Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 183/2018/00751/И |
Дугаар | 001/ХТ2018/016503 |
Огноо | 2018-11-27 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2018/016503
Г ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШШ2018/00301 дүгээр шийдвэр,
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 223/МА2018/00012 дугаар магадлалтай,
Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“Д” ХХК, У.Б, Т.Б, Д.Б, Д.А, Б.Б нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 353.234.094 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Жанчивын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхишиг, Д.Эрдэнэцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Г.Жанчив, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч Г ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д ХХК нь Гтай 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 350.000.000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 48 сарын хугацаагаар зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах баталгаа болгож, Төв аймаг, Цээл сум, Өндөр зогсоолд байрлах газар, У.Бийн өмчлөлийн хувийн сууц, гараашийн зориулалттай 150 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, У.Бийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1593 мкв талбайтай газар,Б.Б, Д.Б нарын өмчлөлийн 59,5 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Х.Идэнбаярын өмчлөлийн 139.12 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Lexus LX470 маркийн 1199УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан. Д ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, 697 хоног хугацаа хэтрүүлсэн. Иймд нэхэмжлэл гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар тооцож, хариуцагчаас үндсэн зээл 327.721.786.49 төгрөг, хүү 23.545.353.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.966.955.06 төгрөг нийт 353.234.094 төгрөг гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээс хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Д” ХХК, У.Б, Т.Б, Д.Б, Д.А, Б.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа: 2013 оны 1 дүгээр сард зээл авсан. Уг нь 500.000.000 төгрөгийн зээл хүссэн. Гэтэл 350.000.000 төгрөгийн зээл өгөхдөө миний тэрбум гаруй төгрөгийн хөрөнгийг барьцаалж, миний банкны мэдлэггүй байдлыг ашиглаж хэтэрхий нэг талыг барьсан зээлийн гэрээг надтай хийсэн байна. Зээлд авсан мөнгөө өөр зүйлд зарцуулалгүй зориулалтын дагуу үйлдвэрээ барьсан байгаа. Энэхүү үйл ажиллагааг явуулж байхдаа тэжээлийн дээжийг уутанд хийгээд, Хөдөө аж ахуйн яам, Төв аймгийн Хөдөө аж ахуйн газар зэргээр явж үзүүлж байсан. Гэтэл яамнаас энэ асуудлыг чинь судалж үзье гээд дараагаар нь өөр өөр сумдаас тэжээлийн нөөцүүд бүрдүүлсэн байдаг. Миний контейнерт хадгалсан тэжээлийн нөөцүүд бороонд норж Улаанчулуутын хогийн цэг дээр хаяхаас өөр аргагүй болсон. Байгал цаг уурын давагдашгүй хүчин зүйл хадлан тэжээл бэлдэхэд их нөлөө үзүүлдэг бөгөөд энэ асуудал зээлийн гэрээний биелэлтэд их нөлөөлсөн. Засгийн газраас ийнхүү жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжээгүй ийм байдлаас болоод энэ зээлээ төлөх ямар нэг боломж байхгүй болсон. Иймд энэ байдлыг шүүх харгалзан үзээд зээлийн гэрээний хүүг багасгах, хугацааг сунгаж өгнө үү гэжээ.
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШШ2018/00301 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Д ХХК, хариуцагч У.Б, хариуцагч Т.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 353.234.094.95 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т зааснаар нэхэмжлэгч Г ХХК нь барьцааны зүйл болох Lexus LX470 маркийн 1199УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрхтэйг дурдаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагчид зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох: Төв аймаг, Цээл сум, Өндөр зогсоолд байрлах эзэмших эрхийн 000297924 гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 18501362066241 дугаартай Д ХХК-ийн эзэмшлийн 2038163 мкв талбайтай үр тарианы зориулалтын газар, -Төв аймаг, Цээл сум, 3 дугаар баг, Паркийн 4 дүгээр гудамж, 136 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-1422000132 дугаартай У.Бийн өмчлөлийн хувийн сууц, гаражийн зориулалттай 150 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Төв аймаг, Цээл сум, 3 дугаар баг, Паркийн 4 дүгээр гудамж, 136 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-1422000060 дугаартай, нэгж талбарын 18523369753420 дугаартай, У.Бийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1593 мкв талбайтай газар, -Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж 38 дугаар байр, 109 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203027156 дугаартай орон сууцны зориулалттайБ.Б, Д.Б нарын өмчлөлийн 59,5 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, -Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 1А байр, 27 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205031747 дугаартай орон сууцны зориулалттай Х.Идэнбаярын өмчлөлийн 139.12 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.924.120.47 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК, У.Б, Т.Б нараас хувь тэнцүүлэн 1.924.120.47 төгрөгийг, илүү төлсөн 70.200 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 дугаар данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 223/МА2018/00012 дугаар магадлалаар: Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШШ/2018/00301 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Д ХХК-иас /гүйцэтгэх захирал У.Б, ерөнхий захирал Т.Б/ зээлийн гэрээний үүрэгт 353.234.094.95 төгрөг гаргуулж Г ХХК-д олгож, хариуцагч Т.Б, У.Б, Д.Б, Д.А,Б.Б нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж 4 дэх заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.994.320.47 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас 1.994.320.47 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 286.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Жанчив хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Төв аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11 -ны өдрийн 223/МА2018/00012 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Нэхэмжлэгч нь 6 хариуцагчид холбогдуулж Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан болох нь нэхэмжлэлийг хүлээн авч дардас дарсан шүүхийн тэмдгээр тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 151/Ш32018/00298 дугаар захирамжаар Иргэний хэрэг үүсгэсэн байдаг. Нэгэнт шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж байна хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасны дагуу иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулах үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч Т.Б, Д.Б,Б.Б, Д.А, гуравдагч этгээд Х.Идэнбаяр нарт шүүхийн мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлсэн байх боловч хариуцагч “Д” ХХК-нд нэхэмжлэлийн хувийг гардуулалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна. Дан ганц үүгээр ч зогсохгүй хариуцагч “Д” ХХК-д шүүх хуралдааны тов мэдэгдэлгүй түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн. Учир нь хэрэгт хариуцагч У.Б хариуцагч “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал мөн гэдгийг нотолсон “Д” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэрэг баримт хэрэгт авагдаагүй болно. Аливаа хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх нь эрх бүхий улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж баталгаажуулсан тухайн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ болон компанийн дүрмээр нотлогдох учиртай. Түүнчлэн хэрэгт авагдсан Зээлийн гэрээнд хариуцагч У.Б нь хариуцагч “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэсэн байдаг мөн зээлийн гэрээнд “Д” ХХК-ийн Ерөнхий захирал Т.Б хэмээн бичиж гарын үсэг зурсан байдаг иймээс гүйцэтгэх захирал гэх У.Б Д ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх юм уу Ерөнхий захирал гэх Т.Б итгэмжлэлгүйгээр төлөөлөх юм уу гэдгийг тодруулах байсан. Мөн анхан шатны шүүх ганц “Д” ХХК-д нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй төдийгүй хариуцагчБ.Бд нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй байдаг. Гагцхүү давж заалдах шатны шүүхийн энэхүү дүгнэлтээс нэхэмжлэлийн хувийг хариуцагч нарт гардуулах үед хариуцагчБ.Бгээс өөрийг нь төлөөлөх итгэмжлэл У.Бөд олгогдоогүй байсан нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх 6 хариуцагчаас зөвхөн 4 хариуцагчид нь нэхэмжлэлийн хувийг гардуулж тэдэнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг тайлбарлан холбогдох баримтад гарын үсэг зуруулсан байх боловч үлдэх 2 хариуцагчид нэхэмжлэлийг гардуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь тухайн 2 хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч нараас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө 1А байр, 27 тоот хаягт оршин суух Хөхнөөгийн Идэнбаяр гэх иргэнийг оролцуулах тухай асуудлыг нэхэмжлэлийн хамт гаргасан гэж үзэхээр байна. Гэтэл анхан шатны шүүх Гны нэхэмжлэлтэй “Д” ХХК болон Т.Б нарт холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр Х.Идэнбаярыг оролцуулах эсэх тухай асуудлыг шийдвэрлээгүй байж Х.Идэнбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан нь мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШШ2018/00301 дугаар шийдвэр, Төв аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн 223/МА2018/00012 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож Гны нэхэмжлэлтэй “Д” ХХК болон Т.Б нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч “Д” ХХК, У.Б, Т.Б, Д.Б, Д.А,Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 353.234.094 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргажээ. Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа “...нөхцөл байдлыг харгалзан зээлийн хүүг багасгаж, хугацааг сунгаж өгнө үү” гэжээ.
“Д” ХХК нь Гтай 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 350.000.000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 48 сарын хугацаагаар зээлжээ.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор талууд барьцааны болон ипотекийн гэрээ байгуулж, “Д” ХХК-ийн эзэмшлийн 204 га газар, У.Бийн өмчлөлийн 150 мкв талбайтай хувийн сууц, гараж болон 1593 мкв талбайтай газар,Б.Б, Д.Б нарын өмчлөлийн 59,5 мкв талбайтай 3 өрөө орон сууц, Х.Идэнбаярын өмчлөлийн 139.12 мкв талбайтай 3 өрөө орон сууц, Lexus LX470 маркийн 1199УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус барьцаалжээ.
Талууд зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.2., 156 дугаар зүйлийн 156.1., 156.2. дэх шаардлагад нийцжээ.
Нэхэмжлэгч гэрээний зүйл болох мөнгийг шилжүүлсэн, зээлдэгч зээлийн төлбөрт нийт 94.639.933 төгрөг төлсөн, энэ талаар маргаагүй байна.
Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 13-ний өдөр дууссан боловч зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, нэхэмжлэгч 2018 оны 1дүгээр сарын 10-ний өдөр нэхэмжлэл гаргаж, үндсэн зээл 327.721.786 төгрөг, хүү 23.545.353 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.966.955 төгрөг шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т нийцжээ.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан нь зөв боловч хариуцагч У.Б, Т.Б нараас зээлийн төлбөр гаргуулсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2.-т нийцээгүй байна.
Зээлийн гэрээнд “Д” ХХК-ийг төлөөлж ерөнхий захирал Т.Б, гүйцэтгэх захирал У.Б нар гарын үсэг зурсан боловч энэ нь тэдгээрийг хуулийн этгээдийн үүргийг хариуцах этгээд гэж ойлгох үндэслэл болохгүй юм /хэргийн 9-12 дугаар тал/.
Нөгөө талаар дээрх нэр бүхий этгээд нь хувьдаа зээл аваагүй тул зээлдэгч гэж үзэхгүй.
Дээрх үндэслэлээр банкнаас олгосон зээлийн гэрээний үүргийг “Д” ХХК хариуцна гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй боловч бусад хариуцагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.
Нэхэмжлэгч барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа тухайн эд хөрөнгийн өмчлөгч У.Б, Т.Б, Д.Б, Д.А,Б.Б нарт холбогдуулан гаргасан байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Хариуцагч нь У.Б, Т.Б нар “Д” ХХК-ийн захирал мөн эсэхийг нотолсон баримтыг гаргаж өгөөгүй, энэ асуудлаар тайлбар гаргаж маргаагүй байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.-т “шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг Х.Идэнбаяр өөрөө болон зохигч талууд гаргаагүй, энэ тохиолдолд шүүх түүнийг гуравдагч этгээдээр татах боломжгүй.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “гуравдагч этгээд Х.Идэнбаяр” гэж бичсэн, шүүх хэрэг үүсгэсэн захирамжид энэ талаар дурдаж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 223/МА2018/00012 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...хариуцагч Т.Б, У.Б, Д.Б, Д.А,Б.Б нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг хасч, “...олгож” гэснийг “...олгосугай” гэж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 286.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ