Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/01599

 

Х.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/01299 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1390 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Х.Э-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргилын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/02457 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Х.Э-ын өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 27/7 дугаар байрны 24 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204072904 дугаартай, 48,5 мкв талбай бүхий орон сууцанд хийсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлд албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаарх саналыг талуудаас албан ёсоор гаргуулан авч, улмаар талууд харилцан тохиролцож үнэ тогтоох, хэрэв ингэж чадаагүй бол хөндлөнгийн шинжээч томилж, үнэлгээ хийлгэхээр заасан.

Гэтэл НШШГГ нь талуудын хооронд эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцуулах арга хэмжээ авалгүйгээр шууд шинжээч томилж, зах зээлийн үнэ ханшаас хамаагүй багаар үнэлгээ хийсэн.

Нэхэмжлэгч Х.Э өөрийн өмчлөлийн тус орон сууц нь зах зээлийн бодит үнэ ханшийг үндэслэн тооцоход багадаа л 85 000 000 төгрөгөөр үнэлэгдэнэ. Гэтэл шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь Х.Э-ын үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээл дэх бодит үнэ ханшаас хамаагүй багаар буюу 71 276 700 төгрөгөөр үнэлж, түүний өмч хөрөнгийг үнэгүйдүүлж, хууль ёсны эрх ашгийг нь зөрчсөн. Улмаар НШШГГ нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн хийсэн үнэлгээг үндэслэн уг үнэлгээний 70 хувиар тооцон дуудлага худалдаанд оруулах гэж байгаа явдал нь өмч хөрөнгийг улам бүр үнэгүйдүүлж байна.

Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/02457 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Х.Эын өмчлөлийн орон сууцанд хийсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 24870 дугаар шүүгчийн захирамжаар Х.Э-оос 70 000 000 төгрөгийг гаргуулж, Н.Цэцэгмаад олгохоор шийдвэрлэсэн.

 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 15261378 дугаар тогтоолоор үүсгэж, эрхийн улсын бүртгэлийн 2204072904 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 27/7 байр 24 тоот 48,5 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 17/01 тоот актаар битүүмжлэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг өгсөн.

Тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул битүүмжилсэн хөрөнгийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 17/02 тоот хураах тогтоол үйлдэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч болон төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул хөндлөнгийн шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг томилон зах зээлийн үнийг тогтоолгосон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дүгээр зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар шинжээч Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлан дүгнэлт гаргасан. Шинжээчийн тогтоосон үнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 4/4516 албан тоотоор мэдэгдсэн.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/01299 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 27/7 дугаар байр, 24 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Y-2204072904 дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Х.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1390 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/01299 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Х.Э-ын төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг талуудын хооронд харилцан тохиролцуулах арга хэмжээ авах талаар заасан байхад НШШГГ нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.03.17-ны өдрийн 181/ШШ2016/02457 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Х.Э-ын өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 06 дугаар хороо, 13 дугаар хороолол, 27/7 дугаар байр, 24 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204072904 дугаартай, 48.5 мкв талбай бүхий орон сууцны үнэлгээний талаар талуудын хооронд үнэ харилцан тохиролцуулах ямар ч арга хэмжээ авалгүйгээр, шууд шинжээч томилсон байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх нь НШШГГ-т талуудыг үнийн талаар тохиролцуулах үүрэг хуульд буюу Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үүсэхгүй хэмээн дүгнэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна.

Мөн давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч Х.Э-ыг үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ хийсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээ бодитой бус болохыг нотолж чадаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцэж байна гэжээ. Гэтэл НШШГГ-ын зүгээс ч гэсэн шинжээчийн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээ бодитой болохыг нотолсон баримтаа ч мөн шүүхэд ирүүлээгүй байхад шүүх зөвхөн нэг талыг барьж, нэхэмжлэгчийг шаардлагаа нотолж чадаагүй гэж үзэж буйд гомдолтой байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу зохигчийн хооронд хөрөнгийн үнэлгээний талаар гарсан маргааныг үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Х.Э нь НШШГГ-аас томилогдсон шинжээч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг үндэслэлтэй гаргаагүй, шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр авагч болон төлөгч талуудыг үнийн талаар тохиролцуулах арга хэмжээ аваагүй гэж үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч НШШГГ шаардлагыг эс зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 24870 дугаар захирамжийн дагуу НШШГГ Х.Эоос 70 000 000 төгрөгийг гаргуулж, Н.Цэцэгмаад олгох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 15261378 дугаар тогтоолоор үүсгэжээ.

Төлбөр төлөгч Х.Эод төлбөр барагдуулах талаар удаа дараа мэдэгдэж, хугацаа олгосон боловч тэрээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөөний гудамж 27/7 байр 24 тоот 48,5 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэлийн журмаар 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 17/01 тоот актаар битүүмжлэн, битүүмжилсэн хөрөнгийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 17/02 тоот тогтоолоор хураасан байна.

Үүний дараа 2017 оны 06 дугаар сарын 07, 21-ний өдрүүдэд төлбөр төлөгчид үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн боловч Х.Э 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр үнийн санал өгөх боломжгүй, шинжээч томилуулах хүсэлт гаргажээ.

Шийдвэр гүйцэтгэлийн байгууллага нь төлбөр төлөгчийн хүсэлтээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж, эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгосон байна.

Төлбөр төлөгч үл хөдлөх хөрөнгийн үнийн санал гаргаагүй тул шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төлбөр төлөгч, төлбөр авагч талуудыг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцуулах арга хэмжээ аваагүй гэж буруутгах боломжгүй ба шинжээч томилсон ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан шаардлагыг зөрчөөгүй гэж үзнэ.  

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/01299 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1390 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН