байгаа учраас М.С-д хүсэлтэд дурдсан галт зэвсгийг шилжүүлэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 530 дугаар шийдвэрээр Галт зэвсгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ГҮТББ-аас гаргасан Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 21/2290 дугаар шийдвэр нь эс үйлдэхүй буюу захиргааны акт гаргах ёстой захиргааны байгууллага хуульд заасан эрх хэмжээний хүрээнд гэрчилгээ олгохтой холбоотой захиргааны акт гаргаагүй байгаа учраас М.С-д хүсэлтэд дурдсан галт зэвсгийг шилжүүлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгчийн өмчлөлийн галт зэвсгийг Галт зэвсгийн тухай хуулийн 18.1-т “Иргэн, хуулийн этгээд өөрийн өмчид байгаа галт зэвсгийг энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн, хуулийн этгээдэд худалдаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч холбооны гишүүн, спортын тамирчин, хуульд заасан шаардлага хангасан М.С-д шилжүүлэх хүсэлтийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 21/2290 дугаар албан тоот бүхий хариу мэдэгдлээр эс үйлдэхүй гаргаж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн.

3.2. Анхан шатны шүүхийн шийдвэрт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хууль болон журмын дээрх заалтуудаас үзвэл нэхэжлэгч байгууллагын импортоор оруулж ирсэн галт зэвсэг нь спорт-сургалтын зориулалтаар хэрэглэгдэх, энэ зориулалтаар импортлогдсон галт зэвсэг болохын хувьд ... уг галт зэвсгийг бусдад /нийтэд/ худалдахыг хуулиар тусгайлан хориглосон агуулгатай байна.

4. Маргах нь:

4.1. Нэхэмжлэгч тал нь маргаан бүхий галт зэвсгийг иргэн М.С-д худалдан борлуулаагүй. Худалдан борлуулах санаа зорилго агуулаагүй. Галт зэвсгийн тухай хуулинд спорт-сургалтын зориулалттай галт зэвсгийг гагцхүү худалдан борлуулахыг хориглосон бол бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой харилцааг хуулинд нээлттэй тусгасан байдаг. Тухайлбал, бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүргийг худалдах, худалдан авах, арилжаа, опцион, бэлэглэл, зээл болон бусад хэлбэрийг заасан.

4.2. Галт зэвсгийн тухай хуулийн 18 дугаар зүйлд Галт зэвсэг худалдах, өвлөх, бэлэглэх харилцааг нээлттэй үлдээж, 19.7-т “Нийтэд худалдахгүй” гэж заасан ч худалдан борлуулахаас бусад арга хэрэгслээр бусад этгээдэд шилжүүлэхийг хориглоогүй байгааг шүүх үл анзаарч, хуулинд нийцэхгүй дүгнэлт гаргасан байна. Худалдан борлуулахтай холбоотой харилцааг Иргэний хуулиар зохицуулсан бөгөөд нэг талаас хөрөнгө шилжүүлэх, нөгөө талаас харилцан тохиролцсон төлбөр шилжүүлэхийг шаарддаг. Гэвч нэхэмжлэгч нь “Төрийн бус байгууллагын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 3-т “гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага” болохын хувьд холбооны гишүүн, биеийн тамир, спортын тухай хуулийн 4.1.8-т зааснаар практик буудлагын спортын тамирчин М.С-ийн өмчлөлд маргаан бүхий галт зэвсгийг шилжүүлэхээр хүсэлт гаргасан.

4.3. Шүүх хуулийг буруу ойлгож тайлбарласан байна. Галт зэвсгийн тухай хуулийн 19.7-т “... /спорт-сургалтын зориулалттай/ галт зэвсэг, сумыг нийтэд худалдахгүй ...” гэж заасан. Бусдад шилжүүлэхийг хуулиар зөвшөөрсөн байтал бусдад шилжүүлэх /нийтэд/-ийг хориглосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрт “... нэхэмжлэгч нь хуулийн уг заалтын “нийтэд” гэх үгийг явцуу утгаар тайлбарлан “нийтэд гэдэгт тус төрийн бус байгууллагын гишүүн, иргэнд хамаарахгүй” гэж маргасныг шүүх хүлээж авах хууль зүйн боломжгүй.

5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “галт зэвсгийг М.С-ийн өмчлөлд шилжүүлэх” гэдгийг буруу ойлгож “худалдан борлуулах” гэж тайлбарлаж, дүгнэлт гаргасан байна. Мөн шүүхийн мэтгэлцээний шатанд шүүх бүрэлдэхүүн, хэргийн оролцогч нар М.С-ийг нэхэмжлэгчийн байгууллагын “гишүүн, тамирчин” гэх үйл баримтанд маргаагүй.

5.2. М.С-ийг “Нийтэд” хэмээн буруу ойлгосон нь Төрийн бус байгууллагын тухай хууль, Биеийн тамир спортын тухай хуулийн холбогдох заалтыг буруу ойлгож, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна. Шүүхийн шийдвэрээр Спортын зориулалттай галт зэвсгийг гагцхүү Худалдаалах эрх бүхий этгээдээс авсан байхаар дүгнэсэн. Гэвч Худалдааны эрх бүхий газраас Спорт-сургалтын зориулалттай галт зэвсгийг худалдан борлуулахыг мөн хориглосон нь “Практик буудлагын спорт”-ын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь Галт зэвсгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 7 дахь заалт, Хууль зүйн сайдын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн A/245 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулах журам”-ын 4.1.9 дэх заалтууд байна.

6.1. Шүүх дээрх хууль болон журмыг баримтлан Монгол улсын иргэн нь өөрийн улсын нутаг дэвсгэрт иргэний зориулалттай галт зэвсэг буюу буудлагын спорт-зориулалттай галт зэвсгийг Галт зэвсгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 “Галт зэвсэг өмчлөх эрхтэй Монгол Улсын өөрөө өмчлөх зорилгоор энэ хуулиар хориглоогүй нэг галт зэвсгийг жилд нэг удаа улсын хилээр оруулах эрхтэй” гэж зааснаас өөрөөр өмчлөх эрхгүй мэтээр тайлбарлаж, хэт нэг талыг барьсан, өрөөсгөл шийдвэр гаргасан гэж үзэж байна.

6.2. Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв нь буудлага спорт-зориулалттай галт зэвсгийг спортын байгууллага болон тухайн эзэмшиж буй иргэний нэр дээр хамтран эзэмшигчээр бүртгэн, гэрчилгээ олгож байгаа нь тухайн галт зэвсгийг тухайн иргэний өмч гэдгийг нотолж байгаагийн илрэл юм.

6.3. Галт зэвсгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг нь тухайн галт зэвсгийн ашиглах хэлбэрийг зааж өгсөн болохоос бусдад шилжүүлэх эрхийг хязгаарласан заалт биш бөгөөд тус хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн бүртгүүлэх эрхийг ноцтой зөрчиж байна.

7. Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 530 дугаартай шийдвэр нь Монгол улсын иргэний Үндсэн хуулиар олгогдсон 5 дугаар зүйлийн 3 “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, 16 дугаар зүйлийн 3 “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”, Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 18 дугаар зүйлийн 4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн тул бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

                                                            

ХЯНАВАЛ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив. Үүнд:

2.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч байгууллагын спорт-сургалтын хэрэгцээнд зориулан улсын хилээр оруулж ирсэн галт зэвсгүүд дотроос Сайга-9 Яровит загварын 9х19 мм-ийн калибртай, их биеийн 20002307, замагны 307 дугаартай галт зэвсгийг иргэн М.С өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар хүсэлт гаргасныг “М” ГҮТББ-аас “өөрийн холбооны гишүүн, практик буудлагын спортын тамирчин гэж үзэн тус холбооны өмчлөлийн гал зэвсгийг М.С-ийн өмчлөлд шилжүүлэх”-ээр хүсэлт гаргасныг хариуцагч захиргааны байгууллагаас “спорт-сургалтын зориулалтаар оруулж ирсэн галт зэвсгийг бусдын өмчлөлд шилжүүлэхийг хориглохоор хуульд заасан” гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй гэж албан бичгээр татгалзсан хариуг өгчээ.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дэмжих болон шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, “... нэхэмжлэгчийн зүгээс өөрийн гишүүнд худалдан борлуулаагүй, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага болохын хувьд холбооны гишүүндээ маргаан бүхий галт зэвсгийг өмчлүүлэх болон шилжүүлэхээр хүсэлт гаргасан, ... хуульд шилжүүлэхийг хориглоогүй байгааг шүүх үл анзаарч, хуульд нийцэхгүй дүгнэлт гаргасан, ...” гэж маргаж байна.

3.1. Нэхэмжлэгч төрийн бус байгууллага Галт зэвсгийн тухай хуулийн 19.5, 19.6 дахь хэсэгт зааснаар зөвшөөрөл авсны үндсэн дээр улсын хилээр маргаан бүхий галт зэвсгийг нэвтрүүлж, маргаан бүхий галт зэвсгийг холбооны гишүүн болох иргэн М.С-ийн өмчлөлд шилжүүлэх хүсэлттэй холбоотой зорилгоо захиргааны байгууллагад тайлбарлаагүй, зөвхөн Галт зэвсгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг үндэслэн хүсэлтээ гаргасан, мөн шүүхэд “... холбооны үндсэн чиг үүргийн хүрээнд өөрийн гишүүд, тамирчдыг бэлтгэх, сургах, галт зэвсэгтэй зөв харьцах зорилгоор өөрийн өмчлөлийн, иргэний зориулалттай галт зэвсгийг гишүүддээ шилжүүлэх хэрэгцээ шаардлага үүссэн, ... тиймээс өмчлөлд шилжүүлэхийг даалгах” агуулгаар маргасныг анхан шатны шүүхээс “нийтэд худалдахыг хуулиар тусгайлан хориглосон агуулгатай байна” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

3.2. Учир нь Галт зэвсгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Энэ хуулийн 16.1, 16.2, 16.5-д заасан тусгай зөвшөөрөлтэй этгээд галт зэвсэг, сумыг улсын хилээр нэвтрүүлэх журмыг хууль зүйн болон гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална” гэж заасны дагуу Хууль зүйн сайд, Сангийн сайдын 2015 оны А/251, 304 дүгээр хамтарсан тушаалын хавсралтаар баталсан журмын 1.2-т “Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөлтэй этгээд нь иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг, ... спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд нь спорт-сургалтын зориулалттай галт зэвсэг, сумыг тус тус улсын хилээр нэвтрүүлнэ”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн спорт-сургалтын зориулалттай галт зэвсэг, сумыг спортын тэмцээнд оролцох, бэлтгэл хийх хэрэгцээнд зориулан улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоно”, 19.7-д “Энэ хуулийн 19.6-д заасан галт зэвсэг, сумыг нийтэд худалдахгүй бөгөөд зөвхөн спорт-сургалтын зориулалтаар спортын тэмцээнд оролцох, бэлтгэл хийх хэрэгцээнд ашиглана” гэж тус тус заажээ.

3.3. Дээрх хууль болон журамд зааснаар тусгай зөвшөөрөл бүхий этгээд нь, тухайлбал нэхэмжлэгч “М” ГҮТББ нь спорт-сургалтын зориулалттай галт зэвсгийг арилжааны зорилгоор импортлох, бусдад худалдаалах болон өмчлүүлэх боломжгүй, зөвхөн спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд спортын тэмцээнд оролцох, бэлтгэл хийх хэрэгцээнд ашиглах зорилгоор л хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаагаа явуулахаар байна.

3.4. Өөрөөр хэлбэл, спорт-сургалтын зориулалттай галт зэвсэг, сумыг спортын тэмцээнд оролцох, бэлтгэл хийх хэрэгцээнд зориулан улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл авахдаа тухайн жилд болох тэмцээн, бэлтгэлийн төлөвлөгөө болон галт зэвсэг, сумны тоо ширхэг, тухайн гадаад улсын худалдаж байгаа байгууллагын тодорхойлолт, оруулж ирсэн галт зэвсэг, сум зэргийг нийтэд худалдахгүй бөгөөд зөвхөн спорт-сургалтын зориулалтаар спортын тэмцээнд оролцох, бэлтгэл хийх хэрэгцээнд ашиглах тул Галт зэвсгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар “... тус холбооны гишүүн М.С-д өмчлүүлэх” хэрэгцээ шаардлага гарсан гэж үзэж түүнд маргаан бүхий галт зэвсгийг өмчлүүлэх талаар шийдвэр гаргахыг шүүхээс даалгах боломжгүй юм.

3.4.1. Мөн галт зэвсэг, сум, дагалдах хэрэгсэл, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг нийтэд худалдах хуулийн этгээд нь Хууль зүйн сайдын 2015 оны 10 сарын  26-ны өдрийн А/245 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах болон сум дахин цэнэглэх, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1.9-д “буудлагын спорт-сургалтын үйл ажиллагаа эрхэлдэггүй байх”-аар журамласан байх тул нэхэмжлэгч байгууллагыг маргаан бүхий галт зэвсгээ бусдад худалдан борлуулах болон өмчлүүлэх эрхтэй гэж үзэхгүй.

4. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөх болон хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 530 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН