Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 1407

 

Б.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/00939 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Ц-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Б” ТӨААТҮГазарт холбогдох

 

   Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 530 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Ц-

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

   Нэхэмжлэгч Б.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “Б” ТӨААТҮГ-тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, “Б” ТӨААТҮГ-ын хуульд заасан эрхийг шүүх болон бусад хуулийн байгууллагуудад тууштай хамгаалж ажиллах үүрэг хүлээсэн. Хариуцагч нь миний ажлын хөлсөнд сар бүр 647 427 төгрөгийг надад тогтмол төлөх үүрэг хүлээсэн. Тухайн гэрээнд заасан миний гол үүрэг нь “Б” ТӨААТҮГ-ын захирлаар 2011-2013 онуудад ажиллахдаа Б.Баттогтох нь олон арван сая төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр эрүү, иргэний олон хэргүүдэд тухайн байгууллагын эрхийг хамгаалан ажиллах байсан. Мөн н.Галиндэв, н.Чинбат нар нь хууль бусаар ажлаас халагдсан үндэслэлээр шүүхэд гомдол гаргасан тул өмгөөлөгчөөр ажиллах үүрэг хүлээсэн. Гэрээнд заасан дээрх үүргээ би хангалттай биелүүлсэн.

Б.Баттогтох нь 2013 онд тухайн байгууллагын захирлын үүрэгт ажлаас хууль бусаар халагдсан гэж шүүхэд гомдол гаргасныг 3 шатны шүүх хэлэлцээд, Б.Баттогтохыг захирлаар эгүүлэн томилсон боловч түүнтэй холбоотой эрүү, иргэн, захиргааны хэргүүд шүүх, цагдаагийн байгууллагад хянагдаж байгаа бол Б.Баттогтохыг захирлаар эгүүлэн томилох талаарх гүйцэтгэх ажиллагаа түдгэлзэх байсан. 

2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр захирал Б.Онолбаатарын өрөөнд хүч хэрэглэн дайрч орж ирсэн, НШШГГ-ын дэд даргад Б.Баттогтох нь ХУД-ийн Цагдаагийн 2-р хэлтэст шалгагдаж байгаа тул захирлаар эгүүлэн томилуулах тухай шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх бичиг гардуулсан боловч хүч хэрэглэсэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсан. Б.Баттогтох тухайн өдөртөө надтай байгуулсан өмгөөллийн гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1/37 тоотоор цуцласныг мэдэгдсэн мессеж ирүүлсэн. Үүний дараа мессежэд дурдагдсан тоотыг авахаар захирлын туслахтай холбогдоход “танай өмгөөлөгчдийн холбооны хаягаар шуудангаар явуулсан” гэснээр 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан. Б.Баттогтох нь албан тушаалын байдлаа ашиглаж, өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа миний өмгөөлөх үйл ажиллагааг хууль бусаар таслан зогсоосны улмаас ажлын хөлсөө авч чадаагүй. Бид сар бүр 647 427 төгрөгөөр тохирсон боловч эрүүл мэнд, нийгмийн даатгалыг улсад төлөхгүйгээр бэлнээр 530 000 төгрөг өгдөг байсан тул хариуцагчаас 530 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Хариуцагч “Б” ТӨААТҮГазар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Өмгөөлөгч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөллийн ажлын хөлс шаардсан. Б ТӨААТҮГ нь 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өмгөөлөгч Б.Ц-той хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ нь цуцлагдаж, дуусгавар болсон, энэ талаар өмгөөлөгчид өөрт нь мэдэгдсэн байхад дуусгавар болсон гэрээний төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б” ТӨААТҮГ-аас 530 000 төгрөгийг гаргуулж Их зуутраг овогтой Буянцогийн Цолмонд /РД:ЦБ70062071/ олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 16 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг хөлсөөр ажиллах гэрээ гэж дүгнэсэнд гомдолтой. Бид өмгөөлөгч Б.Ц-той ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй байсан. Хариуцагч нь Б.Ц-той байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг цуцлахдаа тухайн үед захирлаар ажиллаж байсан Б.Баттогтох өөрийн утаснаас 2018 оны 01 сарын 13-ны өдөр мессежээр Б.Ц-д мэдэгдсэн бөгөөд үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг. Ийнхүү гэрээ цуцлагдснаас хойш талуудын хэн аль нь гэрээний үүргээ биелүүлэхээ зогсоосон. Гэтэл гэрээ цуцлагдаж дуусгавар болсон байхад гэрээний үүрэгт буюу Иргэний хуулийн 359, 360 дугаар зүйлийг үндэслэн 530 000 төгрөгийг гаргуулсан нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх "... гэрээг цуцлах талаар нэхэмжлэгчид 14 хоногийн өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүйгээр цуцласан нь хуульд заасан журам болон гэрээний заалт зөрчсөн буруутай байна..." гэжээ. Хэрэв манай байгууллага "Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ"-ний 2.1 дэх хэсгийг зөрчиж, 14 хоногоос доошгүй хугацааны өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзвэл Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд заасны дагуу үүргээ биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Энэ тохиолдолд зөвхөн энэхүү урьдчилан мэдэгдэх ёстой байсан 14 хоногийн хугацаанд гэрээний дагуу нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлогыг төлөх үүрэг хариуцагчид үүснэ. Гэтэл шүүх 2 дугаар сарын төлбөрийг бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

      Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан журамд нийцсэн байна.

      Нэхэмжлэгч Б.Ц- шүүхэд хандан, хариуцагч “Б” ТӨААТҮГазарт холбогдуулан Гэрээний үүрэгт 530 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

      “Б” ТӨААТҮГазар нь Б.Ц-той байгуулсан 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу түүнд сар бүр ажлын хөлсөнд 530 000 төгрөг өгч байсан болох нь талуудын тайлбараар нотлогдож байна. /хх-4-6 дахь тал/

      Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал, үүргийн зөрчлийн талаар маргаангүй, гэрээний төрөл болон гэрээ цуцалсан үндэслэлийн талаар маргадаг.

      Хэргийн 4-6 дугаар хуудсанд авагдсан гэрээнээс үзвэл, өмгөөлөгч Б.Ц- нь н.Галиндэв, н.Чинбат нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэг, захирлаар ажиллаж байсан Б.Баттогтохын байгууллагад учруулсан 169 000 000 төгрөгийн хохиролтой холбоотой хэрэг болон цаашид байгууллагатай холбоотой маргаанд “Б” ТӨААТҮГ-ын хууль ёсны эрх, ашгийг хамгаалах, “Б” ТӨААТҮГазар нь сар бүр 647 427 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон байна.

      Дээрх гэрээний агуулга нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсгийн заасан “ажиллагч нь тохирсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасантай нийцэж байх тул талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн” гэх тайлбар үндэслэлгүй.

      Талууд хөлсөөр ажиллах гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан бөгөөд уг гэрээний хугацаа дууссанаар гэрээ дуусгавар болохыг Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт зохицуулжээ. Гэтэл хариуцагч “Б” ТӨААТҮГазар нь гэрээний 2.1-ийн “... аль нэг тал гэрээг цуцлах буюу түүнд өөрчлөлт оруулахыг хүсвэл энэ тухайгаа 14-өөс доошгүй хоногийн өмнө нөгөө талдаа мэдэгдэх, нөгөө тал саналыг хүлээн зөвшөөрвөл гэрээнд тусгаж биелүүлэх” гэх, 2.2-ийн “хэрэв гэрээнд тусгах өөрчлөлтийн талаар талууд тохиролцоонд хүрээгүй нөхцөлд гэрээг цуцалж, бодитойгоор хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний хэмжээнээс хамаарч төлбөрийг тооцох” гэж тус тус заасныг зөрчин, Иргэний хуулийн 367.1 дэх хэсэгт заасан хүндэтгэн үзэх үндэслэлгүйгээр 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэрээг цуцалсан болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх-1, 8 дахь тал/

      Хариуцагч байгууллага хөлсөөр ажиллах гэрээг хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр цуцалсан тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар гэрээ дуусах хүртэл ажлын хөлс шаардах эрхтэй бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

      Талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үүргийн зөрчил болон мөн хуулийн 221 дүгээр зүйлд заасан үндэслэлээр цуцлагдаагүй учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу 14 хоногийн олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэх гомдлыг хангах боломжгүй байна.

      Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/00939 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

      2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                  ШҮҮГЧИД                                                 Ц.ИЧИНХОРЛОО

 

Ч.ЦЭНД