Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 366

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М, Б.Г, Д.Т,

Ц.Ц, А.Гнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Б.М,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Мы гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.М, Б.Г, Д.Т, Ц.Ц, А.Гнарт холбогдох 201625022389 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Булга овогт Б-н М, 1974 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоцлон дуулаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн .................... тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ..................../,

- Дундговь аймаг дахь анхан шатны шүүхийн 1995 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 57 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 276 дугаар зүйлийн 276.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

- Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 130 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1 жил 3 сарын хорих ял оногдуулж, 1997 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 41 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 7 хоногийн ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан,

- Дорноговь аймгийн шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлсэн.

2. Тариачин овогт Б-н Г, 1966 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн .................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ..................../,

3. Насран овогт Д-н Т, 1964 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн .................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ..................../,

4. Шарх овогт Ц-н Ц, 1975 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, канвер машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Сонгинохайрхан дүүргийн .................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ..................../,

5. Энх овогт А-н Г, 1968 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Их хар сүлд” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн .................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ..................../,

1. Б.М нь 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ховор ургамлын жагсаалтад орсон хуш модны 677.75 кг самар худалдан авсан, Б.Гоос 260 кг, А.Гоос 32 кг, Д.Таас 46.65 кг, Ц.Цаас 43.5 кг, ховор ургамлын жагсаалтанд орсон хуш модны самар худалдан авсан, гэртээ хадгалсан.

2. Б.Г нь 2016 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 8-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, Шарга морьтын зуслангийн Ар хандгайт уулнаас зохих зөвшөөрөлгүйгээр 260 кг ховор ургамлын жагсаалтад орсон хуш модны самар түүж бусдад худалдсан.

3. А.Гнь 2016 оны 9 дүгээр сарын эхээр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Шарга морьтын зуслангийн Ар хандгайт уулнаас зохих зөвшөөрөлгүйгээр 32 кг ховор ургамлын жагсаалтад орсон хуш модны самар түүж бусдад худалдаж байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн.

4. Д.Т нь 2016 оны 9 дүгээр сарын эхээр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Шарга морьтын зуслангийн Ар хандгайт уулнаас зохих зөвшөөрөлгүйгээр 46.65 кг ховор ургамлын жагсаалтад орсон хуш модны самар түүж, бусдад худалдаж байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн.

5. А.Ц нь 2016 оны 9 дүгээр сарын эхээр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Шарга морьтын зуслангийн Ар хандгайт уулнаас зохих зөвшөөрөлгүйгээр 43.5 кг ховор ургамлын жагсаалтад орсон хуш модны самар түүж бусдад худалдаж байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Б.М, Б.Г, Д.Т, Ц.Ц, А.Гнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Булаг овогт Б-н Мыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг худалдан авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Тариачин овогт Б-н Гыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, худалдсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Боржигон овогт Д-н Тыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, худалдсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Шарх овогт Ц-н Цыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, худалдсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Энх овогт А-н Гыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр
зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч Б.Мыг 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000
төгрөгөөр торгох ялаар, 2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар, 2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тыг 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар, 2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цыг 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар, 2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гыг 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Б.Г, Д.Т, Ц.Ц, А.Гнарт тус бүрт оногдуулсан 5.400.000 төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч тус бүрт 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Б.Г, Д.Т, Ц.Ц, А.Гнар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Маас нийт 6.608.062,5 төгрөг, шүүгдэгч Б.Гоос нийт 2.535.000 төгрөг, шүүгдэгч А.Гоос нийт 312.000 төгрөг, шүүгдэгч Д.Таас нийт 454.837,5 төгрөг, шүүгдэгч Ц.Цаас нийт 424.125 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт 3.444.675 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй, 1059.9 кг, 18 шуудай хуш модны самрыг хохирогч, иргэний нэхэмжлэгч Нийслэлийн байгаль орчны газар (Б.Хүдэр)-т шилжүүлэн өгч, шүүгдэгч тус бүрийн ойн санд учруулсан шууд хохирол нөхөн төлөгдсөн болохыг дурдаж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн 70-33 УНВ дугаартай “Тоёота Альфард” загварын автомашины битүүмжлэлийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид нь олгож,

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. “...Шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “...Харин ойн тухай хуульд зааснаар шүүгдэгч Б.Мы 2.202.687,5 төгрөг /677.5 кг хуш модны самар/, шүүгдэгч Б.Гын 845.000 /260 кг хуш модны самар/, шүүгдэгч Д.Тын 151.612,5 төгрөг /46.65 кг хуш модны самар/, шүүгдэгч Ц.Цын 141.375 төгрөгийг /43.5 кг хуш модны самар/ тус тус 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоож, шүүгдэгч нараас гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ. Гэтэл 1 дүгээр хавтаст хэргийн 15 дугаар хуудсанд авагдсан “Самранд үзлэг хийсэн тухай тэмдэглэл” нотлох баримтад нийт 23 шуудай самранд үзлэг хйисэн бөгөөд шуудай тус бүрийг жинлэж кг-г тогтоосон байдаг. Энэхүү 23 шуудай самрын жин тус бүрийг авч үзэхэд дээрх шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан Б.Г, Д.Т, Ц.Ц нарын хохирлыг тооцсон самрын кг-д таарсан шуудайтай самар тохирох кг-тай самар байхгүй, үзлэг хийсэн самрын жин нь өөрсдийн мэдүүлгүүдээр илтэд зөрж байсаар байхад шүүх дээрх шүүгдэгч нараас ямар нотлох баримтыг үндэслэж хохирол тооцож байгаагаа дурдаагүй, тооцсон хохирол нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

2. Зөвшөөрөл бүхий 1 шуудай самрыг 1 дүгээр хавтаст хэргийн 85 дугаар хуудаст авагдсан эд зүйл хүлээлгэн өгөх тухай тэмдэглэлээр Ч.Бямбанаран нарт хүлээлгэн өгсөн байдаг. Гэтэл Б.Мы миний биед холбогдуулан хохирол тооцохдоо Ч.Бямбанаранд хүлээлгэн өгсөн 1 шуудай самар буюу 29.70 кг самрыг хасч тооцохгүйгээр хохиролд тооцсон нь миний хуулиар олгосон эрх зүйн байдлыг дордуулж байна.

3. Эд мөрийн баримтаар хураагдсан 24 шуудай самарнаас мөрдөн байцаалтын шатанд 1 шуудай самар хаашаа орсон нь мэдэгдэхгүй буюу хавтаст хэрэгт тусгагдаагүйгээр алга болсон. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад эд мөрийн баримт шинжлэн судлах явцад 6 шуудай самар байхгүй байсан төдийгүй шинжлэн судалсан үлдэгдэл 18 шуудай самар гэх боловч самранд үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан кг жинд хүрэхгүй самар байсан. Хэрэв дээрх самруудыг устгах юм уу, хуульд заасан арга хэмжээ авсан бол хавтаст хэрэгт тэмдэглэл хэлбэрээр тусгах ёстой байхад тусгагдаагүй зэрэг хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлүүд тогтоогдож байхад шүүх үүнийг анхаарч үзээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсэг буюу дээрх хэргийг шийдвэрлэхэд хэрэгт нөлөөлөхөөр байдал бодит байдалд нийцээгүй болон хохирлыг бодитой, эргэлзээгүйгээр тогтоогоогүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

1. Б.М нь 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ховор ургамлын жагсаалтад орсон хуш модны 677.75 кг самар худалдан авсан, Б.Гоос 260 кг, А.Гоос 32 кг, Д.Таас 46.65 кг, Ц.Цаас 43.5 кг, ховор ургамлын жагсаалтанд орсон хуш модны самар худалдан авсан, гэртээ хадгалсан.

2. Б.Г нь 2016 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 8-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, Шарга морьтын зуслангийн Ар хандгайт уулнаас зохих зөвшөөрөлгүйгээр 260 кг ховор ургамлын жагсаалтад орсон хуш модны самар түүж бусдад худалдсан.

3. А.Гнь 2016 оны 9 дүгээр сарын эхээр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Шарга морьтын зуслангийн Ар хандгайт уулнаас зохих зөвшөөрөлгүйгээр 32 кг ховор ургамлын жагсаалтад орсон хуш модны самар түүж бусдад худалдаж байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн.

4. Д.Т нь 2016 оны 9 дүгээр сарын эхээр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Шарга морьтын зуслангийн Ар хандгайт уулнаас зохих зөвшөөрөлгүйгээр 46.65 кг ховор ургамлын жагсаалтад орсон хуш модны самар түүж, бусдад худалдаж байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн.

5. А.Ц нь 2016 оны 9 дүгээр сарын эхээр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Шарга морьтын зуслангийн Ар хандгайт уулнаас зохих зөвшөөрөлгүйгээр 43.5 кг ховор ургамлын жагсаалтад орсон хуш модны самар түүж бусдад худалдаж байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

шүүгдэгч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би өмнө өгсөн мэдүүлэгтээ 20 шуудай самар нь минийх гэж мэдүүлж байсан нь үнэн. Гэвч миний худалдаж авсан самар 14 шуудай байсан. Би 20 шуудай самар минийх гэж хэлсний учир нь Гүрээ гэх ахтай ярилцаж тохироод 6 шуудай самрыг би авч мөнгийг нь дараа өгөхөөр тохирсон байсан болохоор миний самар гэж үзээд 20 шуудай самар нь минийх гэж мэдүүлж байсан. Гэвч дээрх 6 шуудай самрын мөнгийг нь өгөөгүй тул Гүрээ ахын самар гэсэн үг юм. Иймд миний худалдаж авсан самарнаас хасагдаж тооцогдоно. Мөн Цээгийн 1 шуудай, Т өвгөний 1 шуудай, Өөгий буюу Бямбанарангийн 1 шуудай, Ганбаа гэх хүний 1 шуудай байсан. Ингээд 10 шуудай самар нь эдгээр хүмүүсийнх учир миний самарны тооноос хасагдана. Үлдсэн 14 шуудай самрыг би танихгүй хүмүүсээс авчсан тул миний самар юм. Цагдаа миний гэрээс хураасан 24 шуудай самарыг бүгдийг нь миний нэр дээр жинлэж хохиролын үнэлгээ гаргасан. Энэ үнэлгээ дэндүү өндөр гарсан болохоор хүмүүсийн самрыг өөр өөрийнх нь нэр дээр үнэлүүлж бодит хохиролыг гаргуулахаар шүүх хуралдаанд үнэнээ мэдүүлсэн юм.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 157 дугаар хуудас/,

шүүгдэгч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Мд 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр цайруулсан 6 шуудай самар өгсөн нь үнэн. Энэ үед ууланд маш их хүмүүс самар түүж байсан. М надад хэлэхдээ “та надад 6 шуудайтай самраа өгч бай, би таныг уулнаас буухад нь буцааж өгье, би тэрнээс өмнө зарж борлуулаад эргэлтэнд оруулаад байж байя” гэж хэлээд миний түүсэн самрыг авсан. ... Би Мд өгсөн 6 шуудай самрын жинг мэднэ. Түүнд 6 шуудайтай нийт 260 кг самар өгсөн. Энэ талаар манай эхнэр Одонтуяа мэдэж байгаа. Би Одонтуяад хэлэхдээ “260 кг самар Мд өгсөн” гэж хэлж байсан. М өөрөө цахилгаан жинтэй ирээд жинг нь үзэж авсан юм. М тухайн үед надад мөнгө төгрөг өгөөгүй. Харин сүүлд нь буюу 2016 оны 9 дүгээр сарын 18-ны орчим 200.000 төгрөг өгсөн. Анх авч явахдаа 1 кг нь 3000 төгрөгөөр тооцож 780.000 төгрөгөөр өгөхөөр тохиролцсон. Гэвч худалдаж авсан самраа цагдаад хураалгасан гээд 200.000 мянган төгрөг өгсөн. Би хэргийн газрын үзлэгийн зургаар шуудайтай самараа танихгүй байх гэж бодож байна. Гэхдээ Мд 260 кг самар өгсөн нь тодорхой зүйл байгаа. Үүнийг М ч өөрөө мэдэж байгаа.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 129-131 дүгээр хуудас/,

шүүгдэгч Д.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Цээгий, Ганбаа буюу Г, Налайх дүүргийн Гордокод байдаг Өөгий гэх залуугийн хамт Шарга морьтын ууланд очсон. Тэнд очоод бид нар нэг отог болоод самар түүх болсон. Би тэр хавиар унасан самрыг нь түүж байсан. Тэр самрыг нь М “зараад өгье” гэж хэлээд надаас аваад явсан. Би М руу яриад “өгч явуулсан самарныхаа мөнгийг нь авья” гэж хэлсэн чинь “гэрт байсан самраа бүгдийг нь цагдаад хураалгасан” гэж хэлсэн. Ингээд надад мөнгө өгөөгүй. Ганбаа, Цээгий нар миний шуудай самрыг “бараг 100.000 гаран мянган төгрөг болно” гэж хэлсэн. Ингээд л надад байсан нэг шуудай самрыг М авч яваад би самаргүй болоод энэ ажил бүтэхгүй юм байна гээд уулнаас буухаар болсон. ...Самрыг цахилгаан жин дээр жинлэж байгаа зургийн “6 дугаар шуудай” гэж тэмдэглэн жинлэж байгаа зураг дээрхи самар миний Мд өгсөн самар мөн байна. Энэ жин дээр 46.65 кг жинтэй байсан нь харагдаж байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 124-126 дугаар хуудас/,

шүүгдэгч Ц.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2016 оны 9 дүгээр сарын дунд үед тухайн үед хамтран амьдарч байсан Г болон Т өвгөн нарын хамт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын ууланд очиж Хуш модны самар түүхээр болсон. Уг газарт очиж самар түүх болсон шалтгаан нь өөрийн хувийн хэрэгцээгээ хангаад илүү гарсан самраа зарж мөнгө олох зорилготой байсан юм. Тэнд очиж самар түүх саналыг М тавьсан бөгөөд “самар түүх хорио тавигдсан” гэж байсан. Ингээд бид 3 Шарга морьтын ууланд самар түүсэн газраа 5-7 хоног болсон байх. Мы гэр нь бид нарын самар түүсэн газрын доод талд гэр хорооллын захад байсан. Мы гэрээс дээш өгсөж 1 цаг орчим яваад самрын модын захад хүрч байсан. Бид нарыг самар түүхээр очих үед тэнд нилээн олон тооны танихгүй хүмүүс байсан. Ингээд бид нар самар түүж бэлтгэн шуудайлж байсан. Би тухайн үед нэг шуудай самар түүж бэлтгэн уулнаас буулгаж Мд өгсөн. Тухайн үед М самрыг жинлэж авч байсан. Миний самар 43.5 клограм самар болж байсан. Т өвгөн Г бид нарт машин техник байхгүй болохоор Мд самраа ууланд өгсөн. М бид нарын самрыг авч гэртээ хүргэсэн. Би 2016 оны 9 дүгээр сарын дундуур Шарга морьтын ууланд очиж нэг шуудай буюу 43.5 клограм самар түүж Мд өгсөн нь үнэн. Мд өгөхдөө 1 кг самрыг нь 2.500 төгрөгөөр тооцож зарсан. Гэвч М Т өвгөн Г бид нарын тус бүр нэг, нэг шуудай самрын мөнгийг өгөлгүй авч явсан. Тэр үед М ууланд самар түүж байсан хүмүүсийн самрыг худалдаж авч цааш нь үнэ өсгөж зарж байсан юм. Бид нар түүсэн нэг, нэг шуудай самраа Мд өгөөд уулнаас шууд буусан. Тэгээд маргааш нь Маас мөнгөө авахаар ярихад хүмүүсээс цуглуулсан самраа гэртээ байлгаж байгаад цагдаад хураалгасан гэж хэлээд бид нарт самар ч өгөөгүй, мөнгө ч өгөөгүй.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 132-134 дүгээр хуудас/,

шүүгдэгч А.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би таны хэлсэн цаг хугацаанд Улаанбаатар хотод байсан. Энэ үед би ажилгүй гэртээ байдаг байсан. Энэ үед Цээгий буюу Ц “самрын хорио тавигдсан байна. Хамт самарт явья” гэж хэлээд 9 дүгээр сарын эхээр самар түүхээр Шарга морьтын ууланд очсон. Мы шүүх хуралдааны үед хэлсэн зүйлүүд үнэн байна. Би тэр үед Шарга морьтын уулнаас түүсэн 1 шуудай самраа Мд өгсөн. Яг 9 дүгээр сарын хэдэнд гэдгийг сайн санахгүй байна. Тэр шуудай самрыг Мд өгөхдөө жинлэж өгсөн ба миний өгсөн самар 32 кг болж байсан. Би Мд 1 кг нь 3.000 төгрөгөөр тооцоож өгсөн. Гэхдээ Мас мөнгө аваагүй. Сүүлд нь авч явсан самраа цагдаад хураалгасан гээд эргүүлж өгөөгүй. Ингээд би уулнаас самаргүй буусан. Самар түүхэд Цээгий, Т өвгөн нар хамт байсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 121-123 дугаар хуудас/,

хохирогч Д.Батхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би байгаль орчны газарт 2013 оноос мэргэжилтнээр ажиллаж байна. Байгаль орчны сайдын 2014 оны А/166 дугаар тушаалаар батлагдсан ойн дагалт баялгийг зүй зохистой ашиглах журамд хуш модны самрыг тухайн оны 10 дугаар сарын 15-наас дараа оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл түүж бэлтгэхээр заасан байдаг. Харин байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2016 оны А/24 тоот тушаалаар дээрх хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр болгон өөрчилсөн. Нийслэлийн ногоон бүсэд самар бэлтгэхээр бол тухайн газар нутгийг хариуцсан байгаль хамгаалагчаас баялаг ашиглах зөвшөөрөл авна. Нийслэлийн ногоон бүсэд үйлдвэрлэл болон арилжааны зориулалтаар самар бэлтгэхийг хориглосон байдаг бөгөөд ахуйн зориулалтаар бэлтгүүлэхдээ иргэнд 25 кг хүртэл хуш модны самар бэлтгэх зөвшөөрөл олгодог. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын хэсэг ойн тухай хуульд заасны дагуу хот суурин газрын ногоон бүс болох бөгөөд хамгаалалтын бүсийн ойд хамаарна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 102-106 дугаар хуудас/,

хохирогч П.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Мы хувьд самар түүж бэлтгэх хугацаа болоогүй байхад эрх нээгдээгүй байхад самар худалдан авч бэлтгэн ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр ашиг олох зорилгоор авч өөрийн гэртээ хадгалсан үйлдэл нь хууль бус юм. Байгалийн ургамлын тухай хуулиар ховор ургамлын жагсаалтыг засгийн газраас батална гэж заасан байдаг. Үүний дагуу хуш модны самар, самрын идээг Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн А/288 тогтоолоор ховор ургамлын жагсаалтанд оруулан 1 кг тутмыг нь 50.000 төгрөгөөр үнэлсэн. Энэ тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа. ...Иргэний нэхэмжлэгчээр ололцож байгаагийн хувьд ойн санд учруулж байгаа хохиролыг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 111-112 дугаар хуудас/,

хохирогч Б.Хүдэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Үүнийг байгаль орчин түүний баялагт хохирол учруулсан гэнэ. Яагаад гэвэл ой болон ойн сан бүхий газар нь төрийн өмч юм. Төрийн өмчийг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бэлтгээд авсан гэсэн үг. Нэг үгээр хэлбэл төрийн өмчид хулгайгаар хандсан гэж ойлгоно. Тийм учраас ойгоос самар түүхдээ иргэн ахуйн зориулалтаар 25 кг, аж ахуйн нэгж, байгууллага нь төрийн захиргааны байгууллага, сум орон нутагтай гэрээ байгуулж хураамжаа улсад төлөөд ойн дагалт нөөц ашиглах эрхийн бичиг буюу зөвшөөрлөө аваад бэлтгэх ёстой гэж хуульчлан журамлаж өгсөн. Самар зөвшөөрөлгүй худалдан авах, тээвэрлэх нь Эрүүгийн хуульд хориглож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг. Мөн нэг талдаа ойд газар унасан самрыг араатан амьтан идэх, самрын үр нь газарт шингэж байгалиа, тухайн төрлийн ургамлаа нөхөн сэргээж байх зохилдолгоотой юм. Байгаль өөрөө эргэн нөхөн төлжих байгалийн цогц байдлыг алдагдуулахгүй гэж тодорхой төрлийн дүрэм журам гарч иргэн хүнийг самар түүх хэмжээ хязгаарыг зааж өгч байгаа юм. Гэвч дээрхи хүмүүс нь ямар ч зөвшөөрөл байхгүйгээр шууд байгалийн баялагт халдан хуш модын самар түүсэн үйлдэл гаргасан байна. Тухайн жилийн 9 дүгээр сарын 10-ны өдрөөс Хуш модны самар түүх хориглосон хугацааг нээсэн болохоос хүн болгонд зөвшөөрөл олгож байгаа асуудал биш. Нэгэнт энэ хэрэгт иргэний нэхэмжлэгч, хохирогчоор оролцож байгаа болохоор байгалийн баялаг, ойн санд учруулсан хохирлыг буруутай хүмүүсээр нөхөн төлүүлэх саналтай байна. Өмнө нь Б-н М нь хууль бусаар 24 шуудай самар түүж бэлтгэн, гэртээ хадгалж байсан үйлдэлдээ ял сонсож, яллагдагчаар татагдан шалгагдсан боловч шүүх хуралдааны явцад Б.Гын 6 шуудай, А.Г1 шуудай, Д.Тын 1 шуудай, Ц.Цын 1 шуудай самар тус бүр байсан талаар мэдүүлсэн байна. Мөрдөн байцаалтын шатанд эдгээр асуудал нь тогтоогдож яллагдагч тус бүрээр экологи эдийн засгийн үнэлгээ тогтоогдож хохирол тооцогдсон учраас одоо дахин нэмж шалгуулах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 118-120 дугаар хуудас/,

гэрч Б.Одонтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн үед манай нөхөр түүсэн 6 шуудай цайруулсан самраа М гэх залууд өгөөд мөнгө авч чадаагүй юм. Г 260 кг самрыг 1 кг нь 3.000 төгрөгөөр тооцож Мд өгөөд мөнгийг нь дараа нь авъя гэж ярьж тохиролцоод өгөөд явуулсан боловч М худалдаж авсан самраа цагдаад хураалгасан гээд сүүлд нь 200.000 мянган төгрөг өгсөн. Би яагаад 260 кг самар Мд өгсөн талаар сайн мэдэж байгаа вэ гэхээр манай нөхөр надад 260 кг самар өгсөн гэж хэлсэн. Түүнээс хойш би Мтай утсаар холбогдож болон биеэр уулзаж 260 кг самрын үнэ болох 780.000 мянган төгрөг авья гэж уулзаж байсан болохоор мэдэж байгаа юм. Тухайн үед М өөрөө ч 260 кг самрын үнэ өгөх ёстой гэдгээ зөвшөөрч байсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 127-128 дугаар хуудас/,

гэрч Х.Мэдэхгүйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн шөнө цагдаа нар манай гэрт үзлэг хийж нийт 24 ширхэг шуудай цайруулсан самар хурааж авсан. Үүний 20 шуудай цайруулсан самар нь манай нөхөр Б.М бид хоёр 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд худалдаж авсан самар байгаа юм. Үлдсэн 4 шуудай самар нь Цээгийн болон, Цээгийн хажуу талын Т өвгөн, Өөгийн гэх залуу, Гүрээ ах гэх дөрвөн хүний тус бүр нэг, нэг шуудай самар байсан. ...Самрыг хүмүүсээс янз бүрийн үнээр худалдаж авсан. Заримаас нь 2.200 төгрөгөөр, зарим хүнээс 1.800 төгрөгөөр авч байсан. 20 шуудай самар хэдэн кг болсон талаар мэдэхгүй байна. Хэдэн төгрөг болсон талаар манай нөхөр мэднэ. Учир нь манай нөхөр самар худалдаж авах ажлыг хариуцаж байсан юм.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 135-136 дугаар хуудас/,

Шинжлэх Ухааны Академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн “...шинжилгээнд ирүүлсэн самар нь 2016 оны ургацын самар болох (Pinus Sibirica) ...Шинжилгээнд ирүүлсэн самар нь ургамлын өвчинтэй, мөөгөнцөрдсөн байна. ...Хүнсэнд ашиглахдаа ариутгалд оруулах хэрэгтэй. Шинжилгээнд ирүүлсэн самар болж гүйцсэн, ашиглах боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 119 дүгээр хуудас/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 4-8, 64-71 дүгээр хуудас/,

Самранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 15-30, 53-56 дугаар хуудас/,

Нийслэлийн Байгаль орчны газрын “...Төлбөр төлж тусгай зөвшөөрөл авалгүйгээр самар түүж бэлтгэсэн гэм буруутай этгээдэд “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтын дагуу иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон мөнгөн дүнг “Сибирь хушны самар”-ын 1 кг тутамд 50.000 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ.” гэх Экологи, эдийн засгийн үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 34, 2 дугаар хавтаст хэргийн 73, 153, 164, 177, 193, 208, 214 дүгээр хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Мы гаргасан “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.”  гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Учир нь, мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Б.М, Б.Г, Д.Т, Ц.Ц, А.Гнарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, тэдний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохируулан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн зохих зүйлд заасан ял шийтгэлийн доод хэмжээгээр торгох шийтгэл оногдуулсан нь зөв болжээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт нэн ховор, ховор, ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, улсын хилээр гаргасны улмаас бага бус буюу үлэмж хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч нарын ховор ургамлын жагсаалтад орсон хуш модны самрыг түүж, бэлтгэж, худалдаж, худалдан авсан үйлдэл нь 2016 оны 8, 9 дүгээр сард үйлдэгдсэн боловч Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулсан нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн зөв шийдвэр болжээ.

Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсгийн 1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж хуульчилж, Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн А/288 тогтоолоор хуш модны самрыг ховор ургамлын жагсаалтанд оруулан 1 кг тутмыг нь 50.000 төгрөгөөр үнэлсэн байхад анхан шатны шүүхээс 1 кг самрын үнэлгээг 3.250 төгрөгөөр тооцож, шүүгдэгч нарын ойн санд учирсан хохирол төлбөрийг тооцохдоо Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3 дахь хэсэгт заасныг баримталсан нь үндэслэлгүй байх тул ойн санд учруулсан хохирол төлбөрт шүүгдэгч нараас гаргуулах төлбөрийн хэмжээг зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Ийнхүү шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэл нь хэрэгт шүүгдэгч нараас хураасан самар нь 2016 оны ургацын самар болох /Pinus sibirica/-ыг тогтоосон шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох самрыг түүж бэлтгэх, хадгалах нь Байгалийн ургалмын тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулах талаар Эрүүгийн хуульд тусгасан төдийгүй байгаль орчны эсрэг гэмт хэрэг, түүний нийгмийн хор аюул их байдгийг харгалзан байгаль орчинд учруулсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ гаргаж, гэм буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх талаар Байгаль орчныг хамгаалах тухай хууль нь энэхүү харилцааг зохицуулсан илүү нарийвчилсан зохицуулалттай,

нөгөөтэйгүүр Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 410 дугаартай тогтоолоор Нарсны төрлийн модны модны үр /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ буюу pinus sibirica/-ийг ховор ургамлын жагсаалтад хамруулсан бөгөөд энэхүү ховор ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ нь 1 кг тутам 50.000 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлүүлэх талаар Байгаль орчныг хамгаалах хуулийн 49 дүгээр зүйлд заасныг үндэслэн Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлтүүд гарсан байгааг харгалзан үзсэн болно /хэргийн 1 дүгээр хавтасны 34, 36, 58 дахь тал/.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Энэхүү хэргийн мөрдөн байцаалтыг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш шүүгдэгч нарын зөвшөөрөлгүй түүсэн, хадгалсан, худалдсан гэх самрыг эд мөрийн баримтаар хураасан хэдий ч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар “Түргэн муудах буюу гэмтэх эд мөрийн баримтыг эзэмшигчид нь буцаан өгөх боломжгүй нөхцөлд хэрэгцээнийх нь дагуу зохих байгууллагад шилжүүлэн өгөх...” асуудлыг өдийг хүртэл шуурхай шийдвэрлэхгүйгээр цаг хугацаа алдсан байгааг давж заалдах шатны шүүх анхааруулан тэмдэглэх нь зүйтэй гэж үзсэн болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Маас нийт 6.608.062,5 төгрөг, шүүгдэгч Б.Гоос нийт 2.535.000 төгрөг, шүүгдэгч А.Гоос нийт 312.000 төгрөг, шүүгдэгч Д.Таас нийт 454.837,5 төгрөг, шүүгдэгч Ц.Цаас нийт 424.125 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.” гэснийг “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу байгаль орчинд учруулсан хохиролд шүүгдэгч Б.Маас нийт 101.662.500 төгрөг, шүүгдэгч Б.Гоос нийт 39.000.000 төгрөг, шүүгдэгч А.Гоос нийт 4.800.000 төгрөг, шүүгдэгч Д.Таас нийт 6.997.500 төгрөг, шүүгдэгч Ц.Цаас нийт 6.525.000 төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин, Уур амьсгалын санд оруулахаар тогтсугай.” гэж өөрчилж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЮУНЧУЛУУН

ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

                                                                                                Ц. ОЧ